| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0070/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Б.Гүнсэл,
хохирогч Д.М ,
шүүгдэгч Д.Мө, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Д-ийн М-д холбогдох эрүүгийн 1810000000849 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ....-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, .... мэргэжилтэн ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт, Булган аймгийн Булган сумын .... дугаар баг, Жаргалантын .... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Баянмонгол хороолол, .... тоот хаягт түр оршин суух, Ө овогт Д-ийн М-д /РД:......../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Мө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэн ухаан техникийн их сургуулийн харъяа Механик инженерийн сургуулийн баруун талын автомашины зам дээр иргэн Д.М тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж биед нь хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Мө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэн ухаан техникийн их сургуулийн харъяа Механик инженерийн сургуулийн баруун талын автомашины зам дээр иргэн Д.М тэй Мөнхжаргал нь Ганхуягийг өмөөрч маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж биед нь хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.Мө-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... 2018 оны 11 дүгээр сарын 18 өдөр шөнө 01 цагийн үед ШУТИС-ийн оролцоо явж байгаад манай найз Ганхуяг, Мягмарүрэнтэй маргалдсан. Тухайн үед би Мягмарсүрэн, Ганхуяг хоёрын хоорондох маргааныг салгах гэсэн боловч Мягмарсүрэн миний толгойн дагз руу цохьсон. Энэ хэрэг гарсан шалтгаан хохирогчоос болсон гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 21 цагийн үед найз Ганхуягтэй Чингэлтэй дүүрэгт байрлах “Чингис” бааранд уулзахаар болсон. Тэгээд Ганхуягтай уулзаад байж байхад Мөнхжаргал удалгүй орж ирээд бид нар барилгын ажлын талаар ярилцсан. Бид нар 00 цагийн үед “Чингис баарнаас гараад Ганхуяг бид хоёр маргалдсан. Гэтэл Мөнхжаргал дундуур орж ирээд надтай маргалдсан. Мөнхжаргал миний хамрын яс хугалсан. Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ зөвхөн миний хамар луу 1-2 удаа цохьсон гэж худлаа мэдүүлэг өгч байна. Энэ хэрэг гарснаас хойш Мөнхжаргал надаас уучлал гуйж, эмчилгээний зардал өгөөгүй. Би Мөнхжаргалаас эр хүний хувьд надаас уучлал гуйсан бол би заавал шүүх цагдаагийн байгууллагаар явахгүйгээр шийдэх боломжтой байсан. Тиймээс маш их гомдолтой байна. Би эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Д.М гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тухайн үед Ганхуяг ганцаараа сууж байсан ба намайг очоод удаагүй байхад гаднаас Ганхуягийн найз Мөнхжаргал гэх залуу ирсэн. Ингээд Мөнхжаргал та хоёр хоорондоо танилцаад Ганхуяг, Мөнхжаргал бид гурав 500 граммын савалгаатай пиво 5-6 шилийг уусан. Шөнө 00 цаг өнгөрч байхад бид гэртээ харихаар пабаас гарцгаасан. Пабд байхад Ганхуяг бид хоёр маргалдсан болохоор би пабаас түрүүлж гараад, гэртээ харих такси барих гээд зам дагаад алхаж байхад Ганхуяг, Мөнхжаргал хоёр нэг эрэгтэй хүнээр Мөнхжаргалын машиныг жолоодуулчихсан ирснээ “суучих гэрт чинь хүргээд өгье” гээд байсан. Ингээд би Мөнхжаргалын машины баруун хойд талд суусан. Замдаа явж байхад Ганхуяг бид хоёр барилгын ажлаас болж дахин маргалдсан. Тэгтэл Мөнхжаргал нь Ганхуягийг өмөөрөөд надтай маргалдсан. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн баруун талын авто замын орчимд явж байхад Мөнхжаргал машинаа гэнэтхэн зогсоогоод баруун хойд талын хаалгыг гаднаас нээгээд миний хамар орчимд гараараа 2-3 удаа цохиход нь хамраас их хэмжээний цус гараад би ухаан балартсан. Би машинаас буугаад Мөнхжаргалыг урдаас тэвэрч автал тэрээр хамар орчим руу 1-2 удаа цохиход нь би түүнтэй зууралдаад цус нөжтэйгээ холилдож байхад Ганхуяг нь Мөнхжаргал бид хоёрыг салгасан. Тэр хооронд Мөнхжаргал машиндаа суугаад явчихсан. Харин Ганхуяг таксигаар намайг гэрт хүргэж өгсөн. Маргааш өглөө нь сэртэл хамар амьсгаа авч болохгүй, тархи толгой өвдөөд байхаар нь өвчин намдаах эм ууж 2 хоносон. М-д зодуулсандаа гомдолтой байна. ЭМЖЖ чих, хамар, хоолойн эмнэлэгт хамрын хагалгаанд ороход эмчилгээний зардал 3.000.000 орчим төгрөг болно гэсэн. Эмчилгээний зардлыг Мөнхжаргалаас нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13845/-ний дүгнэлт:
-Д.М гийн биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлйин нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 17/
5. Шүүгдэгч Д.Мө-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Тухайн үед Ганхуяг тус пабд Мягмарсүрэнтэй сууж байсан. Ингээд Мягмарсүрэнтэй танилцаад Мягмарсүрэн, Ганхуяг бид гурав тус 3-4 шил пиво уугаад шөнө 00 цагийн үед пабаас гарсан. Мягмарсүрэн гэртээ харина гээд түрүүлээд явсан ба Ганхуяг бид хоёр дуудлагын жолоочоор машинаа бариулаад явах гэтэл Мягмарсүрэн зам дагуу явган явж байсан. Ингээд түүнийг гэрт нь хүргэж өгье гээд машиндаа суулгасан. Мягмарсүрэнг хүргэж өгөх гээд явж байхад Мягмарсүрэн нь Ганхуяг руу “ чи хүн биш болсон, мөнгөний төлөө яахаас ч буцахаа байж” гээд яасан гэж асуухаар дахин дахин нэг зүйлээ давтаж яриад агсраад байхаар нь би тэдний дундуур ороод Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Механик инженерийн сургуулийн баруун талын уулзварын орчимд дуудлагын жолоочоор машинаа зогсоолгосон. Тэгээд Мягмарсүрэнг “машинаас буучих” гэж хэлтэл тэрээр “чи намайг машинаасаа буулгадаг хэн бэ, гөлөг нохой” гэж байснаа миний ар дагз руу гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний нүүр рүү чиглүүлж байгаад гараараа /машинд харанхуй байсан болохоор нүүрний аль хэсэгт цохисноо мэдэхгүй байна/ 2 удаа цохьсон. Ингээд би машинаас буутал Мягмарсүрэн ч гэсэн машинаас буусан. Тухайн үед Мягмарсүрэнгийн хамраас цус гарсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мө нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.Мө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэн ухаан техникийн их сургуулийн харъяа Механик инженерийн сургуулийн баруун талын автомашины зам дээр иргэн Д.М тэй Мөнхжаргал нь Ганхуягийг өмөөрч маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж биед нь хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.Мө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Үндэсний хөгжлийн газарт ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан Д.Мөыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзэв.
Хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлъя.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Д-ийн Мө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө овогт Д-ийн Мө-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Мө-д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Д.Мө-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Мө-д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Мө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР