Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00141

 

 

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00141

 

 

 

А ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/03230 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, О-э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу манай компани Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт Ухаа овоо нэртэй газар XV-020018 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 300 м.кв ажлыг 30,000,000 төгрөгийн өрөмдлөгийн ажлыг Б ХХК-ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн.

Хариуцагч нь гэрээний 6 дугаар зүйлд зааснаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд цар тахал болсон тул 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн.

Хариуцагч нь түрээсэлж байсан оффисын байрнаасаа нүүж, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй, холбоо барьж байсан утас нь холбогдохгүй байсан тул эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоосноор Х- нь өөрийн компаниа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр О- гэдэг хүнд эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлснийг мэдсэн. Уг компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.1-т компанийн эрх шилжүүлэхээс өмнөх үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг компанийн эрх шилжүүлэгч хариуцна гэсэн заалт тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл ямар өрийг хэн хариуцах нь ойлгомжгүй, энэ талаар ямар нэгэн бичгийн баримтгүй, компанийн захирал солигдсон нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иймд Б ХХК-аас ажлын хөлс 30,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70,200 төгрөг, нийт 30,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр О-ийн нэр дээр шилжиж ирсэн. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.1-д компанийн эрх шилжүүлэхээс өмнөх үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг компанийн эрх шилжүүлэгч хариуцна гэсэн тул өмнөх захирал Х- энэ асуудлыг хариуцна. Х-ын өмнөөс одоогийн захирал О- ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч Б ХХК-иас 30,070,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 308,301 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 308,301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. Анхан шатны шүүх Х- төлбөрийг хариуцан төлөхөө зөвшөөрч байсан гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч тал ингэж мэтгэлцээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Х- төлөхөө зөвшөөрч байсан гэж дурдсан байдаг. Б ХХК-ийн захирал О- шүүхэд ирж нэхэмжлэлээ гардан авахдаа гэрээний маргааны талаар анх мэдсэн юм. Гэтэл анхан шатны шүүхээс анхнаасаа мэдэж байсан мэтээр дүгнэж, нэг талыг барьж хариуцагчийг буруутгаж хөндлөнгийн байр сууринаас дүгнээгүй.

4.2. Б ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр О-ийн нэр дээр шилжиж ирсэн бөгөөд өмнөх өрмийн ажлын талаар бид мэдэх боломжгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч хариуцагчийн маргаагүй мэтээр шийдвэртэй дурдсан нь илт үндэслэлгүй. Мөн хэрэгт өрмийн ажил гүйцэтгэсэн талаарх нэг ч нотлох баримт байхгүй.

 

4.3. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа хэрхэн тасалдаж байгаа талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-э гэх хүний и-мэйлд үзлэг хийж нэхэмжлэх хүргүүлсэн эсэх нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл огт биш юм. Хэрэгт цугларсан нотлох баримтад энэ талаар нотолсон зүйл огт байхгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.4. Хариуцагч талаас гаргаж өгсөн Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.4-т Компанийн эрх шилжүүлэгч нь эрхийн ямар нэгэн доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэсэн байхад анхан шатны шүүхээс гэрээний бусад нөхцөл болон агуулгыг анхаарч үзээгүй байна.

Иймд шийдвэр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний талаар огт маргаагүй, зөвхөн компанийн эрх шилжүүлэх гэрээний талаар хариу тайлбартаа дурддаг. Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний 4.1-т компанийн өмнөх үйл ажиллагаанаас үүссэн хариуцлагыг эрх шилжүүлэгч хариуцна гэж заасантай холбоотой шүүх үндэслэлтэй дүгнэлт өгсөн.

Мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх зөв дүгнэсэн. Б ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа хийлгэсэн өрмийн ажлын үр шимийг О- Х-аас тусгай зөвшөөрлийн хамт худалдаж авсан атлаа гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй байгаа нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 30,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахад хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь Б ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дахь Ухаа овоот нэртэй ХҮ-020018 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 300 метр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн үндэслэлээр ажлын хөлс 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргахдаа компанийн эрх шилжүүлэхээс өмнө бий болсон өр төлбөрийг хариуцахгүй, тухайн үед захирлаар ажиллаж байсан Х- хариуцна гэж илэрхийлснийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхгүй.

Ийнхүү хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд өрөмдлөгийн ажил бодитоор хийгдсэн эсэх үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсоны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

 

3.2. Нэхэмжлэгчийн зүгээс өрөмдлөгийн ажлын тайлан /хх 10/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 43/, нэхэмжлэх /хх 60/ зэрэг нэг талын баримт, мөн Тэргүүн ресурс ХХК-тай хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 42/ зэрэг нэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна.

 

3.3. Мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөхдөө анхан шатны шүүх А ХХК-ийн нягтлан бодогч О-ийн [email protected] цахим хаягт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, өмнө дурдсан нэг талын баримт болох нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэхийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй. /хх 74-79/.

Учир нь нэхэмжлэгчийн илгээсэн цахим шуудан, нэхэмжлэхийг хүлээн авсан гэх Х-аас энэхүү хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулах шаардлагатай эсэх, энэ талаар зохигчийн хэн аль нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эсэх талаар шүүх тодруулсны үндэслэн дээр хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлэх боломж бүрдэнэ.

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар тэдгээрийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах, хэргийг үйл баримтыг тодруулах, мэтгэлцээнийг чиглүүлэх ажиллагааг явуулах ёстой бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр тогтоосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/03230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,301 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ