Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 211/МА2024/00002

 

211/МА2023/00002

 

                                        

                             

Б.Г нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2023/00467 дугаартай шийдвэртэй

А овгийн Б Г нэхэмжлэлтэй

А аймгийн Ц сумын Э төвд холбогдох

хохирол нийт 460.525.175 төгрөг гаргуулах, Г.М, Г.М нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч В.Уын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш /онлайн/

нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П

хариуцагчийн төлөөлөгч Б.Э

хариуцагчийн өмгөөлөгч В.У

нарийн бичгийн дарга М.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г миний эхнэр Т.А А аймгийн Ц сумын Э төвийн их эмч О.Тн эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас 2018.01.10-ны өдөр нас барсан юм. О.Т нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн, хэрэгт А аймгийн Ц сумын Э төвийг иргэний хариуцагчаар татсан. Энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа. Уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар иргэн Б.Г намайг бусад учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Талийгаачийн оршуулгын үйл ажиллагаа, буяны цайллагын зардал 5.149.176 төгрөг, төрөөд 2 сар болоогүй эхээсээ өнчрөн хоцорсон 2017 оны 11 сарын 23-нд төрсөн хүү Г.Мг өсгөхөд зориулж авсан хүүхдийн тэжээлийн үнэ 860.999 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход зарцуулсан зардал 514.000 төгрөг, нийт 6.524.175 төгрөгийг нэхэмжилнэ. Б.Г миний бие тухайн үед эхнэрээсээ хагацаж маш их сэтгэл санааны хямралд орсон ба энэ үед надад миний эгч Б.Ш бүх зүйлд тусалж дэмжиж, хүүхдийн сүү, памперсыг хүртэл миний захиснаар Улаанбаатар хотоос авч явуулдаг байсан, буяны ажлыг бүхэлд нь гардан зохион байгуулсан зэргээс үүдэлтэйгээр миний бүрдүүлсэн баримтууд миний эгч Б.Шн нэр дээр авагдсан байгаа. Мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж сарын 188.000 төгрөгөөр тогтоогдсон ба миний талийгч эхнэр сард 600.000 орчим төгрөгийн цалин авдаг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү насанд хүртэл хугацаанд нь сар бүр гаргуулах хүсэлттэй байна. Надад үүнээс ч их хохирол учирсан боловч одоо олдож байгаа баримтынхаа хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт үзлэг хийлгэх болон НӨАТ-ын баримтад үзлэг хийлгэх, бусад байдлаар баримт гаргаж өгнө. А аймгийн Ц сумын Э төвөөс гэм хорын хохирол 6.524.175 /зургаан сая таван хорин дөрвөн мянга нэг зуун далан таван/ төгрөг гаргуулж, А аймгийн Ц сумын И багт оршин суугч Б.Г надад олгож өгнө үү. А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож сар бүр гаргуулж, 2015 оны 01 сарын 02-ны өдөр төрсөн Г М, 2017 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн Г М нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээн тэтгүүлж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ш, өмгөөлөгч С.П нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:            Эмч О.Т тухайн үед Т.А оношийг зөв тогтоогоогүйн улмаас Т.А амь нас хохирсонд бид гомдолтой байгаа. Т.А 2018 оны 01 сарын 10-нд 27 настайдаа нас барсан. Т.А А аймгийн Ц сумын Э төвийн эмчийн буруутай үйл ажиллагаа буюу эмчилгээ оройтсоны улмаас амь хохирсон нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоол зэргээр тогтоогддог. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлд зааснаар Б.Г нь Т.А амь насны хохирлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар Ц.Сг бусад учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Т.А амь нас хохирсон үйл баримтад А аймгийн Ц сумын Э төвд эмчээр ажиллаж байсан О.Т гэдэг хүн гэм буруутайд тооцогдож, ял шийтгэл авсан. Хариуцагч талаас “гэм буруутайд тооцогдсон О.Т байсаар байтал А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс хохирол нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь О.Т гэмт хэрэгт холбогдох үедээ А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр хүний их эмчээр ажиллаж, цалин, хөлс авдаг ажилтан нь байсан учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар А аймгийн Ц сумын Э төвийг хариуцагчаар татсан юм. Хариуцагч А аймгийн Ц сумын Э төвд холбогдуулан оршуулгын зардал 6.524.175 төгрөг, И ХХК-ийн гаргасан амь насны хохирол 70.000.000 төгрөг, ирээдүйд олох байсан орлого 384.000.000 төгрөг, нийт 460.425.175 төгрөг гаргуулах, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс тооцож сар бүр гаргуулан Г.М, Г.М нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж байгаа 6.524.175 төгрөгийн зардалд эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хамт У хотоос А аймагт ирж, очсон бензиний мөнгө, өмгөөлөгчийн байрласан буудлын мөнгө, Ш нэг, хоёр удаа байрласан буудлын мөнгө, талийгаачийг оршуулах үед А ХХК-д хийсэн буяны цайллагын зардал, талийгаачид хийсэн уургийн мөнгө, 3 сартай үлдсэн хүүхдэд нь худалдан авсан сүү, памперсийн мөнгө, цайллага, зэд зэргийн мөнгө багтаж байгаа. Харин талийгаачийн 21, 49 хоногийн цайллагын зардал, өмгөөллийн хөлсөнд өгсөн төлбөр зэрэг багтаагүй. Хүүхэд Г.М, Г.М нар тэжээгчээ алдсаны тэтгэмж 325.000 төгрөг авдаг. Эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэхдээ хохирол хоёр сая гаруй төгрөг гаргуулсан. Уг төлбөрт буяны цайллага, оршуулгын зардал ороогүй. Харин эмийн мөнгө орсон байсан. Шүүхэд гаргаж өгсөн оршуулгын зардалтай холбоотой баримтууд өмнөх эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудтай давхцаагүй баримтууд. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулах нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн нэг болохыг тодорхойлсон. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж, 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заасан. Шинжээч И ХХК-ийн дүгнэлтээр амь хохирогчийн ирээдүйд олох орлого, амь насны хохирлыг тодорхойлсон учраас шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт өгч, хохирлын асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. И ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулсан 5.000.000 төгрөг нэхэмжлэлийн үнийн дүнд ороогүй, шүүхийн зардал учраас шүүхийн зардлыг хуваарилах зарчмын дагуу шүүх хуваарилах боломжтой.  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар А аймгийн Ц сумын Э төвөөс оршуулгын зардал 6.524.175 төгрөг, Т.А амь насны хохиролд 70.000.000 төгрөг, ирээдүйд олох байсан орлого 384.000.000 төгрөг, нийт 460.525.175 төгрөг гаргуулж, А аймгийн Ц сумын Э төвөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож сар бүр гаргуулж, Г.М, Г.М нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

 

 Анхан шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч В.У нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзсан тайлбартаа: Өмнө нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд өмгөөллийн хөлс, буудлын зардал зэргийг шийдвэрлэчихсэн учраас энэ зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн талийгаач Т.А оршуулгын зардалтай холбоотой 6.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байгаа баримтууд дунд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар и-баримт буюу тусгай цахим баримтаар баталгаажсан баримт байдаггүй учир үнэлэх боломжгүй баримтууд хэрэгт авагдсан байна. Б.Г хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч “тэжээгчээ алдсаны тэтгэмж 325.000 төгрөг авдаг болсон” гэж амаар тайлбарладаг боловч тэжээгчээ алдсаны тэтгэмж 325.000 төгрөг авдаг талаарх баримт хэрэгт авагдаагүй, бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч хүний амь насны хохиролд 70.000.000 төгрөг нэхэмжлэхдээ И ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэсэн байдаг. И ХХК амь насны хохирлын үнэлгээг гаргахдаа хүний амь насны хохирлыг сэтгэл санааны хохирлын хэлбэрээр тооцож, амь нас эрсэдсэнээс үүдэн гарч буй хохирогчид бий болсон зовиур шаналал буюу сэтгэл санааны хохирол гэсэн агуулгаар дүгнэлтээ гаргасан байдаг. Амь насны хохирлыг мөнгөөр үнэлж, гаргуулна гэсэн хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Амь насны хохирлыг эдийн бус хохиролд оруулж тооцож байгаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд амь насны хохирлын үнэлгээ гэсэн ойлголт байдаггүй. Хохирогч нас барсны улмаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг шаардах, нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй. Хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгч амь насны хохирлыг нэхэмжилж байна. Гэм хор учруулсан этгээд учирсан хохирлыг хариуцан арилгахаар хуульд заасан. Талийгаач нас барснаас үүдэн гарч байгаа хохирлыг хэрхэн яаж төлөх талаар Иргэний хуулийн 508 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Амь насны хохирлыг гэм хор учруулсан этгээд хариуцахаар Иргэний хуульд заасан. Гэм буруутай болох нь тогтоогдсон О.Тгийн учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байсан байгууллага хариуцах хууль зүйн нарийвчилсан зохицуулалт байхгүй. Дээрх үндэслэлээр А аймгийн Ц сумын Э төв амь насны хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Хохирол, хор уршиг учрахад хохирогчийн гэм буруу байгаа тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлын хэмжээг багасгах хууль, эрх зүйн зохицуулалт байдаг. Хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 498, 514 дүгээр зүйлд зааснаар хариуцлагаас чөлөөлөх, хариуцлагыг багасгах хууль зүйн үндэслэл, боломж байгаа учраас талийгаач Т.А өөрийн эрүүл мэнддээ хайхрамжгүй, болгоомжгүй хандаж байсан талаар зайлшгүй тайлбарлах шаардлагатай байна. Талийгаач Т.А тодорхой хэмжээний эрүүл мэндийн боловсролтой, эрүүл мэндийн байгууллагад ажилладаг, лаборант хүн байсан. Амь хохирогч Т.А Үндсэн хууль, Э тухай хуульд зааснаар өөрөө эрүүл мэндээ сахин хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй, болгоомжгүй хандсан. Тухайлбал гэрчийн мэдүүлэг бусад баримтаар талийгаач Т.А өвлийн хүйтэнд хүүхдийн мөнгө хөөцөлдөөд мотоциклиор явсан байдаг. Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн /шинжээчийн/ дүгнэлтээр талийгаач Т.А нас барсан өвчний шалтгаан нь өгсөх замын халдвар гэж тодорхой заасан байдаг. Энэ талаар шинжээч эмч Янжинсүрэн гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Өгсөх замын халдвар нь тухайн эх гам сайн бариагүйгээс эсхүл бэлгийн замаар дамжиж халдварладаг халдвар. Хохирогч Т.А өгсөх замын халдвар нь бэлгийн замаар үүссэнийг үгүйсгэхээргүй нөхцөл байдал байдаг. Т.А эрүүл мэнддээ хайхрамжгүй хандсан дээрх нөхцөл байдлууд амь хохироход нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн боловч энэ хүсэлтийг хангасан тогтоолыг хүчингүй болгож энэ талаар мэтгэлцэх боломжгүй болсон. Т.А амь насны хохиролд Төрмагнай гэм буруутай гэсэн шийтгэх тогтоол гарсан учраас гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс учирсан хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй. Б.Шн хүсэлтээр И ХХК шинжээчийн дүгнэлт гаргасан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй учир шинжээчийн зардал 5.000.000 төгрөгийг хариуцагч хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 129/ШШ2023/00467 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс 73.548.697 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сн хариуцагч А аймгийн Ц сумын Э төвөөс нэхэмжилсэн Г.М, Г.М нарт насанд хүртэл гэм хорын төлбөр нөхөн олгох буюу ирээдүйд олох орлого, хохирол нийт 386.975.478 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс зардал 2.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэсэн байна.

           

Хариуцагчийн өмгөөлөгч В.Уын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ц.Сн нэхэмжлэлтэй хариуцагч А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан нийт хохирол 460.525.175 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас И ХХК-ийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланд тусгагдсан амь насны үнэлгээг үнэлж, амь насны үнэ 70 сая төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд оролцож тайлбар гаргана гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэвэл анхан шатын шүүх хуралдаан хариу тайлбар шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан байгаа. Нэхэмжлэгчийн амь насны хохирлын үнэлгээ 70 сая төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлно гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулалт байдаг. Иргэний хуулийн холбогдох заалтуудыг анхан шатын шүүх шийдвэрлэхдээ заалтуудыг нь ч зөрчсөн гэж ингэж үзсэн. Иргэний хуулийн хуульд зааснаар эдийн бус гэм хорыг хэн хариуцаж арилгах вэ гэдгийг бүр нарийвчилсан зохицуулалт байгаа. Тухайн шийтгэх тогтоол гарах үед хариуцагч байгууллагад ажиллаж байсан Төрмагнай гэм буруутай болох нь тогтоогдож шийдвэрлэгдсэн шийтгэх тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байна. Үүнээс үзэхэд Иргэний хуульд зааснаар яг нарийвчилсан зохицуулалтаараа эдийн бус гэм хорыг хэн хариуцах вэ гэдгийг 511 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн. Хүний амь насны хохирлын үнэлгээг И компани үнэлсэн байгаа үнэлгээ нь талийгаачийг нас барах үеэр үнэлэгдээгүй. Агуулга нөхцөл байдлуудыг харахад 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдсэн байдлаар үнэлж гаргасан нөхцөл байдлууд байна. Хуульд зааснаар хүний амь насыг үнэлэх боломжгүй. Харин хүний амь нас эрсэдсэн тохиолдолд ар гэр хамт амьдарч байсан хүмүүсийн сэтгэцэд учирсан хор хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн нарийвчилсан зохицуулалт нь орж ирсэн. И компанийн үнэлгээ үнэлж гаргаж байгаа нь үндэслэл муутай байна. Тухайн үед авч байсан цалин хөлс яаж өөрчлөгдөх, цалин хөлсний өөрчлөгдөж байгаа байдлыг яаж оруулж ирж байгаа нь тодорхойгүй. Өнөөдөр дундаж наслалт 76 жил 6 сар байна гэж үзсэн боловч хүн яг 76 жил 6 сараа хүртэл амьдрах байсан уу, үгүй юу гэдэг тодорхойгүй. Тухайн амьдарч байгаа нөхцөл байдал нь ямар бэ, өнөөдрийн байдлаар энэ нас барж байгаа нөхцөл байдлыг ч гэсэн хараад үзэхэд хөдөө, цаг хугацааны хувьд өвөл байдаг. Мөн өгсөх замын бэлгийн замаар дамжин халдварладаг ийм халдварт өвчнөөр нас барж байгаа нөхцөл байдлаас хараад дундаж наслалтдаа хүрэх байсан уу үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Заавал энэ хүн дундаж наслалтдаа 76 нас хүрэх байсан, 65 настай тэтгэвэр гараад 11 жил 6 сар тэтгэвэр авах байсан гэж тооцоолж байгаа нь бодитой биш. Өнөөдөр хэрэг шийдвэрлэхэд үүнийг харах зайлшгүй шаардлагатай. Талийгаач өөрийнхөө амь нас эрүүл мэндэд хэтэрхий хайхрамжгүй хандсан, хохирогч өөртөө хэтэрхий хайхрамжгүй хандсан нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй гэж маргаж, үндэслэлээ ч гаргадаг. Тийм ч учраас мэтгэлцэж санал хүсэлтээ гаргаж тавьдаг. Хариуцагчийн гаргаж байгаа тэр шинжээчийн дүгнэлтийг гаргуулъя. Талийгаачийг нас барж байгаа өвчний шалтгаан нөхцөлд талийгаачийн өөрийнх нь хэтэрхий болгоомжгүй, хайхрамжгүй нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй гэдэг дээр дүгнэлт гаргахыг үгүйсгэж хариуцагчийн мэтгэлцэх боломжийг үгүй хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын мэтгэлцэх эрхийг хэтэрхий хязгаарласан нөхцөл байдал байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар маргаж байгаа мөн 498 дугаар зүйлд зааснаар хохирогч өөрөө илтэд болгоомжгүй хандсан байж болзошгүй, 498.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүд дээр маргадаг. Хариуцагч талаас өөрөө дүгнэлт гаргаад нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх бололцоогүй учраас шүүхэд хүсэлтээ тавьж шийдвэрлүүлдэг. Урьдаас энэ нь шаардлагагүй гэж хүсэлтийг нь хангасан тогтоолыг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хэт нэг талын мэтгэлцэх бололцоог нь хязгаарласан, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэл муутай болсон. Хариуцагчийн мэтгэлцэх боломжийг хязгаарласан. Мөн И дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч хэлж байна 3 шатын шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Хүний амь нас хохироод байхад тухайн хүний буруу мэт удаа дараа бэлгийн замын гэдэг үгийг хэлдэг. Бэлгийн замын халдварт өвчин байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И үнэлгээг барьж шүүх шийдсэн нь буруу байна гэж гомдол гаргасан. Ийн дүгнэлт анхан шатны шүүх дээр гасан байхад хариуцагч тал гомдол гаргаад дахин дүгнэлт гаргуулъя гэдэг байдлаар санал дүгнэлт гаргаагүй. Энэ хэрэгт хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр шийдэгдсэн. Анхан шат үндэстэй дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Яагаад хүний амь насыг үнэлж болохгүй, хүний амь нас үнэгүйдэх болсон, яагаад хүн 70 хэд насалж болохгүй болсон. И үнэлгээ статистикийн тооцоолол дээр үндэслэж мэргэжлийн байгууллага тооцооллын үндсэн дээр гаргаж байгаа. Үүнийг үгүйсгэсэн баримт хариуцагч тал хэрэгт гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг ярьдаг 497 дугаар зүйлээр эд хөрөнгө бусдад учирсан хохирлыг төлнө гэсэн нийтлэг зохицуулалт байна. Эрүүгийн хуульд хохирогчийн амь нас, эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх зохицуулалт Эрүүгийн хуульд тусгагдаад явж байгаа. Эрүүгийн шүүхээр шийдвэрлэхэд олон дүгнэлт гарсан, одоо ямар дүгнэлт гарах юм, Эрүүгийн хэрэгт байсан бүх дүгнэлтийг хариуцагч талын хүсэлтээр энэ хэрэгт авч хийсэн. Үхсэн хүн үг хэлж болохгүй гээд энэ хүний буруутай байсан гээд, эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан хүн өөрийгөө хамгаалах ёстой байсан гэсэн тайлбарыг удаа дараа хэлдэг. Үүнтэй санал нийлэхгүй байна, анхан шатны шүүх амь насны хохирлыг гаргаад бусад зүйлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаад хуулийн байгууллага амь насыг үнэлээд өгсөн бусдыг нь энэ удаа орхиё гээд үлдээсэн гэв.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

            Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч А аймгийн Ц сумын Э төвд холбогдуулан

хохирол нийт 460.525.175 төгрөг гаргуулах, Г.М, Г.М нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргаж маргасан байна.

 Хэрэгт А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/299 дүгээр тогтоол, А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 08 дугаар магадлал, Г.Мгийн төрсний бүртгэлийн гэрчилгээ болон С дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 23111601000018, 23111601000019 дугаар Г.М, Г.М нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Г, Т.А нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ болон С дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 23111901000105 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2018 оны 01 сарын 14-нд уураг тариа авсан мөнгө шилжүүлсэн баримт, Г.Т өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа авсан хөлс 1,000,000 төгрөг 2018 оны 02 сарын 07-нд шилжүүлсэн баримт, 2018 оны 01 сарын 16-нд А аймгийн Ц сумын Цийн хүүхдүүдэд буяны чихэр авахад 266,600 төгрөг шилжүүлсэн баримт, бөөд засал хийлгэж, даатгуулж 300,000 төгрөг 2018 оны 01 сарын 26-нд шилжүүлсэн гэсэн хуулгын зураг,  Т 2018 оны 01 сарын 11-нд 764,400 төгрөг, 93,690 төгрөг, 74,520 төгрөг, 75,280 төгрөг, 260,440 төгрөг, 2018 оны 01 сарын 16-нд 74,055 төгрөг,  2018 оны 02 сарын 12-нд 97,838 төгрөг, эгч Б.Шн ажлын газрын хамт оны төлөөлөл ирж цайллаганд авсан хүнс С 195,953 төгрөг гэсэн зургаар буулгасан баримт, А аймгийн Ц сумын ХЭХАХ мэргэжилтэн Б.Э тодорхойлолт, З ХХК-с худалдагч Б.Шн авсан 2018 оны 02 сарын 24-ний өдрийн 246,500 төгрөгийн, 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 266,500 төгрөгийн зарлагын баримт, А ХХК-ийн 2018 оны 01 сарын 13-ны өдрийн 2,700,000 төгрөгийн зарлагын баримт, М ХХК-с хүүхдийн сүү авсан 2018 оны 6 сарын 10-ны өдрийн 174,000 төгрөгийн, 2018 оны 5 сарын 24-ний өдрийн 217,500 төгрөгийн, 2018 оны 4 сарын 08-ны өдрийн 130,500 төгрөгийн, 2018 оны 3 сарын 13-ны өдрийн 87,000 төгрөгийн, 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 86,000 төгрөгийн, 2018 оны 02 сарын 25-ны өдрийн 129,000 төгрөгийн, Н ХХК-с авсан 2018 оны 02 сарын 10-ны өдрийн 42,999 төгрөгийн, 2018 оны 5 сарын 20-ны өдрийн 24,699 төгрөгийн, 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 42,999 төгрөгийн зарлагын баримт, П ХХК-с 2021 оны 11 сарын 02-нд 70,007 төгрөгөөр АИ-92, И ХХК-с 2021 оны 11 сарын 03-нд 65,000 төгрөгөөр AN-92, П ХХК-с 2021 оны 12 сарын 12-нд 45,021 төгрөгөөр АИ-92, МТ ШТС-с 2021 оны 12 сарын 14-нд 84,000 төгрөгөөр АИ-92 худалдан авсан талаарх баримт, Ц зочид буудалд Г.Т, Х.У нар 150,000 төгрөг төлсөн талаарх тооцооны хуудас, Тамирын Ц зочид буудлын үйлчилгээнд 2021 оны 10 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг төлсөн баримт, Б.Ш нь Ц.Сн эгч гэсэн С дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 23111901000106 дугаар төрөл садангийн лавлагаа, ИМ ХХК, Б.Ш нарын байгуулсан 2023 оны 02 сарын 03-ны өдрийн ИЭ/23/06 дугаар амь насны гэм хор, хохирлын үнэлгээний ажлын гэрээ, Н буудалд 100,000 төгрөг төлсөн тооцооны хуудас, 2023 оны 3 сарын 17-нд 60,000 төгрөгөөр регуляр-92 худалдсан авсан талаарх баримт, 2023 оны 3 сарын 15-нд даатгалын үнэлгээ, тооцоо хийх актуарын /даатгалын ажилтан/ үйлчилгээнд 2,500,000 төгрөг шилжүүлсэн баримт, А аймгийн Ц сумын Э төвийн даргын 2017 оны 01 сарын 24-ний өдрийн “лаборант Т.Ат сахилгын арга хэмжээ авах тухай” Б/02 дугаар тушаал, А аймгийн Ц сумын Э төвийн даргын 2017 оны 9 сарын 12-ны өдрийн “ажил хүлээлцэх комисс томилох тухай” а/26 дугаар тушаал, Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 20/03 дугаар дүгнэлт, А аймгийн Ц сумын ЭМТ-ийн эмч Ө.Т, Л.О, Д.Э нарын 1812000510224 дугаар эрүүгийн хэрэгт ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчдийн 2020 оны 5 сарын 13-ны өдрийн дүгнэлт, яллагдагч А.А 2018 оны 10 сарын 18-нд авсан мэдүүлэг, А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 3 сарын 16-ны өдрийн “Т.Аийг лаборантаар томилон ажиллуулах тухай” Б/07 дугаар тушаал,  Т.А 2017 оны 01 сараас 2017 оны 12 сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, А аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 02-ны өдрийн “ЭМТ-ийн даргын ажилд О.Тг томилох тухай” Б/01 дүгээр захирамж, А аймгийн Ц сумын Засаг даргын 2019 оны 9 сарын 30-ны өдрийн “ЭМТ-ийн дарга О.Тг ажлаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар захирамжийг, А аймаг Ц сумын Э төвийн 2023 оны 01 сарын 08-ны өдрийн 08 тоот Т.А цалингийн тодорхойлолт, И ХХК-ийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн амь насны хохирлын үнэлгээний тайлан, А аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 61 дүгээр дүгнэлт, хууль зүйн туслалцаа авсан төлбөрт 2018 оны 02 сарын 07-нд 1,000,000 төгрөг, 2018 оны 4 сарын 19-нд 500,000 төгрөг шилжүүлсэн баримт, О зочид буудалд 70,000 төгрөг төлсөн тооцооны хуудас, Ц зочид буудлын тооцооны хуудас, 2018 оны 10 сарын 30-нд АИ-92 56,000 төгрөгөөр худалдан авсан талаарх баримт,  2018 оны 4 сарын 13-ны өдрийн 289,000 төгрөгийн, 2018 оны 12 сарын 29-ний өдрийн 129,200 төгрөгийн, 2019 оны 01 сарын 29-ний өдрийн 64,600 төгрөгийн, 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 135,000 төгрөгийн, 408,000 төгрөгийн зарлагын баримт, хохирогч Т.А 2018 оны 01 сарын 23-нд авсан мэдүүлэг, гэрч Ц.Сэс 2018 оны 11 сарын 18-нд, гэрч Д.Э 2018 оны 11 сарын 16-нд авсан мэдүүлэг, Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 20/03 дугаар дүгнэлт, шинжээч Д.Я 2020 оны 01 сарын 28-нд авсан мэдүүлэг зэрэг баримт авагдсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Сн нэхэмжлэлтэй хариуцагч А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд холбогдох хохирол нийт 460.524.175 төгрөг гаргуулах, хүүхэд Г.М, Г.М нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шаардах эрх болон хариуцагчийн талаар зөв дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй тул нотлох баримтын шаардлага хангасан А ХХК-д буяны цайллага хийхэд төлсөн 2.700.000 төгрөг, тухайн үед 01 сар 18 хоногтой байсан Г.Мд худалдан авсан сүү, тэжээлийн үнэ 848.697 төгрөг, нийт 3.548.697 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нотлох баримтын шаардлага хангаагүй, оршуулахтай холбоогүй зардал болох Т ХХК-аас худалдан авсан барааны үнэ, талийгаачид авсан уурагны үнэ, А аймгийн Ц сумын Цийн хүүхдэд тараасан зүйлийн үнэ, Б.Шн ажлын газрын хамт олны төлөөлөл ирэхэд цайллаганд авсан зүйлийн үнэ, шатахуун болон буудлын зардал нийт 2.975.478 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасны дагуу 647.515 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг гишүүнд 161.878 төгрөг оногдоно. Үүнээс  нас барагч болон хөдөлмөрийн чадвартай төлбөр авах эрхгүй этгээд болох Б.Г нарыг хасахад насанд хүрээгүй нэг хүнд сар бүр 161.878 төгрөгийн нөхөн төлбөр ногдож байна. Г.М, Г.М нарт ногдож байгаа 323.575 төгрөгийн төлбөрөөс одоо авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 325.000 төгрөгийг хасахад төлбөр нөхөн төлөгдөхөөргүй байх тул 384.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд амь насны хохирол хамаарахгүй боловч хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2-т энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т “Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй” гэж заасныг баримтлан талийгаачийн амь насны хохирол гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зарчимд нийцнэ гэж үзэж амь насны хохиролд 70.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн зохицуулалт нь ерөнхий зохицуулалт бөгөөд харин Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас үүссэн гэм хорыг арилгах талаарх хуулийн нарийвчилсан зохицуулалт тул хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх нь үндэслэлтэй.

 

 Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д... хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...гэж, мөн хуулийн 508.5-д...гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй...гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэгчийн амь насны хохирол 70.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

 

Анхан шатны шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 2.500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг 71.729 төгрөг болгож өөрчлөх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2023/00467 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс 73.548.697 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгосугай...гэснийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвөөс 3.548.697 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, амь насны хохирол 70.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 2.500.000 төгрөг гэснийг 71.729 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     В.Ц

                             

              ШҮҮГЧИД                                           Т.Д

 

                                                                              Н.Э