Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

Б.Ганбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

          Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                               Прокурор Б.Энхмэнд

                                                Ялтан Б.Ганбаяр

                                               Ялтан Б.Ганбаярын өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                                Хохирогч С.Энхтуяа

                                               Хохирогчийн өмгөөлөгч  Т.Оюунчимэг.

                                               Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

        Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолд ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ганбаярт холбогдох эрүүгийн 201315000290 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Манлай суманд 1980 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, VIPCAR авто машин угаалгын газар угаагчаар ажилладаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 6-111 тоотод оршин суух бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 15-10 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бээлийнхнэн овогт Баатарын Ганбаяр /Регистрийн дугаар ВВ80042009/,

 

Б.Ганбаяр нь давтан үйлдлээр 2012 оны 2 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд хохирогч Д.Бадмаагаас 74.240.000 төгрөгийг, 2012 оны 07 дугаар сараас эхлэн хохирогч Д.Бүзмаагаас 6.660.000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч П.Болормаагаас 47.650.000 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын орчимд хохирогч Ч.Ганчимэгээс 9.500.000 төгрөгийг, 2012 оны 02 дугаар сараас 2012 оны 03 дугаар сарын хооронд хохирогч Ч.Отгонцэцэгээс 38.600.000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч П.Уранчимэгээс 20.850.000 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сард хохирогч Б.Гантуяагаас 18.000.000 төгрөгийг, 2012 оны 08 дугаар сард хохирогч С.Энхтуяагаас 51.341.500 төгрөгийг, 2012 оны 08, 10 дугаар саруудад хохирогч П.Анхтуяагаас 30.000.000 төгрөгийг, 2012 оны 8, 11 дүгээр саруудад хохирогч А.Ганзоригоос 24.300.000 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ю.Ариунсанаагаас 15.000.000 төгрөгийг, 2012 оны 9 дүгээр сард хохирогч Ж.Должинсүрэнгээс 2.000.000 төгрөгийг буюу нийт 338.141.500 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

           Анхан шатны шүүх, Баатарын Ганбаярыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Б.Ганбаяраас 20.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, түүнд 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.6-д зааснаар Б.Ганбаярт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Б.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гантуяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Ганбаяраас хохирогч Ж.Должинсүрэнд 2.000.000 төгрөгийг, П.Уранчимэгт 6.500.000 төгрөгийг, Д.Бүзмаад 5.840.000 төгрөгийг, П.Болормаад 9.000.000 төгрөгийг, Ч.Ганчимэгт 9.500.000 төгрөгийг, Ю.Ариунсанаад 15.000.000 төгрөгийг, Ч.Отгонцэцэгт 38.600.000 төгрөгийг, Д.Бадмаад 20.705.000 төгрөгийг С.Энхтуяад 73.520.350 төгрөгийг тус тус гаргуулж олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ч.Отгонцэцэгийн ягаан өнгийн хавтастай, шар өнгийн дотортой, 1-49 хүртэл дугаарласан тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хохирогч Д.Бадмаагийн 1-121 хүртэл дугаарласан хавтасгүй дэвтэр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Б.Ганбаярын эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий Alcatel маркийн гар утас 1 ширхэг, 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ханын иж бүрэн стенкийг тус тус битүүмжилсэн 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ганбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

         Ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

      Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Шүүх Б.Ганбаярт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч нарт учирсан гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлсон нотлох баримтуудын тооцооны зөрүүг харгалзан үзэхгүй шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгч Б.Ганбаяр нь хохирогч гэх Ж.Должинсүрэн, П.Уранчимэг, Д.Бүзмаа, П.Болормаа, Ч.Ганчимэг, Ю.Ариунсанаа, Ч.Отгонцэцэг, Д.Бадмаа, С.Энхтуяа нартай хамтарч зээл хаах үйлчилгээ гэж нэршсэн, мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаад бизнесийн эрсдэлд орсон байхад эрүүгийн гэмт хэрэг гэж ял шийтгэл оногдуулж байгаа нь хууль буруу хэрэглэж байна. Бизнесийн эрсдлийг гэмт хэрэг гэдэггүй. Шүүгдэгч Б.Ганбаярын үйлдэл гэмт хэрэг юм бол түүний хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татахгүй байгаа нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх үндсэн хуулийн зарчмыг зөрчиж эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэж байна. Зөвхөн ганцхан нотлох баримтыг жишээ татахад Б.Ганбаяр, Д.Бадмаа нарын хооронд 216 удаа харилцсан үйл ажиллагаа болсон байхад зөвхөн 7-н тохиолдлыг гэмт хэрэг гэж үзсэн нь хууль буруу хэрэглэх үндэслэл боллоо. Шүүгдэгч Б.Ганбаяр нь Д.Бадмаагаас 129.455.000 төгрөг авч, 338.271.100 төгрөг эргүүлж өгсөн. Хохирогч гэх Ч.Отгонцэцэгээс 50.000.000 төгрөг авч 79.293.000 төгрөг эргүүлж өгсөн. П.Уранчимэгээс 44.900.000 төгрөг авч 71.950.000 төгрөг өгсөн гэх мэтээр тооцооны зөрүү байхад мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн хэлэлцүүлэгт ч баталсан, няцаасан зүйл байхгүй байна. Шүүгдэгч Б.Ганбаяр нь “зээл хаах үйлчилгээ” эрхэлж байх хугацаандаа Ж.Должинсүрэн, Д.Бүзмаа, П.Болормаа, Ч.Ганчимэг, Ю.Ариунсанаа, С.Энхтуяа нараас авсан мөнгөө Д.Бадмаа, Ч.Отгонцэцэг, П.Уранчимэг нарт өгсөн гэх мэдүүлэг үндэстэй эсэхийг тогтоогоогүй байна. Эдгээр бүх нотлох баримтууд нь шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.2.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхмэнд гаргасан дүгнэлтдээ:

Б.Ганбаярын үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх үндэслэл байхгүй. Санхүүгийн хүндрэлтэй болсноо нуун дарагдуулж бусдын итгэлийг эвдэх аргаар мөнгө авч онц их хэмжээний хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүд, аудиттын дүгнэлт болон Б.Ганбаярын өөрийнх нь мэдүүлэг, тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байгаа. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн бүрэн агуулсан гэж үзэж байна.

 Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна ...гэв.

ХЯНАВАЛ:

           Б.Ганбаяр нь давтан үйлдлээр 2012 оны 2 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд хохирогч Д.Бадмаагаас 74.240.000 төгрөгийг, 2012 оны 07 дугаар сараас эхлэн хохирогч Д.Бүзмаагаас 6.660.000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч П.Болормаагаас 47.650.000 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын орчимд хохирогч Ч.Ганчимэгээс 9.500.000 төгрөгийг, 2012 оны 02 дугаар сараас 2012 оны 03 дугаар сарын хооронд хохирогч Ч.Отгонцэцэгээс 38.600.000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч П.Уранчимэгээс 20.850.000 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сард хохирогч Б.Гантуяагаас 18.000.000 төгрөгийг, 2012 оны 08 дугаар сард хохирогч С.Энхтуяагаас 51.341.500 төгрөгийг, 2012 оны 08, 10 дугаар саруудад хохирогч П.Анхтуяагаас 30.000.000 төгрөгийг, 2012 оны 8, 11 дүгээр саруудад хохирогч А.Ганзоригоос 24.300.000 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ю.Ариунсанаагаас 15.000.000 төгрөгийг, 2012 оны 9 дүгээр сард хохирогч Ж.Должинсүрэнгээс 2.000.000 төгрөгийг буюу нийт 338.141.500 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

хохирогч Д.Бадмаагийн “...2011 оны 02 дугаар сарын үед Ганбаяр надтай уулзаад манай эгч Амгалан зээл хаадаг. Чамд мөнгө байна уу? 1 хувиар зээл хаагаад чамд 0.5 хувийг нь өгье гэж хэлсэн. Надаас мөнгө өгч аваад яваад байдаг байсан. Дандаа амаар тохиролцож мөнгө зээлдэг байсан. Би Амгалан гэх хүнтэй ерөөсөө уулзаж байгаагүй. Удаа дараа би Амгалантай уулзъя гэж Ганбаярт хэлэхээр Амгалан эгч Хөвсгөл, Улаанбаатар явсан, эсхүл хичээлтэй байна гээд уулзуулдаггүй байсан. 13 удаагийн үйлдлээр нийт бэлнээр 20.705.000 төгрөгийн хохирол учирсан...” /1-р хх-ийн 16-19х, 121-122х, 3-р хх-ийн 170х, 4-р хх-ийн 152х, 4-р хх-ийн 238х, 5-р хх-ийн 18-20х, 21-22х, 219-220х/,

хохирогч Д.Бүзмаагийн “...2012 оны 07дугаар сарын 20-нд Ганбаяр мөнгө байна уу? Бүзмаа эгчээ таны мөнгийг 0.5 хувийн хүүтэй буцааж өгье гэж хэлсэн. Амгалан эгч зээл хаадаг юм. Зээл хаагаад буцааж өгнө гэж хэлэхээр нь 1.500.000 сая төгрөг Ганбаярт зээлүүлсэн. Энэ мэтчилэнгээр урьд зээлсэн мөнгөө өгөөгүй байж дээрээс нь нэмж нийт бэлэн 6.660.000 төгрөг зээлээд үүнээс 820.000 төгрөг буцааж авсан. Одоо 5.840.000 төгрөг аваагүй...” /1-р хх-ийн 21-22х, 3-р хх-ийн 28х, 161х, 4-р хх-ийн 158х/,

хохирогч П.Болормаагийн “...2012 оны 09 дүгээр сарын 14-нд анх надад зээл хаах гэсэн юм. Мөнгө байна уу? гээд 1.000.000 төгрөг авсан. Ганбаяр эгч Амгалантай 10 хувийн хүүтэй зээл хааж байгаа. Бид нар өөрсдөө 5 хувийг нь авна. Танд 5 хувийг нь өгнө гэж ярьж байсан. Энэ мэтчилэнгээр надаас нийт бэлнээр 47.650.000 төгрөг зээлснээс 36.650.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Одоо авч чадаагүй үлдсэн 9.000.000 төгрөг байгаа...” /1-р хх-ийн 24-25х, 3-р хх-ийн 114х, 157х/,

хохирогч Ч.Ганчимэгийн “...2012 оны 03 дугаар сарын үед санагдаж байна Ганбаяр нь анх надад хэлэхдээ та оюутан хүүхэдтэй юм чинь төлбөрт нь нэмэр шүү дээ гээд би зээл хаадаг юм. 0.5 хувийн ашгийг нь танд гаргаж өгье гэж санал тавьж байсан. Чи тэгээд хэнд зээл өгдөг юм бэ? Найдвартай юм уу? гэж асуухад Адараагийн эгч Амгалан байнга зээл хаадаг юм. Хүмүүсийн үл хөдлөхийг барьцаалж материалыг нь бүрдүүлдэг. Би мөнгийг нь олж өгдөг найдвартай гэж Ганбаяр хэлдэг байсан. Үүнээс хойш надаас нийт 9.500.000 төгрөг зээлсэн. Дандаа бэлнээр зээл олгож байсан. Амаар тохирч мөнгө зээлдэг байсан. Ганбаяр надаас мөнгө зээлэхдээ өөр хүнд надад мөнгө зээлсэн гэдгээ битгий хэлээрэй гэж хэлдэг байсан...” /1-р хх-ийн 27-28х, 159х/,

хохирогч Ч.Отгонцэцэгийн “...2011 оны 09 дүгээр сараас Ганбаяр 1 хувиар зээл хаах үйлчилгээ явуулдаг эгч Амгалантай хамт зээл хаадаг гэж хэлсэн. Тэгэхээр нь найдвартай юм байна гэж бодоод эхлээд бага хэмжээгээр буюу 300.000, 500.000 төгрөг гэх мэтээр мөнгө Ганбаярт зээлж өгдөг байсан. Нийт бэлнээр 98.600.000 төгрөг авсан байсан. 60.000.000 төгрөгийг 4 удаа хувааж өгсөн. Ганбаярын хувьд 7 удаагийн үйлдлээр нийт 38.600.000 төгрөгийг залилж авсан гэж үзэж байгаа. Эхэлж надаас мөнгө авч найдвартай хугацаанд нь өгөөд байдаг байсан болохоор буцаагаад өгчих байх гэж бодоод итгээд өгчихсөн. Сүүлд зээлсэн мөнгөнүүддээ хүү өгч байгаагүй. Дараагийнхаа мөнгийг авах болохоороо нэмээд биччихээрэй гэж хэлээд л мөнгө аваад байдаг байсан...” /1-р хх-ийн 30-31х, 125х, 3-р хх-ийн 155х, 183х, 4-р хх-ийн 242х, 5-р хх-ийн 23х, 177-178х/,

хохирогч П.Уранчимэгийн “...Ганбаяр надад хэлэхдээ 1 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн байна. Тэр хүмүүст мөнгө өгч дундаас нь ашиг олъё гэж хэлсэн. Ганбаяр найдвартай, таныг ална гэж байхгүй гэх мэтээр надад үнэмшүүлж, иттэлцлийн үндсэн дээр голдуу бэлнээр мөнгөө авдаг байсан. Заримдаа янз бүрийн хүний данс руу хийлгэнэ. Юун танихгүй хүмүүсийн данс руу мөнгө хийлгэж байгаа юм бэ? гэж хэлэхээр зээл авах гэж байгаа хүмүүсийн данс гэж хэлдэг байсан. Машины бичиг баримт, үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгодог гэж Ганбаяр хэлж үнэмшүүлж байсан. Ганбаяр хүнийг итгэж үнэмштэл нь худлаа ярьж мөнгө авдаг байсан. Ганбаяр өөрийгөө мөнгө хүүлж ашигтай ажилладаг мэтээр хүмүүст өөрийгөө итгүүлж үнэмшүүлсэн байсан...” /1-р хх-ийн 33-34х, 126х, 3-р хх-ийн 184х, 4-р хх-ийн 157х, 5-р хх-ийн 179х/,

хохирогч Б.Гантуяагийн “...Ганбаяр 2012 оны 12 дугаар сарын эхээр над дээр ирээд бараа авах гэтэл мөнгө хүрэхгүй байна гэж хэлээд хашаа байшингийн гэрчилгээг чинь түр барьцаанд тавьж мөнгө зээлчихээд өгье гээд Ганбаяр өөрийн хашаа байшин, граж, машинаа оролцуулаад нийт 36.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Гэтэл сүүлд нь Ганбаярыг их хэмжээний өрөнд орсныг мэдсэн...” /1-р хх-ийн 35-36х, 3-р хх-ийн 111х/,

хохирогч С.Энхтуяагийн “...Ганбаяр бид 2 Хаан банкнаас 35.000.000 төгрөг очиж аваад 5.000.000 төгрөгийг нь өөртөө аваад 30.000.000 төгрөгийг нь бэлнээр Ганбаярт өгсөн. Ганбаярт 2012 оны 10 дугаар сарын 12-нд 15.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 22-нд 4.000.000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. 2012 оны 11 дүгээр сарын 20-нд Ганбаяр нийт 541.500 төгрөгийн үнэтэй монетан бөгж нөхөртөө, өөртөө монетан ээмэг зээлж авсан. 2012 оны 12 дугаар сарын 04-нд 1.800.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд Ганбаяр надаас нийт 51.341.500 төгрөг авсан...” /1-р хх-ийн 37-42х, 123х, 3-р хх-ийн 27, 113х, 165х, 4-р хх-ийн 159х, 5-р хх-ийн 24х/,

хохирогч П.Анхтуяагийн “...миний төрсөн дүү Энхтуяа надад хэлэхдээ надад найдвартай найз байдаг. Тэр найз маань зээл хаадаг. Та надад өгч байна гэж бодоод хэдэн төгрөг өгөөч гэхээр нь 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 11.500.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 9.000.000, 2012 оны 10 дугаар сарын 17-нд 1.500.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 16-нд 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Надад нийт 30.000.000 төгрөгийн хохирол учирсан...” /1-р хх-ийн 44-45х, 4-р хх-ийн 155х/,

хохирогч А.Ганзоригийн “...миний эхнэрийн аавын төрсөн дүү Энхтуяа надад ярихдаа хүмүүсийн зээл хаах ашигтай юм байна гээд 2012 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 6.000.000 төгрөг авсан. 2012 оны 08 дугаар сарын 11-нээс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 24.300.000 төгрөгийг 3-4 хүний данс руу шилжүүлж авсан. Энхтуяа Ганбаяр гэдэг хүнтэй найзууд гээд байсан. Ганбаярын данс руу мөнгө шилжүүлж байсан...” /1-р хх-ийн 46-48х, 124х, 3-р хх-ийн 110х, 169х, 4-р хх-ийн 154х/,

хохирогч Ю.Ариунсанаагийн “...2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай найз Должинсүрэн над руу утсаар яриад Б. Ганбаяр гэдэг эмэгтэй надтай ирээд уулзсан. 2 өрөө байр худалдаж авсан. Байрных нь ордер Б.Ганбаярын нэр дээр гарчихсан юм байна. Чамд 15.000.000 төгрөг байвал Б.Ганбаярт зээлүүлээч гэхээр нь би өөртэй нь уулзаад бичиг баримтыг нь үзье гэхэд Б.Ганбаяр манайд хүрээд ирсэн. Тэгээд надад 2 өрөө байр худалдаж авсан юм гээд байрны ордер үзүүлээд чамаас мөнгө зээлж авъя гэхээр нь итгээд гэрээ хийгээд наториатаар баталгаажуулж 15.000.000 төгрөгийг Б.Ганбаярт бэлнээр өгсөн. Б.Ганбаярын надад өгсөн байрны ордер нь хууль бус байсан...” /1-р хх-ийн 158-159х, 3-р хх-ийн 116х, 153х/,

хохирогч Ж.Должинсүрэнгийн “...2012 оны 09 дүгээр сарын сүүлээр Б.Ганбаяр надаас бэлнээр 2.000.000 төгрөгийг сарын хугацаатайгаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Одоог хүртэл өгөөгүй байгаа. 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Ганбаяр байрны ордер барьчихсан ирээд миний утсаар Ю.Ариунсанаа руу ярьсан. Тэгээд тэр 2 хоорондоо ярьж тохироод 15.000.000 төгрөг өгсөн юм шиг байна лээ...” /1-р хх-ийн 160-161х, 3-р хх-ийн 112х, 167х, 4-р хх-ийн 156х, 5-р хх-ийн 180х/,

гэрч Л.Амгалангийн “...2012 оны 11 дүгээр сарын сүүлээр Адарсүрэнгийнд очтол “Түшиг” худалдааны төвийн хүүхнүүд ирчихсэн Ганбаяртай тооцоо бодож, их хэмжээний мөнгө ярьцгаагаад байсан. Ганбаяраас 2009 оны 09 дүгээр сарын 01-нээс 2012 оны 11 дүгээр сар хүртэл 5-6 удаа л мөнгө авсан байх. Тэгтэл Ганбаярынд цугласан хүүхнүүд Ганбаяраас тавиас жаран сая төгрөг нэхээд байсан. Би бол тийм их хэмжээгээр мөнгө авч зээл хааж байгаагүй. Ганбаяраас авсан мөнгөө нэг хонуулаад буцаад хүүгээ гурав хуваагаад өөрт оногдох хүүгээ аваад бусдыг нь Ганбаярт өгдөг байсан. Ганбаяраас нийт 5-6 удаа 5.000.000-6.000.000 төгрөг авч зээл хааж байсан гэж бодохоор нийт 30.000.000 төгрөг л авч байсан...” /1-р хх-ийн 53х, 4-р хх-ийн 241х/,

гэрч Ч.Оюунсүрэнгийн “...манай төрсөн дүү Отгонцэцэг нь Ганбаяр найдвартай мөнгө хүүлж өгдөг. Та мөнгө байвал өгчих гээд надаас 2-3 удаагийн үйлдлээр нийт 60.000.000 төгрөг Отгонцэцэг зээлж авсан. Эгчээсээ мөнгө зээлж өгөөч гээд гуйгаад 0,5 хувийн хүүтэй буцааж өгнө гэж Ганбаяр хэлсэн гэж Отгонцэцэг надаас мөнгө гуйж авсан. Ганбаяр хэлэхдээ Амгалан эгчээс мөнгө орж ирэхгүй байна. Мөнгө орж ирэхээр өгнө гэж байнга хойш тавьж, цөөн хэдэн саяар цуварган байж арай гэж л зээлсэн 60.000.000 төгрөгөө олж авсан. Манай дүү Отгонцэцэг л хамт нэг дор наймаа хийдэг хүндээ итгэснээс болж дундаас нь нилээд сая төгрөгөөр хохирчихоод явж байгаа. Тухайн үед олон хүнээс Ганбаяр нь мөнгө зээлсэн, их хэмжээний өртэй гэдгийг нь мэдэхгүй байсан...” /1-р хх-ийн 56-57х, 5-р хх-ийн 25х/,

гэрч Б.Энхболдын “...Бадмаа Ганбаярт мөнгө өгөхдөө надаас асууж, надад хэлж мөнгөө өгдөг байсан. Ингээд харилцаж эхэлснээс хойш Бадмаагаас Ганбаяртай тооцоо чинь юу болж байна гэж асуухад 40-50 сая төгрөг болчихсон байдаг байсан. Тэгтэл сүүлд Ганбаярт залилуулсан гэдгээ мэдээд Бадмаа надад мөнгөө аваагүй байгаа гэж хэлсэн. Ганбаяр хэлэхдээ манай нөхрийн эгч Амгалан гэдэг хүн зээл чөлөөлдөг тухай ярьж байсан...” /5-р хх-ийн 29х/,

гэрч Б.Мөнхнасангийн “...Ч.Отгонцэцэг, Б.Ганбаяр нар хоорондоо мөнгө авалцаж өгөлцдөг байсан. Отгонцэцэг бид 2 Улаанбаатар хотод явж байхад Ганбаяр Отгонцэцэг рүү утсаар яриад мөнгө зээлээч гэж хэлсэн юм билээ. Би тэгээд Уянга руу утсаар яриад мөнгө зээлж байсан. Тэр мөнгийг Отгонцэцэг Ганбаярт өгч байсан гэдгийг санаж байна...” /5-р хх-ийн 222х/ гэх мэдүүлгүүд болон “Үзүүлэгч Б.Ганбаяр нь сэтгэцийн өвчин эмгэггүй. ... өөрийн үйлдлийг хянаж хэрэг хариуцах чадвартай...” гэх Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц гэм судлалын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №15/2013 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт /1-р хх-ийн 166х/,

 

 “...Б.Ганбаяр нь хохирогч Д.Бадмаа, Ч.Отгонцэцэг, П.Уранчимэг нарын харилцах дансаар орлогын 65.455.000 төгрөгийн, зарлагын 165.613.500 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Б.Ганбаяр нь банкны дансаар хохирогч Д.Бадмаас 18.955.000 төгрөг, хохирогч Ч.Отгонцэцэгээс дансаар мөнгө аваагүй, хохирогч П.Уранчимэгээс 46.500.000 төгрөг нийтдээ 65.455.000 төгрөг авсан байна. Б.Ганбаяр нь банкны дансаар хохирогч Д.Бадмаад 64.450.000 төгрөг, хохирогч Ч.Отгонцэцэгт 15.770.000 төгрөг, хохирогч П.Уранчимэгт 85.393.500 төгрөг нийтдээ 165.613.500 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Шалгалт хийх явцад дүгнэлтэнд тусгах өөр асуудал гараагүй болно...”  гэсэн Дөлгөөн хайрхан уул АУДИТ ХХК-ний 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 183-188х/,  банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №56 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б.Ганбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Энхтуяагаас мөрдөн байцаалтын шатанд гаргасан тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Б.Ганбаярт холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял, дэглэм Б.Ганбаярын  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

Б.Ганбаярын банкны зээл хаана, зээл хаасан мөнгөний хүүг хуваан авахаар хохирогч нартай аман хэлцэл хийн тэдний их хэмжээний мөнгийг цувуулан авч , хохирогч нарт зээлсэн мөнгөө хүүгийн хамт буцаан өгөх үүрэг биелэгдэх боломжгүй болсонг 2012 оны 2 дугаар сараас мэдсэн боловч түүгээр шалтаглан тэдний мөнгийг бүгдийг болон заримыг өгөхгүй байх гэмт санаа төрж, хохирогч нарыг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн итгэлийг нь эвдэн онц их хэмжээний хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүд, аудитын дүгнэлт болон Б.Ганбаяр өөрийнх нь мэдүүлэг, тэмдэглэлээр нотлогдсон тул  Б.Ганбаярын гэмт үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлын хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, Б.Ганбаярын өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

                  ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА   

                                                                                                                                                                                                                                                                                В.ЦЭЦЭНБИЛЭГ