Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

           улсын яллагч Н.Нарангэрэл,    

шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б   овогт Ч-ын  Б-д  холбогдох эрүүгийн 1810015420788 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ныөдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварын гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., эхнэр, зээ охин нарын хамт,  Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ........тоотод оршин суух, урьд Хилийн ба Дотоодын цэргийн шүүхийн 1988 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Б   овогт Ч-ын  Б-д  /РД:.................../   

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б  нь согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 1-1 тоот хашаанд өөрийн эзэмшлийн УНХ улсын дугаартай “Хонда Сивик” маркийн автомашинаар Г.Б-ыг мөргөж хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэн, баруун, зүүн нум дайрсан хугарал, хүзүүний 6/7 дугаар нугалмын тогтворгүй хугарал, жийргэвч мөгөөрсний урагдал, нугасны эд дэх цус хуралт, хальсны урагдал, бүсэлхий, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Ч.Б  нь согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн 1-1 тоот хашаанд өөрийн эзэмшлийн УНХ улсын дугаартай Хонда Сивик маркийн автомашинаар Г.Б-ыг мөргөж хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэн, баруун, зүүн нум дайрсан хугарал, хүзүүний 6/7 дугаар нугалмын тогтворгүй хугарал, жийргэвч мөгөөрсний урагдал, нугасны эд дэх цус хуралт, хальсны урагдал, бүсэлхий, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Ч.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэм дэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12/

            3. Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Ёндонноровын гэрийн гадна талд уугаад сууж байтал Булганхангай согтуу машинаа барьчихсан ирсэн бөгөөд бид гурав хамт архиа хувааж дуустал Булганхангай машинаа бариад явах гээд байхаар нь би согтуу байж машин барьж яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Булганхангай машиндааа орж суугаад хөдлөх гэхээр нь би хажуу талд нь орж суугаад арааг нь салгаад байсан. Тэр үед Булганхангай намайг машинаасаа түлхэж унагаагаад намайг газарт унах үед миний дээгүүр цээж хэсгээр машинтайгаа ухраад гарч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

           4. Хохирогч Г.Б-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх /хх-64-75/

            5. Гэрч Ч.Баярмааагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…21 цаг 30 минутын орчим гэгээ тасарч байхад Сайханаа буюу Энхсайхан над руу залгаад “Баатарын Булганхангай дайрчихаад яваад өглөө” гэж хэлэхээр нь би өөрийн 88833352 дугаараас 94945425 гэдэг хэлтсийн дугаар руу залгаж болсон явдлын талаар дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

            6. Гэрч А.Э-ны мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Бид нар хамт архи уугаад сууж байхад гаднаас Булганхангай машинтайгаа орж ирсэн. Тэгээд Булганхангай, Батбаатар бид гурвыг байж байхад Булганхангайн эхнэр Баярмаа над руу залгаад Б-г явуулж болохгүй шүү би цагдаад дуудлага өгсөн, танай хаяг хэд билээ гэхэд би манайх барилгын 2-7 тоот гээд хэлэхэд Булганхангай та нар цагдаад дуудлага өгч намайг бариулах гэж байна гээд уурлаад явах гээд байхаар нь би жолоочийн талын хаалга онгойлгоод зогссон. Батбаатар нөгөө талын суудал дээр суугаад битгий яв гээд байж байхад Булганхангай Батбаатарыг түлхээд машинаа ухраахад Батбаатар газар уначихсан намайг дайрчихлаа гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/     

            7. Гэрч С.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Норовын гэрийн гадна хүн хашхираад машины чимээ гарахаар нь би гэрээс гараад очиход саарал машинтай хүн хашаанаас гарч явж байсан. Батбаатар гэх залуу газар ёолоод хэвтэж байхад Норов гаднаас орж ирээд бид хоёр очоод юу болсон талаар асуухад Булганхангай ах намайг дайрчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

            8. Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №730 дугаартай дүгнэлт:

            -Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1. Нийтлэг үндэслэл “Зам тээврийн осол”-зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал” “Зам”-“тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар” Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” дээрх нэр томъёоноос дүгнэхэд Ч.Б  нь согтуугаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн 1-1 тоот хашаан дотор Honda-Civic маркийн 01-35 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Г.Б-ын осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь Хонда Сивик маркийн 01-35 ЭНХ улсын дугаартай автомашины жолооч Ч.Б н үйлдлээс болсон байна гэх дүгнэлт /хх-39/

            9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8061/-ний дүгнэлт:

            -Г.Б-ын биед хүзүүний 6-р нугалмын арын сэртэн, баруун зүүн нум дайрсан хугарал, хүзүүний 6/7-р нугалмын тогтворгүй хугарал, жийргэвч мөгөөрсний урагдал, нугасны эд дэх цус хуралт, хальсны урагдал, бүсэлхий, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 33/

             10. Хохирогч Г.Б-ын гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 64-75/  

            11. Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн ...дээрх гэмтэл нь ..Автомашины дугуйгаар мөргөх, хагас дайрах үед үүсэж болно...” /хх-79/

            12. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12/     

            13. Шүүгдэгч Ч.Б гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…машинаа бариад гэр рүүгээ явах гэсэн чинь Батбаатар “чи архи уучихсан байж машин барьж яах гээд байгаа юм бэ” гээд намайг явуулахгүй байсан. Намайг 2 өдөр дараалаад архи уучихсан учраас эхнэр Энхсайхан руу яриад “наадахаа битгий явуулаарай” гээд хэлж байсныг нь би сонсчихсон. Тэгээд ямар ч байсан би явна гээд Батбаатарыг явуулахгүй саад болоод байхаар нь түлхчихээд хашаанаас машинаа бариад гараад явсан. Батбаатар газарт унаад орилоод үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.     

            Шүүгдэгч Ч.Б г  нь урьд Хилийн ба Дотоодын цэргийн шүүхийн 1988 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ялтай байдлын талаар хуульчлагдаагүй байх тул Ч.Б г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8061/, /№730/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Ч.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирохгүй байна.

Учир нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.Б н мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Машинаа бариад гэр рүүгээ явах гэсэн чинь Батбаатар “чи архи уучихсан байж машин барьж яах гээд байгаа юм бэ” гээд намайг явуулахгүй байсан. Намайг 2 өдөр дараалаад архи уучихсан учраас эхнэр Энхсайхан руу яриад “наадахаа битгий явуулаарай” гээд хэлж байсныг нь би сонсчихсон. Тэгээд ямар ч байсан би явна гээд Батбаатарыг явуулахгүй саад болоод байхаар нь түлхчихээд хашаанаас машинаа бариад гараад явсан. Батбаатар газарт унаад орилоод үлдсэн...” /хх-ийн 60/ гэсэн,  

          Хохирогч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Булганхангай машинаа бариад явах гээд байхаар нь би согтуу байж машин барьж яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Булганхангай машиндааа орж суугаад хөдлөх гэхээр нь би хажуу талд нь орж суугаад арааг нь салгаад байсан. Тэр үед Булганхангай намайг машинаасаа түлхэж унагаагаад намайг газарт унах үед миний дээгүүр цээж хэсгээр машинтайгаа ухраад гарч явсан...” /хх-ийн 17/ гэсэн,

          Гэрч А.Э-ны мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Булганхангай, Г.Батбаатар бид гурвыг байж байхад Булганхангайн эхнэр Баярмаа над руу залгаад Б-г явуулж болохгүй шүү би цагдаад дуудлага өгсөн, танай хаяг хэд билээ гэхэд би манайх барилгын 2-7 тоот гээд хэлэхэд Булганхангай та нар цагдаад дуудлага өгч намайг бариулах гэж байна гээд уурлаад явах гээд байхаар нь би жолоочийн талын хаалга онгойлгоод зогссон. Батбаатар нөгөө талын суудал дээр суугаад битгий яв гээд байж байхад Булганхангай Батбаатарыг түлхээд машинаа ухраахад Батбаатар газар уначихсан намайг дайрчихлаа гээд орилоод байсан...” /хх-ийн 24/ гэсэн мэдүүлгүүд тус тус хэрэгт авагджээ.      

            Ч.Б н эхнэр Баярмаа А.Энхсайхан руу залгаж “Ч.Б г битгий явуулаарай” гэж хэлснийг Ч.Б  сонсчихоод Г.Батбаатар түүнийг “битгий яв” гээд болиулах гэхэд нь “намайг явуулсангүй” гэх шалтгаанаар Ч.Б  Г.Б-ыг өөрөөсөө холдуулан газарт түлхэж унагаан зугтан явах гэж машинаа ухраах үйлдэл хийхдээ Г.Б-ын цээжин тус газар нь дайрч хүнд гэмтэл учруулсан байх тул түүнийг бусдын биед болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэж үзнэ.         

Учир нь шүүгдэгч Ч.Б  нь үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тухайн үйлдлийн хор уршигт хэт болгоомжгүй хандсаны улмаас бусдад хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.     

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж шийдвэрлэв.             

             Иймд шүүгдэгч Ч.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.         

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

 Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,  түүний хувийн байдал /....53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварын гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, зээ охин нарын хамт..../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Ч.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б   овогт Ч-ын  Б-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.           

2. Шүүгдэгч Б   овогт Ч-ын  Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б   овогт Ч-ын  Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Б н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

            6. Ч.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Ч.Б д сануулсугай.     

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Б.БАТБОЛОР