| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0141/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 152
2019 01 30 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Д.Уу...тар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Д.цангийн Уу...тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1808 0556 10033 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овогт Д.цангийн Уу...тар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С..хур” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ........06 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ЧЗ86033079, урьд
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Д.Уу...тар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 .......... 12 тоотод иргэн Ю.Х.--улыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Ю.Х.--улын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний орой 16 цагийн орчимд Уу...тарын найз Б-ний эхнэр Гэрлээ над руу залгаад “хаана байгаан, Уу...тар өчигдөр орой манайд ирээд архи уугаад хоносон, чи манайхаар ирэх юм уу” гэж асуухаар нь би “яачиж магадгүй” гээд яриад тэр оройноо 21 цагийн орчимд би Уу...тар руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчим Б-нийн гэр лүү Уу...тартай уулзах гээд явсан. Тэгээд очоод хаалгыг нь цохитол Б-нэ хаалга онгойлготол хашаанд нь Уу...тарын унаж явсан машин байсан. Тэгэхээр нь би шууд яваад ортол Уу...тар “чи энд юу хийж яваа юм, нөхрөө яасын” гээд байхаар нь “байхгүй, чамайг хайж явна. Чи чинь эхнэртэй болчихсон юм уу” гэсэн чинь “тийм би Э-яагаа дагуулаад явж байна” гэхээр би “за за” гээд гэрээс гараад явсан. Тэгтэл араас Гэрлээ охинтойгоо намайг гаргаж өгөхөөр хамт гарсан. Тэгэхээр нь би охинд нь Ууганаа ахыгаа дуудчих гээд оруулсан. Тэгээд машиндаа сууж байтал Ууганаа гарч ирээд жолооч талын хаалган дээр ирээд “яасан Э-яа” гэхээр нь би “юу гэнээ гээд” чанга дугартал за за явлаа гээд цаашаа явчихсан. Би машинаасаа буугаад араас нь ороод Ууганаагийн нүүр цээжин хэсгээс нь маажтал Ууганаа гэнэт босч ирээд гараараа зүүн хацар, шанаа, чих хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод дараа нь нэг удаа улгадсан би манараад хэсэг шоконд орсон байсан. Тэгэхээр нь би шууд утсаа шүүрч аваад цагдаа дуудна гэтэл Ууганаа миний утсыг булааж аваад өгөхгүй байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),
2. Гэрч Ш.Г-яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр манай гэрт нөхөр Б-нийн найз Уу...тар ганцаараа ирээд эхнэр Х.--ул хөдөө явсан байгаа гээд ирээд хончихоод явсан. Тэр өдрөөс хойш 1-2 хоногийн дараа Х.--ул над руу утсаар ярихаар нь би манайхаар ирээд явсан гэж хэлсэн. Тэр өдөр манайх үхрийн бүхэл мах чанаад нөхөр Б-нэ найз Уу...тарыг мах ирж ид гэж хэлсэн. Уу...тар нь манай гэрт ирэхдээ Э-яа гээд найз хүүхнээ дагуулж ирсэн. Тэгсэн Х.--ул дахиад залгаад надаас Уугаанбаатарыг асуухаар нь би Уу...тараас юу гэж хэлэх юм бэ гэсэн чинь намайг байхгүй байна гэж хэл гэсэн. Тэгэхээр нь би байхгүй гэж Х.--улд хэлсэн. Тэр өдөр Уу...тар, Б-нэ хоёр пиво уугаад манай гэрт хонхоор болоод гэрт байж байсан чинь Х.--ул гаднаас орж ирээд Уу...тарыг Э-яатай байхыг хараад чи эхнэрээ аваад ирсэн юм уу гэж хэлээд за найз нь явлаа гээд гэрээс гараад явсан. Би хаалга цоожлох гээд араас нь охинтойгоо гарсан чинь манай охиноор Уу...тарыг дуудуулсан. Би зөрөөд гэртээ орсон удаачгүй Уу...тар араас гэрт орж ирээд Х.--ул явчихлаа гэж хэлсэн. Тэгсэн араас нь Х.--ул орж ирээд Уу...тарыг маажих шиг болсон Уу...тар буцаагаад Х.--улыг гараараа нүүр, толгойн хажуу хэсэгт нь цохисон. ...Манай гэрт Уу...тар гараараа Х.--улын толгойны хажуу хэсэгт нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
3. Гэрч Б.Б-нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр би Улаанбаатар хотод машин янзлуулж явж байгаад Энхжингийн орчимд найз Уу...тартай тааралдсан. Тэгээд ажилгүй яваа юм бол манайхаар орж хоол идэж, цай уугаад яваач гэж хэлсэн чинь орой би яваад очье гэж хэлсэн. Тэр орой 20 цагийн орчимд Уу...тар ганцаараа ирээд хоол идээд хөзөр тоглож байгаад хоноод би өглөө нь ажилдаа явсан. Маргааш нь ажил дээр байж байсан чинь манай эхнэр утсаар яриад Уу...тар найз охинтойгоо утсаар яриад найз охин нь ирнэ гэнэ гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бол эхнэр нь яасан юм бол гэж хэлсэн. Өмнөх өдөр нь эхнэр Х.--улыгаа хөдөө явсан байгаа гэж хэлж байсан. Би ажлаа тараад гэртээ ирээд байж байсан чинь Уу...тар хуучин найз охин Э-яатайгаа манай гэрт ирсэн. Бид нар хоол хийж идээд пиво уугаад байж байсан чинь Уу...тарын эхнэр Х.--ул манай эхнэр рүү яриад Уу...тарыг асуусан чинь Уу...тар байхгүй байна гээд хэлчих гэж хэлсэн. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад манай гэрт Х.--ул орж ирээд Уу...тарыг эхнэрээ аваад ирсэн юм уу би ч илүү юм байна даа гээд гараад явсан. Гэрээс гарч явихаад буцаж орж ирээд Уу...тар, Х.--ул хоёр зодолдоод манай эхнэр салгасан чинь Х.--ул хэнгэрэг хагалчихлаа гээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14250 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн чихний омогт тэмтрэхэд эмзэглэл ихтэй, зүүн шанаагаар бага зэргийн улайлтай, хавдартай.
ЭМЖЖ амбулаторийн түр картаас: Зовур: 10-30-ны орой чихрүүгээ алгадуулж гэмтсэн. Анхны үзлэг: ...зүүн чихний хэнгэрэг жижиг цоорхой. Онош: гэмтлийн дараах зүүн хэнгэргэн хальсны цоорол гэжээ...ДҮГНЭЛТ
1. Ю.Х.--улын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний омог, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17),
5. Шүүгдэгч Д.Уу...тарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай найз Б-нэ хүрээд ир мах чанаж байна гэхээр нь би 17 цагийн үед 361 дүгээр гарамын ойролцоо байх гэрт нь очсон юм. Ингээд найз Б-ний гэрт очоод шар айраг уугаад өөрийнхөө машиныг барьж чадахгүй болчих байх гэж бодоод найз Э-яаг хамт аваад явсан юм. Ингээд Б-ний гэрт байж байсан чинь Х.--ул над руу залгаад байхаар нь утсаа салгаад хаана байгаагаа хэлээгүй юм. Тэгтэл Б-ний гар утас руу Х.--ул залгахаар нь байхгүй байна гээд хэлүүлчихсэн юм. Тэгээд Б-нэтэй юм хум яриад шар айраг уугаад сууж байсан чинь Х.--ул гэнэтхэн ороод ирсэн гэхдээ нялх нойтон хүүхэдтэй айлд ороод ирсэн учраас юу ч хэлж чадахгүй буцаад гараад явчихаар нь би араас нь гараад Х.--улаа гэж дуудах гэж байгаад Э-яа гээд дуудчихсан чинь миний нэрийг андуурч дуудлаа гээд уурлаад байхаар нь яв яв чи нөхөр дээрээ оч гээд хэлчихсэн. Тэгээд би Б-ний гэрт ороод хувцсаа тайлаад сууж байсан чинь Х.--ул эргэж орж ирээд нүүр нүдгүй маажаад эхлэхээр нь түлхэж холдуулаад зүүн чих рүү нь алгадчихсан юм. Ингээд айлд хэрүүл хийгээд яахав гээд би Э-яагаар машинаа бариулаад гэр рүүгээ явсан...Ю.Х.--улын зүүн талын хацар руу нэг удаа алгадсан. Өөр газар цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29),
6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38, 35), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 42-43), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 54), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 45-46,), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 68, 69) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Уу...тарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Уу...тар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 дүгээр гарам буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр иргэн Ю.Х.--улыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ю.Х.--улын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчим Б-нийн гэр лүү Уу...тартай уулзах гээд явсан. ...Б-нийд ...очиход Уу...тарын унаж явсан машин байсан. Тэгэхээр нь би шууд яваад ортол Уу...тар “чи энд юу хийж яваа юм, нөхрөө яасын” гээд байхаар нь “байхгүй, чамайг хайж явна. Чи чинь эхнэртэй болчихсон юм уу” гэсэн чинь “тийм би Э-яагаа дагуулаад явж байна” гэхээр би “за за” гээд гэрээс гараад явсан. ...Тэгээд машиндаа сууж байтал Ууганаа гарч ирээд жолооч талын хаалган дээр ирээд “яасан Э-яа” гэхээр нь би “юу гэнээ гээд” чанга дуугартал за за явлаа гээд цаашаа явчихсан. Би машинаасаа буугаад араас нь ороод Ууганаагийн нүүр цээжин хэсгээс нь маажтал Ууганаа гэнэт босч ирээд гараараа зүүн хацар, шанаа, чих хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод дараа нь нэг удаа улгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),
- Гэрч Ш.Г-яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.--ул гаднаас орж ирээд Уу...тарыг Э-яатай байхыг хараад чи эхнэрээ аваад ирсэн юм уу гэж хэлээд за найз нь явлаа гээд гэрээс гараад явсан. ...удаагүй Уу...тар араас гэрт орж ирээд Х.--ул явчихлаа гэж хэлсэн. Тэгсэн араас нь Х.--ул орж ирээд Уу...тарыг маажих шиг болсон Уу...тар буцаагаад Х.--улыг гараараа нүүр, толгойн хажуу хэсэгт нь цохисон. ...Манай гэрт Уу...тар гараараа Х.--улын толгойны хажуу хэсэгт нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13)
- Гэрч Б.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 21 цаг өнгөрч байхад манай гэрт Х.--ул орж ирээд Уу...тарыг эхнэрээ аваад ирсэн юм уу би ч илүү юм байна даа гээд гараад явсан. Гэрээс гарч явихаад буцаж орж ирээд Уу...тар, Х.--ул хоёр зодолдоод манай эхнэр салгасан чинь Х.--ул хэнгэрэг хагалчихлаа гээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14250 дугаар дүгнэлт “...1. Ю.Х.--улын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн чихний омог, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17)
- Шүүгдэгч Д.Уу...тарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б-нэтэй юм хум яриад шар айраг уугаад сууж байсан чинь Х.--ул гэнэтхэн ороод ирсэн гэхдээ нялх нойтон хүүхэдтэй айлд ороод ирсэн учраас юу ч хэлж чадахгүй буцаад гараад явчихаар нь би араас нь гараад Х.--улаа гэж дуудах гэж байгаад Э-яа гээд дуудчихсан чинь миний нэрийг андуурч дуудлаа гээд уурлаад байхаар нь яв яв чи нөхөр дээрээ оч гээд хэлчихсэн. Тэгээд би Б-ний гэрт ороод хувцсаа тайлаад сууж байсан чинь Х.--ул эргэж орж ирээд нүүр нүдгүй маажаад эхлэхээр нь түлхэж холдуулаад зүүн чих рүү нь алгадчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Уу...тар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “нүүр маажлаа” гэх сэдэлтээр, хохирогч Х.--улын нүүр, чихэн тус газар цохиж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Уу...тар нь хохирогч ...Х.--улын нүүр, чихэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Уу...тарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Х.--ул нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Д.Уу...тарыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Уу...тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Уу...тарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Уу...тар, хохирогч Ю.Х.--ул нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Уу...тарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Уу...тарыг торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1808 0556 10033 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.