Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1202

 

 Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03676 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХ,

Хариуцагч ХХХ нарт холбогдох,

 

Хамтын амьдралтай байснаа тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, орон сууц, автомашин, гэрийн доторх тавилгаас оногдох хэсэг буюу 62 143 334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буянхишиг,

Хариуцагч ХХын өмгөөлөгч З.Хүрэлсүх,

Хариуцагч ХХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Д.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХтай 2011 оноос эхлэн хамтран амьдарч, 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охинтой болсон. Охины угаалгын өдөр хадам ээж, ах эгч нь манай талаас миний төрсөн ах, эгч нар байсан. Би Л.Эрдэнэчимэг эгчийнд амьдардаг байсан. Тэр үед хадмын тал 1 өрөө байр авч өгч та гурвыг амьдруулна гэж ярьж байсан. Хадам ээж хэдэн малаа зараад 1 өрөө байр авч отгон хүү ХХдаа өгч байгаа юм шүү гээд бид орж амьдарсан. Хадмын талаас залуу хүмүүс хотод амьдарсан нь дээр гээд бидэнд байр авч өгч бид 2011 оны 08 дугаар сараас эхлэн хамт амьдарахад ямарч тавилга байхгүй байсан.

2011 оны 10 дугаар сараас Монтелд гар утасны лангуу ажиллуулж эхэлсэн. Лангууны орлого сайн биш байсан учир 2012 оны 04 дүгээр сараас ХХын эгч ХХХ, хүргэн ах З.Болдоо нарын худалдаж авсан Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд байрлах Хас-Өргөө хотхонд байх “Жинж өсөх” супермаркетыг сарын 3 000 000 төгрөгөөр түрээслэн ажиллуулсан. 2012 онд ах А.Галбадрах нь хотод байр авна гэхээр нь 1 өрөө байраа 50 000 000 төгрөгөөр зарчихаад 2 өрөө байр авъя гэж ярилцаад байраа зарсан. Би дэлгүүртээ зогсдог байсан.

ХХХ эгч ХХтай хамт яваад байр захиалаад ирье гээд 2012 оны 08 дугаар сард Алтай хотхоны 29 дүгээр байранд 2 өрөө байр захиалах гэрээг “Тайгам-Алтай” ХХК-тай хийсэн байсан. Байрны урьдчилгаа 90 хувь буюу 62 946 000 төгрөгийг төлөөд гэрээ байгуулж 10 хувийг дараа төлөхөөр болсон. А.Галбадрах ахад зарсан байрны үнэ 50 000 000 төгрөг, ХХаас ХХХгийн дансанд 8 000 000 төгрөг шилжүүлж, үлдэх 1 960 000 төгрөгийг ХХын эгч А.Отгон төлсөн. 2 өрөө байранд 2013 оны 01 дүгээр сараас бид амьдарч эхэлсэн. Байрны ордерийг асуухад ХХХ эгчийн сейфэнд байгаа гээд үзүүлээгүй.

Намайг хүүхдээ хараад гэртээ суудаг байсан гэдэг нь худлаа. Хүүхдээ эгч нараар харуулж бид хоёр хамт зүтгэж байсан. Гэр бүлийн дунд маргаан гардаг байсанг би үгүйсгэхгүй. 3 900 000 төгрөгийг авч Сандэй худалдааны төвд гутлын лангуу ажиллуулсан гэсэн байсан. Би эгч нараасаа мөнгө авч лангуу ажиллуулсан. Гутлыг төрсөн эгч Л.Эрдэнэчимэгт өгч шаардлагатай өр ширэндээ тооцсон. Бид цаашид хамтран амьдрахгүй. 2015 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Иймд ХХтай хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Алтай хотхон” 29 дүгээр байр 139 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр ХХ, Х, охин О.Нарангоо нарыг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс үнэлгээний газраас эд хөрөнгийг үнэлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. 2 өрөө орон сууцыг 82 500 000 төгрөгөөр үнэлсэнг 4 хүнд хувааж, өөрт болон хүүхдэд оногдох хувь 41 250 000 төгрөгийг хариуцагч ХХХгээс, автомашины үнэ 23 200 000 төгрөгөөс 15 466 666 төгрөг, тавилга 7 140 000 төгрөгөөс 4 760 000 төгрөг, нэмж 1 000 000 төгрөг буюу 20 893 334 төгрөгийг хариуцагч ХХаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2010 оны 05 дугаар сарын сүүлчээр Хтэй танилцан охин Б.Нарангоо төрсөн. 2011 оны 08 дугаар сард миний төрсөн эгч ХХХгийн 1 өрөө байранд өөрийнх нь зөвшөөрлөөр амьдарч эхэлсэн. Миний ах дүү нар хөргөгч, плитка, гал тогооны тавилга зэрэг хэрэгцээт зүйлсийг авч өгч тусалсан. Хамтын амьдрал эхэлснээр Хийн зан авир танигдаж эхэлсэн. Х надтай хамтран амьдрах 4 жилийн хугцаанд урт хугацаагаар 5 удаа, богино хугацаагаар 10 гаран удаа салж нийлсэн.

Монтелийн дэргэд хуучин гар утас зардаг лангуу ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ эгч ХХХгээс 2 000 000 төгрөг зээлж үлдэгдэл мөнгийг өөрөө гаргаж ажиллуулж байсан боловч хуучин утас зардаг болохоор орлого муутай хоногийн хоолоо залгуулдаг байсан. Манай эгч 2012 оны 04 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүрэгт байрладаг дэлгүүрээ ажиллуул гэсэн. Дэлгүүрийг барааны хамт түрээслэн ажиллууж байсан бөгөөд би гардан хийдэг байсан. Хийг тус болохгүй байсан болохоор өөрийн эгч А.Цэнгэлмаатай хэсэг хугацаанд хамтарч ажиллуулсан. Гэвч Х миний эгчтэй тохирохгүй, элдэв хэрүүл маргаан үүсгээд байсны улмаас эгч маань ажиллахаа больсон. Аргагүйн эрхэнд н.Жавзандулам гэдэг хүн авч ажиллуулсан.

Алтай хотхоны 2 өрөө орон сууц нь эгч ХХХгийн өмчлөлийн байр бөгөөд бусдын өмчийг өөртөө авахаар шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Байрны тавилгын үнэ 10 460 000 төгрөгөөс ногдох хувийг нэхэмжилсэн боловч Х 2013 оны 08 дугаар сард салж яваад 2014 оны 02 дугаар сард битүүний өдөр эргэж ирсэн. Үүнийг бид хоёрын ах дүүс бүгд гэрчилнэ. Гэсэн атлаа хамт амьдраагүй үедээ дээрх үнээр тавилга авсан мэтээр ташаа зүйл бичжээ. Учир нь, биднийг анх нийлэхэд манай ах дүүсийн авч өгсөн эд хогшлыг оруулж дурдсанаас гадна дэлгүүрийн орлогоор авсан мэтээр худал зүйл бичжээ.

Мөн миний нэр дээр байсан Ланд-100 маркийн автомашиныг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд миний авч унаж байсан автомашинууд миний хөдөлмөрийн үр шим, өөрийн ах дүүсээс зээлсэн мөнгө байсан. Хамгийн сүүлд Ланд-100 маркийн автомашин унадаг байсан. Үүнийг зарж хамт амьдрах үедээ хамт бий болгосон өрөө дарсан. 2014 оны 04 дүгээр сар Сандэй худалдааны төвд гутлын лангуу ажиллуулна гээд 3 900 000 төгрөгийг заримыг нь бэлнээр, заримыг нь банкаар дамжуулж авсан. Лангуу ажиллуулахаа болиод үлдсэн гуталнуудаа эгч Л.Эрдэнэчимэгтээ заруулахаар өгөөд мөнгийг нь аваагүй. Гэрээс авч зугтсан 5 000 000 төгрөгөө эгч Л.Мягмарсүрэндээ зээлсэн гэж хэлсэн. Х нэхэмжлэлдээ дэлгүүрийн ашгийг тооцон гаргасан, энэ тооцсон дүнгээсээ өөрт оногдох хэсгээ нэхэмжилж байгаа тухай дурджээ. Дэлгүүрийг 1 жил 4 сарын хугацаанд ажиллуулах үед олсон ашиг орлогыг Хтэй хамтарч олсон гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр дэлгүүрийн ажилд оролцож тусалдаггүй байсан атлаа орлого, зарлагыг тооцож гаргахдаа ямар баримт, ямар дансны хар дэвтэр яриад байгааг мэдэхгүй байна. Охиныхоо тэтгэмжийн талаар маргахгүй, хуулийн дагуу тэтгэмж төлнө гэжээ.

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХХ миний бие Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 29 дүгээр байрны 139 тоот 2 өрөө орон сууцыг “Алтай констракшин” ХХК-тай гэрээ байгуулж худалдаж авсан. Дүү ХХ болон Х, охин Б.Нарангоо нарыг түр хугацаагаар амьдруулж байсан. Амьдарч байх хугацааных нь байр, гэрэл, ус, СӨХ зэрэг зардлуудыг нь төлүүлж байсан. Энэ орон сууц нь миний өмч гэдэг нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барилгын компанитай хийсэн гэрээ. Энэ байрыг худалдаж авахдаа ХХ, Х болон ах дүүс хэн нэгнээс туслалцаа аваагүй гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Бэсүд даш овогт Лхагвагийн Отгонпүрэв, Хөх дан овогт Аюушийн Батжаргал нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин О.Нарангоог 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг ХХаар тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдаж,

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар Баянгол дүүрэг Алтай хотхон 29 дүгээр байр 139 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр ХХ, Х, охин О.Нарангоо нарыг тогтоолгож, хариуцагч ХХаас тавилга, автомашины үнээс 20 893 334 төгрөг, хариуцагч ХХХгээс 41 250 000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буянхишиг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр давж заалдаж байна.

Уг иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх Х, ХХ нарыг албан ёсны гэрлэлтийн баталгаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэгэнт албан ёсны бүртгэлгүй гэр бүлийн тухайд ХХ, Х нарын эд хөрөнгийн маргааныг шүүх тодорхой этгээдүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 108, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч талаас хэн ч ирээгүй ба шүүх хуралдааныг хариуцагч талыг оролцуулахгүйгээр үргэлжлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаад шүүх хурал үргэлжлэх явцад даргалагч шүүгч ширээн дээрх утас руугаа хараад хариуцагчийн өмгөөлөгч гадаа ирсэн байна, шүүх хуралдаанд оролцуулаад, мэтгэлцээд шүүх хурлаа үргэлжлүүлбэл яасан юм бэ гэж асууж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Энэ үйлдэл нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны суурь үндэс болсон эд хөрөнгийн эх үүсвэрүүдийг зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Гол нь ХХ, Х нар 2010 оноос үерхэн 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Нарангоо тэдний дундаас төрсөн. Энэ хугацаанд Л.Отгопүрэвийн эгч н.Эрдэнэчимэгийн орон сууцанд амьдарч байсан.

Охин Б.Нарангоогийн угаалганд Батжаргалын ээж Баагам болон ах дүүс нь ирж Энэ 3-т хамтран амьдрах 1 өрөө байрыг үзэж яваад ирсэн талаараа ярьсан байдаг. Улмаар 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ХХын талаас албан ёсоор бэр гуйхдаа “...Энэ 3-т хамтран амьдрахад нь зориулан 1 өрөө авч өгч байгаа” талаараа ярьж Хийн аав болон ах дүүсээс нь албан ёсоор, уламжлал дагуу зөвшөөрөл авсан.

2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дээрх байдлаар хэлж ярьснаар авч өгсөн нэг өрөө байрандаа орж хамтын амьдралаа эхлүүлэн ах, дүү, найз нөхдөө урьж цайллага хийсэн. Хариуцагч ХХХ, Хийн эгч н.Эрдэнэчимэгт “...Ээж байсан мөнгөн дээрээ малаа зараад мөнгө нэмээд, бид бас хэдэн төгрөг нэмэрлээд энэ гуравт 1 өрөө байр авлаа, чи галын өрөөний тавилга авч өгөх үү...” гэж хэлсний дагуу эгч н.Эрдэнэчимэг нь хамтын амьдралд нь зориулан 10 000 000 төгрөгийг нөхөр ХХын данс руу хийж өгсөн байдаг. 2012 оны 04 дүгээр сараас эхлэн хариуцагч ХХХгийн супермаркетыг сарын 3 000 000 төгрөгөөр түрээслэн 2013 оны 09 дүгээр сарыг дуустал өдөр алгасалгүй ажиллуулсан. 3 000 000 төгрөгийн түрээс бол хүнсний дэлгүүрийн тухайд өндөр түрээс, хир ашигтай болох нь харагдаж байгаа юм.

Байраа томсгохоор шийдэхэд ХХын төрсөн ах А.Галбадрах нэг өрөө байрыг нь худалдан авахаар болсон тэр үед хариуцагч А. Юмчинсүрэн нь “...Ахдаа зарах гэж байгаа юм чинь доош яриач...” хэмээн үнэ ханш ярилцаж, 50 000 000 төгрөгөөр зарсан. ХХХгийн өмчлөлийн байр юм бол энэ 2-той яагаад үнийг нь доош ярих гэж. Алтай хотхоны 2 өрөө байрандаа ортол А.Галбадрахад байсан хугацааны төлбөрийг нэг өрөө байрныхаа тавилгуудаар төлсөн байгаа.

2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Алтай хотхоны 2 өрөө байрны захиалгыг өгөхөд ХХ нь ХХХтэй хамт явсан ба ХХХгийн дансанд өөрийн мөнгөө, А.Галбадрахаас нэг өрөө байрны үнэ болох мөнгийг бүгдийг нь хийж байгаад нийт 62 946 001 төгрөг болгон гаргаж авч ХХХгийн нэрээр маргааны зүйл болох хоёр өрөө байрны тооцоог хийсэн байгаа. Энэ өдөр ХХХгийн дансанд байсан мөнгө яг тэр хэвээрээ үлдсэн. ХХХгийн Хаан банкны дансны хуулгын 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гүйлгээний дүн “Тайгам-Алтай” ХХК-тай гэрээ хийж тушаасан мөнгөн дүнтэй яг тохирч байгаа.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад нэхэмжлэлийн ихэнхи шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХд холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө, тавилга, автомашины үнээс 20 893 334 төгрөг гаргуулах, хариуцагч ХХХд холбогдуулж, Х, ХХ, О.Нарангоо нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үнээс 41 250 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч ХХ нь Хтэй хамтын амьдралтай байсан хугацаанд охин О.Нарангоог төрүүлсэн талаар болон хүүхдийг эхийн асрамжид үлдээх, тэтгэлэг төлж тэжээн тэтгэхтэй холбоотой шаардлагын талаар татгалзаж маргаагүй, харин дундын эд хөрөнгө, тавилга, автомашины үнээс 20 893 334 төгрөг гаргуулах шаардлагыг, мөн хариуцагч ХХХ нь Х, ХХ, О.Нарангоо нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үнээс 41 250 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг тус тус эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ХХтай 2011 оноос танилцаж, хамтран амьдарсан хугацаанд бий болсон дундын эд хөрөнгөөс гэр бүлд ногдох хэсгийг 20 893 334 төгрөгөөр үнэлэн тодорхойлж байх боловч гэр бүлийн харилцаанаас үүссэн буюу дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс ногдох хувиар гэсэн үндэслэлээр эсхүл, хамтын үйл ажиллагааны үр дүнд хамтран өмчлөх эрхтэй эд хөрөнгө бий болсон гэж шаардаж байгаагын аль нь болох талаар тодорхой бус тайлбар гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад талуудыг маргаантай асуудлаар  мэтгэлцсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй боломжгүй бөгөөд шүүх зохигчдын маргаанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. 

            Мөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны 139 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрх нь ХХХд бүртгэлтэй байх ба ХХыг уг байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор Х нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Уг шаардлага нь ХХын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг тодруулсан баримт хэрэгт авагдаагүй ба шүүх бусдын өмнөөс нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна.

            Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 665 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ