Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай, 

улсын яллагч Н.Нарангэрэл,     

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Ц-ын  О-т  холбогдох эрүүгийн 1810016510845 дугаартай, 187/2018/0056/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-нд ..... аймагт төрсөн, .....настай, ....й, .......боловсролтой, ......, ам бүл ...... хамт, Баянзүрх дүүргийн ....дугаар хороо, ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ц-ын О  /РД:ТА95091915/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.О нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 29-24 тоотод оршин суух иргэн Ц.А-ийн гэрт 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хамт хонохдоо Iphone 6s plus загварын гар утсыг нь нууцаар хүч хэрэглэхгүйгээр авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.О нь нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 29-24 тоотод оршин суух иргэн Ц.А-ийн гэрт 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хамт хонохдоо Iphone 6s plus загварын гар утсыг нь хулгайлан авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч Ц.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Дамно ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ2-18-726 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /...680.000 төгрөгийн үнэлгээ.../ /хх-38/

           3. Скайтал ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 04/6018 дугаартай албан бичгээр ирүүлсэн орсон, гарсан яриа мессежний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-54-84/

          4. Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай охин зуны амралтаараа Монголд ирээд 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охиндоо мөнгө өгч “Ай фоне Эс-6 плюс” загварын гар утсыг 700,000 төгрөгөөр Тэди төвөөс худалдаж авсан. Орой нь нөхөр болон багын найзтайгаа гарчихаад ирье гэж гадагшаа гарсан гар утсаа үлдээгээд явсан байсан. 2018.07.09-ний өглөө 09-10 цагийн хооронд гэрт нь ороход манай хүргэн Майк, охины найз Мөнгөнжаргал 2 танихгүй залуутай гурвуулаа архи уугаад сууж байхаар нь би хар өглөөгүүр архи уулаа гээд Мөнгөнжаргалыг танихгүй залуутай нь хамт яв гэж гэрээс нь хөөсөн. Тэгээд би ажилдаа гараад явсан. Өдөр гэртээ очиход охин гар утсаа алдчихлаа, манайд ирсэн танихгүй залуу хулгайлчих шиг боллоо гэж хэлэхээр нь хамт цагдаа дээр ирж өргөдөл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

          5. Гэрч О.М-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аззаяагийн гэрт ирээд “Соёрхол” нэртэй архи 1 шилийг хувааж уугаад унтаж амарцгаасан. Өдөр 14 цагийн үед босцгооход манай найз Аззаяагийн Iphone 6s plus загварын гар утас нь алга болсон байсан. Бид нарыг босох үед бааранд танилцсан залуу байхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/    

          6. Гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би унтаад өдөр 14 цагийн үед босоход тухайн танихгүй залуу байхгүй байсан. Мөн миний Iphone 6s plus загварын гар утас алга болсон байсан. Би орой гэрээсээ гарахдаа утсаа авч яваагүй гэртээ үлдээгээд явсан юм. Миний нөхөр Майк нь баруун Африкийн иргэн бөгөөд цэнэглээтэй харагдаж байсан гэж надад хэлсэн. Намайг унтаж байхад манай аав Цогбаяр орж ирсэн байсан аавыг орж ирэхэд манай нөхөр болон найз Мөнгөнжаргал нөгөө залуу 3 архи уугаад сууж байсан чинь аав уурлаад манай найз Мөнгөнжаргал болон нөгөө танихгүй залуу хоёрыг гэрээс яв гэж хөөсөн байсан. Тэгээд нөгөө залуу гараад явсан байсан...Би энэ хэрэгт аав Баасанжавын Цогбаярыг намайг төлөөлөн хохирогчоор оролцуулмаар байна. Угаасаа манай аав гар утсыг надад авч өгсөн манай аавын гар утас гэж хэлж болно. Би өөрөө 1 жилийн дараа буцаж Монголдоо ирэх учраас энэ хэрэгт хохирогчоор оролцож чадахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/  

          7. Гэрч Ц.Э-ийн   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны зун наадмын үеэр согтуу бааранд хүнтэй танилцаад гэрт нь очоод хоносон. Маргааш нь аав нь орж согтуу орж ирээд гэрээсзэ хөөж гаргасан гэсэн, тэр үед нь гар утсаар нь ярьж байгаад ааваас нь айсандаа болоод утсыг нь өгөлгүй мартаж гараад тэгээд тэр чигтээ утсыг нь аваад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

          8. Гэрч Б.М-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...фэйсбүүк цахим хуудсанд гар утасны зар харж байгаад дээрх утсыг зарна гэсэн зарын дагуу чат бичээд утсыг хэдээр зарах вэ гэхэд зарахгүй ээ утсан дээр зөрүү авч солино гэхээр нь би өөрийн тухайн үед ашиглаж байсан 1рhопе 6s утсыг 100.000 төгрөгийн зөрүү өгч авсан. ...Энэ Ц-ын О  гэх залуу мөн байна, би энэ залуутай утсаа сольж зөрүү мөнгө өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

          9. Шүүгдэгч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өглөө үүрээр 5 цагийн үед гараад найз Аззаяагийн гэрт нь дөрвүүлээ ирсэн. Гэрт нь ороод 0,75 л- ийн 1 шил архи хувааж ууж байхад гаднаас Аззаяагийн аав Цогбаяр гэдэг хүн орж ирээд гэрээс яв, зайл гээд зодох гэж хөөсөн. Тэр үед нь би Аззаяагийн утсаар ярьж байсан учраас гэрээс нь хөөгдөж гарахдаа утсыг нь аваад гарчихсан байсан. ...гар утсыг би кодыг нь тайлуулаад 2018 оны 07 дугаар сарын сүүлээр фейсбүүк цахим хуудсанд гар утасны зар дээр зарна гэж хэлээд танихгүй эмэгтэй хүнд гар утсыг нь өгөөд оронд нь гар утас аваад зөрүү 100.000 төгрөг авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ц.О нь нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 29-24 тоотод оршин суух иргэн Ц.А-ийн гэрт 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө хамт хонохдоо Iphone 6s plus загварын гар утсыг нь  хулгайлан авч 680.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.         

Иймд шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....гар утасны хохирол 680.000 төгрөг авсан, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, түүний хувийн байдал /...23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Этүгэн дээд сургуульд оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-т  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзсэн болно.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Ц.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.       

            Ц.О-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1. Шүүгдэгч Б овогт Ц-ын О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц-ын  О-т  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Ц.О-т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Ц.О-т  сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.О-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР