Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 252

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Р.Очирсүрэн, хохирогч У.Н, гэрч Д.А, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын газрын хяналтын прокуророос И овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03670 1040 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И овогт Б.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д хамгаалагч, зохион байгуулагч ажилтай гэх, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 12 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2011  оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 321 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 13 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 8 дугаар сарын 3-ны шөнө 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн баруун талд иргэн У.Н-ын нүүрэн тус газар 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч И овогт Б.М нь 2018 оны 8 дугаар сарын 3-ны шөнө 01-ээс 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн баруун урд талд У.Н-ын нүүр лүү хоёр удаа цохиж, түүний бие махбодод “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний булгаралт, 1 шүдний хугарал, дээд уруулын дотор салстад язралт, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Хохирогч У.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр хорооллын Best караокед орж ганцаараа 4 лонх шар айраг ууж, дуулж байгаад 01 цагийн үед гарсан юм. Ер нь би хаяа тэр газар орж дуулдаг байсан бөгөөд шүүгдэгч М гэгчийг урьд нь харж байсан зүс мэднэ. Тэгээд караокеноос гартал Миний дэлгүүрийн баруун урд талд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 6-7 хүн хоорондоо муудалцаж байх шиг болохоор нь салгах санаатай очтол гурван залуугийн нэг нь намайг шууд цохиж унагасан. Би хэсэг манараад босоод иртэл тэр хүн нь урьд зүс мэдэх буюу одоо шүүгдэгч болсон М байсан бөгөөд тэрээр намайг өндийхөд дээрээс дахин цохисон. Харин дараа нь тэрээр надад ”ахаасаа шанаа авсан гээд бодчих, ах нь дотор сууж байгаа ороод цусаа угаачих” гэхээр нь миний дургүй хүрээд ороогүй юм. Тэр үед А гэх залуу бидэнд туслах гэж ирсэнд баярлалаа, миний хэрэг гарвал хэлээрэй гэсэн. Би шүүгдэгч М-ыг тухайн хэргээс хойш цагдаагийн хэлтэс дээр мөрдөгчийн өрөөнд харсан бөгөөд “энэ хүн мөн байна” гэж мөрдөгчид хэлсэн. Би хэрэг гарахаас өмнө зүс мэдэх ч, нэрийг нь мэддэггүй байсан болохоор цагдаад үл таних залуу гэж хэлсэн юм. Намайг цохиж гэмтээсэн хүн бол одоо шүүгдэгчийн суудалд байгаа М гэж энэ хүн мөн байна. Би эмчилгээний зардлын баримтаа хэрэгт гаргаж өгсөн. Харин цаашид буйланд суулгадаг, авагддаггүй дээд үүдэн хоёр шүд хийлгэмээр байна. Одоо байгаа хиймэл шүд нь сугарч унаад хэцүү юм...” гэсэн мэдүүлэг;

2. Гэрч Д.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Best караокеноос найз нарын хамт гарахад манай хажуугийн ширээнд сууж байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэйтэй зогсож байсан бөгөөд 1 залуу нь миний дагуулж явсан М гэх эмэгтэйтэй уулзмаар байна гээд зам хааж зогссон. Түүнээс болж бид маргалдаад Миний дэлгүүрийн үүдэнд барьцалдаж авахад хамт явсан эгч нь тэр хоёр залууг дагуулаад баруун тийш тойроод явсан. Тэр үед Н гэж залуу бидэн дээр гүйж ирээд “та нар зодолдсон юм уу” гээд нөгөө хүмүүсийн араас очих гэтэл урдаас нь 3 залуу гарч ирээд нэг нь буюу одоо шүүгдэгчийн суудалд сууж буй М гэгч энэ залуу түүнийг цохиж унагасан. Н газар тогтсон борооны усан дээр унаж байгаа нь тод харагдсан. Тэгээд нөгөө цохисон залуу дахиад дээрээс нь өшиглөх шиг болсон. Намайг цагдаа дээр мэдүүлэг өгөх гэж очих үед шүүгдэгч М гэгч энэ залуу мөрдөгчийн өрөөнд сууж байсан бөгөөд би мөрдөгчид энэ хүн Нямлхагвыг цохисон хүн мөн байна гэж зааж хэлж өгсөн...” гэсэн мэдүүлэг;

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 9513 дугаартай: “...У.Н-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний булгаралт, 1 шүдний хугарал, дээд уруулын дотор салстад язралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 19 дүгээр хуудас);

4. Хохирогч У.Н-аас мөрдөгчид гаргаж өгсөн үзлэг оношилгоо болон эмчилгээтэй холбоотой баримтууд (хх-ийн 54-58 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Б.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, урьд 3 удаа ял шийтгүүлсэн талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35-48 дугаар хуудас) болон улсын яллагчийн шинжлэн судалсан хохирогч У.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 6-9 дугаар хуудас), гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүд нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр батлагдахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгон үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...хохирогч У.Н анх цагдаад өргөдөл өгөхдөө муудалцаж байсан хүмүүст зодууллаа гэсэн байдаг. Гэтэл муудалцаж байсан хүмүүс нь салаад явчихсан байжээ. Иймд түүний мэдүүлэг эргэлзээтэй байна. Хохирогч У.Н, гэрч Д.А-ийн гар утасны дугаарыг зөрөөтэй хэлж байна. Мөн хохирогч үл таних хүнд зодуулсан гэж мэдүүлсэн байсан, гэтэл сая урьд нь зүс харж байсан болоод өөрчлөгдчихлөө. Гэрч Д.А ч гэсэн урьд харж байгаагүй гэсэн, Гэтэл шүүгдэгч Б.М нь гэрч Д.А-ийг харж байсан, зүс мэднэ гэж байна. Иймд эдгээр эргэлзээтэй байдалд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг цагаатгаж өгнө үү...” гэв.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ. Мөн шүүх хуралдаанд биечлэн оролцсон хохирогч, гэрч нар шүүгдэгч Б.М-ыг эргэлзэхгүйгээр шууд заасан, мөн энэ хэргийн талаар эх сурвалж бүхий тодорхой мэдүүлснээр хэргийн байдал давхар батлагдлаа.

Түүнчлэн, өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлууд нь шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг няцаан үгүйсгэхээргүй байх бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц байдал тогтоогдсонгүй. Иймд шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Н-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч У.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан баримтаар 177,200 болон цаашид эрүүний ясанд суулгадаг хиймэл шүд хийлгэх шаардлагатай хэмээн 2,400,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч шүүх баримтаар нотлогдсон 177,200 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас нэг сарын дотор гаргуулан хохирогч У.Н-д олгуулах, харин эрүүнд суулгадаг хиймэл шүд хийлгэх талаар хэрэгт баримт авагдаагүй бөгөөд ирээдүйд гарах зардал байх тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгч Б.М нь эрхэлсэн тодорхой орлогогүй байх тул торгох ял оногдуулах боломжгүй...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Шүүх шүүгдэгч Б.М-ыг нэгэнт гэм буруутайд тооцсон учир түүний хувийн байдал, бага насны хүүхэдтэй гэр бүлийн байдал, одоо ажил хийж байгаа нөхцөл байдлыг нь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүхээс биеийн байцаалт шалгах үед шүүгдэгч Б.М нь *** гэх ХХК-д хамгаалагч, зохион байгуулагчийн ажил эрхэлж байгаа гэсэн боловч тэрээр хөдөлмөр эрхэлдэг, хэчнээн хэмжээний цалин хөлс, орлоготой болох нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.И овогт Б.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 177,200 төгрөгийг нэг сарын дотор гаргуулан хохирогч У.Н-д олгосугай.

5.Хохирогч У.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА