Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00282

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00282

 

А банк ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03588 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

8,491,525.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүжинтуяа, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч Б- нь А банктай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр МN350034102600505453 тоот кредит карт эзэмших гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн бэлэн зарцуулалтын хүү 36 хувийн хүүтэй, бэлэн бус зарцуулалтын хүү 24 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар авсан.

Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд бэлнээр 3,059,500 төгрөг, худалдан авалтаар 1,935,844.26 төгрөг зарцуулсан, үүний хүү нь 3,209,467.87 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 271,663.47 төгрөг, бусад шимтгэл 4,050 төгрөг, нийт 8,480,525.60 төгрөг болж хуримтлагдсан. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 1266 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүргээ үл биелүүлээгүй. Зээлдэгчид зээлийн эргэн төлөх тухай мэдэгдлийг удаа дараа өгч, биечлэн уулзалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 11,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 8,480,525 төгрөг, нийт 8,491,525.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Кредит карт авч, зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан. Гэхдээ Ковид-19 цар тахлын нөлөөлөл болон өөрийн эрүүл мэндийн байдлын талаар зээлийн эдийн засагчид мэдэгдэж байсан. 2021 онд зээлийн төлбөрийг сар болгон 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар график байгуулан тохиролцохыг хүсэхэд банк хүлээж аваагүй.

Иймээс зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дугаар зүйлийн 219.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б-ас 6,796,788.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,694,736.92 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,698.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шийдвэрээр 1,694,736.92 төгрөгийн зээлийн хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дугаар зүйлийг баримтлан 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны зээлийн хүүг шаардах эрхээ алдсан байна гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Банкны зээлийн гэрээний маргаанд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг хэрэглэхгүй. Иймд 1,694,736.92 төгрөгийг Б-ас гаргуулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг кредит картанд орлого гэж хийсэн. Уг 4,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой байтал, үндсэн хүү нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч шүүх дүгнээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймээс уг 4,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцохоор 2,796,788 төгрөг болох тул шийдвэрийн 6,796,788 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Зээлийн төлбөр эхэлж, торгуулийн хүү, хуримтлагдсан хүү, үндсэн зээл гэх дарааллаар төлөгддөг. Шүүхийн шийдвэрээр зээлийн хүүг зогсоогоогүй тохиолдолд А банк ХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгээс эхэлж хасч тооцдог. Зээлдэгчийн төлсөн 4,000,000 төгрөгийг зохих хүүд тооцсон.

 

7. Хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А банк ХК нь хариуцагч Б-д холбогдуулан бэлнээр зарцуулсан 3,059,500 төгрөг, худалдан авалтаар зарцуулсан 1,935,844.26 төгрөг, хүү хуримтлалаар зарцуулсан 3,209,467.87 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 271,663.47 төгрөг, бусад шимтгэл 4,050 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 8,491,525.60 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч зээлийн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. А банк ХК болон Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр карт эзэмшигч Б- нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг 2 жилийн хугацаанд эзэмшихдээ бэлэн мөнгөний гүйлгээнд жилийн 36%, бэлэн бус мөнгөний гүйлгээнд жилийн 24%-ийн хүү төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

Гэрээний 2.6.1, 2.6.2-т бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

 

3.1. Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хийсэн гүйлгээнээс бэлнээр хийсэн 3,059,500 төгрөг, бэлэн бусаар хийсэн 1,935,844.26 төгрөгийн зарлагын гүйлгээний төлбөрийн үлдэгдэлтэй, мөн эдгээр гүйлгээнд гэрээний 2.6.1, 2.6.2-т заасны дагуу бодогдсон хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл 3,209,467.87 төгрөг байгаа болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогджээ /хх 20-24/.

Дээрх тооцоолол, дансны хуулгаар тогтоогдсон гүйлгээний мөнгөн дүнг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасаар няцаагаагүй.

Иймд анхан шатны шүүх бэлнээр хийсэн 3,059,500 төгрөг, бэлэн бусаар хийсэн 1,935,844.26 төгрөгийн зарлагын гүйлгээний төлбөрийн үлдэгдэл гаргуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4. Харин анхан шатны шүүх хүү шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ алдаатай эрх зүйн дүгнэлт хийснийг залруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

4.1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамааран зээлийн хүү шаардах эрхтэй.

Энэ эрхээ хэрэгжүүлж 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ба Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой зохицуулалт нь банк эрх бүхий этгээдээс олгож буй зээлийн харилцаанд хамаарахгүй болно.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн үлдэгдлийн баталгаажуулсан баримтад гарын үсэг зурсан, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг биечлэн хүлээн авч байжээ /хх 43, 45/.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хуримтлагдсан хүү 3,209,467.87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

4.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 4,013,000 төгрөгийг кредит картны зээлийн төлбөрт төлснийг нэхэмжлэгч нь гэрээний 3.9 дэх хэсэгт заасан хариуцагчтай урьдчилж харилцан тохиролцсон дарааллын дагуу хүүгийн төлбөрт суутгаж тооцсоныг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Мөн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал гарсан нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдвал зохино.

 

5. Нэхэмжлэгчийн шаардсан хугацаа хэтрэлтийн шимтгэл гэх 271,663.47 төгрөг, бусад шимтгэл гэх 4,050 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх хэмжээнд хамаарахгүй учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.1. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор гаргасан нотариатын зардал 11,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5.2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд өөрчлөлт орж буйтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-ас 8,215,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 275,713 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын 123,698.62 гэснийг 150,814 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 42,065 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ