Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00157

 

 

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00157

 

 

 

              

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/04199 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-өд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 85,596,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

“И” ХХК барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг ба Б-тэй 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр 135,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд гурван тээврийн хэрэгслийг барьцаалсан.

Зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бөгөөд  2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 40,000,000 төгрөг төлсөн. Үүнээс 6 сарын зээлийн хүү 18,731,250 төгрөгийг суутган авч, үлдэх 21,268,750 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцвол 113,731,250 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Зээлийн гэрээний 2.8 дахь хэсэгт талууд алдангийн талаар тохиролцсон бөгөөд  алдангийг хуульд нийцүүлэн тооцвол 56,865,625 төгрөг болно. Нэхэмжлэгчийн 1 тээврийн хэрэгслийг гэрээгээр тохиролцсон 85,000,000 төгрөгөөр үнэлж бусдад худалдсан.

Иймд зээл, зээлийн хүү 113,731,250 төгрөг, алданги 56,865,625 төгрөг, нийт 170,596,875 төгрөгийг хариуцагч гүйцэтгэх үүрэгтэйгээс барьцааны хөрөнгө болох тээврийн хэрэгслийн үнэ 85,000,000 төгрөгийг хасч, хариуцагчаас 85,596,875 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч Б-ийн “Хаан банк” ХХК-ийн дансанд 106,067,528 төгрөгийг шилжүүлсэн.

Б- нь “И” ХХК-аас зээл авахдаа 3 тээврийн хэрэгслийг барьцаалж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг төлж тодорхой хэмжээгээр гэрээний үүргээ биелүүлж байсан. Гэвч зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр “И” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Тоёота ланд круйзер 200” маркийн 01-** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн.

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 200302 дугаартай зээлийн гэрээгээр 135,000,000 төгрөгийг Б- зээлснийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-өөс зээлийн гэрээний үүргийн биелэлт 85,596,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 585,934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Б- өөрийн эзэмшлийн 3 суудлын автомашиныг “И” ХХК-ийн нэр дээр 2018 онд шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 13 удаагийн үйлдлээр 106,067,528 төгрөгийг Хаан банкны 5040144552 дугаарын Г-ийн данснаас Б-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Тухайн үед “И” ХХК болон иргэн Г-ийн хэн аль нь Б-тэй зээл, барьцааны гэрээ байгуулаагүй.

Харин 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “И” ХХК, Б-тэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байдаг. Гэтэл “И” ХХК-аас Б-өд зээл олгож байгаагүй.

Иймд “И” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн. Г-ийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

4.2. Шүүгчийн захирамжийн дагуу ч-, Д- нараас гэрчийн мэдүүлэг авах ёстой байтал аваагүй нь оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн.

4.3. Г- нь Б- рүү 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 13 удаагийн гүйлгээгээр 106,067,528 төгрөгийг шилжүүлсэн банкны хуулга нотлох баримтаар тогтоогдож байхад 135,000,000 төгрөгийг Б- нь “И” ХХК-аас зээлсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

4.4. Г-ийн бодитой олгосон 106,067,528 төгрөгийн зээлээс төлсөн 40,000,000 төгрөг хасагдаж 66,067,528 үлдэх ба үүнээс барьцаанд тавьсан “Ланд 200” маркийн автомашины үнийн дүн 85,000,000 төгрөгийг хасаж тооцох юм бол 18,932,472 төгрөгийн авлагатай байхаар байтал, хүү, алданги 18,731,250 төгрөгийг нэмж нийт 153,731,250 төгрөг гэж үзээд үүнээс хасалт хийж үндсэн зээлийн үлдэгдэл 118,000,000 төгрөг, түүнээс тооцсон хүү, алдангийн нийлбэр 170,596,875 төгрөг гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үнэлснийг зөвшөөрөхгүй.

4.5. “И” ХХК өөрийн нэр дээр 2018 онд шилжүүлэн авсан “Тоёота ланд круйзер 200” маркийн 01-** УНЦ улсын дугаартай автомашиныг захиран зарцуулах эрх хуулийн хүрээнд үүсээгүй. Гэтэл “И” ХХК уг хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж ч- гэж хүний нэр дээр шилжүүлэн, үрэгдүүлсэн нь хууль зөрчсөн.

4.6. Баримтаар 106,067,528 төгрөг шилжүүлсэн байхад 135,000,000 төгрөгийн гэрээ байгуулж байсан нь ойлгомжгүй байдаг. “И” ХХК нь Б-өд зээлийн гэрээний дагуу бодитойгоор мөнгө шилжүүлж байгаагүй тул энэ зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан хүрээнд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан. 2018 оны 10 дугаар сараас гэрээ байгуулах өдөр хүртэлх хугацаанд “И” ХХК-ийн захирал Г-ийн данснаас Б-ийн данс руу 106,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хүрээнд талууд харилцан тохиролцож маргаан бүхий гэрээг байгуулсан. Энэ гэрээтэй холбоотой хариуцагчийн өмчлөлийн 3 тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу барьцаалсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч 135,000,000 төгрөгийг төлөөгүй учраас 1 автомашиныг 85,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан.

Шүүх шинжээч томилсон боловч тухайн маргаан бүхий тээврийн хэрэгсэлд үзлэг хийх боломжгүй гэх хариуг өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч  “И” ХХК нь хариуцагч Б-өд холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 135,000,000 төгрөг, хүү 18,731,250 төгрөг, алданги 56,865,625 төгрөг, нийт 210,596,875 төгрөгийн төлбөрөөс төлөгдсөн 125,000,000 төгрөгийн төлбөрийг хасч тооцон 85,596,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаанд хамаарал бүхий үйл баримтыг буруу тогтоосон, мөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

 

3. “И” ХХК нь Б-тэй 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Барьцаат эээлийн гэрээ” байгуулж, 135,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /хх 6-10/.

 

Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх 4, 96/

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Талууд гэрээг бичгээр байгуулж зээлийн хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байдлаар үнэлээгүйгээс нэхэмжлэгчийг хариуцагчид 135,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн гэж маргааны үйл баримтыг буруу тогтоожээ.

 

Хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаас үзэхэд “И” ХХК-ийн захирал Г-ийн данснаас Б-ийн дансанд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 106,774,448 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх 57-70/ 

 

Г- нь хариуцагч руу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ “И” ХХК болон Б-ийн хооронд хийгдсэн хэлцлийн дагуу шилжүүлсэн болох нь хожим талууд бичгээр гэрээ байгуулж баталгаажуулсан, мөн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үед хариуцагч нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг  нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн үйл баримтаар нотлогдсон.

 

Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр 106,774,448 төгрөг, хүү 18,731,250 төгрөг, нийт 125,505,698 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Уг мөнгөн төлбөрийн үүргээс хариуцагч нь 40,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.

 

4.2. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн 90-** УНЦ улсын дугаартай “Тоёото ланд крузер-100”, 01-** УНЦ улсын дугаартай “Тоёото ланд крузер-200”, 90-** УНК улсын дугаартай “Инфинити кю экс-60” маркийн тээврийн хэрэгслүүдийг өмчлөлдөө шилжүүлэн авч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээг байгуулжээ /хх 103-173/.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх газар зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаалах зохицуулалтыг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг анхан шатны шүүх зөв тогтоож чадаагүй байна.

 

4.3. Нэгэнт зохигчийн байгуулсан фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 01-** УНЦ улсын дугаартай “Тоёото ланд крузер-200” тээврийн хэрэгслийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн учир үүнийг буцаан шилжүүлэх боломжгүй болсон тул үнийг зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь хуульд нийцнэ.

 

Иймд 90-** УНЦ улсын дугаартай “Тоёото ланд крузер-100”, 90-** УНК улсын дугаартай “Инфинити кю экс-60” маркийн тээврийн хэрэгслүүдийг өмчлөх эрхийг сэргээх үүднээс хариуцагч Б-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгаж, харин худалдан борлуулагдсан тээврийн хэрэгслийн үнийг талуудын гэрээгээр тохиролцсон үнэ болох 85,000,000 төгрөгөөр тооцон зээлийн үүргээс суутгах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ. 

 

5. Зохигчийн байгуулсан гэрээний 2.8 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоонд үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд тэрээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн үүргийг нэн даруй биелүүлэх богиносгосон хугацааг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр богино хугацаанд хангуулах журмыг хуулиар тодорхойлсон тул барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацааны алданги шаардах эрхтэй.

 

Харин дээр дурдсанчлан нэхэмжлэгчид барьцааны эрх үүсээгүй учир алданги гаргуулахаар шаардах эрхгүй байна. Иймд алданги 56,865,625 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6. Зээлийн гэрээний дагуу үүссэн мөнгөн төлбөрийн үүргийн болон төлсөн төлөлтийн хэмжээ, хүчин төгөлдөр бус фидуцийн гэрээний үр дагавар, алдангийн талаарх өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчийн төлөх ёстой зээл, хүү 125,505,698 /106,774,448+ 18,731,250/ төгрөгийн үүргээс төлсөн төлбөр, тээврийн хэрэгслийн үнэ 125,000,000 /40,000,000+85,000,000/ төгрөгийг хасч тооцон үлдэх 505,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 85,091,177 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  01-** УНЦ улсын дугаартай “Тоёото ланд крузер-200” тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжилгээний зүйлийг шинжлэн судлах боломжгүй тул дүгнэлт гаргахгүй гэх хариуг ирүүлсэн, мөн гэрч Д-, Г- нарыг шүүхэд дуудах арга хэмжээг авсан боловч тэдгээрийн оршин суух хаяг тодорхойгүй болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шинжээч томилох, гэрч дуудах арга хэмжээг зохих журмын дагуу хэрэгжүүлсэн тул уг ажиллагаатай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/04199 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-өөс 505,698 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,091,177 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

“2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 90-** УНЦ улсын дугаартай “Тоёото ланд крузер-100”, 90-** УНК улсын дугаартай “Инфинити кю экс-60” маркийн тээврийн хэрэгслүүдийг Б-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгасугай” гэх заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, уг заалтын “56.1” гэснийг 56.2” гэж, “585,934” гэснийг “15,821” гэж өөрчилж,

3 дахь заалтыг “4” гэж, 4 дэх заалтыг “5” гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,935 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

                                  ШҮҮГЧИД                                    Т.ГАНДИЙМАА

 

                                                                                     Т.БАДРАХ