Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч Д.М,

Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д.А холбогдох эрүүгийн 1810022630907 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, А овогт Д. А 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч П.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,  тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч буюу хохирогч Л.М-г гараараа нүүрний хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч Л.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай цалин буугаад танил Энхсэргэлэнгийн хамт 0.5 граммын 1 шил архи сааданд уусан. А-ыг хүүхдийнхээ гэрт байхад нь очиж аваад бид хоёр харихаар явах замдаа дэлгүүрээс өөртөө 0.75 литрийн архи, А-ад 0.5 литрийн Хараа архи авсан. Бид хоёр гэртээ ороод тус тусдаа 2 архи ууцгаасан. Би энэ өдөр хоол идээгүй бөгөөд ажил тараад архи уусан болохоор амархан согтсон. Тэгээд яг юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Өглөө сэрсэн чинь миний зүүн шанаа халуун оргиод, баруун нүд хавдсан байсан. Би гэрээс гараад явж байгаад шанаа өвдөөд байхаар нь дэлгүүрээс нэг шил архи аваад ганцаараа нэг, хоёр татаад Нисэхийн гудамжинд зогсож байсан чинь А ирээд өчигдөр чамайг агсам тавиад байхаар нь би хүргэн С-г дуудсан. С-г ирэхээр нь чамайг, намайг урьд өмнө зодсон болохоор би хөөрөөд 1-3 удаа нүүр рүү чинь цохьсон гэж хэлсэн. Тухайн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг манай хамтран амьдрагч А намайг цохиж учруулсан. ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ / хх 18-21, 74-75-р тал/

Гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…Хадам ээж А нь М-н баруун нүд рүү гараараа цохьсон...” гэжээ /хх-25-27-р тал/

Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…2018 оны 09  дүгээр сарын 12-ны орой 22-23 цагийн орчим унтах гэж байхад хадам ээж дахиад С руу М агсам тавиад байна гээд согтуу залгасан. С намайг хамт явъя гэсэн. Би машинтайгаа С-тай хамт хадам ээжийн гэрийн гадна очсон, С дотогш ороод би машиндаа суугаад үлдсэн. Удалгүй С гарч ирээд тэр хоёрыг маргаад байхаар нь салгачихаад, унтуулчихаад гараад ирлээ гэсэн...” гэжээ /хх-28-30-р тал/ 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээч эмчийн  ¹11286 тоот дүгнэлтэд: “…Л.М-н биед эрүүний зүүн талын далд хугарал, зөөлөн эдийн няцрал баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтогнги алдангид нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-30-р тал/

Ял шалгах хуудас /хх-37/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-34-37/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч буюу хохирогч Л.М-н нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь эрүүний зүүн талын далд хугарал, зөөлөн эдийн няцрал баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, 1 шүдний сулрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгээр болон шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹11286 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.А-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэнсэх боломжтой гэж үзлээ.

Хохирогч Л.М нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А овогт Д-н А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д-н А-г 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ