Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00180

 

 

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00180

 

А-, Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/03277 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л-эд холбогдох,

6,104,188 төгрөг гаргуулж А-т олгуулах, 619,872 төгрөг гаргуулж Б ХХК-д олгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагч Л-э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Л-э нь Б ХХК-д 2013 онд ажиллаж эхэлсэн ба 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа тогтвор суурьшилтай сайн ажилласан нөхцөлд 2029 онд 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу тэрээр А-ын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам Хүннү Вилла 1409 дүгээр байрны ** тоот хаягт оршин байрлах 2 өрөө шинээр ашиглалтад орсон орон сууцанд 2019 оны 03 дугаар сараас эхлэн амьдарсан.

Л-э 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, 2022 оны 09 сард орон сууцнаас гарсан. Орон сууцнаас гарахдаа хүлээлгэж өгөлгүй, эвдрэл, гэмтэл ихтэй, бохир чигээр нь үлдээсэн ба СӨХ, конторын төлбөр, цахилгааны төлбөр тооцоог 2022 оны 01 сараас хойш төлөөгүй байсан.

А- нь Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд өөрийн компанийн ажилтанд өөрийн өмчлөлийн орон сууцаа тодорхой болзолтойгоор шилжүүлэхийг зөвшөөрч иргэний эрх зүйн харилцаанд орсон тул учирсан хохирлоо иргэнийхээ хувьд нэхэмжилж байна.

Үүнд, орон сууцанд засвар хийсэн зардалд 3,500,000, обой худалдаж авсан баримт 859,000 төгрөг, эмульс худалдан авсан баримт 154,000 төгрөг, замаск, силкон, шуудай, наалт, 505 цавуу-120,000 төгрөг, байр цэвэрлэгээнд 200,000 төгрөг, цоож солих зардал 55,000 төгрөг, нэмэлт жижиг материалд-30,000 төгрөг, Биндэгноров ХХК-ийн цахилгааны төлбөр тооцоо 94,300 төгрөг, Хүннү Вилла СӨХ-ийн төлбөр тооцоо 396,000 төгрөг, Оч гялс өргөө ХХК-ийн орон сууцны конторын тооцоо алданги орсон дүн 695,888.82 төгрөг, нийт 6,104,188.82 төгрөгийн хохирол учирсан.

Мөн Л-э нь Б ХХК-иас 2,000,000 төгрөг зээлж аваад, 619,872.45 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Б ХХК-ийн захирал А- бид нар олон жилийн өмнөөс хамтарч ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд би олон ажлыг нь итгэл алдахгүй амжуулж, түүнээс ажил үүрэгтээ тохирсон цалин урамшуулал авна гэж итгэж байсан. Үйлдвэрлэлийн осолд орж хуруугаа тасдуулсан ч компанийн нэрийг бодож гомдол гаргаагүй өнгөрүүлсэн.

А- нь 2017 онд надад урамшуулал 20,000,000 төгрөг өгөхөөр амаар тохиролцсон, үүний дагуу 10,000,000 төгрөг өгсөн боловч үлдэх 10,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд суутгасан гээд өгөөгүй.

А-ын эхнэр Н- нь орон сууцыг хүлээж авахдаа шаардлага тавиагүй байж дараа нь ийм асуудал ярьж байна. Намайг орон сууцнаас гарсны дараа өөр хүн амьдарч байсан эсэхийг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга 2021 он/ 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг баримтлан хариуцагч Л-ээс 695,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК олгож, Б ХХК, А- нарын нэхэмжлэлийн шаардлагаас 6,028,172 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 131,863 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л-ээс 21,251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Б ХХК нь Л-эд олгосон зээлийн үлдэгдлийг ямар нэг тушаал шийдвэр гаргаж чөлөөлөөгүй, зээлийн үлдэгдлийг нэхэмжлэх эрх бүхий байхад ажлаас чөлөөлөх тойрох хуудсанд тэмдэглэл хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

А- нь өөрийн өмчлөлийн шинэ орон сууцандаа Л-ийг хэрэглээнийхээ төлбөрийг төлж, орон сууцыг цэвэр, гамтай ашиглуулахаар ярилцан тохирч, амьдруулсан. Гэтэл орон сууцыг ихээр гэмтээж, бохирдуулан, улмаар ямар ч засвар хийхгүйгээр орхиж явсан. Үүнийгээ тэрээр шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч нь учирсан хохирлоо нотолсон баримтыг гаргаж өгсөн байхад уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Мөн А-, Л-э нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн нөхцөл байдлыг шүүх хөдөлмөрийн эрхийн харилцаа гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Ялангуяа эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэж дүгнэн А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх хариуцагчийн шүүх хурал дээр хийсэн тайлбар нь өөр нотлох баримтаар нотлогдоогүй байхад нотлогдсон мэтээр дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн орон сууцанд амьдрахдаа ажил болгоноос тухай бүрт хувь авна гэсэн аман тохиролцоотой ажиллаж байсан ба орон сууцад үнэгүй амьдраагүй. Би 2022 оны 09 дүгээр сард орон сууцыг чөлөөлж, хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхөд засвар үйлчилгээ, эвдрэл, гэмтлийн талаар хэлээгүй атлаа одоо нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК нь 619,872 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч А- нь 6,104,188 төгрөг гаргуулах тухай тус тус нэхэмжлэлийг хариуцагч Л-эд холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхийн зүгээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3. Л-э нь Б ХХК-д инженерээр ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 10 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулж, гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацаанд тогтвор суурьшилтай, өгсөн үүрэг даалгаврын дагуу гүйцэтгэл сайтай ажиллавал 2029 онд үл хөдлөх эд хөрөнгийн нэр шилжүүлж авахаар ажил олгогчтой тохиролцжээ.

Уг тохиролцооны дагуу Б ХХК-ийн захирал А- нь өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1409-** тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг Л-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, Л-э нь тухайн орон сууцанд 2019 оноос 2022 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд гэр бүлийн хамт амьдарсан үйл баримт зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

3.1. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамааруулж алдаатай дүгнэсэн байна.

Л-э нь А-ын өмчлөлийн орон сууцыг эзэмших болсон үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдэн байгуулагдсантай холбоотой байна. Гэхдээ өмчийн эрх зүйн хүрээнд авч үзвэл ажил олгогчийн биш өөр этгээдийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч эзэмших болсноор өмчлөгчтэй ажил олгогчоос тусдаа эрх зүйн харилцааг үүсгэжээ.

Өөрөөр хэлбэл, А- нь Б ХХК-ийн захирлын хувьд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд заасан тохиролцоог хэрэгжүүлэх үүднээс Л-эд өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлсэн, Л-э нь орон сууцыг хүлээн авч эзэмшиж, ашигласан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаанд хамаарч байна.

Хэргийн баримтаар Б ХХК нь тухайн орон сууцны өмчлөгч болох нь нотлогдоогүй, мөн А-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө компанийн хөрөнгөөс зааглагдаагүй гэж дүгнэх баримтгүй.

 

3.2. Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Л-ийг ажлаас чөлөөлсөн байна.

Үүнтэй холбоотойгоор Л-э 2022 оны 09 дүгээр сард А-ын орон сууцыг чөлөөлөн өгснөөр талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, улмаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаажээ.

 

3.3. Гэрээнээс татгалзсантай холбогдуулан А- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцанд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд уг шаардлагаа баримтаар нотолсон байх учиртай.

Хариуцагчаас орон сууцыг хүлээн авах үед ердийн элэгдэл, хорогдлоос илүү хэмжээгээр орон сууцанд эвдрэл, гэмтэл учирсан байсныг нэхэмжлэгч А- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Хэдийгээр хэрэгт орон сууцанд засвар хийх гэрээ, гэрээний үнэ болон засварын материалын үнийг төлсөн баримтууд авагдсан байгаа боловч өмнө дурдсанчлан ердийн элэгдэл, хорогдлоос илүү хэмжээний эвдрэл гэмтэлтэй холбоотой болохыг уг баримтууд нотлохгүй.

Орон сууцыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн үеэс элэгдэл, хорогдол тооцогдох бөгөөд хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор зөвхөн ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан хэмжээнд хариуцлага хүлээнэ.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.2.3-т зааснаар засварын зардал 3,500,000 төгрөг, обой худалдаж авсан 859,000 төгрөг, эмульс худалдан авсан 154,000 төгрөг, замаск, силкон, шуудай, наалт, цавууны зардал 120,000 төгрөг, байр цэвэрлэгээнд 200,000 төгрөг, цоож солих зардал 55,000 төгрөг, нэмэлт жижиг материалын зардал 30,000 төгрөг, нийт 4,918,000 төгрөг гаругуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

3.4. Нэхэмжлэгчийн төлсөн гэх Оч гялс өргөө ХХК-ийн орон сууцны конторын төлбөр, алданги 695,888.82 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хангасанд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

Үүн дээр нэмэгдээд хариуцагчийн тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байхдаа үүсгэсэн хэрэглээний төлбөр болох Биндэгноров ХХК-ийн цахилгааны төлбөр 94,300 төгрөг, Хүннү Вилла СӨХ-ны төлбөр 396,000 төгрөгийг түүний өмнөөс нэхэмжлэгч А- төлсөн болох нь баримтаар тогтоогдсон байна /хх 36, 94/. Энэхүү төлсөн төлбөрийн хэмжээ, бусдад төлөх ёстой байсан үүргийн хэмжээний талаар хариуцагч мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн төлсөн дээрх 1,186,188 /695,888+94,300+396,000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

4. Б ХХК нь Л-эд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг зээлдүүлснээс хариуцагч 1,380,128 төгрөг төлж, үлдэх зээлийн төлбөр 619,872 төгрөгийг шаардахаас нэхэмжлэгч татгалзсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, улмаар уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчийг ажлаас чөлөөлөгдөх үед ажил олгогч Б ХХК нь зээлийн үлдэгдэл 619,872 төгрөгийг төлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан тойрох хуудсанд тодорхой тусгагдсан.

Энэ баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилтныг зээлийн үлдэгдэл төлбөрөөс чөлөөлсөн ажил олгогчийн хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож дүгнэсэн байх тул үүнд холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан шийдвэрт тусгасан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч А-ын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хамтран нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг залруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/03277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.2.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л-ээс 1,186,188 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,918,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-ын, 619,872 төгрөгийг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А-ын төлсөн 112,616 төгрөг, нэхэмжлэгч Б ХХК-ийн төлсөн 19,247 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л-ээс 33,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,401 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.БАДРАХ