Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 269

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Г.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан иргэн Б.Пын нэхэмжлэлтэй, Б дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох "...Б дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хороонд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Нэхэмжлэгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар бид доор дурдсанаар эвлэрэн хэлэлцэв.

1. Нэхэмжлэгч Б.П нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажилд эгүүлэн томилуулах шаардлагаас татгалзав.

2. Хариуцагчийн төлөөлөгч 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг хүлээн зөвшөөрөв. Нөхөн олгох цалингийн дүн 4.552.633 /дөрвөн сая таван зуун тавин хоёр мянга зургаан зуун гучин гурав/ төгрөг болохыг 2 тал харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.П болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар нь тус шүүхэд хянагдаж байгаа "...Б дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/*5 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийн талаар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж, ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.П болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.П болон хариуцагч Б дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Пын нэхэмжлэлтэй, Б дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар харилцан тохиролцож, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Ганбаярт даалгасугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.ЧАНЦАЛНЯМ