Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00280

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00280

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/03622 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

39,721,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А- нь Б ХХК-тай орон сууц захиалах гэрээг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 39,721,800 төгрөг төлсөн. Барилга хугацаандаа ашиглалтад ороогүй учраас хариуцагч компанийн удирдлагатай уулзан гэрээг цуцлах санал гаргасныг талууд харилцан тохирч гэрээ цуцалсан протоколыг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үйлдэн тамга дарж баталгаажуулсан.

Хариуцагч гэрээ цуцлах протокол үйлдсэн өдрөөс хойш 180 хоногийн дотор 39,721,800 төгрөгийг буцааж төлөхөөр тохиролцсон. Гэвч одоог хүртэл төлсөн төлбөрийг буцааж өгөөгүй. Иймд Б ХХК-аас 39,721,800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн талаас тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас нийт 39,721,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгт хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мөнхмандахын улсын тэмдэгт хураамжийг урьдчилан төлсөн 356,559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгт хураамжид 356,559 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д- нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа гарсан бөгөөд А-ын нэхэмжлэлтэй шүүх хурлын товыг мэдэгдээгүй, тухайн ажлаа хүлээлгэн өгөөгүй ажлаасаа гарсан тул 2023 оны 11 дүгээр сарын 15-ны шүүх хуралд байгууллагын зүгээс шинээр итгэмжилсэн төлөөлөгч томилж оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

4.2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасанчлан мэтгэлцэх зарчмаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасанчлан зохигчдын биечлэн оролцох эрхээр болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхээр хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн Б ХХК-аас 39,721,800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 356,559 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-ад олгосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- хариуцагч Б ХХК-д холбогдуулан 39,721,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасанд хариуцагч тайлбар, татгалзал гаргаагүй.

 

3. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Б ХХК нь Баянзүрх дүүргийн 5-р хороо, Поларис апартмент-3 орон сууцны хотхоны Д блок, 1-р орц, 11-р давхар, 11** тоот хаягт 53.92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж, ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх, А- нь орон сууцны үнэ 97,056,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

3.1. Улмаар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б ХХК болон А- нь орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзах баримт бичгийг үйлдэж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 39,721,800 төгрөгийг гэрээ цуцалснаас хойш 180 хоногийн дотор Б ХХК нь нэхэмжлэгчид буцаан олгохоор тохиролцжээ.

Ийнхүү талууд гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлж өгсөн мөнгөн хөрөнгө болох 39,721,800 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй боловч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардаж буй нэхэмжлэлд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын зохицуулалтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгсөн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

4. Хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.1. Анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 07 дугаар сарын 31-ний өдөр гардуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

Түүнчлэн шүүх 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх 90 хоногийн хугацаанд хариуцагч нь хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх замаар мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

 

Иймд хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, анхан шатны шүүх мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

4.2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д- ажлаас гарсантай холбоотойгоор 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд шинээр төлөөлөгч томилж оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн агуулгатай хариуцагчийн гомдлыг хангахгүй.

Учир нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б ХХК нь зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д- хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ба өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах шаардлага үүссэн талаар хүсэлтэд дурдаагүй /хх 60/.

Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/03622 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ