Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 56

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Д.Ү , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Ү д холбогдох 1915000270030 дугаартай, 163/2019/0059/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, М   овогт Д.Ү.       

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ү  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт Ц.М гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ү  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугийн талаар маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд  төлөх хүсэлт гаргаж байна гэв.

1915000270030 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ц.М  өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр намайг төвд ажилтай явж байхад Ц  залгаж “Булган сумын нутагт байрлах хуучин Булган буудлын 2 давхарт байна, хүрээд ир” гээд дуудсан. Үүнээс хойш 1 цагийн дараа уг буудалд очиход Ц  нь бор гэх залуугийн хамт архи ууж байсан. ...Би архи уугаад их согтсон байсан, харин Ц  тасарчихсан. Би буудлаас гарч байгаад танихгүй хүүхэнтэй тааралдсан ба дахиж 1 шил архи авч, түүний ахынх нь гэрт очсон. Бид 3 авсан нэг шил архиа хувааж уусан. Би тэр айлд хоносон бөгөөд өглөө 07 цагийн үед тэр хүүхэнтэй Ц  дээр очсон. Ц  сэргэчихсэн ганцаараа байсан бөгөөд тэр хүүхэнд архины мөнгө өгч “нэг шил архи аваад ир” гээд түүнийг явуулсан. Тэр хүүхэн 0.75 литрийн “Ерөөл” архи авч ирсэн бөгөөд бид 3 хувааж уусан. Уг буудалд миний танил Шараваа гэх залуу байхаар нь би түүнийг хамт явсан найзтай нь дуудаж манай өрөөнд хамт уусан. ...Урьд шөнө нь айлд хоноход тэр хүүхэн миний хүзүүг шимээд улайлгачихсан байхаар нь түүнд “хүзүү шимсэн байна” гэж уурлаад “зайл” гэж хэлсэн. Харин Ц  түүнийг өмөөрч намайг гараараа шанаа хэсэг рүү 1 удаа цохьсон. Үүний дараа би гарч явсан. Үүний улмаас миний баруун эрүүний яс цуурсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 тал/,

“...Миний биеийн эрүүл мэнд гайгүй болж байна. Улаанбаатар хотод 10 хоног эмчилгээ хийлгээд ирсэн. Одоо өвдөж байгаа зүйл байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Ц  надад 500000 төгрөгийг бэлнээр өгч хохирол барагдуулсан. Уг мөнгөөр эмчилгээ хийлгээд ирсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг минь бүрэн барагдуулсан. ...Би түүний нэрийг бүтнээр нь мэдэхгүй, түүнийг Ц  гэж дууддаг. Харин аавыг нь Д  гэдэг. Ү  гэдэг нь энэ хүн мөн. Би өмнө нь нэрийг бүтнээр нь мэдэхгүй байсан учраас өөр нэрээр мэдүүлэг өгсөн байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 12 тал/,

Гэрч М.Ш ын өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Т  гэдэг хүний хамт хуучин Булган буудал орсон. Уг буудлаас гарч байгаад өөр нэг өрөөнөөс танихгүй хүүхэн гарч байсан. М  ах болон тэр хүүхэн бид гурав “Х” бааранд 1 шил архи уусан. Архиа уучихаад салсан бөгөөд тэр хүүхэн, М  ах хоёр үлдсэн. Маргааш нь буцаад хуучин Булган буудал руу очсон бөгөөд манай дүү өрөө авч хоносон учраас очсон. Буцаад гарах гээд явахад М  ах нөгөө эмэгтэйн хамт найз дээрээ ирж байна гээд тааралдсан. Буудлын өрөөнд ороод байж байхад М  ах нөгөө эмэгтэйгээ “хүзүү шимсэн байна” гээд уурлаад хөл рүү нь өшиглөх шиг болсон. Хамт байсан найз нь тэр эмэгтэйг өмөөрч “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд баруун гараараа М  ахын эрүү рүү 1 удаа цохьсон. Нээх их хүчтэй цохиогүй бөгөөд М  ахын амнаас цус гарч байсан. ...Тэр хоёр их согтуу байсан бөгөөд тухайн үед М  ахын амнаас бага зэрэг цус гарч, түүнийгээ угааж цэвэрлэчихээд гарч явсан. Маргааш өглөө нь манай гэрт ирэхэд нь харахад нөгөө цохьсон хэсэгт нь хавдчихсан байсан. Тэрээр Орхон аймаг руу явах гэж байгаагаа хэлсэн. Эрүү нь гэмтсэн байна гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 15 тал/,

      Шүүгдэгч Д.Ү  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр намайг төрийн банкны тэнд явж байхад Ц.М  таарсан. Тэгээд “хаашаа явах гэж байгаа юм?” гэхээр нь найзын машин эвдэрчихээд намайг “Буудал аваад байж байгаач” гэсэн юм, тэгээд би “буудалд өрөө захиалах гээд явж байна” гэж хэлээд салсан. Тэгээд орой 19-20 цагийн багцаанд болов уу түүнийг би утсаар залгаад “хүрээд ир” гэж дуудсан. Ц.М  ирэхдээ өөрөө 1 шил архи авчирсан байсныг нь бид нар бүгд хувааж ууцгаасан. Түүний дараагаар Ц.М  дахиж таксигаар архи захиж авчирсан. Тэгээд л архиа ууцгаачихаад л тэд нар бүгд явсан ба би ганцаараа үлдсэн. Тэгээд маргааш  өглөө нь манай 2 найз өглөө эрт явсан ба тэр хоёрыг явсны дараа М  танихгүй эмэгтэй, өөр хоёр залуугийн хамт манай өрөөнд ороод ирсэн. Тэгээд ирэхдээ “утсаа барьцаанд тавьчихсан” гээд 2 шил архи авч орж ирсэн. Тэгээд тэрийгээ бид 5 хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж байхдаа л М  өөрөө тэр эмэгтэйг “надтай унтахгүй байна, эхнэр төрчихөөд хүн амьтантай унтаагүй байхад” гээд байсан ба эхэндээ тоглоод байна уу гэсэн сүүлдээ бүр босож ирж тэр хүүхнийгээ өшиглөж аваад байхаар нь би “чи яаж байгаа юм бэ? эмэгтэй хүн өшиглөөд” гээд тэгээд түүний зүүн талын шанаа хэсэгт гараа зангидаж байгаад 1 удаа л хүчтэй ч биш цохиод болиулсан. ...Тухайн үед тэр хүүхэн ярихдаа өөрийгөө хоол хийж зардаг, “чамайг энэ найз чинь тасарчихсан унтаж байгаа гэсэн чи сэргэчихсэн байсан юм уу” гээд байсан ба тэр хоёрын ярианаас би ойлгохдоо тэдний гэрт нь очсон, ах нь байсан болохоор намайг тасарчихсан буудалд байгаа гэж л тэр хүүхнийг дагуулж ирсэн юм шиг байна лээ. Тэгээд тэрнээс хойш 3 хоногийн дараа Ц.М  надруу залгаж “миний баруун талын эрүү цуурчихлаа” гэж ярьсан. Тэгээд шарлага энэ тэр хийлгэж байна гэхээр нь би уржигдар 100.000 төгрөг өгсөн. Хугарчихлаа гээд ярихдаа 300-400 мянган төгрөг өгчихгүй юу гэж байснаа дараа нь ерөөсөө 1 сая төгрөг байхгүй бол болохгүй юм байна гээд байгаа. Тухайн үед бид нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Тэр эмэгтэйг өшиглөөд байхаар нь л би түүнийг “болиоч” гээд эрүү рүү нь 1 удаа гараа зангидаж байгаад л цохисон юм. Үүнээс өөрөөр зодоон цохион хийсэн хүн байхгүй. Намайг цохисоны дараа түүний зүүн завж нь дотор талдаа жаахан цус гараад түүнийгээ ариун цэврийн өрөө орж хаяад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 24-25 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай:

1.Ц.М  биед эрүүний баруун их биеийн урд хэсгээр зөрүү багатай хугарал, баруун араа шүдний булгарал, эрүүний баруун буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх үед үүссэн байх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулна.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 18-19 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-н 1-2 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 20-21 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 27 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29 тал/, хохирол төлбөр төлсөн баримт /хх-н 33 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-н 34-35 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын тогтоол /хх-н 37-38 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ү  нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг “Булган буудал”-д “эмэгтэй хүн зодлоо” гэх шалтгаанаар Ц.М г цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. 

Шүүгдэгч Д.Ү  нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бусдын бие, эрх чөлөөнд халдаж хүндэвтэр хохирол учруулсан дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

        Шүүгдэгч Д.Ү  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 500000 төгрөг төлсөн, хохирогч Ц.М  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Д.Ү д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ү  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М   овогт Д.Ү г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Ү д оногдуулсан 500000 төгрөгийн торгуулын ялыг хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ү д сануулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ү  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ү д авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД