Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1226

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03116 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 24 470 978 төгрөг, 2 553 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХ нь Хны Сүхбаатар салбарын "Их тойруу" тооцооны төвд теллерээр ажиллаж байхдаа 2010 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 09-ний хооронд нийт 135 гадаадын иргэдийн данснаас 139 удаагийн үйлдлээр 35 785 978 төгрөг, 2 553 ам.долларыг хувьдаа завшсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн 201301040948 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 761 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон.

ХХ нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хохиролд нийт 11 315 000 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн төлбөрийг барагдуулаагүй тул ХХаас 24 470 978 төгрөг, 2 553 ам.доллар гаргуулахаар нэхэмжилсэн. Аудиторын төлбөрийн актаар ХХд 35 785 978 төгрөг, 2 553 ам.долларын төлбөр тавигдсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай банкны 5028001601000000 дугаартай авлагын дансанд ХХаас 8 000 000 төгрөг тушаасан, 2012 оны 09 дүгээр сарын 30-нд ХХын нөхөр ХХХХХийн 5028358899 дугаартай данснаас 1 304 452 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3 315 000 төгрөг төлбөрт суутгасан учир үнийн дүнг хасч ХХаас 23 166 526 төгрөг, 2 553 ам.доллар болгож багасгаж нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаанд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр банкны гүйлгээний анхан шатны баримт байхгүй гэдэг үндэслэлээр 18 022 657 төгрөгийг завшсан нь тогтоогдохгүй байна гэж үзээд зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарч байсан. Эрүүгийн хэргийг шалгаж байх үед шүүх шинжилгээ, криминалистикийн шинжилгээний төвд анхан шатны орлого зарлагын баримтуудыг хүргүүлээд гарын үсэг загвар нь жинхэнэ эсэх, ХХ хуурамчаар зурсан байна гэдгийг шалгуулахад ХХ дуурайлган зурсан байна гэж үзсэн. Харин зарим баримтууд нь олддоггүй. Өөрөөр хэлбэл 18 022 657 төгрөгийн баримт байхгүй, харьцуулсан шинжилгээний загвар байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл манай байгууллагын банкир гэдэг программ дээр бүх мэргэжилтэн нараа байлцуулаад үзэхэд 139 биш бараг 500-600 удаа хандалт хийсэн байсан.

Манай компани ХХыг анх теллерээр ажилд аваад 2853 гэсэн нууцлалын маш өндөр зэрэглэлтэй дугаар өгсөн. Энэ хүнээс өөр хэн ч мэдэхгүй. Энэ дугаараар нэвтэрч орж үзээд удаан хөдөлгөөн ороогүй байхад данс байвал мөнгөний зарлага гаргадаг. Сүүлдээ зарлагын баримт бараг үйлдэхээ больсон. Магадгүй эхнээсээ зарлагын баримтгүй авсан бол прокурор үүнийг гэмт хэрэг биш гэж үзэх байсан гэж бодож байна. Зүгээр санхүүгийн баримт олдсон дээр нь тогтоол үйлдээд санхүүгийн баримтгүйг нь шууд хэрэгсэхгүй болгосон.

Арилжааны банк харилцагчийн эхний шаардлагаар мөнгийг нь гаргаж өгөх ёстой. Ийм учраас манай банк 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 502800160100003 гэсэн авлагын данс үүсгээд энэ хүмүүсийн бүх мөнгийг буцааж байршуулснаас ХХХХХХ гэдэг хүнээс 56 ам.доллар гаргасан байсныг буцаахад дансаа хаалгасан байсан. Бүх дансанд буцаалт хийхдээ 11 удаагийн долларын гүйлгээг данс руу нь буцааж хийсэн өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлээд ХХын нэр дээр 39 327 328 төгрөгийг авлага үүссэн.

Өмнө хэлснээр нөхрийнх нь данснаас 2 удаа төлөлтөөр нийт 4 619 452 төгрөг хасагдаад 34 707 876 төгрөг болж бүртгэгдсэн байсан. Хариуцагч 8 000 000 төгрөгийг бэлнээр төлснийг хасвал 26 707 876 төгрөг үлдэнэ үүнээс өөрийнх нь яриад байдаг 800 000 төгрөг, 500 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг багасгах өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд зөвшөөрч хасахаар 25 407 876 төгрөг болж байгаа. Нотариатын зардал шаардах баримтууд хуулийн дагуу бүрдүүлж өгөөгүйгээс нэхэмжлэх эрхээ алдсан тул өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаасаа ам.доллар гэдгийг нь хасаад ХХаас 25 407 876 төгрөгийг төгрөгийг гаргуулж өгнө үү" гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Миний гэм буруутай үйлдлийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд анхнаасаа 35 785 978 төгрөгийн хохирол учирсан гэж өргөдөл гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдсан. Эрүүгийн хэргийн шатанд шинжээчийн дүгнэлт буюу бусад бичиг баримтаар 15 734 308 төгрөг, 1 651.84 ам.долларын хохирол тогтоогдож байна гэсэн бөгөөд үлдэх хохирлыг тогтоогоогүй байхад нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний ажлын хариуцлагагүй үйлдлээс болсон гэж үзэн эрүүгийн хэргийн шатанд нийт 12 815 000 төгрөгийг төлж барагдуулсан, үүнийг 11 315 000 төгрөг төлсөн гэж байгааг мөн зөвшөөрөхгүй байна. Эцэст нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болгосон бөгөөд хэргийн улмаас 2013 оноос эхлэн шалгагдаж, гарсан хохирол төлбөрийг өөрийн боломж бололцоогоор төлж барагдуулсан болно. Одоо миний бие эрхэлсэн ажилгүй, 2 хүүхэд, нөхрийн хамт амьдарч байгаа, төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Мөн Х дахь нөхөр ХХХХХийн данснаас 2012 оны 09 дүгээр сарын 30-ны 1 304 452 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3 315 000 төгрөг, бэлнээр 800 000, 500 000 төгрөг тушаасан, нийт 5 919 452 төгрөгийн зөрүүг нэмж тооцуулна.

Зарлагын баримт байхгүй гүйлгээ хийсэн зүйл байхгүй бүгд шинжээчийн дүгнэлтээр орсон. Өдөр хийсэн гүйлгээгээ орой явахдаа баримттай нь хамт наагаад ахлах теллерт өгдөг. Криминалистикийн шинжилгээний үед теллер хэсэг дээрх харилцагч гэсэн гарын үсгийг миний гарын үсэгтэй харьцуулж өгөөч гэхэд боломж байхгүй гэж байсан. Сүхбаатар дүүрэг Их тойруу салбар олон хүний хөдөлгөөний газар учраас нэг хүн бичиг баримтаа барьж ирээд миний дансанд хэдэн төгрөг байна ямар гүйлгээ орсон байна гэхэд шалгаж өгөх үүрэгтэй. Би 8 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Мөн 3 315 000 төгрөг, 1 300 000 төгрөг, 500 000 төгрөг, 800 000 төгрөг тус тус төлсөн. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 15 734 308 төгрөг, 1 651 ам.доллараас төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүн нь 1 459 300 төгрөг, доллар нь 1 651 ам.доллар болно. Ам.доллараа төгрөгт шилжүүлбэл 651*1402= 2 314 702 төгрөг болно. Ингээд нийт 3 774 101 төгрөгийн үлдэгдэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 7 289 454 төгрөгийг төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус хариуцагч ХХаас гэм хорын хохиролд 7 285 002 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 122 874 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч "Х" ХХК улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХХаас улсын тэмдэгтийн хураамжид 194 375 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсанчилан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу манай банкны зүгээс ХХын нэр дээр үүсгэсэн авлагын дансны хуулгыг ХХын завшсан мөнгийг банк өөрийн хөрөнгөөс буцаан харилцагчдын данснуудад байршуулсан баримтын хамт, мөн банкинд ашиглагддаг "Банкс" программаас ХХ нэр бүхий 135 гадаадын иргэдийн данснаас мөнгийг хэрхэн гарган авсан талаарх бүх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан анхан шатны шүүхэд гаргаж өгөн шүүх хуралдааны явцад тодорхой, дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн боловч анхан шатны шүүхээс эдгээр баримтуудад ямар нэг үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн.

ХХын теллерээр ажиллаж байхдаа хэрхэн 135 гадаадын иргэдийн данснаас мөнгийг гаргаж авсан, түүний хэрэглэж байсан 2853 теллерийн дугаараар хийсэн үйлдлүүд банкны гүйлгээний программ болох "Банкс"-т бүгд хадгалагдаж үлдсэн байдаг. Энэ программд мэдээллийн технологийн мэргэжилтэн байлцуулан албан ёсоор үзлэг хийн баримтжуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан.

ХХд холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, хохирлын хэмжээг эрүүгийн хэргийн шүүхээс тодорхой тогтоогоогүй байхад иргэний хэргийн анхан шатны шүүх зөвхөн прокурорын шатанд өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон хэргийн үйл баримтыг үндэслэн энэ хэргийг шийдсэн нь үндэслэлгүй, нэг талыг барьсан шийдвэр болсон гэж бидний зүгээс үзэж байна. Иймд ХХаас 25 407 876 төгрөг гаргуулж манай банкинд олгуулахаар шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч ХХд холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж 25 407 876 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

            Нэхэмжлэгч  25 407 876 төгрөг шаардсанаа дотоод аудиторын төлбөрийн актаар тогтоогдсон хохирлын хэмжээ гэж тайлбарласан ба хариуцагч уг дүнг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэхгүй, шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр 18 122 874 төгрөгийн хохиролд  ХХын гэм буруутай үйлдэл хамааралтай, үлдэх хэсгийг ХХаар төлүүлэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

              Хариуцагч ХХ нь “Х” ХХК-ийн Сүхбаатар салбарт теллерээр ажиллах хугацаандаа харилцагчийн данснаас гүйлгээ гаргах замаар мөнгөн хөрөнгө завшсан үйлдэлдээ эрүүгийн журмаар шалгагдсан, 35 785 978 төгрөгийн хохирол учруулсан тухай банкны гомдлоос шинжээчийн дүгнэлтээр 18 122 874 төгрөгийн хохирол нь ХХын гэм буруутай үйлдэл холбоотой талаар мэргэжлийн шинжээч дүгнэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

            Хариуцагчаас эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 12 619 452 төгрөгийг төлснөө баримтаар нотолсон, мөн 500 000 төгрөг, 800 000 төгрөгийг төлсөн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй, төлбөрөөс хасаж тооцохыг зөвшөөрсөн байна.

            Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч ХХыг банкны “Банкс” программд нэвтэрч 35 785 978 төгрөгийн хохирол учруулсан нь дотоод аудитын актаар тогтоогдсон гэж тайлбарласан боловч уг асуудал нь ХХд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгах явцад мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үйл баримт байх ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ шалгаж тогтоогоогүй шинэ үйл баримтын талаар дурдаагүй байна.

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзэхээс гадна Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан 35 785 978 төгрөгийн гэм хорын хохирлыг арилгах үүрэг хариуцагчид үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хариуцагчийн төлсөн төлбөрийн хэмжээг зөв тооцоогүй байна.

            Зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар хариуцагч ХХаас 13 919 452 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон, уг дүнг төлбөл зохих 18 122 874 төгрөгөөс хасч тооцоход 4 203 422 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 7 285 002 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр тогтоосон нь алдаатай байх тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж үзэв. 

            Дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагчаас гаргуулахаар тогтоосон “7 285 002 төгрөг” гэснийг “4 203 422 төгрөг” гэж, мөн Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож,  82 204 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулав. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “7 285 002 төгрөг” гэснийг “4 203 422” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “194 375 төгрөг” гэснийг “82 204 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ