Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 211/МА2024/00005

 

211/МА2024/00005

 

                                        

                             

Т.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ааймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2023/00513 дугаартай шийдвэртэй

Б овгийн Т З нэхэмжлэлтэй

Б овгийн Ж Ө холбогдох

4.072.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Згийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.З

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.э

нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.З анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ж.Ө нь анх 2015 оны 07 сарын 12-ны өдөр надаас 4.072.000 төгрөг зээлсэн. Энэ хугацаанд би мөнгөө гаргуулахаар тасралтгүй нэхэж байгаа боловч өгнө, удахгүй өгнө л гээд байснаас биш нэг ч удаа надад мөнгө өгөөгүй. Намаг уулзах бүрт л өгнө гэдэг. Надад өгнө гэж гарын үсэг зурж өгдөг мөртөө одоо болтол өгөхгүй байна. Иймд Ж.Өаас миний зээлүүлсэн 4.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ө анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Згээс 4 сая төгрөг албан ёсоор гэрээ хэлцэл байгуулж авсан удаа байхгүй болно. Ямар ч мөнгө төгрөг аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

             Ааймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2023/00513 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Ж.Өаас 4.072.000 /дөрвөн сая далан хоёр мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Т.Згийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.102 төгрөгийг улсын орлогод үлдээж, Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ааймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг. шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласан байна.

            Хариуцагч Т.Згийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Ааймгийн Э сумын 0-р баг 00-0-0 тоотод оршин суух Б овгийн Т З миний бие Ж.Өаас 4.072.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Ааймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 129/ШШ2023/00513 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний зээлийн гэрээний үүргийг шаардах хугацаа 2018 оны 11-р сарын 12-ны өдөр дууссан байхад Ш.Өлзийжаргалын бичиж өгсөн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 04 сарын 09-ний өдөр, 2022 оны 05 сарын 03-ны өдөр үүрэг гүйцэтгэх хугацааны талаар баримт нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш бичигдсэн баримт гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би анх гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш тасралтгүй нэхэж байсан. Түүнээс биш нэхэхгүй байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр анх удаа нэхээд Ө баримт бичүүлсэн зүйл байхгүй. Намайг тасралтгүй нэхэж байсан гэдэгтэй Ө огт маргадаггүй. Тиймдээ ч Ө нь надад цаасан дээр баримт бичиж өгсөн. 2016, 2017 онуудад Өлзийжаргал нь надад нэхүүлэн барин байж зээлсэн мөнгөнөөсөө цувуулж өгсөн. Энэ мөнгийг би тухайн үед хүүндээ тооцож авч байсан. Ийм байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Ааймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 13-ны өдрийн 129/ШШ2023/00513 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж Ш.Ө 4.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ө нь Т.Згээс огт мөнгө авч байгаагүй гэж маргаж зээлийн гэрээнд зурсан гарын үсэг минийх биш гэж маргаад удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулж Ж.Өын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тасралтгүй нэхэж байсан гэдгийг нэхэмжлэлдээ тодруулсан. Харин тасралтгүй нэхэж байгаатай Ж.Ө маргаагүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзсэн. Иймд Т.Згийн гомдлыг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Өд анх 4.072.000 төгрөг зээлж зээлийн гэрээ байгуулсан. Яг нүүр нүүрээ хараад уулзахаар зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүхэд ирэхээрээ аваагүй гэдэг. Их олон жил болчхоод ингээд байгаа байж магадгүй. Ж.Өын цувуулж мөнгө өгсөн баримтыг нь шүүхэд гаргаж өгсөн. Тухайн үед тэр мөнгийг нь авч байснаа мартсан байна. Би мөнгөө нэхэж ордог байсан учраас ажлын газрынх нь хамт ажиллаж байгаа хүмүүс нь мэдэж байгаа. Тухайн үед Солонгос улс явах болоод ирэхээрээ чиний мөнгийг өгнө гэж хэлж байсан. Тэгээд ирээд өгөхгүй болохоор нь шүүхэд өглөө гэхэд шүүхэд битгий өгөөрэй өгнө гээд л хадам ээжийгээ хавдар туссан гээд учир нь олдохгүй зүйл яриад байдаг л байсан. Тэгээд үнэхээр өгөх юм бол өгөх талаараа бичээд өг гээд бичүүлж авч байсан. Сүүлдээ хуураад яваад байгааг нь анзаараад өгөхгүй болохоор нь шүүхэд хандтал хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ тухайн үед зээлүүлсэн мөнгөө тасралтгүй нэхэж байсан. 9900000000000 гэсэн дугаарыг миний мэдэхийн барьдаг байсан. Энэ талаарх хуулгыг нь авахад байнга залгаж мессеж бичдэг байсан нь харагдана. 2017 оны дунд үеэр нөхөртэйгөө хамт Солонгос улс яваад байхгүй байсан. Өгнө гэхээр нь хууртаж явсаар байгаад өдий хүрсэн. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хүнд 4.000.000 төгрөг өгчхөөд нэхэлгүй яах вэ дээ байнга л нэхэж байсан гэв.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Т.З хариуцагч Ж.Өд холбогдуулан 4.072.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Ж.Өаас 4.072.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Т.Згийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Т.З...хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш бичигдсэн баримт гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би анх гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш тасралтгүй нэхэж байсан. Түүнээс биш нэхэхгүй байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр анх удаа нэхээд Өлзийжаргалаар баримт бичүүлсэн зүйл байхгүй. Намайг тасралтгүй нэхэж байсан гэдэгтэй Өлзийжаргал огт маргадаггүй. Тиймдээ ч Ө нь надад цаасан дээр баримт бичиж өгсөн. 2016, 2017 онуудад Ө нь надад нэхүүлэн барин байж зээлсэн мөнгөнөөсөө цувуулж өгсөн. Энэ мөнгийг би тухайн үед хүүндээ тооцож авч байсан. Ийм байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Ааймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 13-ны өдрийн 129/ШШ2023/00513 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж Ж.Өлаас 4.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

           Т.З, Ж.Ө нарын 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээнд зурсан гарын үсэг Ж.Өын гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно гэсэн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 2060 тоот, 2023 оны 9 сарын 15-ны өдрийн 2730 тоот шинжээчийн дүгнэлтээр Т.З нь Ж.Өд 2015 оны 7 сарын 12-нд 4.072.000 төгрөг зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний зүйл 4.072.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Згээс хариуцагч хүлээн авсан, нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж тус тус үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

             Харин хариуцагч Ж.Ө нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байх ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн үндэслэлээр Ж.Өаас 4.072.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Т.Згийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

  Хариуцагч Ж.Ө Т.Згээс 4 сая төгрөг албан ёсоор гэрээ хэлцэл байгуулж авсан удаа байхгүй, ямар ч мөнгө төгрөг аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргасан.

 

 Хариуцагчийн дээрх тайлбар үүрэг үүсээгүй учир үүрэг гүйцэтгэхгүй гэж маргасан, харин хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа гэж маргаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл талууд хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй байхад шүүх  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагч Ж.Өаас 4.072.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.102 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул хариуцагч Ж.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 80.102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.102 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Ааймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 129/ШШ2023/00513 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Ж.Өаас 4.072.000 /дөрвөн сая далан хоёр мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Т.Згийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ж.Өаас 4.072.000 /дөрвөн сая далан хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгосугай...гэж, 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.102 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй гэснийг,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.102 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 80.102 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгосугай...гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай..              

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     В.Ц

                                            ШҮҮГЧИД                                     Т.Д

                          

                                                                                                  Н.Э