Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 240

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Р.Энх-Оюун, хохирогч Э.Т, шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05287 0072 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Э.Н, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Гуулин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хишиг-Од бааранд иргэн Э.Т-ийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Х овогт Э.Н-г 2018 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хишиг-Од бааранд Э.Т-ийн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Э.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн. “...11 дүгээр сарын 3-ны орой найз Б-тэй уулзаад Цэлмэг нэртэй караокед орсон. Шөнө 01 цагийн орчимд караоке-аас гараад Ц-ийн баарны арын өрөөнд ороход Ц, Б, бас нэг танихгүй хүн байсан. Тэд тал шил 0.75 литрийн архи авсан байсан, бид танилцаад уг архийг хувааж уугаад дахин нэг шил архи уугаад байж байтал нэг танихгүй ах агсан тавихад Н, Б нар салгасан. Б архиндаа нэлээд халсан байсан. Тэгээд би Н-тай юм яриад зогсож байтал Н намайг гэнэт огцом мөргөсөн, хэрүүл маргаан болоогүй...Миний хоёр шүд ёзоороороо гарсан байсан, Ц манай хамаатны ах байгаа юм, төлбөрийг чинь төлнө гэхээр нь тухайн үед цагдаад хэлээгүй, үргэлжлүүлээд архи уусан. Одоо нэг шүд хөдлөөд сул байгаа, нөгөө шүдний хөдөлгөөн гайгүй болсон. Хөдлөөд байгаа шүдний эмчилгээнд 350,000 төгрөг нэхэмжилж байна, өөрөөр Н-д буруу санах зүйл байхгүй...” гэв.

3. Хохирогч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 3-ны орой 23 цагийн орчимд найз Б-тэй авто сургуулийн орчимд байдаг Цэлмэг караокед ороод нэг хүний 2 пиво, 100 грамм архи ууцгаасан. Цэлмэг караоке хаахаар болоод 01 цагийн орчимд Хишигт-Од нэртэй баарны арын өрөөнд орсон. Тэнд найз Ц, Н, Б бас нэг ах дөрвүүлээ нэг шил архи ууцгааж байсан. Бид дараа нь дахиж 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч ууцгаасан. Тэгээд сууж байтал үл таних нэг ах ууж байсан архины шилээ газар хагалаад хагархай шилээ бариад ална гээд агсан тавихад Ц болиулсан. Тэгтэл Н надтай юм ярьж байгаа шууд ам руу мөргөсөн. Ц, Б нар ирж салгаад хэрүүл маргаан бололгүй салцгаасан. Би шууд цагдаад өргөдөл өгнө гэтэл Ц манай хамаатны ах байгаа юм цагдаад хэлээд хэрэггүй гээд гуйгаад байхаар нь тухайн үед цагдаад хандаагүй. Шүдээ эмчлүүлмээр байна, өөр гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-12 дугаар хуудас);

4. Гэрч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хорооллын Хишиг-Од бааранд зохион байгуулагчаар ажилладаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 3-ны орой манай хамаатны ах Б над дээр ирсэн. Бид хоёр баарны арын өрөөнд юм яриад сууж байхад 23 цагийн орчимд хамаатны залуу Н бас ирсэн. Бид гурав юм яриад, архи уугаад сууж байталд гаднаас манай 10 жилийн ангийн Б, Т нар орж ирсэн. Бид удаан уулзаагүй болохоор цуг арын өрөөнд юм яриад, архи хувааж уусан.Тэр үед Т, Б ах хоёр хоорондоо 21 дүгээр хорооллоос хүн оочирлож авдаг /таксинд явдаг/ талаараа яриад маргалдсан. Тэгсэн чинь Н Б ахыг өмөөрөөд Т-ийг нэг удаа мөргөсөн. Тэгээд Б бид хоёр салгасан. Н, Т хоёр гар барилцаад уучлалт гуйгаад салсан...”гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 дугаар хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13589 дугаартай “...Э.Т-ийн биед хоёр шүдний сулрал, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Э.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33 дугаар хуудас),

7. Шүүгдэгч Э.Н-ын мөрдөн байцаалтад яллагчаар өгсөн:  “...Би 2018 оны 11 дүгээр сарын 3-ны орой 00 цаг болж байхад ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишигт-Од нэртэй бааранд орсон. Уг бааранд манай хамаатны Ц гэдэг хүн ажилладаг юм. Би Ц-тэй уулзаад 0.75 литрийн архи уугаад арын өрөөнд сууж байтал гаднаас танихгүй хоёр залуу орж ирсэн. Бид хоорондоо танилцаад архи уугаад сууж байтал манай ээжийн бага дүү Б орж ирсэн. Тэгээд Т, Б хоёр хоорондоо юм яриад муудалцаад байх шиг байхаар нь би Б ахыг өмөөрөөд Т-ийг нэг удаа мөргөсөн. ..Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Уг гэмтлийг би толгойгоороо мөргөж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Т-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Э.Н-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.Т-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.Н-ыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт шүдний эмчилгээнд нийт 350,000 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, харин баримтаар гаргасан 25,000 төгрөгийг шүүгдэгч Э.Н-с гаргуулан хохирогч Э.Т-т олгуулах, хохирогч Э.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...гэв. 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Э.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овогт Э.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Э.Н нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “нэг сарын дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-аас 25,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Т-т олгуулж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА