Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00140

 

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00140

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/04530 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэх тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А- нь 2005 онд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 14 дүгээр гудамж *** тоотод байрлах, 596.60 м.кв газрыг өөрийн гэр бүлийн хэрэгцээнд өмчлөн авч ашиглаж байгаад, амьдралын шаардлагаар 2006 онд нөхөр, хүүхдүүдийн хамт Архангай аймагт шилжин амьдрах болсон ба уг газар эцэг болон эгчийн өмчлөлийн газартай зэргэлдээ тул санаа зовохгүй үлдээсэн.

Улмаар 2019 онд Улаанбаатар хотод буцаж шилжин ирж өөрийн өмчлөлийн газар дээр амьдрах болоход тухайн газар Б-гийн эзэмшил, өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий газрын талаарх мэдээлэл, лавлагааг гаргаж өгөхийг хүсэхэд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр бусдад шилжсэн гэсэн үндэслэлээр надад гаргаж өгөөгүй.

Иймд тухайн газрыг иргэн Б-д шилжүүлсэн газар худалдах, худалдан авах гэрээ нь миний зөвшөөрөл, оролцоогүйгээр хийгдсэн, хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Б- нь 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 14 дүгээр гудамж ***, ***в тоот хаягт байршилтай газар, үл хөдлөх хөрөнгийг иргэн Т-, А-, Ц- нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулж үнэ төлбөрөө төлөн худалдан авсан.

А-ын эцэг Т- нь 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган дээрх хаягт байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгох, газар эзэмших эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Уг асуудал гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

Мөн 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн А-ын өөрийн өмчлөлийн газрыг худалдан борлуулахдаа нотариатын газар дээр өөрийн биеэр ирж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан, хамтран эзэмшигч өөрийн охин Г-ыг төлөөлөн гарын үсэг зурж оролцсон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 14 дүгээр гудамж, *** тоот байрлах 21318 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-22010028** дугаарт бүртгэгдсэн 596.60 м.кв өмчлөлийн газрыг шилжүүлсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, миний газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг "худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага" гэж буруу дүгнэж, миний нэхэмжлэлийн шаардлагыг өөр агуулгаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл би ямар гэрээ хэлцлээр, хэзээ миний өмчлөлийн газар шилжсэнийг мэдэхгүй байсан учраас л энэ нөхцөл байдлыг тогтоолгохыг хүссэн. Тийм ч учраас шинжээч томилон, маргаан бүхий гэрээнд зурагдсан гарын үсгийг шинжлүүлэх хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2. Дээрх гэрээ хэлцлийг мэдэхгүй байгаа шалтгаанаа нэхэмжлэлдээ дурдсан. Би 2006 оноос хойш нөхөр хүүхдийн хамт Архангай аймагт амьдарч байгаад, хүүхдүүд томорсон тул 2019 онд хотод ирсэн. Ээж маань бидний багад нас барсан, аавтайгаа төдийлөн харилцаад байдаггүй, харилцаа холбоо муутай. Хотод ирээд газрын талаар ааваас асуухад "асуудалгүй ээ" гээд тоймтой юм хэлээгүй. Хөдөөнөөс ирээд төвхнөж амжаагүй, тэгээд ковид гарсан тул энэ жилээс л өөрөө газрын алба, бүртгэлийн байгууллагад хандаж, учир байдлыг гадарлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.3. Шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцэхдээ анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагад буруу дүгнэлт өгснөөс гадна, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй. Миний өмчлөлийн газрыг иргэн Б-д шилжүүлсэн газар худалдах, худалдан авах гэрээг хариуцагч нотлох баримтаар гаргасан байна гэдгийг өмгөөлөгч надад хэлсэн, би өөрөө танилцаж амжаагүй шууд шүүх хуралд орсон, шүүх надад танилцуулаагүй. Миний хувьд ямар ч гэрээнд би гарын үсэг зураагүй гэдгээ л мэдэж байсан учраас тэр нөхцөл байдлаа тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан. Гэтэл хамгийн гол баримтыг нь шүүх надад танилцуулаагүй нь миний эрхийг зөрчсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 14 дүгээр гудамж, *** тоот оршин байх 596.60 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А-, Г- болон Б- нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан газар худалдах, худалдан авах гэрээгээр А-, Г- нар нь өөрсдийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 14 дүгээр гудамж, *** тоот байрлах улсын бүртгэлийн Г-22010028** дугаарт бүртгэгдсэн 596.60 м.кв талбай бүхий газрыг Б-гийн өмчлөлд шилжүүлэх, Б- нь газрын үнэд 2,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Б- нь дээрх газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

 

3.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 902 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 659 дугаар тогтоолоор Т-ын нэхэмжлэлтэй Б-, Хадгаламж банкинд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ А-, Г- болон Б- нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах болсон үндэслэлийг нэхэмжлэгчийн эцэг Т-ын Хадгаламж банктай 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд барьцаалснаас үүдэлтэй болохыг тогтоосон байна.

 

3.3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр шилжсэн өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болсон нь үндэслэлтэй. Харин хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаа буюу 10 жил байна гэж дүгнэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Учир нь, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хэргийн баримтаар худалдагч нь гэрээний зүйл болох газрын өмчлөх эрхийг ... өдөр худалдан авагчид шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь өөр орон нутагт байсан учраас 2019 онд маргаан бүхий газрыг бусдын хууль бус өмчлөлд шилжсэн гэдгийг мэдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймээс нэхэмжлэгчийн дээрх гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өмчлөх эрх шилжүүлсэн үеэс тоолбол 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байх .

тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, газар өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч

тогтоох хэсэгт хэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.1. Нэхэмжлэгч нь 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж, шинжээч томилуулах хүсэлт шүүхэд гаргасныг шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд хянаад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШЗ2023/20541 дугаартай захирамж гарган хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар зохигч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг эдэлдэг. Энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлэхээ зохигч өөрөө шийдвэрлэх бөгөөд шүүх эрхээ хэрэгжүүлэхийг зохигчоос шаардахгүй.

Нэхэмжлэгчийг хэргийн нотлох баримттай танилцах эрхийг шүүх хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй, гомдолд дурдсан хариуцагчаас гаргаж өгсөн баримттай нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр танилцсан байх тул хэргийн материалтай танилцуулаагүй, миний эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын гомдлыг хангах боломжгүй байна.

 

5.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр бус байдал, өмчлөх эрхээ сэргээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон, энэ хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөр агуулгаар шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/04530 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Б-д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 14 дүгээр гудамж, *** тоот байрлах, улсын бүртгэлийн Г-22010028** дугаарт бүртгэгдсэн 596.60 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ