| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0116/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Д-ын Г-д холбогдох эрүүгийн 1710004420354 дугаартай, 187/2019/0116/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-нд Өвөрхангай аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Гурван тэс 4 дүгээр баг урт тоотод оршин суух хаягтай, урьд 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 1/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жилийн хорих ял, 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 26 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, Б овогт Д-ын Г /РД:............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Д.Г нь 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Анар хотхоны 1 дүгээр орц 9 дүгээр давхарт байрлах “Тайнь-Ухаа” хадгаламж зээлийн хоршооны хаалганы модон хавтсыг эвдлэн нэвтэрч Aser загварын зөөврийн компьютер хулгайлан авч бусдад 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Анар хотхоны 1 дүгээр орц 9 дүгээр давхарт байрлах “Тайнь-Ухаа” хадгаламж зээлийн хоршооны хаалганы модон хавтсыг эвдлэн нэвтэрч Aser загварын зөөврийн компьютер хулгайлан авч бусдад 960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.Г ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/
3. Хохирогч Ш-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө вакум хаалганы доод талын хавтасны модыг хугалж хулгайч ороод миний ажлын ширээн дээр ил байсан зөөврийн комьютерийг хулгайлж авсан. Би 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өглөө ажилдаа ирээд мэдсэн ба манай хоршоо нь доод талд нь давхар хаалгатай бөгөөд уг хаалганы хажуугийн шатны бариулны хажуугийн завсараар хулгайч орсон байсан. Би түлхүүрээр төмөр хаалгыг онгойлгоход эвдрэл гэмтэлгүй онгойж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
4. Гэрч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Д-ын Г нэрээр Асер маркийн зөөврийн компьютерийг тавьсан байсан. Хугацаандаа аваагүй байсан учир уг зөөврийн компьютерийг худалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/
5. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ХУ2-60 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-46/
6. Шүүгдэгч Д.Г ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөрийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа бөгөөд одоо дахин мэдүүлэг өгөхгүй. Мөнгөний хэрэгцээ гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би хохирлыг бүрэн төлсөн бөгөөд хохирогчийг гомдол саналгүй болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 162/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г урьд 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 1/31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жилийн хорих ял,
2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 26 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, шийтгэх тогтоол /хх-ийн 53, 175/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Д.Г нь 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Анар хотхоны 1 дүгээр орц 9 дүгээр давхарт байрлах “Тайнь-Ухаа” хадгаламж зээлийн хоршооны хаалганы модон хавтсыг эвдлэн нэвтэрч Aser загварын зөөврийн компьютер хулгайлан авч бусдад 960.000 төгрөгний хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Г д анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэсэн хүсэлт /хх-ийн 179/, түүний хувийн байдал /...49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1.../ гэсэн баримтууд хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Г ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г ы эдлэх 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г ы энэ хэрэгтээ цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Д.Г д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын Ган-Отгоныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Д-ын Ган-Отгоныг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г ы эдлэх 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г ы энэ хэрэгтээ цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Д.Г д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР