Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2024/00002

 

 *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч О.Баатарсүх, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 сарын 29-ний өдрийн 138/ШШ2023/00826 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Эд хөрөнгөд учирсан хохиролд 3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 4 сарын 19-ний өдөр манай хээлтэй хоёр үнээ маань ******* ХХК-ийн ухаж, сэтэлсэн нүхэнд унаж үхсэн. Удаа дараа хүн, мал унаж гэмтэж байсан нүхээ нөхөн сэргээлт хийгээгүйгээс ийм асуудал үүссэн. Иймд үнээний үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Зах зээлийн дундаж үнийг сайн мэдэхгүй байсан учир ойролцоогоор 1,500,000 төгрөг гэж үнэлсэн. Шүүхийн шатанд тугалах үнээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд 1,800,000 төгрөгөөр үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1,800,000 төгрөг болгосон. Гэтэл 2023 оны 6 сарын 25-ны өдөр дахин нэг үнээ маань үхсэн учир үхсэн эрээн үнээгээ 1,800,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 3,600,000 төгрөг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү. Манай үнээнүүдийг шаварт унасан байхыг ******* хараад надад ирж хэлсэн. Би үнээнүүдээ шавраас арай гэж гаргасан. Манай хар үнээ шаварт цээжин хэсгээрээ орчихсон байсан учир голд нь хүйт ороод маргааш нь үхсэн. Харин эрээн үнээ маань бөгсөн хэсгээр орсон байсан учир арьс нь цоорч, тэнхрэхгүй байсаар үхсэн. Би тухайн үед багийн даргад хэлж авч очиж харуулсан. Мөн компанийн захиралтай ярихад ойлголоо гэж байснаа сүүлдээ шүүхэд өг гэсэн. ******* ХХК нь уг даланг сэтэлж үйл ажиллагаа явуулж байгаад дахин сэргээлт хийгээгүйгээс ийм хохирол учирсан. Миний хохирлыг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн олборлолтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон нүх, тогтцод өөрчлөлт орсонтой холбоотойгоор мал нүхэнд орж, шаварт шигдэж үхсэн үндэслэл шалтгаан болсон. Үхсэн малаа уг компанийн нөхөн сэргээлт хийгээгүй байдалтай холбож үзэж байгаа. ******* ХХК-ийн зүгээс манай эзэмшил газар, талбай биш, манай талбайн гадна талд үхсэн мал гэж яриад байна. Яг өнөөдрийн байдлаар ******* ХХК-ийн эзэмшил газар мөн үү, биш үү гэдэг асуудлыг хариуцагчийн төлөөлөгч биш гэж яриад байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй байна. Ард, иргэд болон ******* ХХК-ийн хооронд асуудал үүсдэг талаар багийн засаг дарга маш сайн тодорхойлсон. Тухайн үед багийн засаг дарга ******* ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан талбайгаас үүссэн тогтоц, өөрөөр хэлбэл нүх болон шаварт мал унаж үхсэн талаар өөрийн нүдээр хараад явсан. Энэ үйл баримт нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан фото зураг, нотлох баримтуудаар нотлогдож байна. ******* ХХК-ийн газрыг мэдэж авахын тулд Цагдаагийн газарт албан ёсоор хүсэлт гаргасан. 4 сард хуурайшилттай, цас их орсон бол шавар үүсэх хэмжээний, мал усгүй болсон цаг байдаг. Иймээс мал шаварт тогтсон уснаас уух гэж очсон байж болно. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс малчныг малаа хариулсангүй гэдэг асуудлыг ярьж байна. ******* багаасаа эцэг, эхийн хамт уг газарт өсөж торнисон. Сүүлд нь Баттөгс гэдэг айл 2011 оноос хойш амьдарсан байдаг. Иймээс энэ тайлбар нь үндэслэлгүй байна. Урьд өмнө ******* ХХК нь сэтэлсэн далангаар ус гадагшлуулахдаа хүчтэй насосоор гаргадаг байсан гэж гэрч ******* хэлдэг. Хүчтэй ус гарч байгаа учраас далангийн доод талын шороо ухагдаад нэлээд гүнзгий нүх болдог. Энэ үйл ажиллагааг хэл ам хийж зогсоогоод 2, 3 жил болж байгаа гэсэн. Тэрнээс хойш ус урсгахаа больсон боловч өмнө ухагдаад үлдсэн нүхэнд өвөл цас тогтож, бороо орвол борооны ус тогтож шавар болдог. Нэгдүгээрт, уг даланг нөхөн сэргээлт хийж босгоогүй. Хоёрдугаарт, компанийн үйл ажиллагаанаас хамаарч бий болсон шавар, нүх зэргийг дарж бөглөх ажлыг уул уурхайн компани өөрсдөө хариуцах ёстой. Манай эзэмшлийн гадна тал хамаагүй гэж хэлэх үндэслэл байхгүй. Эзэмшил газраас нь гадагшаа үйл ажиллагааны үр дүнд ус урсаж малын бэлчээр, айл өрхийн амьдрал ахуйд нөлөөлөхүйц хэмжээний нөхцөл байдлыг үүсгэсэн үйл баримт харагдаж байна. Уг хоёр үнээ хоёулаа тугаллах байсан. Нэг үнээ нь маргааш өглөө нь үхсэн. Даарсан, осгосон, нэрмэл цутгаад нэмэргүй байсан гэж ярьж байгаа. Алаг үнээний хувьд өндөг зуурч өгдөг байсан, бүх боломжтой шим тэжээлтэй зүйлийг өгөхийг хичээдэг байсан. Мөнгө байхгүй байсан учраас эмчийн бичиж өгсөн эм, тариаг хэрэглэж чадаагүй гэсэн асуудлыг ярьдаг. Иймд ******* ХХК-ийн хариуцлагагүй байдал, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдлаас болж хохирол учирсан гэж үзэж байгаа учраас хоёр үнээний үнэлгээг 3,600,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас иргэд болон аж ахуйн нэгж байгууллагад гэм хор учирсан бол гэм хор учрахаас үүсэх хохирлыг төлж барагдуулах ёстой гэж үзэж байна. ******* ХХК нь манай эзэмшил газар биш гэж байгаа бол үүнийгээ нотлох баримтыг газрын алба болон экологийн нөхцөл байдлын талаар шинжээч томилж болох байсан. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс ард иргэд үйл ажиллагаа явуулахгүй байдаг гэж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа газрын оршин суугчдад илэрхий хохиролтой үйл ажиллагаа явуулж байсан учраас ард, иргэд эсэргүүцэж байсан байх. Өөрсдийн үйл ажиллагаанд анхаарал тавьж, орчин тойрны аюулгүй байдлыг хангаж чадаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч Н.Төмөрчөдөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ******* ХХК 2009 онд байгуулагдсан. 2009 оны 7 сарын 01-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авч аймгийн барилга, замын бүтээн байгуулалтад түүхий эд бэлдэх зорилготойгоор Хэрлэн сумын 5-р багт хайгуулын үйл ажиллагааг эхлүүлсэн. Хуучин СОТ-3 буюу Оросын барилгын компанийн олборлож байсан элс, хайрганы талбайд нэмэлт хайгуул хийж, үлдэгдэл нөөцийг тогтоолгож, ашигт малтмалын газрын эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж 2013 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа нүх нь хуучин нарийн голын судал. Мөн манай талбайн гадна талд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан зургуудад тодорхой харагдаж байна. Намайг Улаанбаатарт ажилтай явж байхад нэхэмжлэгч ярьсан. Тухайн үед би яг хаана вэ, манай талбайд мөн үү, биш үү гэдгийг очиж үзээд уулзаж байгаад болъё гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс байн байн залгаад байхаар нь Та яарч байгаа бол хуулийн байгууллагад ханд гэж хэлсэн. Ийм учраас шүүхэд хандсан байх. Өмнө нь нэхэмжлэгч Уранчимэгийн эгч манай талбайд үхэр үхсэн гэж төлбөр авч байсан. Манай компанийн хариуцаж байгаа талбай дотор орж үхсэн малуудын хохирлыг дор бүр нь барагдуулдаг. Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаад үхрүүд нь манай талбайн гадна талд байсан. Хоёрдугаарт, шаварнаас гараад маргааш, нөгөөдрөөс нь үхсэн гэж байна. Энэ нь малын хариулга буюу иргэдтэй холбоотой гэж бодож байна. Уул уурхайн орчимд 500 м-ээс дотогш хориотой байдаг. Энэ орчимд иргэд малаа бэлчээдэг, заримдаа мал нь хариулгагүй явж байдаг. Манай компанийн олборлож байгаа талбайд иргэдийн мал орж ирдэг. Тухайн үед манай ажилчид хөөж, тууж гаргадаг. Сүүлийн үед 5-р багт ах, дүү нараараа оршин суугаад манай компани руу дайрч, ажил хийлгэхгүй болсон. Компанийн үйл ажиллагааг хаалгана, хотын захиргаа, аймгийн захиргаанд гомдол гаргана, цагдаа, шүүхэд өгнө гэх мэтээр хэлж ажил хийлгэхгүй байна. Манай компани өмнө жил олборлолт маш бага хийсэн. Энэ жил олборлолт огт хийгээгүй. Манай компанийг тойроод байнгын хэрүүл, маргаантай байдаг. Уг нь цөөхөн айлтай. 5-р багт сонгуулийн үеэр 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гэж явдаг. Ингээд улс төрийн шоу хийж ажил хийлгэхээ больсон. Сүүлийн үед ажил хийхэд хүндрэлтэй, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлага дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол улсын Иргэний хуулийн 497-р зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх гэм хорын урьдчилсан нөхцөлийг тодорхой зааж өгсөн. Хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, объектод хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэсэн 5 нөхцөлийг шаарддаг. Эд хөрөнгө гэж тодорхойлж байгаа бол хууль бусаар гэдэг шинж яаж хангагдаж байгаа вэ, хариуцагчийн зүгээс ямар хуулийг хэрхэн зөрчсөн, хэрхэн яаж тогтоосон, яаж илэрхий болсон гэх нөхцөл хангагдахгүй байна. Иймээс хууль бусаар гэх шинж хангагдахгүй байна. Мөн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй шинжүүд хангагдахгүй байна. Гэм хор учруулсан байдал дээрх 2 нөхцөл байдлаар ойлгомжгүй харагдаж байна. Иймээс хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтээр хариуцагч байгууллагыг нөхөн сэргээлт хийгээгүй гэж тайлбарлаж байна. Нөхөн сэргээлтийг уул уурхай ашиглах төлөвлөгөө, журам, заавар, тусгай хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн байгууллага, төрийн захиргааны төв байгууллага хянаад төлөвлөгөөгөө баталж, үүний дагуу нөхөн сэргээлт явагддаг. Иймээс нөхөн сэргээлт нь төлөвлөгөөний дагуу үе шаттай явагддаг. Одоогийн байдлаар нөхөн сэргээлт хийсэн, хийгээгүй талаар мэргэжлийн болон эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт, тодорхойлолт байхгүй. Мөн нөхөн сэргээлтийг ашиглалт явуулж дуусгасан талбайд хийж гүйцэтгэдэг биологи, химийн үйл ажиллагаа байгаа. Иймээс ашиглалт болон олгогдсон газрын гадна талбай нөхөн сэргээлтэд хамаарахгүй ойлголт гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна. Мөн түүнчлэн мал бүхий иргэн буюу нэхэмжлэгч ямар үүрэгтэй байсан бэ гэхээр мал хулгайлах, гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомжоор энэ хуулийн 7.1.3 дахь хэсэгт зааснаар малаа байнгын хариулга, манаатай байлгах үүрэгтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт бэлчээр" гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг, 11 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг. Иймээс уул уурхайн бүсэд мал бэлчээх нь хууль тогтоомжид хэрхэн нийцэх талаар дүгнэлт хийх шаардлагатай. Түүнчлэн 2018 онд батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт мал байнгын хариулгатай байх ёстой талаар тусгасан байдаг. Иймээс малын эзэд өөрсдөө малаа хариуцах ёстой гэсэн тайлбарыг дэмжиж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдахгүй байна. Мөн Чулуунхүүгийн Уранчимэг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжилж байгаа мал Уранчимэгийн өмч гэдгийг нотлох баримт байхгүй. Баттөгс буюу нөхрийнх нь нэр дээр мал тоологддог гэдэг баримт байдаг. Гэрлэлтийн гэрчилгээ нь нэхэмжлэл гаргах эрхээ шилжүүлж байгаа ойлголт мөн үү гэдгийг шүүх анхааран дүгнэх байх. Иймээс хэлэлцүүлэгт яригдсан үндэслэлүүд болон хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 514 дүгээр зүйлийн 514.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас гэм хор учруулсны хохиролд 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 43,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, ... шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгчийн хувьд амьжиргаагаа залгуулж сүү, саалиа борлуулж боловсруулж хоногийн хоол, хэрэглээгээ хүргэж ядан амьдардаг манай нийгмийн ядуу, дундаж амьдралтай жирийн малчин эмэгтэй. Үнээ малаа сааж, сааль сүүг нь авахын тулд Уранчимэг багтаа амьдарч, сургуулийн бага насны хүүхэд нь аймагт байдаг болохоор нөхөр нь хүүхдээ харж ирж, очдог.

Хэрэг учрал болсон тэр өдөр нөхрийнх нь бие өвдөж эмнэлгээр үзүүлж явсан. Ер нь үхрийг өдөр бүр 2-3 саалийн үнээг хоньчилж харах боломжгүй байдаг. Хаврын цагт малд унд ховорддог болохоор ус уух гэж орсон уу, хээлтэй хоёр үнээ бусад малын хөл гүйцэхгүй хоцорч орсон уу, алийг нь мэдэхгүй. ******* ХХК-ийн ус зайлуулах гэж байсан даланг техникээр сэтэлснээс ус урсаж тогтсон нүх, шавар усанд л хоёр үнээ маань зоогдсон байсан.

******* ХХК нь хашлага хийж талбайгаа хамгаалсан юм байхгүй. Талбайн эргүүл, анхааруулах, таниулах тэмдэг, пайз ч байрлуулаагүй байдаг.

Гэтэл шүүхээс үхрээ байнга хариулга, маллагаатай байх үүргээ биелүүлэхгүй хайнга хандсан гэж үзэж хохирлыг багасгасанд гомдолтой байгаа. Уг мал бэлчээрийн мал өөрийнхөө өдөр тутмын иддэг өвс ургамал, бэлчдэг газраа бэлчиж байсан.

******* ХХК сэтэлсэн далангаа манай ашиглалтын талбайн гадна талд учир манайд хамааралгүй гэж хэлсэн байна. Тэгвэл ашиглалтын талбайд нь ороогүй. Харин компани талбайн гадна байгаа бэлчээрт буй даланг сэтлэх үйл ажиллагаа хийж, иргэдийн эсэргүүцлээс болж усаа тавихаа больсон ч үүссэн нүх, лаг шавар, сэтэлсэн далангаа хааж нөхөн сэргээлт хийгээгүйгээс иргэн надад хохирол учирсан тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын ...нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүрэн хангаж өгөхийг хүсч байна. гэжээ.

7. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: ... Тухайн өдөр нөхөр нь эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан тул аймагт орж ирсэн байсан. Гэтэл араас нь танай хоёр үхэр шаварт унасан байна гэж хэлсний дагуу яаралтай эргэж ирээд арай гэж хоёр үхрээ гаргаж авсан байна. Ингээд нэг үхэр нь голдоо ортол даарсны улмаас маргааш нь үхсэн. Нөгөө үхэрний хувьд тэнхэл авахгүй хоёр сар орчим болсны дараа мөн үхсэн байна. Ингээд энэ нөхцөл байдлаа хэлж учирлахад манай ашиглалтын талбай хэсэг биш гэдэг тайлбарыг тавьдаг байна. Гэтэл энэ газар тийм зүйлийг үүсгээгүй бол шавар үүсэхгүй байсан. Ядаж иргэдэд анхааруулах самбарыг ч байршуулаагүй байна. Уранчимэгийн хувьд нийт 4, 5 үхэр малтай. Үүнээс хоёрын хоёр тугаллах үнээ нь үхсэн учраас шүүхэд хандсан байгаа. Шүүхийн зүгээс малчин хүн өөрөө малаа маллах ёстой, хариулах ёстой гэж үзсэн байсан. Гэхдээ өөрийн бэлчдэг талбай хэсэгт мал бэлчиж байсан. ... Уг нь компани өөрөө ухсан нүхээ булах ёстой байсан. Ердөө ганц машин авч ирээд л тэгшилчих бүрэн боломжтой. Төв замын нөхцөл байдал дээр малын хариулгатай байх шаардлагыг тавьдаг. Энэ хоёр асуудал огт өөр. Нэхэмжлэлийн шаардлагын талыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

8. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа ******* ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газар манай үхэр орж үхсэн гэдэг зүйлийг дурдсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гадна талд үхсэн гэж өөрчилсөн байгаа. Өөрөөр хэлбэр ******* ХХК тухайн даланг сэтэлсэн, насос байршуулсан гэдгийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй. Мөн тухайн үхэр юунаас болж үхсэн бэ? гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоосон зүйл байхгүй. Шууд дур мэдэн шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд малчин хүн малаа хариулж байхыг шаарддаг болсон. Мал өөрөө бэлчиж байсан гээд байх юм. Заавал хэн нэгэн хүн хариулж маллах ёстой. Тэгэхгүй бол хүн шиг оюун ухаант амьтан биш. Өөрсдөө үүргээ биелүүлэх ёстой. Хоёр дахь үхэр нь хоёр сар орчмын дараа үхсэн байна. Тэгвэл яг ямар шалтгааны улмаас үхсэн болох нь мөн тодорхой бус байна. Өмгөөлөгчийн хэлж байгаа тайлбар нотлогдохгүй байна. Хэдийгээр давж заалдах гомдол гаргаагүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг засаж залруулах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Тиймээс 1.8 сая төгрөгийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэж байгааг ч гэсэн харж үзэхийг хүсч байна. Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Эд хөрөнгөд учирсан хохиролд 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... ******* ХХК нь далан сэтэлж, бөглөөгүйн улмаас тогтсон ус, шаварт манай тугаллах гэж байсан хоёр үнээ орж улмаар хар зүсмийн үнээ голд нь хүйт орсноос маргааш нь үхсэн. Бид янз бүрийн арга хэмжээ авсан боловч хар үнээ нь цээжин хэсгээрээ орсон байсан учраас үхсэн. Харин эрээн зүсмийн үнээ нь 6 сарын 25-ны өдөр ямар ч тэнхэл авахгүй байсаар байгаад үхсэн. Өөрийн хоёр үнээг шаварт орсныг тухайн үед нь багийн Засаг даргыг дагуулж очиж харуулсан. Иймд зах зээлийн үнэлгээг үндэслэн хоёр үнээний үнэ 3,600,000 төгрөгийг нэхэмжилнэ. ... гэж тайлбарласан.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... Нэхэмжлэгчийн яриад байгаа газар бол Хэрлэн голын нарийн голын дагуу тогтсон шавар юм. Манай компанийн эзэмшлийн талбайн гадна болсон асуудал. Манай компанид хамаарахгүй. Даланг хэн хийснийг мэдэхгүй. Энд хэсэг айл ах дүүгээрээ нийлж буучихаад манай компани руу дайрч ажил хийлгэхгүй болсон. Манай компани ажиллахгүй хоёр жил болж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргадаг.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2023 оны 4 сарын 19-ний өдөр Хэрлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хариуцагч ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас, өөрөөр хэлбэл усны хамгаалалт бүхий даланг сэтэлсний улмаас усны хүчтэй урсгалаас үүссэн нүхэнд нэхэмжлэгчийн хар болон эрээн зүсмийн хоёр үнээ унаж шавардсан, улмаар хар зүсмийн үнээ 2023 оны 4 сарын 20-ны өдөр, эрээн зүсмийн үнээ 6 сарын 25-ны өдөр үхсэн гэх үйл баримт тогтоогджээ.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

7. Нэхэмжлэгч ******* болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь ...шүүхээс үхрээ байнга хариулга маллагаатай байлгах үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэж үзэж хохирлыг багасгасанд гомдолтой байгаа. ******* ХХК сэтэлсэн далангаа манай ашиглалтын талбайн гадна тал учир манайд хамааралгүй гэдэг ч үнээ ашиглалтын талбайд нь ороогүй. Харин компани талбайгаасаа гадна байгаа бэлчээрт буй даланг сэтлэх үйл ажиллагаа хийж, иргэдийн эсэргүүцлээс болж усаа тавихаа больсон ч үүссэн нүх, лаг шавар, сэтэлсэн далангаа хааж нөхөн сэргээлт хийгээгүйгээс иргэн надад хохирол учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. ... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны 5 сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-д 5 настай, хээлтэй үнээг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд талууд уг үнэлгээний талаар гомдол гаргаагүй байна.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд болох ******* ХХК нь арилгах үүрэгтэй.

10. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж заасан.

11. Малын генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн үүргийг хуульчилсан бөгөөд дээрх гэм хор учрахад нэхэмжлэгчийн малаа байнгын хариулга, маллагаатай байлгах үүргээ хэрэгжүүлээгүй хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэж Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1-д заасныг баримтлан гэм хорын хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

12. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх ба хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эрээн зүсмийн үнээг шавраас гаргаснаас хойш 2023 оны 6 сарын 25-ны өдөр буюу 66 хоногийн дараа үхсэн нь нүхэнд унаж шавардсанаас болсон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэсэн болно.

13. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 сарын 29-ний өдрийн 138/ШШ2023/00826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Ц.ЭРДЭНЭЗУУ