Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон, 

улсын яллагч Г.Мижиддорж,

шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө  овогт Д-ийн  Ө-д холбогдох эрүүгийн 1810008660037 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...., эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 31 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр магадлалаар 5 жил 5 сар 17 хоногийн өмнө өршөөлөөр суллагдсан, Ө  овогт Д-ийн  Ө улга /РД:.................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед  Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а байрны 27 тоотод эхнэр Б.Э-тайгэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед  Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а байрны 27 тоотод эхнэр Б.Эрдэнэтуяаг “энэ хэний дугаар юм бэ, хэнтэй ярьсан юм бэ” гэхэд нь чамд хамаагүй гэх шалтгаанаар маргалдаж тоос сорогчны саарал өнгийн шланкаар ороолгож, зүүн мөр рүү нь гараараа цохиж, түлхэж, гутлаар баруун хацар луу нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч Д.Ө улгын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ө улгатай 25 орчим жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд хэрэлдэж маргалдах асуудал гарч байсан боловч зодож цохиж байгаагүй. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ө улга “гэрт хонуулсангүй” гэдэг шалтгаанаар надтай маргалдаж байгаад өөрийнхөө хар өнгийн тэлээгээр миний хоёр хөлийн булчин, нуруу руу нилээн хэдэн удаа ороолгож зодсон...Ө улга нь надтай байнга харгис, хэрцгий харьцаж догшин авирлаж, тарчлаасан үйлдэл гаргаж байгаагүй...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр би Ө улгыг хардаж маргалдахад тэрээр тоос сорогчны шланкаар зүүн хацар орчимд нэг удаа цохьсон. Мөн заамдаж түлхээд өөрийнхөө өрөөсөн гутлаар баруун хацар руу нэг удаа цохьсон. Үүний улмаас зүүн хацар хавдаад улаан ором үүссэн хүзүүнд бага зэрэг цус хуралт үүссэн. Мөн баруун хацар шанаа орчимд жижиг жижиг улаан цэг шиг цус хуралт үүссэн...Ө улга нь намайг 2 удаа зодохдоо хоёуланд нь согтуу байсан....миний хувьд нөхөр Ө улгатай эвлэрсэн, тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

            3. Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав архи уухаараа хүнтэй муудаж, хэрүүл маргаан хийж хэл амаар доромжилж, ээжийг яв зайл гээд хөөгөөд байдаг. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өглөө аавыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 8а байрны гадаа буулгаж өгөөд явахад ээжийг хаалгаа тайлж өгсөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

            4. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №4356 тоот шинжээчийн дүгнэлт:

            -Б.Э-ийн биед зүүн нүдний зовхины гадна, баруун нүдний дээд зовхи, зүүн хацрын гадна, зүүн эрүүний доод, хүзүүний зүүн, баруун, ар хэсэг, цээжний баруун дээд, баруун хажуу дунд, баруун ар дунд хэсэг, баруун булгалганы гадна дунд, зүүн мөрний гадна, зүүн бугалганы гадна доод, зүүн шууны гадна дунд, зүүн гуяны гадна дунд, ар дунд хэсгүүдэд цус хуралт, баруун шанаа, хацар, зүүн тохойд зулгаралт баруун тохойн дээд хэсэгт өнгөц шарх, баруун гуяны дотор дунд хэсэгт няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

            -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 51/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Ө нь урьд 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 31 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр магадлалаар 5 жил 5 сар 17 хоногийн өмнө өршөөлөөр суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/-аар тогтоогдлоо. Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №4356 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүгдэгч Д.Ө нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед  Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а байрны 27 тоотод эхнэр Б.Эрдэнэтуяаг “энэ хэний дугаар юм бэ, хэнтэй ярьсан юм бэ” гэхэд нь “чамд хамаагүй” гэх шалтгаанаар маргалдаж тоос сорогчны саарал өнгийн шланкаар ороолгож, зүүн мөр рүү нь гараараа цохиж, түлхэж, гутлаар баруун хацар луу нь нэг удаа цохиж түүний биед биед зүүн нүдний зовхины гадна, баруун нүдний дээд зовхи, зүүн хацрын гадна, зүүн эрүүний доод, хүзүүний зүүн, баруун, ар хэсэг, цээжний баруун дээд, баруун хажуу дунд, баруун ар дунд хэсэг, баруун булгалганы гадна дунд, зүүн мөрний гадна, зүүн бугалганы гадна доод, зүүн шууны гадна дунд, зүүн гуяны гадна дунд, ар дунд хэсгүүдэд цус хуралт, баруун шанаа, хацар, зүүн тохойд зулгаралт баруун тохойн дээд хэсэгт өнгөц шарх, баруун гуяны дотор дунд хэсэгт няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзнэ.        

Тодруулбал хохирогч Б.Эрдэнэтуяа нь шүүгдэгч Д.Ө улгатай 1995 оноос эхлэн хамтран амьдарсан, 4 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 8а байрны 27 тоотод амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн  байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, гэрлэлтийн баталгаа зэргээс шүүгдэгч Д.Ө нь хохирогч Б.Э-тайгэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ө улгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдлоо.    

Иймд шүүгдэгч Д.Ө улгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял / хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 19-20/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/, түүний хувийн байдал /....45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт.../ зэргийг харгалзан Д.Ө улгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ. 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1. Ө  овогт Д-ийн  Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө  овогт Д-ийн  Ө-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

3. Д.Ө улгад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Ө-д сануулсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

  

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР