Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00158

 

 

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00158

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03450 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Гэм хорын хохирол 322,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, Ц.Баянчимэг, Н.Нямдаваа, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 120/ШШ2015/06259 дүгээр захирамжаар зээлийн гэрээний үүрэгт надаас 79,641,154 төгрөг гаргуулж, Б ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал Таун хотхон, 104 дүгээр байрны ** тоот хаягт байрлах 110 м.кв, 322,000,000 төгрөгийн үнэтэй 4 өрөө орон сууцыг зах зээлийн үнийн зөрүү тооцохгүйгээр 79,641,154 төгрөгийн зээлийн үүрэгт тооцон хураан авч, төлбөр авагч Б ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

Энэ талаар нэхэмжлэл гаргахад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс миний орон сууцыг төлбөрт тооцон хураан авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан болохыг тогтоосон.

Шүүхийн магадлал, тогтоолыг үндэслэн орон сууцны өмчлөх эрхээ өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авах гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй зөрчсөн. Өөрөөр хэлбэл, орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүхийн тогтоол, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг тус тус биелүүлэхгүй зөрчсөнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б ББСБ ХХК нь орон сууцыг бусдад худалдсан байсан.

Уг орон сууцыг анх 320,000,000 төгрөгөөр худалдан авсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 322,000,000 төгрөгөөр үнийн санал гаргасныг төлбөр авагч маргаагүй, хүлээн зөвшөөрч байсан.

Иймд хариуцагчийн дээрх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол орон сууцны үнэ 322,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэлээр гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Өнөөдөр сониноор дамжуулан нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул албадан дуудлага худалдааны комиссын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх 4 өрөө орон сууцыг төлбөрт тооцон, төлбөр авагч Б ББСБ ХХК ХХК-д өгөхөөр шийдвэрлэсэн. Санал болгох хуралдаанд А- өөрөө оролцсон боловч комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар хийж хурлын протоколд гарын үсэг зураагүй.

Тухайн хурлаар 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг төлбөрт тооцож шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба төлбөр төлөгдөөгүй тул 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг албадан чөлөөлж, өмчлөх эрхийг Б ББСБ ХХК ХХК-д шилжүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/18794 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 282 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.

Гэтэл А- 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 00027 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ямар нэг ажиллагаа явуулах боломжгүй, Улсын бүртгэлийн Ү-2206022*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 104 дүгээр байр, ** тоотод бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх арга хэмжээг авах хууль зүйн боломжгүй болсон.

2.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр магадлалаар шийдвэр гүйцэтгэгчийн уг үйл ажиллагаа хуульд нийцээгүй хэмээн дүгнэж хоёр дахь дуудлага худалдааг бүхэлд нь, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өгсөн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ба 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр магадлал хүчин төгөлдөр болох байсан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас магадлал гарсантай холбоотой ямар нэг ажиллагаа явуулах, арга хэмжээ авах хууль зүйн ямар ч боломжгүй байсан.

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан байсан төлбөр авагч Б ББСБ ХХК энэ нөхцөл байдлыг ашиглаж, магадлал хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн О-т 95,000,000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж, О- нь 9 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 176,750,000 төгрөгийн гэрээгээр С-т шилжүүлсэн байсан.

Ийнхүү өмчлөх эрх төлбөр авагчаас гуравдагч этгээдэд шилжсэн явдалд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх үүргийг шүүхээс хүлээсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гэм буруутай ажиллагаа болон эс үйлдэхүй байхгүй, нөлөөлөөгүй.

2.3 Шүүхээс явуулсан зарим ажиллагааг хүчингүй болгосон явдал хариуцагчийг нэхэмжлэгчид хохирол учруулсан гэм буруутай, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй. Мөн бодитоор хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж хийгээгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хоорондоо харилцан тогтоосон үнэлгээ тул учирсан бодит хохирол биш.

Хэрэв нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзвэл төлбөр авагчаас шаардах ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 81,158,846 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 240,841,154 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,767,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 563,744 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг бүхэлд нь, хөрөнгийг Б ББСБ ХХК-д төлбөрт тооцон шилжлүүлэх ажиллагааг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн нь гэм хорын хохирол гаргуулах тухай энэхүү иргэний маргаанд шууд хамааралгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй.

Нөгөөтэйгүүр, бодит байдалд хариуцагч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулаагүй, ийнхүү учруулаагүй болох нь нотлогдож буй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

4.2. Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч А-ын хүлээн зөвшөөрөхгүй гэх хүсэл зоригийг дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаас зайлсхийх тохиолдолд төлбөр авагчийн хуулиар олгогдсон эрх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг тус тус ноцтой зөрчихөд хүргэнэ. Гэтэл анхан шатны шүүх төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх ёстой байсан мэтээр дүгнэж буй нь илтэд үндэслэлгүй.

4.3. Шийдвэр гүйцэтгэгч нь ажиллагааг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх эрх хэмжээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт олгогдоогүй. Мөн А-аас гаргасан хүсэлт, гомдлыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00027 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн тул тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хууль зүйн боломжгүй юм.

Эдгээр тохиолдолд хариуцагч байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байх хуулийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй.

Мөн шүүхээс ажиллагааг түдгэлзүүлсэн учир нэмж ажиллагаа явуулах, бүртгэх байгууллагад албан бичиг хүргүүлэх боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ хэмээн дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч нь давж заалдах шатны шүүхийн магадлалын агуулгыг төлбөр авагч Б ББСБ ХХК-ийн төлөөлөгчид утсаар нэн даруй мэдэгдсэн болох нь 2016 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогддог.

4.4. Нэхэмжлэгч гэм хорын хохирол шаардаж буй тохиолдолд 322,000,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгч өөрт нь 322,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурьдаад буй орон сууцанд аливаа хэлбэрээр хохирол учруулаагүй ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улмаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн этгээд нь төлбөр авагч буюу Б ББСБ ХХК юм.

Хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учраагүй буюу үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан гэм хорын хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй. Хариуцагч маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх гуравдагч этгээд болох О-, С- нарын өмчлөлд шилжүүлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

А- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас 322,000,000 төгрөгийн үнэтэй байраа бусдад алдсан. А- энэ асуудлаар бүх шатны байгууллагад гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул А-ын орон сууц гуравдагч этгээдэд шилжсэн.

А-ыг хохирсон талаар анхан шатны шүүх зөв тогтоосон тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гэм хорын хохирол 322,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахад уг маргаан нь гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхан шатны шүүх анхааралгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2015/06259 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 104 дүгээр байрны ** тоотод байрлах 110 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 179/01 тоот тогтоолоор төлбөр авагчид Эксим финанс ББСБ ХХК-д шилжүүлжээ /хх 102-158/.

Үүний дараа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00439 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00545 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг болон хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгожээ./хх 167-183/

Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б ББСБ ХХК-ийн өмчлөлөөс О-ын өмчлөлд, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр О-ын өмчлөлөөс С-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 184-194/

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тодорхойлон шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагаа хүчингүй болсонтой холбогдуулан өөрийн эд хөрөнгөд учирсан хохиролд 322,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

3.3. Хариуцагч нь ...Маргаан бүх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан Б ББСБ ХХК-ийг нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах ёстой... гэж маргасан.

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болохыг заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хохирол нэхэмжлэх үндэслэл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, мөн хариуцагчийн гэм бурууг хариуцах ёстой гэж маргаж буй Б ББСБ ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад холбогдох гэм буруу, түүний шалтгаант холбоо, хохирлын талаар дүгнэлт өгсөн нь Б ББСБ ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

 

3.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар шүүх хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах замаар гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг зохигчоос тодруулж, мэтгэлцээнийг чиглүүлэх үүрэгтэй.

 

4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03450 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ