Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | О.Зандраа |
Хэргийн индекс | 128/2015/0392/з |
Дугаар | 001/ХТ2016/0092 |
Огноо | 2016-03-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2016/0092
“М о” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 731 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “М о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.А, Ж.Я нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “М о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М о” ХХК-ийн захирал Б.Т би татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Борлуулалт гэдэг нь барааг бусдын өмчлөлд төлбөртэйгээр шилжүүлэх, ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэх”-ийг хэлнэ, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 3-т “харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнэ тарифаар хоорондоо бараа борлуулсан бол” нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг үндэслэн тодорхойлно гэсэн нь тус хуулийн заалтуудыг үндэслэлгүй, буруу хэрэглэн тооцсон гэж үзэж байна.
Учир нь “М о” ХХК ба “М т” ХХК нь харилцан хамаарал бүхий этгээдүүд бөгөөд ямар нэгэн борлуулалт хуулийн дагуу хийгдээгүй байхад “779.393.200.0 төгрөгийн дуусаагүй барилга гэх барааг харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй хоорондоо шилжүүлсэн” гэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу харилцан хамаарал бүхий этгээд боловч бараа борлуулаагүй байхад борлуулсан гэж үзэж байгаа нь дуусаагүй барилгыг эдүгээ татвар ногдох орлогод тооцох хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй бөгөөд татвар ногдох орлогод тооцогдохгүй юм.
Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210003853 тоот актын 2 дахь хэсгийн дуусаагүй барилгад 779,393,200.0 төгрөгийн татвар ногдох орлогод тооцсон заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ж.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улсын төсвийн орлого, хяналтын газартай харьцдаг, 2566567 регистрийн дугаартай “М о” ХХК-ийн 2011-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн Хяналт шалгалтын татварын улсын байцаагч Ж.Я, Д.А нар шалгалт хийж, 210003853 тоот актаар 7.709.376.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан. “М о” ХХК нь шалгалтаар ногдуулсан төлбөрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсан.
Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа “М о” ХХК-ийн бүртгэлд байсан 779.393.200.0 төгрөгийн дуусаагүй барилгыг харилцан хамааралтай “М т” ХХК руу шилжүүлсэн үйлдэлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Дараах тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифийг үндэслэн тодорхойлно”, 9.2.3-т “харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийнхээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн” гэж заасны дагуу дуусаагүй барилгын өртгөөр зах зээлийн үнийг тодорхойлон албан татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гарсан.
Тус компанийн шилжүүлсэн хөрөнгөд татварын маргаан таслах зөвлөлийн гаргасан тогтоол байцаагчийн ногдуулсан төлбөрийг баталгаажуулж байна” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 731 дүгээр шийдвэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М о” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210003853 тоот актын 2 дахь хэсгийн дуусаагүй барилга гэх 779,393,200.0 төгрөгийн татвар ногдох орлогод тооцсон заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг илтэд хохироосон шийдвэр гаргасан тул дараах гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зуйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль уйлчилнэ” гэж зааснаар зөвхөн борлуулалт биш бусад үйл ажиллагаанд энэ хууль хэрэглэгдэхээр байна ...” гэж дурдсан нь ойлгомжгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нь үйлдвэрлэгч этгээд эд зүйлийн үндсэн шинжийг өөрчилж, ашигтай байх чанарыг нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүн болгох зорилгоор өөрөөсөө тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулснаар эцсийн бүтээгдэхүүн болгож бусдад төлбөртэйгээр шилжүүлэхдээ өөрийн зарцуулсан зардлыг тухайн бүтээгдэхүүний үнэ дээр нэмж тооцсон өртгөөс зохих хувийг улсад татвар болгон төлөхийг ойлгодог.
Аливаа хуулийн зүйл заалтыг шүүх хэрэглэхдээ Монгол хэлний шууд агуулгаар ойлгож хэрэглэдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгээр шилжүүлэх...”, 4.2-т “... бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг...” ойлгоно гэж тодорхойлон заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн шилжүүлж буй баригдаж дуусаагүй барилга нь нэмүү өртгийг бий болгоогүй, бусдад төлбөртэйгээр шилжүүлээгүй, нэг өмчлөгчийн хөрөнгө нэгээс нөгөөд /“М о” ХХК-аас “М т” ХХК-д/ шилжүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдсоор байхад хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргажээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-т “... бараа ажил үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн бол ... нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй ...” гэж заасан хуулийн заалтыг мөн л буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн шилжүүлж буй дуусаагүй барилга нь “М т” ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдсан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэх зориулалттай, шатах, тослох материал хадгалах агуулахын барилга байсан бөгөөд харилцан хамаарал бүхий этгээдүүд түүнийг ямар нэг хариу төлбөргүйгээр хоорондоо шилжүүлж байгаа нь үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашиглах зориулалттай эд хөрөнгө юм. Хэрэв шүүхээс нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн ч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөлийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтуудыг удирдлага болгон шийдвэр, магадлал гаргах байсан.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Энэ хэргийн нэхэмжлэгч “М о” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд“ гэж үзнэ:”, 6.1.1-д “энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг;”, 6.1.2-т “ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй;”, 6.1.3-т “аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог” гэж зааснаар “М т” ХХК-тай харилцан хамаарал бүхий этгээд мөн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа болох 779,393,200.0 төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилгад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй байна.
Татварын улсын байцаагч нар “М о” ХХК-ийн 2011-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, “М о” ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан 779,393,200.0 төгрөгийн дуусаагүй барилгыг өөрийн харилцан хамаарал бүхий “М т” ХХК-д үнэгүй шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих ... хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр ... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ:”, 17.2-т “... хуулийн этгээд ... нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй ... уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ” гэж зааснаар 77,439,320.0 төгрөгийн нөхөн татвар, 38,969,660.0 төгрөгийн торгууль, 233,818.0 төгрөгийн хүү ногдуулж, 2014 оны 210003853 дугаар актыг үйлджээ.
“М о” ХХК-аас “М т” ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлсэн 779,393,200.0 төгрөгийн дуусаагүй барилга нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох зүйл мөн бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т “бараа ,ажил, үйлчилгээг харилцан солилцсон;”, 9.2.3-т “харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийнхээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн” гэсэн заалтад хамааруулж, дуусаагүй барилгын өртгөөр зах зээлийн үнийг тогтоож нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан татварын улсын байцаагч нарын 2014 оны 210003853 дугаар акт хуулийн үндэслэлтэй гарсан байна.
Мөн дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж зааснаас үзэхэд “М о” ХХК-ийн харилцан хамаарал бүхий этгээдэд үнэгүй шилжүүлсэн 779,393,200.0 төгрөгийн дуусаагүй барилгад ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар нь татвар ногдох орлогоос чөлөөлөгдөхгүй юм.
Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ““бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг;”, 4.1.4-т ““аж ахуйн үйл ажиллагаа” гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;”, 4.1.8-д ““үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг;” гэж зааснаар ашиг олох зорилгогүйгээр барааг харилцан хамаарал бүхий этгээдүүд өөр хоорондоо үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн тохиолдолд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Дараахь тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг харъяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно:” гэсэн заалтын дагуу харъяалах татварын алба үнэлгээг тодорхойлж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан, эдгээр нь хуулийн нарийвчилсан зохицуулалт тул “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг ... буруу тайлбарлан шийдвэр гаргасан...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч татварын улсын байцаагч нарын 2014 оны 210003853 дугаар актын 2.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай “М о” ХХК-ийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн заалтыг хэрэглэж, дээрх төлбөр тогтоосон актын дүнг 38,969,660.0 төгрөгийн торгууль, 233,818.0 төгрөгийн хүү, нийт 39,203,478 төгрөгөөр багасгаагүй нь буруу юм.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 731 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар магадлалын Тогтоох хэсгийн “1” гэсний дараа “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, ...” гэсэн нэмэлт оруулж, “... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “... нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагч нарын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 210003853 дугаар актын 2.2 дахь хэсгийн төлбөрийн дүнг 39,203,478 төгрөгөөр багасгасугай.” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ О.ЗАНДРАА