Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00092

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2016/00092

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармагийн 21-579 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЦВ77031261, Итепи овогт Станбүлийн Кенжегүлийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 60 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧБ74051803, Тайжууд овогт Пүрэвсүрэнгийн Оюунбямба,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 60 тоотод оршин суух, регистр ЗЮ83050476, Боржигин овогт Сосорын Ганбаяр,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 60 тоотод оршин суух, регистр УК96091924, Боржигин овогт Ганбаярын Энхгэрэл нарт холбогдох орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч П.Оюунбямбын сөрөг нэхэмжлэлтэй  С.Кенжегүльд холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Кенжегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн /үнэмлэх 0147/, өмгөөлөгч Г.Алтанчимэг /үнэмлэх 0146/, хариуцагч П.Оюунбямба, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, гуравдагч этгээд өмгөөлөгч Х.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.  

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Кенжегүл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12-р сарын 15-ны өдөр П. Оюунбямба, С.Ганбаяр нараас Баянгол дүүргийн 18 хороо, 46-р байрны 60 тоот байрыг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж авсан. Оюунбямба нь надад байраа худалдсанаас хойш надад сар бүр 500 000 төгрөгийн түрээс төлж байсан. 2015 оны 6-р сарас өөрийн байрандаа орох гэтэл байрнаас гарахгүй гэсэн тул  албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд миний өмчлөлийн байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Оюунбямба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 40-р байрны 10 тоот байрыг худалдаж аваагүй. С.Гүлдарь эргэн төлөх чадваргүй байж надаас 2 жил мөнгө зээлж авдаг байсан. Багын найз нь 1.000.000.000 төгрөгийн төслийн зээлийг гарган өгөхөөр хөөцөлдөж байгаа, төслийн зээл авах гэхээр 2 том зээл саад болоод байна, Хан-Уул дүүргийн 15 хорооны 40-р байрны 10 тоот байр нь Худалдаа хөгжлийн банкинд 105.000.000 төгрөгийн барьцаанд, Кенжегүлд өгөх 121.000.000 төгрөгийн өр байсан ба энэ зээлийг хаах хэрэгтэй байна туслаач гэсэн. 2 зээл хаахад ордер ашиглуулсны хариуд 10.000.000 төгрөг өгнө, мөн төслийн зээлээсээ 150.000.000 төгрөгийг авсан нөхцөлөөрөө надад зээлдүүлнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн ярьж надтай тохиролцсон. Бид найз нөхөд, надад ядарсан үед маш их хань болж байсан учраас  түүнд туслах зорилгоор нөхрийгөө эмчилгээнд байхад нь Ган-Эрдэнэ нотариатчаар бүх баримтыг бүрдүүлэн нөхөр охин хоёроороо гарын үсэг зуруулсан. Би Гүлдарийн  байрыг худалдаж аваагүй, зээлийг танил эдийн засагч Отгонмөнхөөр хөөцөлдүүлсэн. Би зээл авах гэж очихдоо 2 удаа л Отгонмөнхтэй уулзсан. Хан-Уул дүүргийн 15-р хорооны 40-р байрны 10 тоот байрыг 200.000.000 төгрөгөөр авсан, өгсөн болж зээл авсан. 2014 оны 10 дугаар сарын 08-ний өдөр байр худалдан авах гэхээр урьдчилгаа 30 хувь хэрэг болоход Ган-Гэрэл, Гүльдарь нар  23.000.000 төгрөгийн хуурамч гэрээ байгуулан 30 хувийг төлсөн мэт гэрээ хийсэн. Дундын дансанд 3.700.000 төгрөгийг хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өгсөн. Миний гарсан зээлээс суутган авч байгаа. Хас банкны эдийн засагч нар үүний талаар хэлсэн. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хороо 46 байрны 60 тоот байр нь миний байр биш юм. Манай нөхрийн эгчийнх нь байр бөгөөд Канад улсын визэнд орохоор болж тухайн байрыг эгчээсээ түр авсан байсан. Гүлдарьт байрны ордер ашиглуулсны хариуд 10.000.000 төгрөгийг авахаар тохиролцсон. Баянгол дүүргийн 18-р хороо 46 байрны  60 тоот байрыг С.Кенжегүль хууль бусаар ашиглаж байсан учраас миний өмчлөлд шилжүүлж өгнө үү. Төрсөн эгч дүү нар нийлж намайг төөрөгдүүлж залилсан. Би 46 байрны 60 тоот байрыг суллаж өгөх үндэслэлгүй. Хан-Уул дүүргийн 40 дүгээр байрны 10 тоот байранд нэхэмжлэгч өөрөө амьдарч байгаа. Кенжегүль нь үүний талаар бүгдийг мэдэж байгаа. Иймд бидний байгуулсан гэрээг дүр үзүүлэн хийсэн, намайг төөрөгдүүлж хийсэн учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Кенжегүль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: П.Оюунбямба нь 2014 оны 12-р сарын 15-ны өдөр над руу залгаж “миний таньдаг нотариатаар гэрээг батлуулах уу” гэж асуусан, тэгэхээр нь би Үл хөдлөх хөрөнгийн газрын хажууд байрлах нотариатаар батлуулна гэж хэлсэн. Худалдагч тал улсын төлбөр төлдөг учраас гэрээгээ бодит үнийн дүнгийн тал үнээр хийх үү гээд байсан, тэгээд ярьж байгаад тохирсон. Тэр үед Гүлдарь, Оюунбямба, түүний охин бид хамт байсан. Ганбаярын итгэмжлэлийг үзүүлэн хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Улсад 1.000.000 төгрөг төлсөн, худалдах худалдан авах гэрээг охинтойгоо хамт ирж хуулийн дагуу худалдаж авсан. 2014 оны 12-р  сарын 15-ны өдөр уулзаагүй, 2014 оны 09-р сард байр авах саналыг авч байрыг нь үзсэн. Анх байрыг 5-6 жилийн өмнө авсан гэсэн, би үзээд “авахгүй” гэдгээ хэлж С.Гүлдариас мөнгөө авна гэдгээ хэлсэн. Гэвч байрыг авах нь зөв гэж үзээд 2-3 хоногийн хугацаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Надтай гэрээ хийхээс өмнө П.Оюунбямба зар мэдээ сонинд “байр зарна” гэдэг зарыг хэд хэдэн удаа өгсөн байдаг, тэгээд байраа хямдруулна гэж хэлсэн. Бүх гэрээг хийж дуусаад С.Гүльдарьтай гал тогооны тавилгаа үлдээгээрэй гэж ярилцаж байсан. Би эгчтэйгээ маргаантай байсан ба гэрээ байгуулдаг өдөр уулзсан. Үүнээс хойш 14 хоногийн дараа Гүлдарь над руу залгаад 3-р хорооллын байрыг түрээслэх санал тавихад би саналыг хүлээн зөвшөөрсөн. Сар бүр 500.000 төгрөгөөр түрээсэлж түрээсийн мөнгийг сар бүр над руу шилжүүлэхээр тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээг ном журмын дагуу хийсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Гуравдагч этгээд С.Гульдарь шүүхэд гаргасан тайлбартаа: Анх дүүтэйгээ 2013 оны 01-р сард Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, 12-р байранд байрлах үйлчилгээний зориулалтаар ажиллуулж байсан караокеноос  нь албадан гаргуулах маргаан бидний дунд гарсан. Энэ маргаан 5 сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Кенжегүль надаас 121.000.000 төгрөгийг нэхэмжилсэн учраас би түүнийг хүлээн зөвшөөрч караоке тохижолтод өгөхөөр эвлэрсэн. Эвлэрлийн гэрээ 2013 оны 06 дугаар сарын 24 өдрийн 1407 тоот захирамжаар батлагдсан. 2013 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Энэ хугацаанд 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ХХБ-аас 120.000.000 төгрөгийн бизнесийн зээл авсан. Би 2012 оны 09-р  сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны 40 байр 10 тоот 91.85 м.кв пентхаус загварын байрыг Б.Баярхүүгээс ХХБ-ны зээлээр 96.086.000 төгрөгөөр худалдаж авсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан учраас энэ байраа зарахаар болж Мон-Зууч ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын сүүлд байрыг 230.000.000 төгрөгөөр зарах гэрээ байгуулсан. Миний бие 2013 оны 07-р сард хариуцагчтай өөрийн найз Туяагаар дамжуулж танилцсан. 2014 оны 07-р сард Оюунбямба нь надтай утсаар яриад уулзахаар болсон. Би 2014 оны 04-р сард Оюунбямбаас 1.500.000 төгрөг, 2014 оны 06-р сард 5.000.000 төгрөг зээлж, Найрамдалд байдаг зуслангийн газар өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2014 оны 07-р сард намайг цагдаад өргөдөл бичиж өгөөч гээд хадам ээжийгээ цагдаад өгч байсан.  Тэгээд Ганбаяр бид 2 байраа зарна гэдгээ хэлсэн, тэгээд манай байрыг үзсэн, өөрийн байраа зарахаар зар ченжид өгөхөөр ярилцаж тохирсон. 100.000.000 төгрөгт өгөхөөр болсон, үүнээс нөхөр нь хашаа байшин, машин авна хэлсэн. П.Оюунбямба нь охиныхоо нэр дээр байртай болох талаар ярисан. Ингээд бид 205.000.000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Баянгол дүүргийн 18-р хороо 46 байрны 60 тоот байрыг Ариг банкинд барьцаалан 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 27.000.000 төгрөгийг байрны урьдчилгаа болгож миний дансанд шилжүүлсэн. 30 хувийн зөрүү 34.500.000 төгрөг үлдсэн. Түүнийг Оюунбямба нь надтай тохиролцож урьд нь зээлсэн байсан 5.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт оруулан тооцсон. 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1.920.000 төгрөг буудлын түрээсийн орлого гэж над руу шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 23.500.000 төгрөгөнд надад бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн гэж хуурамч гэрээ байгуулсан. Үлдэгдэл төлбөрийг Хаан банкны зээлээр авахаар болсон боловч зээл бүтээгүй 80.000.000 төгрөг гарах боломжтой гэсэн. 2014 оны 09 дүгээр сард Кенжегүл, Оюунбямбын байрыг үзээд аваагүй. Миний бие 27.000.000 төгрөгийг хариуцагчид өгөх гэж байхад Оюунбямба нь Хас банкинд очин миний таньдаг хүнээр дамжуулсан зээл хөөцөлдсөн.  Оюунбямбын зээлийн шийдвэр гарч 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 72291 тоот гэрээний дагуу 3 өрөө байрыг худалдан авах 137.770.000 төгрөгийн зээл батлагдсан. Кенжегүл над руу залгаж зарах гэж байсан байр байна уу гэхэд би Оюунбямбад мэдэгдэж байрыг Кенжегүл авахаар болсон. Оюунбямбын надад өгөх төлбөрөөс 96.000.000 төгрөг дутуу байсан. Үүнийг нь Оюунбямба хүлээн зөвшөөрсөн. Хас банк идэвхитэй байгаа 2 зээлийг хаахыг шаардсан. Бид 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Тамгын газрын нотариатаар орж байрыг Кенжегүлд шилжүүлж өгсөн. 2013 оноос эхлэн худалдах, худалдан авах итгэмжлэл авсан байсан ба  тухайн үед нөхөр нь Майнтад хоригдож байсан. Майнтын хорих ангид очиход Ганбаяр итгэмжлэлээ бичиж өгсөн. Баянгол дүүргийн нотариад очиж гэрээ байгуулсан. Нотариатад тайлбарлаж байсан. Оюунбямба бид 2 3 удаа тэмдэгтийн хураамж төлөх гээд байсан. Нотариатад сууж байгаад 3 өрөө байрыг Кенжегүлд шилжүүлж өгсөн. Үүний дараа Оюунбямба бид 2-н тооцоо үлдсэн. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай байр Оюунбямбын нэр дээр Хас банкны 20 жилийн лизингээр шилжсэн. Хас банк зээл өгөхдөө идэвхтэй байгаа 2 зээлийг хаахыг шаардсан. Ариг банкны 30.000.000 төгрөгийг мөнгө хүүлэгч Баасандоржоор чөлөөлүүлсэн. Марико Банк бус санхүүгийн байгууллагад байсан 20.000.000 төгрөгийн зээлийг С.Нурболын нэр дээр шилжүүлж 2 зээлийг хаасан. Урьдчилгаанд авсан мөнгөө буцаах асуудлыг шинэ жилийн дараанаас учрыг нь олохоор болсон. Манай эгч Гүлдарийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ Марико банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан. Тунгалаг эдийн засагч нь хамт явж үлдэгдэл мөнгийг гаргаж өгснөөс 5.000.000 төгрөгийг Оюунбямба авч, 2.000.000 төгрөгийг Нурболийн зээлэнд суутгуулаад, би 17.000.000 сая төгрөгийг нь аваад буцаагаад 15.000.000 төгрөгийг би Баасандоржид өгсөн. Нийт 35 сая гаруй төгрөг Баасандоржид өгсөн. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын дунд хуулийн дагуу гэрээ байгуулсан гэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Даваасүрэн шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:  Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжин оролцож байна. П.Оюунбямба нь юу ч мэдэхгүй мэтээр хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Худалдах худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрөхгүй бол үл хөдлөх хөрөнгийн материалыг бөглөх гэх мэт идэвхитэй үйлдэл хийн гэрээ байгуулахгүй байсан. Холбогдох баримтыг шүүхийн журмаар хэрэгт авсан. П.Оюунбямба нь С.Гүлдарийн 3 өрөө 2 давхар пентхаус загварын орон сууцыг өөрийн өмчлөлд авсан. Тухайн байрны үнийн урдьчилгаанд өөрийн байрыг С.Кенжегүлд шилжүүлж өгсөн. П.Оюунбямба нь насанд хүрсэн эрх зүйн харилцаанд оролцох эрх бүхий этгээд юм. Миний бие 1 000 000 000 төгрөгийг зээлд огт хамаагүй, намайг удаа дараа гүтгэн гүжирдэж байна. 2015 оны 04-р сард төсөл шалгаруулалт болсон. Маргаан бүхий үйл баримт 2014 оны 12-р сарын 09-ний өдөр болсон. Тэр үед төслийн зээлийн талаар яригдах боломжгүй байсан. П.Оюунбямба нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, С.Кенжегүлийн байр, С.Гүлдарийн байрыг залилан авах гэж байна. Гуравдагч этгээд С.Гүлдарь нь өөрийн байрыг П.Оюунбямбад худалдсан. Худалдахдаа өөрийн байрны зөрүү мөнгөнд Оюунбямбын байрыг авсан учраас өөрийн өр төлбөрт П.Оюунбямбын 2 өрөө байрыг С.Кенжегүлд өгөхөөр болсон. Гэвч П.Оюунбямба нь сөрөг нэхэмжлэл гаргаснаар С.Гүлдарийн эрх ашиг хөндөгдөж байна. Оюунбямбын гаргасан сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

          Нэхэмжлэгч С.Кенжегүл нь П.Оюунбямба, С.Ганбаяр, Г.Энхгэрэл нарт холбогдох орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч П.Оюунбямба нь С.Кенжегүльд холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

С.Кенжегүл нь П.Оюунбямбатай 2014 оны 12-р сарын 25-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэгдсэн, П.Оюунбямба, С.Ганбаяр, Г.Энхгэрэл нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хорооллын 46-р байрны 60 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 118 000 000 төгрөгөөр худалдан авахаар /хх 3, 202-206/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулахдаа гэр бүлийн бусад гишүүд буюу С.Ганбаяр, Г.Энхгэрэл нарын зөвшөөрлийг бичгээр авч, нотариатаар гэрчлүүлжээ.

 

Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл...нотариатаар гэрчлүүлэх, 110-р зүйлийн 110-р зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болгохоор заасан байх ба гэрээний үндсэн дээр С.Кенжегүлийн өмчлөлд 2014 оны 12-р сарын 25-ны өдөр бүртгэгдэж, 000376543 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож  өмчлөгч болсон /хх 4/, улсын бүртгэл үнэн зөв  байна.

 

Талуудын хооронд П.Оюунбямба нь байрыг чөлөөлж өгөөгүй, хариуцагч нь С.Кенжегүл, С.Гульдарь нар нь төөрөгдөлд оруулж залилсан, 118 000 000 төгрөгийг надад өгөөгүй гэсэн маргаан гарч, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэхь хэсэгт зааснаар орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаарджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06-р сарын 24-ний өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1407 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Гульдарь нь Сонгинойхайрхан дүүргийн 14-р хороо, Москвагийн гудамж 42 тоотод байрлах байрыг караоке, пабын зориулалтаар засварласан болон тоног төхөөрөмжийн зардалд 121 000 000 төгрөгийг хариуцагч С.Кенжегүлд төлөх, С.Кенжегүл нь мөнгийг бүрэн авсны дараа байрыг суллаж өгөхөөр харилцон тохирч эвлэрсэн байх ба 2014 оны 12-р сарын 14-ний өдөр “Хэлцэл”-ээр С.Гульдарь нь шүүхийн шийдвэрийг биелүүлж 3 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэх 118 000 000 төгрөгт маргаж буй Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хорооллын 46-р байрны 60 тоот сууцыг шилжүүлэхээр /хх 22-23/ тохирсон байна.

 

Тус байрыг С.Кенжегүлийн төлбөрт тооцож шилжүүлэх болсон шалтгаан нь С.Гульдарь, С.Оюунбямба нар нь 2013 оноос найз нөхдийн холбоотой, хоорондоо зээл өгөх, авах зэргээр мөнгөний тооцоотой, банк болон ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа зээлийг бусдаар чөлөөлүүлэх, зээл хөөцөлдөх, зээл бүтсэн тохиолдолд бие биедээ туслах, С.Оюунбямба нь байраа зарах, улмаар С.Гульдарийн өмчлөлийн байрыг худалдан авах зорилготой байсан нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн болон гуравдагч этгээдийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдсон байна.

 

П.Оюунбямба нь өөрийн өмчлөлийн байраа зарах тухай зарыг 2014 оны 8-р сарын 14-ний өдрийн Зар мэдээ сонинд өгч байсан, үүнээс хойш хэд хэдэн удаа зар өгсөн нь Зар сурталчилгаа сонины 2015 оны 10-р сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон байх ба үүнээс үзвэл байраа зарах хүсэл зориг байсан гэж үзнэ.

 

Түүнчлэн П.Оюунбямба нь 2014 оны 10-р сарын 09-ний өдөр С.Гульдарьтай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр /17044/, ХД-40-р байрны 10 тоот 91.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авч /хх 137-138/, 2014 оны 12-р сарын 25-ны өдрийн 000380134 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож өмчлөгч болсон /35-36, 189-194/ байна.

 

Эдгээр баримтуудаас дүгнэвэл, С.Кенжегүлийн худалдан авсан байрны үнийг С.Гульдарийн байрыг П.Оюунбямбад худалдсан үнээс төлсөн, улмаар П.Оюунбямба нь С.Гульдарийн байрыг худалдан авч өмчлөгч болсон үйл баримтуудаар С.Кенжегүл нь худалдан авсан байрны үнийг төлсөн гэж гэж үзнэ.

 

С.Кенжегүлийн орон сууцыг П.Оюунбямбын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

                                    Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч П.Оюунбямба нь С.Кенжегүлд холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргахдаа  “хууран мэхэлж” хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч шүүх хуралдааны шатанд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн”, 58-р зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

 

П.Оюунбямба нь өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдах хүсэл зоригоо илэрхийлж хэд хэдэн удаа Зар мэдээ сониноор зарласан, улмаар С.Кенжегүлд худалдахаар тохирч бусад өмчлөгч нарын зөвшөөрснөөр өмчлөх эрхээ шилжүүлсэн, улмаар С.Гульдарийн байрыг худалдан авч өмчлөгч болсон байдлуудаас дүгнэвэл байраа худалдах хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан, өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх үр дагавар гаргахыг хүсээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Түүнчлэн  төөрөгдлийн улмаас буюу П.Оюунбямба нь С.Кенжегүлтэй өөр ямар нэг хэлцэл хийх байсан боловч хүссэн хэлцлээсээ өөрөөр өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдах гэрээ хийсэн, эсхүл хийх байсан хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн хэлцэл хийсэн байх үндэслэлгүй.

 

Нөгөө талаар, хариуцагч худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ Иргэний хуулийн 56-р зүйлд заасан бүр анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн 58-р зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүхийн шийдвэрээр тооцож болох хэлцэл гэсэн өөр өөр үндэслэлээр тайлбарлажээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гаргасан П.Оюунбямба, С.Гульдарь нарын Ж.Баасандоржтой байгуулсан 2014 оны 12-р сарын 15-ны өдрийн “Зээлийн гэрэ” /хх 31/, Хас банкны 2014 оны 12-р сарын 11-ний өдрийн тодорхойлолт, П.Оюунбямбын Хас банктай байгуулсан 2014 оны 12-р сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ /хх 37-45/,  Ариг банктай 2014 оны0-р сарын 02-ны өдөр байгуулсан “Орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ” /хх 46-49/,  П.Оюунбямба, С.Нурбол нарын Марико ББСБ-тай 2014 оны 12-р сарын 12-ны өдөр байгуулсан 14/49 тоот зээлийн болон барьцааны гэрээ /хх 50-53/, 2014 оны 09-р сарын 04-ний өдрийн П.Оюунбямбатай байгуулсан 14/35 тоот зээлий гэрээ /хх 84-87/, Хас банкнаас П.Оюунбямбад зээл олгохоор шийдвэрлэсэн 2014 оны 12-р сарын 11-ний өдрийн шийдвэр /хх 72-73/ зэрэг баримтууд нь П.Оюунбямба, С.Гульдарь нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах хэлцэл болон бусад төлбөр тооцоотой холбоотой, П.Оюунбямба, Г.Энхгэрэл нарын ХААН банкны депозит дансны хуулга /хх  75-83/ нь С.Гульдарид мөнгө шилжүүлж байсныг нотолсон, П.Оюунбямбын гомдлоор С.Гульдарьт холбогдуулан гомдлыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2015 оны 07-р сарын 31-ний өдрийн 456 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол /хх 122/ нь тэдний хоорондын төлбөр тооцоотой гомдол байна. 

    

Эдгээрээс дүгнэвэл, сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ гуравдагч этгээд С.Гульдарьтай хийсэн гэрээ хэлцэлтэй холбоотой байх ба харин С.Кенжегүлд орон сууцаа худалдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй  байна.

 

Хэрэгт авагдсан CD бичлэг нь хариуцагч нотлох баримт цуглуулахдаа хууль бусаар дуу, дүрс бичлэг хийх замаар цуглуулсан, түүнээс бичлэг нь уншигдахгүй, буулгасан бичлэг нь шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаас хасах нь зүйтэй. Мөн хэргийн 64, 65 дүгээр хуудсанд авагдсан мессеж нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

                                                                                                 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106-р  зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Станбүлийн Кенжегүлийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 46-р байрны 60 тоот 3 өрөө сууцыг Пүрэвсүрэнгийн Оюунбямба, Сосорын Ганбаяр, Ганбаярын Энхгэрэл нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2, 58-р зүйлийн 58.1 дэхь хэсэгт заасныг баримтлан С.Кенжегүлтэй 2014 оны 12-р сарын 25-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн П.Оюунбямбын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар CD бичлэг, түүнээс буулгасан бичлэг зэргийг нотлох баримтаас хассугай.                  

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 747 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Оюунбямбаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Кенжегүлд олгосугай.

 Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                 

 

 

    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА