Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00246

 

 

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00246

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02924 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-ын холбогдох,

55,822,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Сэндэнханд, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхбуйр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А-а нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б-тай 4 ширхэг карказан гэрийг Төв аймгийн Эрдэнэ сум Цонжин болдог гэх газар нэг гэрийг 12,500,000 төгрөгөөр тооцож нийт 50,000,000 төгрөгөөр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд барьж дуусгахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээ хийхээс өмнө 17,000,000 төгрөг, гэрээ хийсний дараа 13,822,000 төгрөг тус тус Б-ын Хаан банкны 50254091** тоот дансанд тус тус шилжүүлсэн.

Гэрээ хийсний дараа материал дутуу, ажил явахгүй байна гээд байхаар нь 13,822,000 төгрөгийг хэсэгчлэн нэмж өгсөн. Уг нь гэрээний дагуу ажлаа дуусгаж байж үлдэгдэл төлбөрөө өгөх байсан.

Мөн гэрээний 3.8 дахь хэсэгт “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан. Гэтэл Б- гэрээ хийснээс хойш нэг ч гэр хийж хүлээлгэж өгөөгүй ба гэрээний үүргийн гүйцэтгэл хангах өдрөөс хойш 169 хоног өнгөрсөн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 42,250,000 төгрөг болсон боловч хуульд нийцүүлэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 25,000,000 төгрөгийг гаргуулна.

Иймд хариуцагчаас гэрээний үнэ 30,822,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 55,822,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Анх А-а нь Н-т гэр хийж өгнө гэж хэлээд хөлсөнд нь 3,200,000 төгрөг болон 8811**** гэсэн утасны дугаар авсан байсан. А-а нь гэр хийх ажлыг хийгээгүй учраас Н- цагдаад хандаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж эхэлсэн. Улмаар А-а нь надад хандаж, “...Би танд захиалга олж өгье, олж өгсөн ажлынхаа 10 хувь авч байя... та намайг цагдаагаас салгаад өгөөч...” гэж гуйсан тул би зөвшөөрсөн. Тухайн үед надад эсгийний мөнгө гэж 5,000,000 төгрөг өгсөн. Ингээд хэд хоногийн дараа А-а 1 захиалга олж, “...10 хувийг аваад танд өгсөн 5,000,000 төгрөг хаалганы мөнгө хасаад гэрээ хийе, цагдаа дээр балраад байна...” гэхэд нь зөвшөөрч Э- гэдэг хүнтэй 55,000,000 төгрөгийн гэрээ хийж 10 хувь хасуулж, 49,500,000 төгрөгийн ажил хийхээр болсон.

А-а нь ажил олж өгөөд 10 хувийг нь авахаар боловч ажил хийгээгүй харин эсрэгээрээ надаас мөнгө авч байсан нь дансны хуулгаас харагдана. А-а нь надад 13,822,000 төгрөг өгсөн гэж байна. Энэ нь миний эд зүйлийг ломбарданд тавьж 6,800,000 төгрөг авч, үүнээс 5,700,000 төгрөг надад шилжүүлж 1,100,000 төгрөг өөртөө авсан. Уг зээлийг би одоог болтол төлж дуусаагүй бөгөөд алданги, хүү, сунгалтыг хийж байгаа болно.

Үлдсэн мөнгийг би А-ад хэсэгчлэн цувуулж өгсөн. Мөн А-а нь миний ажлын байрны зогсоолын төлбөр болох 3,600,000 төгрөгийг өөрийн хувийн дансаар авч завшсан.

А-ын ажлын хөлсөд Н-аас авсан мөнгөнөөс би ямар ч мөнгө аваагүй болно. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний гэрээ нь дүр эсгэсэн, өнгөлөн далдалсан гэрээ байсан. Харин Н- нь надтай зөвшилцөж 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 6,200,000 төгрөг, нийт гэрээ хийж урьдчилгаа болох А-ын надад өгсөн гэх 17,000,000 төгрөгийг тусгаж, мөн шилний мөнгө 1,000,000 төгрөг нэмж 18,000,000 төгрөг урьдчилгаа болгож өгсөн мэтээр гэрээ хийсэн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-аас ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд өгсөн 30,822,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 55,822,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 060 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ, түүний дагуу төлбөр төлсөн болохыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хуульд заасан үүргийн дагуу нотариатаар баталгаажуулсан гэрээ, төлбөр шилжүүлсэн банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байтал анхан шатны шүүхээс үнэлээгүйд гомдолтой байна.

Хэрэгт А-аас Б- руу шилжүүлэг хийсэн хаан банкны дансны хуулга нотлох баримтаар авагдсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойших талуудын хооронд шилжүүлсэн гүйлгээг шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д тогтоосон, гэтэл “шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулга зэргээс талуудын хооронд гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь энэхүү үндэслэл болж буй баримтыг бүрэн дүүрэн, бодитой үнэлсэн хууль зүйн дүгнэлт болоогүй.

Нэхэмжлэгч нь 4 гэрийн ажлын гүйцэтгэл хүлээн авах зорилгоор Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, талууд өөрсдийн биеэр гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Үүний дагуу урьдчилгаа төлбөрт 17,000,000 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн болохыг хариуцагч маргаагүй, түүнчлэн банкны дансны хуулгаар хариуцагчид ажлын хөлсийг хэсэгчлэн төлж байсан болох нь тогтоогддог. Мөн хариуцагчаас урьдчилгаа төлбөрт 17,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсаны дагуу хүлээн зөвшөөрсөн байтал шүүх үнэлээгүй.

Түүнчлэн хариуцагч Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь татгалзлын үндэслэлийг хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтын дагуу нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь тайлбараа баримтаар нотлоогүй буюу гаргаж өгсөн гэрээ, бусад баримт нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аливаа шалтгаант холбоо тогтоогдоогүй.

4.2. Анхан шатны шүүхээс хариуцагчийн “гэрээг дүр үзүүлэн байгуулсан” гэх тайлбарыг үндэслэн “гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтын хүрээнд бус, хариуцагчийн аливаа баримтаар нотлогдоогүй хариу тайлбарыг үндэслэл болгож, талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг огт үүсээгүй гэж дүгнэлтүүд хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь нэхэмжлэгч А-а нь Б-ад ажлын хөлсийг шилжүүлсэн, түүний хариу төлбөрт ажлын үр дүнг буцаан авах шаардлага үүссэн байтал тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж буй нь нэхэмжлэгч А-ын гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан нэхэмжлэх, эсвэл ажлын үр дүнг шаардах эрхийг үгүйсгэж буй нь нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өөр гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн хэлцэл байсан гэдгийг хариуцагч талаас тайлбарлаж, нотлох баримт гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А-а нь хариуцагч Б-ад холбогдуулан ажлын хөлс 30,822,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 55,822,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, гэрээний харилцааны үндсэн дээр нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлж өгөөгүй гэж алдаатай эрх зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар залруулна.

 

3.1. А-а болон Б- нар нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч нь Төв аймаг, Эрдэнэ сум, Цонжинболдогт карказан гэр 4 ширхэгийг барьж угсрах ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр, захиалагч нь ажлын хөлсний урьдчилгаа 17,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 33,000,000 төгрөгийг ажил дуусч хүлээлгэн өгсний дараа төлөхөөр харилцан тохиролцжээ /хх 6-8/.

Уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

Хэрэгт хариуцагч талаас ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Э-, Б- нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б.Наранбаатар, Б- нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг зэрэг нь зохигчийн байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлоогүй байна /хх 52-56, /.

 

3.2. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, гэрээ бодитоор хэрэгжээгүй учир нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талууд гэрээнээс татгалзжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө шаардах эрхтэй.

 

3.3. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байна.

Харин хариуцагчийн Хаан банк дахь 50254091** тоот дансаар хийгдсэн гүйлгээний түүхээс дүгнэхэд зохигчийн хооронд маргаж буй гэрээгээр хязгаарлагдахгүй олон удаагийн гүйлгээ хийгджээ. Эдгээрээс гэрээ байгуулснаас хойших хугацаанд нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5076778656 тоот данснаас түүний нэрээр хийгдсэн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 80,000 төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдрийн 700,000 төгрөг, мөн 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 450,000 төгрөг, нийт 6,230,000 төгрөгийн гүйлгээг А-а нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөд төлсөн гэж тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 6,230,000 төгрөгийг ажлын хөлсөд аваагүй, өөр зориулалтаар авсан гэх татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний урьдчилгаанд 17,000,000 төгрөг, гэрээ байгуулсны дараа 7,592,000 төгрөгийг шилжүүлсэн өгсөн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагчийн данс руу бусад утгаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн гүйлгээг ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд хийгдсэн гэж дүгнэх үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн талууд гэрээ хэрэгжээгүйгээс шалтгаалан гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.

3.4. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-аас 6,230,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,592,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02924 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-аас 6,230,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,592,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 437,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-ад олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

                      ШҮҮГЧИД                                    М.БАЯСГАЛАН

 

                                                                           Т.БАДРАХ