| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0050/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 54
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Э.Д , Б.Б ,
шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгчөөр улсын ахлах өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн яллагдагч Г.А т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглүүлэх саналтай, эрүүгийн 1815002340127 дугаартай, 163/2019/0050/Э индекстэй хэргийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт Булган аймгийн Булган сумд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, оюун ухааны хөнгөн хэлбэрийн “хулгайн дон” өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэх, Х овогт Г.А.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Г.А нь 2018 оны 07 дугаар сарын сүүлээс 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн тоотод хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч Б.Б , Б.У нарт 2121500 төгрөгийн хохирол,
2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт хамт хоносон М.Т ы Samsung S6 маркийн гар утас, Д.Ар ийн Samsung S4 маркийн гар утас, бэлэн 25000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч нийт 375000 төгрөгийн хохирол,
2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 17-ны хооронд Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн тоотод хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч С.О т 220000 төгрөгийн хохирол,
2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн тоотод хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч Л.Л д 1145422 төгрөгийн хохирол,
2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн тоотод хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч Б.Ан д 280000 төгрөгийн хохирол,
2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн тоотод оршин суух Э.Д ийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч 2469000 төгрөгийн хохирол,
2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн тоотод хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч иргэн П.Х д 672050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж яриах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б гийн өгсөн: 2018 оны Булган аймгийн 80 жилийн ойн баяр наадмаас хойш манай гэрт хулгай орсон байсан. Тухайн үед би хөдөө ажилтай байсан болохоор гэртээ ихэнхдээ байдаггүй байсан. Манай гэрт нийт 3 удаагийн үйлдлээр орж хулгай хийсэн нь мэдэгдсэн. Анх надтай тааралдаад манай гэрт орж утсаа цэнэглээд хувцасаа сольж аваад гарсан. Энэ өдрийн орой эхний хулгайгаа хийсэн байсан. Алдагдсан эд зүйлээсээ буцааж авсан зүйл байхгүй. Цагдаа дуудахаар нь очиход А байсан. Тэгээд тэр цагдаа нь эд мөрийн баримтуудыг гаргаад харуулахад манай гэрийн эд зүйл мөн байсан ба А мөн байна гээд таньж байсан. Мөн ингэж эвдэж орсон гэж мэдүүлж байсан. Надад нийт 2.200.000 төгрөгийн хохирол учирсан. Миний хохирлыг барагдуулчихвал гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д ийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 03-наас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Булган аймгийн Могод суманд амрахаар гэр бүлээрээ явсан. Тэгээд гэртээ иртэл цонхоор хүн орсон байдалтай байсан бөгөөд гал тогооны шал нь хүний мөр гарсан шавар болчихсон байсан. Манай гал тогоонд мөнгөн аяганууд хураалгатай байснаас 3 ш мөнгөн аяга байхгүй байсан. Ингээд манай гэрээс алтан ээмэг, монетон гинж, ээмэг, 3 ш мөнгөн аяга, цагаан шигтгээтэй, алтан түрхэцтэй мөнгөн бөгж зэргийг авсан. Эдгээр эд зүйлийг би цоожтой саванд болон шургуулганд хийсэн байсан. Би мөнгөн бөгжөө байхгүй байгааг мэдэхгүй байсан. Гэтэл А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед манай унтлагын өрөөний толины доод талын шургуулганаас авсан гэдгээ хэлсэн. А бол манай нөхөр бид хоёрыг таньдаг байсан. Нөхөр бид хоёр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд эмчээр ажиллаж амьдардаг байсан. Тэр үед А ийн гэр нь Хутаг-Өндөр суманд байдаг байсан. Сүүлд манайд орж ирэхдээ энэ Т эмчийн гэр байна гэж таньж байсан. Өмнө нь А манай хүүхдийн сурдаг сургуульд ажиллаж байхдаа хичээлийг нь тарахаар нь хамт гэрт ирж байсан гэж хэлсэн. Ингээд манай гэрийг судалж байсан гэдгээ хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.460.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг,
1815002340127 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Б гийн өгсөн: “...Манай гэрт 3 удаа хулгайч орсон. ...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шиг санагдаж байна, би ангийн уулзалттай гээд хувцасаа солихоор гэртээ ирэхэд гэрийн үүдэнд нэг хүүхэнтэй тааралдсан бөгөөд намайг гэр рүү орох үед миний урд явж байснаа гэнэт зогсоод “ах аа би хөдөөнөөс ирсэн юм, утасны цэнэг дуусчихлаа, утсаараа залгуулаач” гэхээр нь би утсаараа залгуулсан. Тэрээр “утсаа авахгүй байна” гэж байсан. Танай гэр рүү орж утсаа цэнэглэе гэхээр нь би зөвшөөрч манай гэр рүү хамт орж утсаа цэнэглэсэн. Тэр охин А байсан юм байна лээ. ...Алга болсон эд зүйлүүдээс ногоон өнгийн саравчтай малгай, цэнхэр өнгийн үүрдэг жижиг цүнх нь Л гэдэг айлын хашаанд байсан. А авч яваад айлын хашаанд хаясан юм шиг байна лээ. Манай амбаарт байсан хайчийг авч яваад О гэдэг айлын байшингийн хажууд хаясан байсан. Хулгай хийхдээ ашигласан байх гэж бодож байна. Бусад алга болсон эд зүйлсийг олж аваагүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 87 тал/,
Хохирогч Б.У ийн өгсөн: “...Би аав Б тэйгээ хамт амьдарч байгаад тусдаа гараад удаагүй байсан. Зарим хувцас аавын гэрт байсан. Манай аавын байшин буюу Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн тоотод хулгайч орсон байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 90-91 тал/,
Хохирогч С.О ийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би Булган аймгийн Булган сумын Жаргалант ахмадын амралтанд нөхөр Н гийн хамт амрахаар явсан. Амарч дуусчихаад 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчимд гэртээ ирээд хувцаснуудаа авчихаад хулгай орсон эсэхийг анзааралгүй шууд Улаанбаатар хот явсан. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган суманд ирж найз С гийн гэрт хоночихоод маргааш өглөө нь гэртээ ирэхэд цонхны хөшиг орны наад талаар гарчихсан байхаар нь цааш нь хийчихээд өлгүүр рүү харахад савхин дээл, савхин хүрэм зэрэг байхгүй байсан. Би нөхрөөсөө асуухад 2 давхарт үз гэсэн бөгөөд үүний дагуу үзэхэд байхгүй байсан. Ийм учраас цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95 тал/,
Хохирогч Л.Л ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдэж хулгайч орсон байсан. ...Acer брэндийн notebook, 4 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бөгж, онцгой байдлын үед хэрэглэж байсан цэнхэр өнгийн дотроо ойр зуурын эд зүйлтэй 2 мөртэй үүргэвч, эмэгтэй хүний улаан өнгийн цув зэрэг алга болсон. Өөр эд зүйл алга болсон эсэхийг тодорхой сайн мэдэхгүй байна. ... А ийг танина, манай хадам ээжийн төрөл, садангийн хүн байгаа юм. 2018 оны цагаан сарын баяраар манайд ирсэн, түүнээс хойш ирээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99 тал/,
Хохирогч Б.Ан ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 116 дугаар байрны 14 тоот гэрээсээ 2 ширхэг мөнгөн аяга, Samsung S4 маркийн цагаан өнгийн гар утас зэргийг хулгайд алдсан. Тухайн үед гар утас болон мөнгөн аяга алдсан гэдгээ мэдээгүй. Цагдаагийн алба хаагч нар манай аягыг авч ирэхээр нь мэдсэн. Тухайн үед гэрт хүн байсан бөгөөд бүгд унтаж байсан. Харин гэрийн үүд хаалттай боловч цоожлоогүй байсан. Гаднаас хаалганы бариулыг эргүүлэхээр онгойдог. Уг хоёр ширхэг мөнгөн аягыг бэлгэнд авч байсан учраас хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Гар утсыг 100000 төгрөгөөр үнэлж байна, мөнгөн аягаа хүлээж авсан. Харин гар утсаа аваагүй байгаа. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 104-105 тал/,
Хохирогч М.Т ы өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өглөө нөхөр бид хоёр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймагт ирээд явж байхад миний утас руу Булган аймгийн Мэргэжил үйлдвэрлэлийн төвд хамт суралцаж байсан А залгаж “найз нь Булган аймагт байна, Сайхан сум руу танай гэр рүү шууд очлоо шүү” гэхэд нь би Орхон аймагт байгаагаа хэлсэн...нөхөр бид хоёрыг дагаж явж байгаад 2018 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө манай ээжийн төрсөн ах болох М ахын гэрт хоносон. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед А явчихсан байсан. Би босоход гар утас минь байхгүй байсан. Утас руугаа залгахад эхний удаа холбогдож байсан боловч дахин залгахад холбогдохгүй болсон. Мөн манай нөхрийн гар утас болон түрүүвчнээс нь 25000 төгрөг алга болсон байсан. Нөхөр бид хоёр М ахын гэрээс гарч үйлчилгээний төвийн ойролцоо явж байгаад А ийг хараад барьж авсан. Тухайн үед А гартаа манай нөхрийн гар утсыг барьчихсан байсан. ...А ийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. ... А ээс нөхрийнхөө гар утсыг авсан. Харин миний гар утсыг машинд мартаад буусан гээд худал яриад байгаа юм. Мөн 25000 төгрөгийг өгөөгүй. А т гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 206 тал/,
Хохирогч Д.Ар ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг өнгөрч байхад эхнэр Т бид хоёр Хангайн бүс худалдааны төв дээр явж байхад А манай эхнэр рүү залгасан. А эхнэр бид хоёрыг өдөржин дагаж явж байгаад Т ы ээжийн ахынх нь гэрт хамт очиж хоносон. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 07.30 цагийн үед сэрэхэд А байхгүй байсан. Миний утас байхгүй байсан бөгөөд залгахад холбогдох боломжгүй байсан. Мөн эхнэрийн гар утас байхгүй байсан. А ийг хайж байгаад үйлчилгээний төвийн ойролцоо явж байхад нь барьж авсан. Би алдагдсан гар утсаа буцааж авсан. 25000 төгрөгөө авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 209 тал/,
Хохирогч П.Х гийн өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны өглөө үүрийн 04 цагийн үед манай охин Ч э намайг дуудаад “ээж хаалга онгойлгоод хүн гараад явчихлаа, хаалга онгорхой байна” гэхээр нь босоод шууд ширээн дээр байсан утас болон хүүхдийн дэрэн доор байсан утас байхгүй, хөлдөөгч дээр байсан миний түрийвч дотор 15000 төгрөг, 5 доллар болон 1 доллар алга болсон байсан. Манайд орж ирсэн хүн манай цонхоор орж ирсэн байсан. Хэрэг гарах үед цонх онгорхой байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 151-152 тал/,
Гэрч Д.Б ийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2 ширхэг мөнгөн аяга манай ломбарданд тавьсан. Хоёр аяганы нэг нь бичигтэй, нөгөө нэг аяга нь цэнхэр шигтгээтэй аяга байсан. Уг аяганууд нь харалсан, ёроолийн наалт нь хөндийрсөн байсан. Аягануудыг 80,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед А тэй байгуулсан зээлийн гэрээ байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 113-114 тал/,
Гэрч А.О ийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр А гэх эмэгтэй манай ломбарданд 4 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьж 170000 төгрөг авсан юм. ...Уг мөнгөн аягануудын 2 нь бичигтэй аяга байсан. 1 аяга нь жижиг амсарын хэмжээ нь “В” хэмжээтэй, амсар хэсэгтээ шаргал өнгөтэй, тус аяган дээр “Хайрт охиндоо өвөө, эмээгээс нь дурсгав” гэх бичвэртэй байсан. Нөгөө жижиг аяган дээр нь “Б ийн гэр бүлээс дурсгав” гэх бичвэртэй байсан ба үлдсэн хоёр аяга нь 16-17 орчим диаметртэй ба ямар нэгэн содон шинж тэмдэггүй байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 115-116 тал/,
Гэрч Б.Б ийн өгсөн: “...Миний аав Б.Б 2018 оны 05 сараас эхлэн надад тусалж манайд байрлаж байх хооронд аавын байшингийн хаалганых нь цоожийг эвдлэн орж цэцэрлэгийн насны хүүхдийн зодог, шудаг 13 ширхэг, 32 угалзтай монгол гутал 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, 14 метрийн хэмжээтэй шалны хулдаас 1 ширхэг, Жи-Мобайлын 2 симтэй товчлууртай гар утас, Samsung Note 1 маркийн ухаалаг утас 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авч явсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 119 тал/,
Гэрч М.Э ийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Г ийн төрсөн ах П ийн гэрт хоноход М ах, Т эгч, А нар А гэх танихгүй эмэгтэйтэй хамт ирж хоносон. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө сэрэхэд эгч Т , хүргэн ах Ар нар “гар утсаа алдчихлаа, А хулгайлсан байх” гэж ярьсан. Мөн Ар ахын цүнхэнд байсан 25000 төгрөгийг аваад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 214 тал/,
Гэрч Ц.С гийн өгсөн: “... Манай найз Улаанбаатар хот явж ирчихээд манай гэрт ирж хоносон. Маргааш нь гэртээ харьсан бөгөөд түүний гэрт нь хулгай орсон байсан. Манай найз О нь алдагдсан савхийг 2-3 жилийн өмнө Нарантуул захаас 300000 төгрөгөөр, нөхрийнхөө савхийг 150000 төгрөгөөр худалдаж авч байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 122 тал/,
Гэрч Д. П ын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6-р баг тоотод орших гэрээсээ 13 цагийн орчим гэр бүлийн хамтаар Булган аймгийн Могод сум руу явсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орой 21 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ороод цонхоо онгойлгох гэтэл цонх онгорхой байсан мөн гэрт хүн орж ирсэн мэт шавхай болсон байсан тэгээд манай эхнэр Э.Д гал тогооны өрөө рүү ортол гал тогооны өрөөний тавилган дээр байсан 4 ширхэг мөнгөн аяганы 3 нь байхгүй байсан тэгээд дараа нь унтлагын өрөөнд ороод ээмэг бөгжөө хийдэг саваа үзтэл монетон ээмэг, бөгж, хүзүүний зүүлт нь хосоороо байхгүй болсон байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 154 тал/,
Насанд хүрээгүй гэрч Х.Ч ийн өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үүрээр 04 цагийн үед гэртээ унтаж байх үед гэрт юм дуугарах чимээ гарч, гэрийн буйдан хөдлөхөөр нь сэрээд хартал гэрт хүн орж ирсэн байсан ба араас нь харахад хаалга онгорхой, хаалгаар гараад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 160 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны №39 тоот дугаартай шинжээчийн:
“Б ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2018/Э-0248 дугаартай: “...Б.Б гийн алдагдсан эд зүйлсийн үнийн дүн 2121500 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 127-129 тал/,
“Т ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 18/224 дугаартай: “... Б.Ан ын алдагдсан эд зүйлсийн үнийн дүн ...1423810 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 136-140 тал/,
“Б ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2018/Э-0255 дугаартай: “... С.О ийн алдагдсан эд зүйлсийн үнийн дүн ...220000 төгрөг ...” гэх дүгнэлт /1хх-ийн 144-147 тал/,
“Т ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18/193 дугаартай: “... М.Т , Д.Ар нарын алдагдсэн эд зүйлийн үнэлгээ нийт ... 350000 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 220-224 тал/,
“Б ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/Э-0359 дугаартай: “...Э.Д ийн алдагдсан эд зүйлсийн үнийн дүн ...2469000 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 168-171 тал/,
“Т ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18/191 дугаартай: “...П.Х гийн алдагдсан эд зүйлсийн үнийн дүн ...672050 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 175-182 тал/,
Гэрч Т.М гийн өгсөн: “... А нь 14-15 нас хүртлээ хэвийн өссөн. Үүнээс хойш одоог хүртэл зан байдал нь өөрчлөгдөж гэрт байхгүй, эхэндээ өдрөөр, сүүлдээ сараар дэмий тэнэдэг болсон. Шөнө унтахгүй босч явдаг бөгөөд юу хийсэн, ярьсан хэлсэн зэргийг нь ойлгоход хэцүү болсон. Энэ байдал нь одоо ч гэсэн давтагдаж байгаа бөгөөд хулгай гэмт хэрэгт холбогдох болсон. Би А ийг эрүүл биш, сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж бодож байна. 2016 оноос огцом өөрчлөлт гарсан. Үүнээс хойш сэтгэц нь эрүүл биш байх гэж бодож байна. Харин эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлж байгаагүй. Сэтгэцийн байдлыг нь шалгуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 118 тал/,
2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгдэгч Г.А ийн сэтгэцийн байдлын талаар гаргасан:
1.Магадлуулагч Г.А нь сэтгэц мэдрэлийн өвчтэй бөгөөд сэтгэц эмгэг, зан төрхийн өөрчлөлттэй, гадуур тэнэх, хулгай хийх, худал хэлэх, хүн гүтгэх мэтийн донтой, энэ өвчин нь хавар, намрын улиралд сэдрэлт өгдөг. Өвчний шинж тэмдэг нь 12 наснаас эхэлсэн. Даамжирах явцтай байна.
2.Магадлуулагч Г.А нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадваргүй, өөрийн мэдэлгүй донтож хулгай хийнэ.
3.Магадлуулагч Г.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах бүрэн чадваргүй. Цаашид сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэл судлалын шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай. ... гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 156-157 тал/,
Шинжээч Д.Г гийн өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А гэх хүний сэтгэцийн дүгнэлтийг манай эмнэлгийн сэтгэцийн эмч Ц , эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э бид нар хамтран гаргасан. А тэй ярилцах аргаар байгаа байдал болон гаргаж байгаа үйлдэл, зан байдалд дүн шинжилгээ хийхэд А нь гадуур тэнэх, худал хэлэх, хулгай хийх, хүн гүтгэх зэрэг эмгэг зан төрхийн өөрчлөлттэй гэдэг нь тогтоогдсон. Гадуур тэнэх, худал хэлэх, хулгай хийх, хүн гүтгэх гэх мэт шинжүүд нь сэтгэцийн эмгэг, зан төрхийн өөрчлөлтүүд бөгөөд энэ нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадваргүй байдалд хүргэдэг. Уг шинжүүд нь дахин давтагдаж донтох шинжтэй болдог. А ийн хувьд хулгай хийгээд байгаа нь энэ эмгэг шинжүүдээсээ болж өөрийн мэдэлгүй хулгай хийгээд байдаг гэж ойлгож болно. А нь 12 настайгаас нь энэ шинж нь илэрч даамжирах, донтох шинжиндээ орсон байна. Энэ сэтгэцийн өөрчлөлт нь удам болон өөрийн биеийн онцлог, байгаа байдлаасаа хамаарч болно. А нь энэ байдлаар удах юм бол энэ сэтгэцийн эмгэг шинжүүд нь даамжирч, сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчтэй болох, нийгэмд аюултай үйлдэл гаргаж болзошгүй. А нь сэтгэцийн эмгэг шинжүүдээсээ болж өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлан жолоодох чадваргүй байдалд ордог. Энэ байдлаасаа болж өөрийн мэдэлгүй хулгай хийх, худал хэлэх гэх мэт үйлдлүүд гаргадаг гэсэн үг юм. Ийм учраас хэрэг хариуцах чадваргүй гэж үзсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 158 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 1-8, 2хх-ийн 98-99, 105 тал/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол /1хх-ийн 9, 11, 2хх-ийн 96, 103 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 16-18, 203, 2хх-ийн 116 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-36, 2хх-ийн 117-124 тал/, эд зүйл эрэн сурвалжилсан тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 37-38, 149-158 тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 39-62, 2хх-ийн 138-144 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 63-64, 188-190, 2хх-ийн 125-126 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 65-68 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 69-73 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 181 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 182 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.А 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн тоотод хамт хоносон М.Т ы Samsung S6 маркийн гар утас, Д.Ар ийн Samsung S4 маркийн гар утас, бэлэн 25000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн Булган аймгийн Булган сумын нутагт хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд удаа дараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авч хохирогч Б.Б , Б.У нарт 2121500 төгрөгийн, М.Т , Д.Ар нарт 375000 төгрөгийн, С.О т 220000 төгрөгийн, Л.Л д 1145422 төгрөгийн, Б.Ан д 280000 төгрөгийн, Э.Д д 2469000 төгрөгийн, П.Х д 672050 төгрөгийн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдсэн хэргийн газрын болон эд зүйлд хийсэн үзлэг, таньж олуулах, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа нь хуульд нийцсэн, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.А ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.А нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн хулгайн дон өвчтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан, хулгайн дон өвчний тухайд хүчлэгдсэн гэнэтийн дур хүрсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар хүнд хэрэгцээтэй үгүйгээс үл хамааран хулгай хийснээр дур нь дарагддаг, давтагддаг шинжээрээ нийгэмд аюултай бөгөөд магадлуулагч Г.А нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадваргүй, өөрийн мэдэлгүй донтож хулгай хийдэг, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чавдаргүй нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ө.Э , мэдрэлийн тасгийн сэтгэцийн эмч Д.Г , мэдрэлийн эмч Д.Ц нарын гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Д.Г гийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай улсын яллагчийн санал үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.А ийн сэтгэцийн байдал, нийгэмд учруулж буй хор уршигтай үйлдэл давтагдах шинжтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэхээр Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт 2 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б , Б.У нарт 2121500 төгрөгийн, М.Т , Д.Ар нарт 375000 төгрөгийн, хохирогч С.О т 220000 төгрөгийн, хохирогч Л.Л д 1145422 төгрөгийн, хохирогч Б.Ан д 280000 төгрөгийн, хохирогч Э.Д д 2469000 төгрөгийн, хохирогч П.Х д 672050 төгрөгийн хохирол тус тус учирснаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Л , Б.Ан нар нь эд зүйлийг хүлээн авч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Хохирогч Б.Б нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эд зүйлээс ахуйн хэрэглээний модон иштэй жижиг сүх, саарал өнгийн жижиг үүргэвч цүнхийг буцаан авах хүсэлт гаргасан тул буцаан олгож, түүний хохирлоос жижиг үүргэвчний үнэ 5000 төгрөгийг, хохирогч М.Т , Д.А нарын хохирлоос буцаан авсан Samsung S4 маркийн гар утасны үнэ 150000 төгрөгийг тус тус хасаж, шүүгдэгч Г.А ээс нийт 5703550 төгрөгийг гаргуулж хохирогч М.Т , Д.А нарт 225000 төгрөгийг, хохирогч Б.Б , Б.У нарт 2116500 төгрөгийг, хохирогч С.О т 220000 төгрөгийг, хохирогч Э.Д д 2469000 төгрөгийг, хохирогч П.Х д 672050 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв
Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн үүргэвч цүнх, модон иштэй жижиг сүх тус бүр 1 ширхэгийг хохирогч Б.Б д буцаан олгож, ногоон өнгийн саравчтай малгай, эвдэрхий монгол цоож, ягаан өнгийн хятад цоож, никел өнгийн жижиг хятад цоож, шар өнгийн хятад цоож, төмөр хятад цоож, зэвтэй төмөр хайч тус бүр нэг ширхэг, төмрийн хөрөөний хоёр хэсэг хугархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г.А ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7.4 дүгээр зүйлийн 7, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Г.А т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт донтох зуршлын эсрэг 2 /хоёр/ жилийн хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.А ээс нийт 5702550 /таван сая долоон зуун хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Т , Д.А нарт 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг, хохирогч Б.Б , Б.У нарт 2116500 / хоёр сая нэг зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч С.О т 220000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг, хохирогч Э.Д д 2469000 /хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга / төгрөгийг, хохирогч П.Х д 672050 /зургаан зуун далан хоёр мянга тавь/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Л.Л , Б.Ан нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн жижиг үүргэвч цүнх, модон иштэй жижиг сүх тус бүр нэг ширхэгийг хохирогч Б.Б д буцаан олгож, эвдэрхий монгол цоож, ягаан өнгийн хятад цоож, никел өнгийн жижиг хятад цоож, шар өнгийн хятад цоож, ногоон өнгийн саравчтай малгай, хятад төмөр цоож, зэвтэй төмөр хайч тус бүр нэг ширхэг, төмрийн хөрөөний 2 хэсэг хугархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Б ид даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Г.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД