Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 55

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

Шүүгдэгч Б.Б , М.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915000000022 дугаартай, 163/2019/0058/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д  овогт Б.Б. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт М.Ч.       

    Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б , М.Ч  нар нь бүлэглэж /яллах дүгнэлтээр/ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Бүрэн бүст” гэх нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

1915000000022 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Я.А ын өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би “Бүрэн бүст” гэх газарт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Тэгээд 23 цагийн үед Булган аймаг талаас цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл мод аччихсан ирж явсан. Тэгээд би өөрийн машинаас буугаад гар өргөтөл зогсохгүй явчихсан. Тэгээд Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Ө  руу өөрийн утаснаас залгаж нөхцөл байдлыг хэлсэн. Тэгээд мод ачсан тээврийн хэрэгслийг дагаж явж байгаад Орхон аймгийн урд талд уг мод ачсан тээврийн хэрэгслийг хааж зогсоосон. Тэгээд би машинаас бууж очоод “сайн байна уу?, мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу?” гэж асуухад машины жолоочийн эсрэг талын хаалганаас манай нутгийн Б  гэж залуу бууж ирсэн. Тэгээд Б  надад хандан “мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, манайх гадаа түлх түлээгүй болчихлоо ганц удаа явуулаач” гэж хэлсэн. Тэгээд би тэр машиныг явуулахгүй байж байхад Булган аймгаас замын цагдаа, дэслэгч Б.Ө  нэг цагдаа дагуулчихсан ирсэн. Уг тээврийн хэрэгслийг цагдаа нарт хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 20 тал/,

Гэрч Х.Б-ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед Орхон сумын 3 дугаар багийн байгаль хамгаалагч А  Ө  руу залгаж “хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиггүй нэг Портер маркийн машин Орхон аймаг руу Булган аймгийн Орхон сумаас мод ачаад явж байгаа мэдээлэл авагдлаа та нар нэмэлтээр хүрээд ирэх үү?, би ганцаараа хүчрэхгүй байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ө ын хамтаар Орхон аймаг руу явсан. Орхон аймагт яваад очиход Я.А  цэнхэр өнгийн мод ачсан Портер машиныг өөрийнхөө машинаар хашиж зогсоосон байдалтай байсан. Тэгээд “бичиг баримтаа үзүүлнэ үү” гэхэд жолооч болох сахалтай туранхай залуу нь “би мэдэхгүй, ах мэдэж байгаа” гээд хажууд нь сууж явсан залууг заасан. Тэгтэл тэр залуу “уучлаарай бичиг баримтгүй, явж байгаа юм” гэж хэлсэн. Ингээд Ө  бид хоёр уг машины тээврийн хэрэгсэл, жолооны үнэмлэх зэргийг хурааж аваад тээврийн хэрэгслийг ачсан модны хамт Орхон аймгийн түр саатуулах байранд аваачиж саатуулаад “маргааш Булган аймгийн Цагдаагийн газар очиж асуудлаа шийд” гэж хэлээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх 22 тал/,

Гэрч Б.Ө ын өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 24-өөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны шилжих шөнө би Булган аймгийн төвд оройн эргүүлийг цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Х.Б-ын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд оройн 22 цагийн орчимд Орхон сумын 3-р багийн байгаль хамгаалагч А  нь над руу гар утсаар холбогдоод “хууль бусаар буюу мод бэлтгэх эрхийн бичиггүй нэг портер маркийн машин Орхон аймаг руу Булган аймгийн Орхон сумаас мод ачаад явж байгаа мэдээлэл авагдлаа, та нар нэмэлтээр хүрээд ир би ганцаараа хүчрэхгүй байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х.Б-ын хамтаар албаны тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу явсан. Тэгээд Орхон аймгийн наад зах буюу самбартай хөтөл даваад А  руу залгатал “Орхон аймагт Говил гэх газрын ард талд байна” гэж хэлсэн. Тэгээд Говил гэх газар нь яваад очтол А  нь цэнхэр өнгийн мод ачсан портер машиныг өөрийнхөө машинаар хашиж зогсоосон байдалтай байсан. Тэгээд “амрыг ирье, та бичиг баримтаа үзүүлнэ үү” гэхэд жолооч болох сахалтай туранхай залуу нь “би мэдэхгүй, ах мэдэж байгаа” гээд хажууд сууж явсан залуу,руу харж байсан. Би тэгээд А той юу болсон талаар ярилцаад тэд нараас холдсон. Удалгүй Х.Б  ирээд “зөвшөөрөлгүй мод ачсан байна, мод бэлтгэх эрхийн бичиг юу ч алга” гэхээр нь мод ачсан тээврийн хэрэгслийг ачсан модны хамт Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах газар аваачиж саатуулаад “маргааш Булган аймгийн Цагдаа дээр очиж асуудлаа шийд” гэж хэлээд явсан. …” гэх мэдүүлэг /хх 24-25 тал/,

Гэрч Д.Ё-ын өгсөн: “...**-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би байгаа юм. Би 2019 оны 01 сарын дундуур Б ид уг тээврийн хэрэгслийг түр өгсөн. Тэгээд надад 3 сая төгрөгийг өгснийхөө дараа уг тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохирсон юм. Тэгээд тэр явдлаас одоо болтол надад мөнгөө өгөөгүй байгаа учир уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. ...” гэх мэдүүлэг /хх 28 тал/,

Шүүгдэгч Б.Б  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 01 сарын 25-ны өдрийн өглөөний 10 цагийн үед Орхон аймагт байрлах өөрийн гэртээ байж байгаад Булган аймгийн Орхон сумыг хариуцсан байгаль хамгаалагч А ын гар утасруу “түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авах” гэж залгахад холбогдохгүй байсан. ...Тэгээд би гэрээсээ өөрийн **-** ОРО улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг өөрийн баз болох Ч оор жолоодуулан Булган аймгийн Орхон сумын 2-р багт байрлах хөдөөний гэртээ очсон. А ыг хөдөө гэртээ байж магадгүй гэж бодоод 13 цагийн үед А ын гэрээр болон А ын ахынх нь гэрээр очиж үзэхэд А  байхгүй байсан ба ах дүүс нь “хаагуур явааг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Би өөрийн гэртээ эргэж ирээд баз Ч ийн хамт гэрийн хойд талын уулнаас мод бэлтгэж ачсан. Тэгээд уулнаас 18 цагийн үед буугаад шууд Орхон аймаг руу явсан. Орхон аймгийн урд тал буюу Бүрэн бүст гэх газар явж байхад нэг хүн гар өргөх шиг болсон тэгэхээр нь Ч  бид 2 зогсолгүй явчихсан. Тэгээд Орхон аймгийн төвд Тосгон гэх газар явж байхад нэг машин зам хааж зогссон ба тэр машинаас байгаль хамгаалагч А  бууж ирээд “Бүрэн бүст гэх газар зогсохгүй явчих юмаа” гэж байсан. Тэгээд намайг бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан ба би үнэн учираа хэлээд “мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, өөрөөс чинь авах гээд олдохгүй байсан. Би гэртээ нялх хүүхэдтэй гаднаа түлх түлээгүй хэцүү байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 61 тал/,

Шүүгдэгч М.Ч  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 сарын 25-ны өдрийн өглөөний 10 цагийн үед би Орхон аймагт байрлах өөрийн гэртээ байхад манай баз ах Б  орж ирээд “чи өнөөдөр юу хийх гэж байна завтай юу?” гэхээр нь би “тиймээ завтай байна” гэхэд “хоёулаа модонд явчихаад ирэхүү” гэж байсан. Тэгэхээр нь би зөвшөөрч Б  ахын эзэмшлийн **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Булган аймгийн Орхон сумын 2-р багт байрлах баз ах Б ийн хөдөө гэрт очсон. Тэгээд Б  ах “чи наанаа байж бай, би явж байгаль хамгаалагч А той уулзаж мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин авчихаад ирье” гэж хэлээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа “гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа модондоо явъя” гэж хэлсэн. Тэгээд Б  ахын гэрийнх нь хойд талын уулнаас мод бэлтгэж ачсан. Тэгээд уулнаас 18 цагийн үед модоо ачиж дуусаад Орхон аймаг руу явсан. ...” гэх мэдүүлэг /хх 59 тал/,

 Булган аймгийн Булган суман дахь ойн ангийн инженер Б.Ж-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №02 дугаартай:

1.Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байна.

2.Уг мод нь түлшний мод байна.

3.Булган аймгийн 2019 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолоор баталсан. Үүнийг үндэслэн Орхон сумын ойгоос мод бэлтгэх дээд хязгаарыг сумын ИТХ-ын тогтоол гардаг. Орхон сумын ИТХ-ын тогтоол гараагүй тул 2019 онд тухайн сумын 2 дугаар баг “Нарийн хайлааст” гэх газарт мод бэлтгэлийн талбай тусгаарлалт хийгдээгүй бөгөөд тус газар нь хамгаалалтын бүсэд ордог болно.

4.Орхон аймгийн Тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт байгаа 88 ширхэг модны урт нь 3 метр, өргөн нь 1,5 метр өргөн, өндөр нь 1,3 метр нийт эзэлхүүн нь 5.85 м3 байна. ...Шинжлэгдэж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээ 5,85 м3 *1*60000=351000 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх 42 тал/,  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1 тал/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-5 тал/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 9-11/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 13-15/, тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 30-35 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 49-53 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 63-64 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 68-69 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 75 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 76 тал/, хохирол төлсөн баримт /хх 83 тал/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, прокурорын тогтоол /хх 85-87 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б , М.Ч  нар нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр бүлэглэж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Бүрэн бүст” гэх нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн, түлшний хуурай 5.85 м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-** ОРО улсын дугаартай, “Вонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.Б , М.Ч  нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 351000 төгрөгийн хохирол учирсан болох нь Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б , М.Ч  нарын дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх төдийгүй гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тэдний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 351000 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 1053000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нар нь хохирлыг бүрэн төлсөн ба энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Б , М.Ч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б , М.Ч   нарын хууль бусаар бэлтгэж 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн  88 ширхэг буюу 5.85 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** ОРО улсын дугаартай “Bongo J2” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх байх ба уг гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч эзэмшигч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт оршин суух Д.Ё т, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг шүүгдэгч Б.Б ид тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

        Энэ хэрэгт шүүгдэгч М.Ч , Б.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт М.Ч , Д  овогт Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Ч , Б.Б  нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Ч , Б.Б  нарт хууль зөрчдөг зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Ч , Б.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн 88 ширхэг 5.85 м3 модыг шүүгдэгч М.Ч , Б.Б  нараас албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, **-** ОРО улсын дугаартай “Kia Bongo” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч, эзэмшигч Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт оршин суух, Т овогт Д.Ё-т, эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхэгийг шүүгдэгч Б.Б ид тус тус буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч , Б.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД