Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00209

 

 

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00209

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/03218 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д-д холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

36,542,016 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Нисэх 8 дугаар гудамж, *** тоот хаягт байрших 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт Д- нь зөвшөөрөлгүй амьдарч байгаа бөгөөд удаа дараа газар суллаж өгөхийг шаардсан боловч газрыг чөлөөлж өгөөгүй. Иймд дээрх газрыг Д-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

1.2. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь захиргааны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр байшин барьсан нь хууль бус юм.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх 8 дугаар гудамж, *** тоот хаягт байрших газрыг Д- би гэр бүлийн хамт 2007 оноос хойш 15 жил эзэмшиж, ашиглаж, засан сайжруулж амьдарч ирсэн. Уг газрыг анх С-гээс тодорхой төлбөр төлж худалдан авсан.

2020 оноос 2022 оныг хүртэл хугацаанд тус газарт 48 м.кв талбай бүхий байшин барьж бий болгосон. Нэгэнт газраас салгаж үл болох үл эд хөдлөх хөрөнгө бий болсон, мөн удаан хугацаанд хууль ёсоор эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2. Иргэний хуульд бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах эрхийг олж авсан этгээд үүний үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Шинжээчээр үнэлүүлэхэд миний барьсан байшинг 36,542,016 төгрөгөөр үнэлсэн. Иймээс А-гээс энэ маргаж буй газар барьсан байшингийн үнэ 36,542,016 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 10-р хороо, Нисэх 8 дугаар гудамж, *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2206009*** дугаартай, 000363203 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Д-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч А-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-гээс 36,542,016 төгрөг гаргуулж, хариуцагч Д-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,750 төгрөгөөс 498,610 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д, нэхэмжлэгч А-гээс 498,610 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 140 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж хариуцагч Д-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх хариуцагч Д- нь маргаан бүхий газрыг эзэмших талаар А-гээс зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн атлаа тухайн газар дээр зөвшөөрөлгүй барьсан Д-ыг өөрийн өмч хөрөнгөө өмчлөх ашиглах эрхгүй болох учир үнийг нь нэхэмжлэгчээс гаргуулна гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч газраа чөлөөлүүлэхээр шүүхэд маргаж байх хугацаанд тус газарт байшин баригдсан.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн үнэлгээг зөвшөөрөлгүй маргаж тухайн байшин барихад орсон материалын үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасан байхад хүсэлтийг хангаагүй атлаа нэхэмжлэгчийг үнэлгээнд маргаагүй гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн.

Мөн шүүх Д- нь 2007 оноос энэ газарт амьдарч байгаа тул газрыг өөрийн эзэмшлийн гэсэн итгэл үнэмшлийн үндсэн дээр дээр нь байшин барьсан үндэслэлээр буруутгах боломжгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймээс шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа газарт хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгө баригдсан. А- нь Д-г хөрөнгөөс нь холдуулж, хөрөнгөө ашиглах боломжгүй болгож, өөрөө авах санаа зорилготой. Тиймээс бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр авч байгаа бол А- төлбөрийг нь төлөх ёстой гэсэн агуулга Иргэний хуулийн 492 дугаар зүйлд нийцэж байна.

Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд, эргэлзэж байгаа бол дахин шинжээч томилох боломжтой. Хэрвээ дахин шинжээч томилуулах гэж байгаа бол өмнөх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байсан гэдгийг нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч тал энэ талаар тайлбар гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Д-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, байшингийн үнэ 36,542,016 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Учир нь зохигч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Нисэх 8 дугаар гудамж, *** тоот хаягт байрших 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмшлийн талаар маргаж, энэ хүрээнд нэхэмжлэгч нь тухайн газрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

 

3.2. Хариуцагч уг маргаан бүхий газарт 48 м.кв талбай бүхий байшинг барьж дуусгасан нь хэргийн баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ байдал маргааны зүйлд хамаарч, улмаар хариуцагч байшингийн үнийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Харин хариуцагчийн барьсан байшин нь нэхэмжлэгчийн гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, уг байшин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй байдлаас газрын бүрдэл хэсэг болох эсхүл газраас салгаж болох эд хөрөнгө эсэх талаар тодруулах ажиллагаа хийгдээгүй байна.

 

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар тэдгээрийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, мэтгэлцээнийг чиглүүлэх ажиллагааг явуулдаг.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс тодруулах, талуудыг тухайн асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/03218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ