Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00116

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00116

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03284 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Гуравдагч этгээд: Б банк ХХК,

үнэлгээ болон эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Б.Намуунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/00989 дүгээр захирамжаар А ХХК-иас 13,891,860,457.6 төгрөгийг гаргуулж, Б банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авч үнэлүүлсэн байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад А ХХК-ийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/396 тоот тогтоолын дагуу Хөрөнгө Эстимэйт ХХК-аар үнэлүүлсэн тухай мэдэгдэл, хөрөнгө үнэлгээний тайланг шуудангаар хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танилцсан.

Хөрөнгийн үнэлгээчин нь зах зээлийн болон зориулалт зэргийг бусад хөрөнгүүдтэй жишээгүй, түүнчлэн үнэлгээ хийж буй үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжүүдээ нэг бүрчлэн хараагүй, судалгаа байхгүй, харьцуулалт хийлгүйгээр дээрх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй.

Мөн биднээс үнийн санал аваагүй, мөн хураах ажиллагааг хийсэн эсэх нь ч тодорхойгүй, шинжээч томилж, хуульд заасны дагуу үнэлгээ хийгээгүй байгаад гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо гаргаж байх тул үндэслэлгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 44 дүгээр зүйлийн 44.2.5, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг зөрчин явуулсан байна.

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан ярьж эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах гэж байгаа тухай утсаар мэдэгдсэн. Тус компанийн захирал миний бие очиж амжихгүй тухайгаа мэдэгдээд иргэн Д-д 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр зөвхөн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд компанийг төлөөлөх эрхийг олгосон.

Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн огноо дугаартай үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг мөн өдрөө цахим шуудангаар хүргүүлсэн ба 11 дүгээр сарын 24-ний дотор саналаа ирүүл гэсэн байсан тул шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдоход ирж уулз гээд утсаа салгасан бөгөөд би тухайн үед хөдөө ажлаар явж байгаад очиж уулзаж чадаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр очиж уулзахад 11 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээч томилох тогтоол өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй гүйцэтгэх баримт бичигтэй 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцахад компанид огт мэдэгдэлгүйгээр 11 дүгээр сарын 14-ний өдөр хураах тогтоолоор барьцаа хөрөнгийг хурааж, өөрт нь итгэмжлэл өгөөгүй иргэн Д-гээр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл гэгч дээр гарын үсэг зуруулсан байсныг олж мэдсэн.

Түүнчлэн иргэн Д- нь ямар ч бичиг баримт дээр гарын үсэг зурахгүй гэсээр атал тэмдэглэлд гарын үсэг зуруулаад бид өөрсдөө танай захиралд өгнө гээд битүүмжлэх тогтоол болон хураах тогтоолын ямар нэг хувийг өгөлгүй явуулсан байдаг.

Төлбөр төлөгчид дээрх тогтоолуудын хувь байхгүй, өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ямар ажиллагаа явагдсаныг мэдээгүй байж байгаад тухайн өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй уулзсанаар л олж мэдсэн байдаг.

Ингээд компанийн эрх ашиг хөндөгдөж байсан тул хууль зөрчиж явуулсан хураах тогтоолоор хураасан ажиллагаагаа хүчингүй болгох тухай гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт болон 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан боловч хууль бус явуулсан ажиллагаагаа хүчингүй болгосонгүй.

Иймд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай үндсэн шаардлага болон Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-оор хөрөнгө хураасан ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А ХХК-ийн өмчлөл болон эзэмшлийн үйлдвэрлэл, үйлчилгээний газар, үл хөдлөх эд хөрөнгө, мах боловсруулах тоног төхөөрөмж, автомат шугам, тээврийн хэрэгсэл зэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр битүүмжилсэн.

Төлбөр төлөгч тал төлбөрөөс төлөөгүй тул дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567/03, 22280567/04, 22280567/05, 22280567/06 дугаар тогтоолоор хураан авсан.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-240/22038 дугаартай үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/396 дугаар тогтоолоор шинжээч томилж 11 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Г-той уулзаж шинжээч томилсон тогтоол, төлбөр төлөх мэдэгдлийг танилцуулан гардуулан өгсөн.

Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-240/23963 дугаартай мэдэгдлээр Г-ийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден Таун хаус *** тоот болон шүүхийн шийдвэрт заасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 9-401-** тоот хаягуудаар тус тус баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Б банк ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй. Үнэлгээ болон эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгох нь барьцаалагчийн барьцааны эрхийг хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК /үнэлгээчин Б.Батзаяа/-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/88, 01/95 тоот үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22280567 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолоор хөрөнгө хураасан ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

5.1. Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт, мэдэгдлийг А ХХК-д хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүйгээс гадна нэхэмжлэгчээс үнийн санал авах ажиллагааг зохих журмын дагуу огт хийгээгүй.

Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн огноо дугаартай үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн ба нэхэмжлэгч нь тухайн үед орон нутагт ажлаар явж байсан учраас уулзаж чадаагүй.

2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр очиж уулзахад 11 дүгээр сарын 25-ны өдрийн огноо дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ыг өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу үнийн санал авахгүйгээр хууль зөрчин эд хөрөнгөд үнэлгээ хийх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн үнийн санал авах тухай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны огноо дугаартай албан тоотыг хугацаа алдаж 11 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор гардан авсан байдаг. А ХХК-ийн гүйцэтгэх захирал Г- нь 2022 оны 12 дугаар сарын 05-15-ны өдрүүдэд хөдөө орон нутагт ажлаар явж байх хугацаанд түүний гэрийн хаягаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-150/10898 дугаартай мэдэгдэл болон үнэлгээний компанийн тайланг баталгаат шуудангаар илгээсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцээгүй. Г- нь тус мэдэгдэл, тогтоолуудтай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор хүлээн авч танилцаад, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо шүүхэд гаргасан.

5.2. Мөн А ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдэд нэхэмжлэгчээс үнийн санал авахгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шинжээчээр томилогдсон Хөрөнгө Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ үнэлгээ хийж буй үл хөдлөх болон тоног төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн харж хийгээгүй, судалгаа байхгүй, харьцуулалт хийгээгүйгээр хөрөнгийн үнэлгээг хэт дордуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасан шаардлагад нийцээгүй.

Учир нь тус хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд нь 2015 онд үнэлгээний Делта мон ХХК-ийн үнэлгээгээр 17,793,157.6 төгрөгөөр үнэлэгдэж байсан.

Ийнхүү дээрх үнэлгээний баримтыг огт нягталж шалгалгүй, нэхэмжлэгчийн хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байхад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5.3. Шийдвэр гүйцэтгэгч нь А ХХК-д огт мэдэгдэлгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хураах тогтоол үйлдэж, итгэмжлэл өгөөгүй иргэн н.Баатархүүгээр тэмдэглэлд гарын үсэг зуруулан хураах ажиллагааг хууль зөрчин явуулсан.

Хураах ажиллагааг хүчингүй болгуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий Шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу ирүүлсэн ба энэхүү хууль зөрчин явуулсан хураах ажиллагааг хүчингүй болгоогүй.

5.4. Шүүхээс хэдийгээр хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчээс үнийн санал авах, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах, улмаар шинжээчийн дүгнэлт үнэн зөв, бодитой байсан эсэх нь нэхэмжлэгчийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар хийгээгүйгээс нэхэмжлэгчийн хууль эрх ашиг хохирч байгааг шүүхээс харж үзэхийг хүсье.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Үнэлгээ тогтоох ажиллагаа, үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа нь хуульд нийцсэн. Эд хөрөнгө хураах ажиллагаа мөн хууль зөрчөөгүй бөгөөд Д- нь тэмдэглэлд гарын үсэг зурснаараа ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ болон эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2022/00989 дүгээр захирамжаар А ХХК-аас 13,891,860,457.6 төгрөгийг гаргуулж, Б банк ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ /1хх 108-112/.

 

3.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох А ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр битүүмжилж, 11 дүгээр сарын 14-ний өдөр хураан авсан байна /1хх 119-137/.

Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-240/22038 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг А ХХК-ийн захирал Г-ид тухайн өдрөө утсаар мэдэгдэж, үүний дараа цахимаар болон гэрийн хаягаар хүргүүлжээ /1хх 138-139/.

 

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан эд хөрөнгө хураах ажиллагаанд төлбөр төлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гомдол гаргасныг харгалзан хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр эд хөрөнгө хураах ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ /1хх 63-69/.

 

3.3. Харин анхан шатны шүүх эд хөрөнгө хураах тогтоолоор хөрөнгө хураасан ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо уг шаардлагыг шүүх хянан шийдвэрлэх үндэслэл болж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлалгүй мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийг баримтласан нь оновчгүй болсныг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан А ХХК-ийн өмчлөл болон эзэмшлийн хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор явуулсан ажиллагаанд төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал гаргаагүй, тохиролцоогүй үндэслэлээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/396 дугаар тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч Б.Батзаяаг шинжээчээр томилжээ /1хх 140-141/.

 

4.1. Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь 2022 оны 12 дүгээр сарын 08-ны өдөр үнэлгээний тайлангаар,

Орхон аймаг, Баян-Өндөр сум 13 дугаар багт байрлах 6,159 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 2,808 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 23,073 м.кв талбай бүхий махны үйлдвэр, складны зориулалттай эзэмших эрхтэй газрыг 13,154,667,432 төгрөгөөр,

бод мал төхөөрөх, мах боловсруулах тоног төхөөрөмж, бог мал төхөөрөх, мах боловсруулах тоног төхөөрөмж, муур нохойн тэжээл боловсруулах, савлах тоног төхөөрөмж, 51-01 ОРХ улсын дугаартай, Daewoo BM-090 загварын том оврын автобус, 26-90 ОРО улсын дугаартай, Газ-53 загварын бохирын автомашин, 21-87 ОРА улсын дугаартай, Зил-130 загварын ачааны автомашин, 37-95 ОРО улсын дугаартай, Hyundai Grace загварын жижиг оврын автобус зэргийг 2,484,466,910 төгрөгөөр тус тус үнэлсэн байна /1хх 13-58/.

 

 

 

4.2. Шинжээчийн гаргасан үнэлгээг хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч талд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай тогтоолд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргасан /1хх 1-3, 153-157, 212-213/.

Хариуцагч нь зохих ёсоор үнэлгээг мэдэгдээгүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч-хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Г-ид утсаар мэдэгдэж, холбогдох мэдэгдлийг шуудангаар хүргүүлснийг Г- нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан байна. Энэхүү үнэлгээний мэдэгдэл хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд нь эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой учир энэ үндэслэлээр анхан шатны шүүх үнэлгээ хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсний улмаас эд хөрөнгө хураасан болон үнэлгээний талаар гомдол гаргах эрхгүй болсон учир шүүх эдгээр ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

6. Мөн шийдвэрийн тогтоох хэсэг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсныг хасч өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/03284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 16 дугаар зүйлийн 16.2, 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.БАДРАХ