| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 182/2023/02868/И |
| Дугаар | 210/МА2024/00118 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2024/00118
| 2024 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2024/00118 |
А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/03119 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Б” ХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, С.Мандахтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие “Б” ХК-д Салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан.
Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/232 тоот тушаалаар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байраа зөвшөөрөлгүй орхиж, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, тухайн өдрийн удирдах ажилтны үүрэг даалгавраар өгөөгүй ажлыг дур мэдэн гүйцэтгэх явцад осолд дөхсөн тохиолдол гаргаж хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн.
2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 23:30 цагийн үед албан хаагчдын цайны цаг болсон тул цайндаа орохоор ажлын байрнаасаа гарч, үйлчилгээний тээврийн хэрэгсэл дээр очсон. Тухайн үед бусад ажилчид хараахан цуглаж амжаагүй байсан тул уурхайн үүдэнд байдаг хүнсний дэлгүүрээс тараг аваад ирье гэж жолоочийг гуйсан. Жолооч С- зөвшөөрсөн тул машинд нь сууж хөдлөөд уурхайн хашааны үүдний орчим ачилтын шаланз маркийн автомашины ард зогсож байтал өмнөх машин ухраад бидний сууж явсан машиныг мөргөж, осол гаргасан. Энэ асуудлыг удирдлагуудад мэдэгдэх үүргийн дагуу мэдэгдэж, болсон асуудлын талаар хяналт шалгалт явагдсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгсөн.
Миний бие Хөдөлмөрийн хуульд заасан цайны цагаараа явж байсан бөгөөд өөр ажлыг дур мэдэн гүйцэтгээгүй, осолд нөлөөлөөгүй, тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй тул ялимгүй зүйлээр шалтаглан ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Иймд “Б” ХК-ийн салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 79,184,930 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Б” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, компанийн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах үүргийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид өгсөн. Энэ хүрээнд Б ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаалаар компанийн үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний хайгуул, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг нийт ажилчдад үүрэг болгосон.
Түүнчлэн, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаалын 3 заалтаар компанийн нийт ажилчдыг компанийн дэг журам, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор холбогдох хэм хэмжээг сахин биелүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл ажилтан А- нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа 23:45 минутад постын дэлгүүр явсан байдаг. Ингэхдээ зохицуулагч С-ын хамт автомашинаар явж, 8 дугаар постны зогсоолд ухрах үйлдэл хийх үедээ LV455 паркийн дугаартай автомашины ухрах үйлдэл хийхтэй зэрэгцэж, LV026 автомашиныг мөргүүлсэн тохиолдол гаргасан нь дээрх А/89 дүгээр тушаалын 3.1, 3.3, 3.6, 3.7-д заасныг тус тус зөрчсөн.
“Б” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд ажилтан бүр сахилга хариуцлагаа чангатгаж ажиллах байтал удирдах ажилтандаа мэдэгдэхгүйгээр ажлын байрыг орхиж явсан, цаашлаад осол дөхсөн тохиолдол гарахад хүргэсэн А-ийг ажлын байраа зөвшөөрөлгүй орхиж, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, тухайн өдрийн удирдах ажилтны ажлын үүрэг даалгавраар өгөөгүй ажлыг дур мэдэн гүйцэтгэх явцад осол дөхсөн тохиолдол гаргаж хариуцлагагүй хандсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: БНМАУ-ын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХК-д холбогдох үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Салбарын Нүүрс ачилт, Уурхайн логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 79,184,930 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн яаж үнэлснээ заагаагүй, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж гаргасан тайлбар, түүний нотлох баримтыг нэрлэн заасан атал нотолгоог үндэслэлтэй эсэхийг хэрхэн яаж үнэлснээ дүгнэх хэсэгтээ дурьдаагүй, хууль зүйн үндэслэлээ заагаагүй атлаа нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хариуцагчийн хариу тайлбарыг няцаах нотлох баримт гаргаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Улмаар хариуцагчийн хууль зөрчиж гаргасан тушаалын үндэслэл болох актын заалтуудыг хуульд нийцсэн байна гэх дүгнэлт хийсэн.
4.2. А- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 94.3 дахь хэсэгт дагуу цайны цагаараа буюу 19 цагт ажилдаа гараад 23.20 цагт ажлын байрнаасаа ажилчдыг хооллох байр руу нь зөөх зориулалт бүхий LV-026 дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч юм.
Нарядын бус ажил буюу дэлгүүр явсан гэж буруутгах үндэслэлээ хариуцагч тал тайлбарласан ч энэ үйл баримтыг тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Осолд дөхсөн гэж нэрлээд байгаа тохиолдол нь “К” ХХК-ийн L\/455, 5186 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байхад зорчигч А-ийг буруутган ажлаас халсан.
4.3. “Б" ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалын 5 дугаар зүйлд “Засгийн Газраас Онцгой дэглэм тогтоосонтой холбоотой салбарын удирдлагууд үйлдвэрлэл, нүүрс ачилт экспортын хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил үүргийн байнгын бэлэн байдалд ажиллах, сахилга хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагыг тухай бүр тооцох санал танилцуулгыг Захиргаа удирдлагын газрын дарга Х.Батсайханд даалгасугай” гэсэн заалт байгааг хэрэгжүүлээгүй.
Өөрөөр хэлбэл Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь эрх зүйн онцгой дэглэм тогтоосон үед ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль болон эрх зүйн онцгой дэглэмд заасан захиргаа удирдлагын газрыг даргаас санал авахаар заасан хэм хэмжээг биелүүлээгүй.
Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмаар ч, засгийн газарт эрх олгох тухай хууль, эрх зүйн онцгой дэглэмээрээ ч гэсэн ажилтанд хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлгүй.
4.4. Хөдөлмөрийн дотоод журмын 6.8 дүгээр зүйлд "Салбарт болон Цагаан хад гаалийн хяналтын бүсэд цайны завсарлага 1 цаг байна. Хамтын гэрээнд заасан аюулгүй ажиллагааны цагаар уурхайн шөнийн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтнуудад 30 минутын түр амрах завсарлага өгнө. Аюулгүй ажиллагааны цаг шөнийн ээлжинд 04.00-04.30 хүртэл гэж заасан байдаг.
Аюулгүй ажиллагааны цаг нь цайны цагаас тусдаа өөр ойлголт байхад ялгахгүйгээр нэг ойлголт мэтээр тайлбарлан шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
4.5. Жолооч С-ын гаргасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байж болох үйлдэлд арга хэмжээ авахдаа А-д давхар арга хэмжээ байгааг шүүх ялгаж дүгнэлт хийж чадсангүй.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мэдээлэх судлан бүртгэх журмын дагуу хийгдсэн судалгааны тайланд жолооч С-ын гаргасан зөрчил болох осолд дөхсөн тохиолдлыг л бүртгэсэн болохоос А-д холбогдуулан ямар нэгэн зөрчлийн бүртгэл хөтлөөгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Манай компанид онцгой дэглэм тогтоосон байгаа тул тухайн хугацаанд тухайлсан харилцааг зохицуулсан хууль буюу БНМАУ-ын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийг баримталж шүүх хэргийг шийдвэрлэсэн нь зөв.
Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь ажлын байран дээр байх ёстой ажилтан хувийн ажлаар шуурхай удирдлагын машиныг зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас осол гарсан тохиолдол гарч 3,800,000 төгрөгийн хохирол учирсан. Уурхайн үйл ажиллагаа 24 цаг тасралтгүй явагддаг. Ажилтан өөрөө дур мэдэн хувийн зорилгоор машин авч явах эрх хэмжээ байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. “Б” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/232 дугаар тушаалаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 6, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 1, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, 3.3, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ажлын байраа зөвшөөрөлгүй орхиж, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, тухайн өдрийн удирдах ажилтны ажлын үүрэг даалгавраар өгөөгүй ажлыг дур мэдэн гүйцэтгэх явцад осолд дөхсөн тохиолдол гаргаж хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр ажилтан А-ийг “Б” ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, Уурхайн логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлжээ /хх 60/.
3.1. Ажилтан А- нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа 23 цаг 45 минутад удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр зохицуулагч С-ыг гуйж түүний автомашинд сууж ажлын байрны тодорхойлолтод заагаагүй үйлдэл хийснээс буюу постын дэлгүүр орсноос шалтгаалан компанийн автомашин өөр автомашинтай мөргөлдөж осолд дөхсөн тохиолдол гаргасан үйл баримтыг хэрэгт авагдсан судалгааны тайланд үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 65-85/
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн автомашиныг жолоодож яваагүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргаж буй боловч түүний постын дэлгүүр орох зорилгоор зохицуулагч С-ыг гуйж автомашинаар нь зорчсонтой шалтгаант холбоотойгоор осолд дөхсөн тохиолдол гарсан байна.
3.2. Ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасан ажилтныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг хэрэглэхгүйгээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалт, 2 дугаар зүйлийн 1 дэх заалтад нийцсэн байна.
Учир нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Б” ХК-д онцгой дэглэм тогтоосон байх бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр шаардлагатай гэж үзвэл үйлдвэрийн газар, байгууллагын бүтэц, үүргийг тогтоох, нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийг Засгийн газраас онцгой бүрэн эрхт төлөөлөгчид олгожээ. /хх 34/
3.3. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хууль тогтоогчийн зүгээс хүчингүй болгоогүй, түүнчлэн нэхэмжлэгчийн сахилгын зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон тул хүчингүй хууль хэрэглэсэн, удирдах албан тушаалтнаас санал авалгүйгээр ажлаас чөлөөлсөн, сахилгын зөрчил гаргаагүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.
3.4. Иймд “Б” ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, уурхайн логистикийн хэлтсийн автопүүлэгч, бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/03119 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.БАДРАХ