| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0074/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Б.Баярхүү /томилолтоор/,
шүүгдэгч С.Л , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт С-ийн Л-д холбогдох эрүүгийн 1810016610004 дугаартай, 187/2019/0074/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1.... оны ... дугаар сарын .....-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ..... хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У овогт С-ийн Л /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
С.Л нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэг, 36-2 тоотод Х.Оюундоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Л нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэг, 36-2 тоотод Х.Оюундоржийг “охиныг минь гичий гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа алгадаж, толгой дээрээс нь пиво асгаж, газар унагааж нүүр рүү болон хамар руу нь гараараа нэг удаа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.Л ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л манайд 6 настай охиноо дагуулаад орж ирсэн. Тэгээд нэг пивоо задалчих гэхээр нь би задалсан. Пиво ууж байхдаа Л 6 настай “хүүхэддээ пиво аягалж өгөөд байхдаа яадаг юм бэ, чи пиво уудаг яадаг муу гичий бэ” гээд хэлчихсэн. Тэгтэл Л хүүхдийг минь гичий гэж хэллээ гээд намайг нүүр рүү гараараа алгадаж, толгой дээрээс пиво асгаад байхаар нь би гэрээсээ гараад гүйсэн чинь араас гарч ирээд намайг газар унагаагаад нүүр рүү гараараа нэг удаа цохиж, хамар руу гараараа нэг удаа цохьсон чинь миний хамарнаас цус гарсан. Охиныг нь гичий гэж хэллээ гэх шалтгаанаар намайг Л зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/
3. Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оюундорж намайг Л зодчихлоо гэсэн. Тэгээд цагдаа болсон. Тухайн үед Оюундоржийн хамраас цус гарсан байсан. Яагаад маргасан юм бэ гэж асуухад Л гийн хүүхдийг хэл амаар доромжилсноос болж маргасан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/
4. Гэрч Д.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Л гийн 6 настай охиныг манай эхнэр Оюундорж нь “гичий” гээд хэлчихсэн чинь тэрнээсээ болж эхнэр Л хоёр муудалцсан. Тэгээд Л манай эхнэрийг гараараа нүүр ам руу нь алгадаж цохиж зодсон. Эхнэрийн хамраас цус гарсан, эхнэр өөрөө цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8638/-ний дүгнэлт:
-Оюундоржийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт, хамрын баруун хажуу хэсэгт шарх, хамрын баруун дээвэр ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
-Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 25/
6. Шүүгдэгч С.Л г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бид нар Оюундоржийнд архи пиво уусан. Гэрт нь Оюундорж, түүний нөхөр Жаргалсайхан нар байсан. Пиво ууж байтал манай охин пиво уух гээд байсан. Тэгэхээр нь би миний охин ууж болдоггүй юм гэхэд хажуунаас Оюундорж “чи яахаараа пиво уух гээд байдаг банзал гичий вэ” гээд байсан. Тэрнээс болж би охиныг маань банзал гичий гэж хэллээ гээд уурлаад Оюундоржийн нүүрний хамар хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж гэмтээсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Л нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8638/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.Л нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэг, 36-2 тоотод Х.Оюундоржийг “охиныг минь гичий гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүр рүү гараараа алгадаж, толгой дээрээс нь пиво асгаж, газар унагааж нүүр рүү болон хамар руу нь гараараа нэг удаа цохиж зодож биед нь баруун дээд доод зовхинд цус хуралт, хамрын баруун хажуу хэсэгт шарх, хамрын баруун дээвэр ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Л г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.О-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирол 200.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-16/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал /...37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч С.Л ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт С-ийн Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт С-ийн Л г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Л д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. С.Л д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Л д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР