| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2023/03801/И |
| Дугаар | 210/МА2024/00179 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/00179
| 2024 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2024/00179 |
А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04415 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б-т холбогдох,
2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 50,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Б- нь ХМ ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг бөгөөд тухайн компани нь биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй байсан. Би гадаад улс орноос биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, худалдан борлуулахаар зохих бэлтгэл ажлыг хангах үүднээс түүнтэй зарын дагуу холбогдоход компанийнхаа хувьцааг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулах замаар компанийн эрхийг шилжүүлэхээр санал болгосон.
2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан нотариатаар батлуулж, бүртгэлийн газарт зохих баримтуудыг хүргүүлж бүртгүүлсэн ба гэрээний төлбөрийг бүрэн төлсөн.
Гэтэл Улсын их хурлаас 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 13.16 дахь заалтыг хүчингүй болгосноор тухайн үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй болсон байхад биднийг төөрөгдүүлэн гэрээ хийж компанийн эрхээ шилжүүлсэн байна. Энэ тухай мэдсэн даруйдаа Б-т мэдэгдэхэд тодорхой хариу өгөөгүй тул Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт 2023 оны 3 дугаар сард хандан зохих лавлагааг хүссэн. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус байгууллагаас албан бичгээр ирүүлсэн хариундаа Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх чиглэлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй талаар дурдсан.
Төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон байхад бидний төөрөгдүүлэн, улмаар компанийнхаа хувьцааг худалдан борлуулсан байх тул Б-тай байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний зүйлийн үнэ болгон төлсөн 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга
Талууд 2022 онд анх компанийг худалдах, худалдан авахаар харилцаж эхэлсэн ба 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан. Улсын их хурлаас ямар хууль баталж, хүчингүй болгож байгаа талаар урьдчилан мэдэх боломжгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хууран мэхлэлт, төөрөгдөлд оруулах асуудал байгаагүй.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 2010 онд батлагдсан, өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.9.1, 15.9.2, 15.9.3-т тус тус зааснаар энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай байсан.
Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А-, Б- нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Б-аас 50,000,000 төгрөг гаргуулах тухай А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 478,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга
4.1. ХМ ХХК нь өөрийн хөрөнгийн хэмжээг 11,400,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаатай хэмээн тодорхойлсон байдаг. Харин хувьцаагаа 50,000,000 төгрөгөөр худалдсан. Хувьцааны үнэ өсөх болсон үндсэн шалтгаан нь ХМ ХХК нь биологийн идэвхт бүтээгдэхүүн хангах нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсанд оршино.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ХМ ХХК-ийн захирал А-өд ирүүлсэн 01/640 дугаартай хариу албан бичгийн агуулгаар энэ төрлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл шаардлагатай гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байгааг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Тухайн хариу бичигт Зөвшөөрлийн тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх чиглэлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон хэмээн тодорхой дурдсан байхад анхан шатны шүүх уг тусгай зөвшөөрөл гэрээ байгуулагдах үед хүчинтэй байсан гэж буруу дүгнэсэн.
4.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Тодруулбал: ..гэрээгээр тохирсон хувьцааг шилжүүлэгч тал хүлээлгэн өгсөн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байх тул... хэмээн дүгнэхдээ эрх бүхий байгууллагуудаас гаргаж буй бичиг,баримт, гэрчилгээнүүдийн мэдээллийн агуулгад тухайлан ач холбогдол бүхий байдлаар үнэлж цэгнэсэнгүй.
Улсын бүртгэлийн гэрчилгээгээр хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг тодорхойлохоос бус тусгай зөвшөөрлийн хүчинтэй эсэхийг тодорхойлох боломжгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн хувьд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрөл бүхий компанийн хувьцааг худалдан авахаар анхнаасаа худалдагч буюу хариуцагч талтай тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэрээг байгуулсны дараа буюу бүртгэлийг хийлгэх явцдаа тухайн тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг мэдсэнээр ноцтой төөрөгдөлд орсон гэж үзэж байхад анхан шатын шүүх үүнийг тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.4 дугаар зүйлийн 6.4.3 дахь хэсэгт Зөвшөөрлийг хүчингүй болгосны улмаас бусдад учруулсан хохирлыг зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нөхөн төлөх-өөр хуульчилсан байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шийдвэрт өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, гомдолд тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний үнэ 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зарын дагуу биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөл бүхий ХМ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлэн утсаар харилцаж, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ээр ХМ ХХК-ийн 100 ширхэг буюу 100 хувийн хувьцааг Б-аас 50,000,000 төгрөгөөр А- худалдан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.1. Улсын Их хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 13.16 дахь хэсэг буюу Эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгодог биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн талаарх зохицуулалтыг хүчингүй болгожээ.
Үүнтэй холбоотойгоор зохигч нь дээрх худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байна.
3.2. Хариуцагч нь компанийн хувьцааг худалдан борлуулахаар нийтэд хандан зар байршуулж саналын дуудлага гаргасны дагуу нэхэмжлэгч худалдан авах хүсэл зоригоо илэрхийлснийг хариуцагч хүлээн авсан байна. Ийнхүү хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан хүлээн авах үед ХМ ХХК-ийн биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөл, энэ талаарх хуулийн зохицуулалт хүчинтэй байжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөл бүхий компанийн хувьцааг түүнд худалдаж, эрхийг шилжүүлэн өгсөн байх ба ийнхүү компанийн хувьцааг шилжүүлэх үед хариуцагчийг Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж байгаа талаар мэдэж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
3.3. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий компанийн хувьцааг хариуцагчаас хүлээн аваагүй гэж маргаж буй боловч хуулийн этгээдийн улсын бүртгэл 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шинэчлэгдэхэд биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагааны чиглэлийг хэвээр бүртгэсэн, мөн Эрүүл мэндийн яамнаас ХМ ХХК-д 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрлийн хугацаа 2027 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байсан зэрэг баримтаар уг мэтгэлцээний байр суурь үгүйсгэгдэж байна /хх 8-9/.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/640 тоот албан бичиг нь дээрх тусгай зөвшөөрөл хуулийн өөрчлөлттэй холбоотой хүчингүй болсныг тодорхойлсон байх ба гэрээний дагуу тусгай зөвшөөрөл шилжсэн эсэх үйл баримтад хамааралгүй.
3.4. Анхан шатны шүүх талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, харилцан тохиролцож байгуулсан, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж ХМ ХХК-ийн тусгай зөвшөөрөлд холбогдох заалт хүчингүй болсныг гэрээний талууд хэн аль нь мэдээгүй тул нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь хэлцлийн агуулга, сэдэлт, шинж байдал, чанар, эрхийн талаар ноцтой төөрөгдөлд ороогүй, мөн хариуцагч түүнийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
3.5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд тусгагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зөвшөөрлийг хүчингүй болгосны улмаас бусдад учруулсан хохирлыг зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нөхөн төлнө гэж заасан нь энэ маргаанд хамаарахгүй болохыг дурдвал зохино.
4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.БАДРАХ