Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2024/00003

 

  *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 сарын 12-ны өдрийн 138/ШШ2023/00844 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Гэрээний үүрэгт 16 187 776 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би *******тай тохиролцон Хэрлэн сумын 10-р баг, ******* байрны 33 тоотод байрлах Алим хүнсний дэлгүүрийг 2018 оноос эхлэн түрээслүүлэх болсон. Энэ хугацаанд дэлгүүрийн түрээсийн гэрээг 2021 оны 02 сарын 25-ны өдөр шинэчлэн байгуулсан. Гэвч ******* нь түрээсийн гэрээг хугацаанд нь хийхгүй байнга шаардуулж байсан учраас үйл ажиллагааг зогсоож дэлгүүрээс гаргасан. Гэтэл ******* нь дахин дэлгүүрийг чинь үргэлжлүүлэн түрээслэж ажиллуулья, төлбөр мөнгөө хугацаанд нь төлж барагдуулна гэсэн тул түүнд 2022 оны 3 сарын 04-нөөс эхлэн дахин дэлгүүрээ түрээслүүлж ажиллуулахыг зөвшөөрсөн. Ингэхдээ 2022 оны 3 сарын 13-нд түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулж хэлцлийг бичгээр хийсэн. Тухайн үед ******* нь дэлгүүрт зарах бараагаа 2022 оны 3 сарын 04-ний өдөр Дорнод хүнс групп ХХК-ийн бөөний төвөөс зээлээр авсан бөгөөд барааны үнэ болох 3 417 221 төгрөгийг 2022 оны 3 сарын 20-ны дотор төлөхөөр гэрээнд тусгасан. Гэвч ******* хугацаанд нь төлөөгүй учир би үлдэгдэл төлбөр 1 430 000 төгрөгийг төлсөн. Мөн ******* нь дэлгүүр түрээсэлж байх хугацаандаа 6-7 сарын түрээсийн төлбөр 1 400 000 төгрөгийг төлөөгүй тул би 2022 оны 7 сарын 30-ны өдөр дэлгүүрийг түрээслэхээ больж дэлгүүрээ буцааж хүлээж авсан. Тэр үед ******* байхгүй байсан учир худалдагчаас нь барааг нь тоолж хүлээн авсан. Мөн ******* нь дэлгүүрийг түрээсэлж байхдаа 2022 оны 7 сарыг дуустал хэрэглэсэн цахилгааны 492 910 төгрөг, НААҮГазарт 120 435 төгрөг, интернетийн зардал 101 142 төгрөг нийт 714 487 төгрөг төлөөгүй байсныг би өөрөө төлж барагдуулсан.

******* нь надаас 2020 оны 12 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Түүнийгээ төлөх ёстой хугацаандаа төлж барагдуулаагүй тул гэрээнд заасны дагуу алданги тооцож нэхэмжилж байна. Иймд *******гаас 2022 оны 6-7 сарын түрээсийн төлбөр 1 400 000 төгрөг, дэлгүүрийн хэрэглээний төлбөр 714 487 төгрөг, барааны үлдэгдэл төлбөр 1 430 000 төгрөг, зээл 5 000 000 төгрөг түүний алданги 315 000 төгрөг нийт 8 859 487 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түүнчлэн *******д анх дэлгүүр хүлээлгэж өгөхдөө 2019 оны 3 сарын 28-ны өдөр дэлгүүрээ 7 328 289 төгрөгийн бараатай хүлээлгэж өгсөн. Үүнийгээ нэхэхээр удахгүй өгнө гэсээр өдийг хүрсэн. Бидний маргаан үргэлжилж байгаа тул би өмнө нэхэмжилсэн 8 859 487 төгрөг дээрээ нэмж барааны үнэ болох 7 328 289 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нийт 16 187 776 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 4 сард ******* над руу яриад ирж уулзаарай гэсэн. Тэгээд очоод уулзахад ******* дугаар байрны 33 тоотын Алим хүнсний дэлгүүрийг хамтарч ажиллуулъя гэсэн санал тавьсан юм. Мөн өөрийгөө удахгүй гадагшаа гарах гэж байгаа визэнд орох гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би найздаа итгээд хамтарч ажиллахаар болсон. Дэлгүүрт нь 6 500 000 орчим төгрөгийн бараа байсан бөгөөд үүнийгээ өөрийнхөө найз Долгормаагаар тоолуулж надад хүлээлгэж өгсөн. Надтай түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд Голомт банкны пос машинтай байсан. Тэр машины орлого нь *******гийн данстай холбоотой байсан учраас дэлгүүрийн орлогыг надад нэг ч төгрөг өгөхгүйгээр өөрөө авдаг байсан. Бид сардаа 3 000 000 төгрөгийн орлогыг тэнцүү хуваана гэж тохирсон байсан тул би түүний дансанд ашгийн 1 500 000 төгрөгийг сар бүр хийдэг байсан. Дэлгүүр ажиллуулж байхад ******* нь банкнаас зээл авахаар хөөцөлдсөн ба банк түрээсийн гэрээ шаардсан. Тэгэхэд ******* нь надтай түрээсийн гэрээ байгуулсан. 2019 оны 5 сарын 01-нээс 10 сарын 22-ны өдрийг хүртэлх дэлгүүрийн пос машинаар орсон орлогыг ******* бүгдийг нь өөрөө авсан ба уг орлогоос надад нэг ч төгрөг өгөөгүй. Би Болормаагаас Чи пос машины орлогын тооцоо хийгээчээ, миний орлоыг ихэнх хэсэг чиний дансанд ороод байна, бараандаа эргэлдүүлэх хэрэгтэй байна гэж олон удаа хэлсэн боловч юун сүртэй юм хийнэ л биз дээ гээд байдаг байсан. Тухайн үед ******* нь Би Англи явах гээд визэнд орох гэж байгаа учраас миний дансны орлого их чухал, хэрэгтэй байна, тэгэхээр пос машины орлогын дансыг өөрчилж болохгүй байна гэж надад хэлсэн учраас би найздаа итгэсэн. Үүнээс болж бид 2 зөндөө л муудалцсан. Сүүлдээ визэнд орох чинь үнэн юм уу, лавлагаагаа үзүүлчих гэхээр чамд ямар хамаатай юм бэ гээд үзүүлдэггүй байсан.

2020 оны 01 сараас эхлэн би түрээсийн төлбөр төлдөг болсон бөгөөд Короно өвчин гарч ашиг орлого багасаж, цагийн хязгаарлалттай ажилладаг болсон. 2021 оны 12 сарын 05-ны өдрөөс надад түрээслүүлэхээ болилоо гээд гаргасан. 2022 оны эхээр дахин над руу ярьж, бид харилцан ярилцсаны үндсэн дээр би дэлгүүрийг нь дахин түрээслэхээр болсон. Гэхдээ би *******д хэлсэн чи миний өдөр тутмын үйл ажиллагаанд битгий оролц, ажил тайван хийлгэхгүй байдаг шүү гэдэг байдлаар хэлсэн. Хэрвээ өөдөөс нь үг хэлбэл одоо гар, зайл гээд дарамтлаад эхэлдэг болохоор би аль болох зайтай тайван ажлаа хийе гэж бодож хэлсэн. Дараа нь түрээслэхэд дэлгүүрээ 8 нэрийн дэлгүүр болгосон байсан учраас түрээсийн төлбөрөө 700 000 төгрөг болгосон байсан. Би үүнийг нь зөвшөөрч түрээслэсэн. 2022 оны 7 сарын 30-ны өдөр намайг өвчтэй эмнэлгээр эмчлүүлж байх хугацаанд худалдагч охиныг минь шууд хөөж гаргаад барааг минь ч тоолоогүй дэлгүүрээ авсан байсан. Би эмчилгээгээ дуусгаад ирэхэд барааг минь гэртээ зөөж аваачсан байсан. Манай дэлгүүр 3 000 000 гаран төгрөгийн бараатай байсан. Тэр бараагаа би *******гаас аваагүй байна. Би Дорнод хүнс групп ХХК-иас 3 417 221 төгрөгийн бараа авч түүнээсээ 2 000 000 төгрөгийг төлсөн. Одоо 1 417 221 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэр өрөө би өөрөө төлнө. Үүнийг ******* надаас нэхэх шаардлагагүй, түүнд ч хамаагүй асуудал. Харин би 6, 7 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй, Дорнод НАА-д болон тогны, интернэтийн зардлын тооцоотой байсан. Түүнийг ******* нь төлөхдөө миний ажиллуулж байсан дэлгүүрийн барааг авсан учраас түүнээс суутгаж юм уу зарж борлуулж төлсөн байх гэж бодож байна. Харин 2020 оны 12 сарын 25-ны өдөр *******гаас 5 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн учир алданги 315 000 төгрөгийг хамт төлөхийг зөвшөөрч байна.

Миний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь дэлгүүрийг ажиллуулж байх хугацаанд олсон орлого нь *******гийн нэр дээрх Голомт банкны пос машинаар орж тэр мөнгөө Болормаа надад эргүүлж өгөхгүй, тооцоо хийхгүй өөрөө ашигласан, мөн пос машиныхаа эхний 6 сарын орлогоос нэхэмжлээд байгаа мөнгийг хангалттай тооцох ёстой гэж үзэж байгаа учраас татгалзаж байгаа юм. ...Пос машины өдөр тутмын орлогоос 8 000 төгрөгийн хуримтлал нээлгэсэн ба энэ хуримтлал нь миний ажиллаж байх үеийн барааны хуримтлалаас орсон хуримтлал юм. Энэ нь 2 800 000 төгрөг болсон бөгөөд хүүнд 300 000 төгрөг тооцсон. Үүнээс би 500 000 төгрөг авсан. Үлдсэн 2 600 000 төгрөгийг ******* авсан. Зүй нь энэ мөнгө *******гийн орлого биш юм.

Миний хувьд бараа хүлээж авсан нь үнэн. Гэхдээ энэ барааны үнийг пос машины орлогоос хангалттай төлсөн гэж бодож байна. Эхний 6 сар пос машины картыг ******* ганцаараа эзэмшдэг байсан учир орлого нь шууд *******гийн данс руу ордог байсан. Тэр 6 сарын дансны хуулгаа хараад тооцоо нийлэх байсан юм. Түрээсийн төлбөрийн тухайд гэвэл мөн л энэ мөнгийг 6 сарынхаа пос машиныхаа орлогыг тооцоод авах боломжтой. Ер нь бол намайг байхгүй байхад надтай ярилцахгүйгээр худалдагчаас бараа авсан байсан.  Надаас дэлгүүрээ 2022 оны 7 сарын 30-ны өдөр авсан. Өөрөөр хэлбэл худалдагчаас 3 100 000 төгрөгний барааг намайг байлцуулахгүйгээр хүлээж авсан байсан гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Цэрэндоржийн Баярмаагаас 16 187 776 /арван зургаан сая нэг зуун наян долоон мянга долоон зуун далан зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ийн Болормаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291 352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 291 352 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхээс хэргийн үйл баримтыг үнэн зөв бөгөөд үндэслэлтэй тогтоож чадаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний хэлсэн ярьсан тайлбарласан бүхнийг үгүйсгэж хандлаа. Нэг ёсондоо нэхэмжлэгч ******* нь гэрээ нэрийн дор намайг залилан мэхэлж, хэт үндэслэлгүй хөрөнгөжиж байхад шүүхээс түүний нэхэмжлэлийг хангаж намайг хохироолоо.

Би *******д залилуулаад байна. Голомт банкны пос машины орлого нь *******гийн нэр дээр гэрээ байгуулан авсан тул банк орлогын баримтыг надад өгөхгүй байсан. *******гаар гаргуулна гэхэд гэрээгээ цуцалсан гэсэн тул гаргахгүй гэхчлэн төрийн байгууллага болон бусад газраас би тухайн нотлох баримтыг гаргуулж аваагүй. Голомт банкны дансаа хаалгасан гэхэд өмнөх гүйлгээ үлдэх боломжтой. Гэтэл санхүүгийн ажилтан болохоор намайг луйвардан дээрхи дансаа хаагаад улмаар банкаар данс байхгүй гэдэг мэдээллийг гаргуулж өөрт ашигтайгаар шийдүүлэх үндэслэл болсон байна.

Шүүхээс миний хүсэлтийг ханган нотлох баримтыг гаргуулсан хэдий ч энэхүү нотлох баримт шаардлага хангагдаагүй байснаар би хохирч шүүхийн шийдвэр миний эсрэг гарах үндэслэл болсон байна. Тэгэхээр шүүхээс миний төрийн болон бусад байгууллагаас гаргуулах боломжгүй нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэж гомдож байна. *******гийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага ор үндэсгүй буюу бидний хооронд байхгүй дууссан өр, авлага, *******д төлөх үүрэггүй зүйл дээр нэхэмжлэл гаргахад шүүхээс шаардах эрхтэй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлж чадаагүй, үйл баримтыг тогтоож чадаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Үндсэндээ ******* нь надаас авснаа огт гаргахгүй, зөвхөн надад өгснөө л шүүхийн нотлох баримт болгосон. Үгүйсгэх нотлох баримтыг маань ******* шүүхэд өгөхөөс өмнө надаас түр өгч бай даа гэж аваад эцэстээ бүгдийг нь үгүй болгосон. Надад ганцхан банкны хуулгаар *******д өдөр болгон өгсөн мөнгөний баримт нотлогдох ба үүнийг нотлохын тулд өмнөх дансны хуулгыг заавал банкнаас гаргуулах шаардлагатай. Үүнийг л хангалттай гаргаж өгсөн бол шүүхэд миний асуудал нотлогдох байсан. Үүнийг маань хангасан хэдий ч дутуу дулимаг гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж хүсч байна. Шударга үнэн байх ёстой гэж итгэж байна. Хажуугаар нь миний ах хорт хавдартай надад их хүнд байсан учраас шүүх хуралтайгаа ч мэдээгүй, өөрөө чихний сонсгол муу шүүх хуралдааны талаар юу ч сонсохгүй ойлгохгүй хуралдаанд оролцсон маань Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх боломжоо эдлээгүй. Хөгжлийн бэрхшээлтэй бусдын хэлж ярьж байгааг сонсохгүй бол би өмгөөлөгчөөр эсвэл сонсголын бэрхшээлтэй хүний хамт шүүх хуралдаанд оролцох байсан байна. Би сонсож, ойлгож чадаагүй надад хэцүү байна.

Иймд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэж хүсч байгааг хүлээн авна уу гэжээ.

 5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний үйлчлүүлэгчийн хувьд сонсголын нилээн хүнд бэрхшээлтэй. 10 жилийн найз Болормаагийн хүсэлт гуйлтын дагуу дэлгүүрийг нь түрээслэж байсан нь үнэн. Энэ хэргийг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах саналыг гаргаж байна. ... Болормаа нь хамт дэлгүүр ажиллуулж байх үедээ өөрийн данс руу тогтмол орлогоор хадгаламж үүсгэж байсан байдаг. Гэтэл ямар нэг данс эзэмшдэггүй гэдэг тодорхойлолтыг гаргаж ирсэн. Хэргээс харахад Голомт банкны данс эзэмшдэг гэдэг нь харагддаг. Тиймээс шүүхээс шийдвэр гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэж болохоор байна. ... Хүсэлт гаргасан л бол анхан шатны шүүх ямарваа нэгэн шийдвэрийг гаргах ёстой байсан. Гэтэл ингэхгүйгээр хэргийг хэлэлцсэн нь илэрхий алдаа болж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. Данс эзэмшдэггүй гэдэг баримт нь үнэхээр эргэлзээтэй баримт байна. Энэ байдлыг анхаарч үзнэ үү гэв.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг буюу хоёр сарын түрээсийн төлбөр 1 400 000 төгрөг, дэлгүүрийн хэрэглээний зардал 714 487 төгрөг, зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 1 430 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 5 315 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дэлгүүрийн хамт хүлээлгэж өгсөн барааны үнэ 7 328 289 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 16 187 776 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь *******гийн хүү Б.Болорсайханы өмчлөлд бүртгэлтэй Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* дугаар байрны 33 тоотод байрлах 44м2 талбай бүхий байранд байрлах Алим нэртэй хүнсний дэлгүүрийг худалдаа үйлчилгээний зориулалтаар 2019 оны 3 сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 сарын 29-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, сарын 500 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцож, 2021 оны 02 сарын 25-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хх 5-7/

5. Талууд дээрх түрээсийн гэрээг 2021 оны 12 сард гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцалсан, 2022 оны 3 сарын 13-ны өдөр түрээсийн гэрээг дахин үргэлжлүүлэн байгуулсан, /хх 8/ мөн 2022 оны 7 сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээгээ цуцалсан байна.

6. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас 2020 оны 12 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2021 оны 9 сарын 25-ны өдрийн дотор хоёр хувааж төлөх нөхцөлтэйгөөр зээлж, талууд 2020 оны 12 сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. /хх 12/

7. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 5 315 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагуудыг эс зөвшөөрч ... Дэлгүүрийн картаар орсон орлого *******гийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны ПОС машинаар ордог байсан, уг орлогын надад өгөлгүйгээр ******* авдаг байсан тул нэхэмжилж буй мөнгийг уг орлогоос хангалттай төлсөн ... гэх үндэслэлээр маргадаг.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзлаа нотлох зорилгоор шүүхээр дамжуулан Голомт банкнаас *******гийн нэр дээр тус банкны ПОС машины бүртгэлд бүртгэгдсэн харилцах дансны 2019 оны 5 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хуулга, мөн 2022 оны 3 сарын 05-ны өдрөөс 2022 оны 7 сарын 30-ны өдрийн дуусталх хугацааны хуулгыг тус тус гаргуулах, ... тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. /хх-32/

Шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч, тухайн нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 138/ШЗ2022/03130 дугаартай захирамжаар хүсэлтийг ханган, уг захирамжид заасан нотлох баримтыг ирүүлэхийг Голомт банкны Дорнод салбарт даалгасан байх ба Голомт банкны Дорнод салбараас 2022 оны 11 сарын 30-ны өдөр ******* /ЖЮ71021569/ нь Голомт банкинд данс эзэмшдэггүй, бүртгэлгүй талаарх тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ. /хх 33-36, 39/

8. Анхан шатны шүүх эрх бүхий байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу шаардсан баримтыг ирүүлэхдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад нягтлан шалгалгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй ... гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэглслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. гэж, 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... хувь хүний нууцтай холбоотой, ... өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж тус тус заасан.

Хэргийн 39 дүгээр талд авагдсан Голомт банкны Дорнод салбараас ирүүлсэн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 10/488 дугаартай тодорхойлолтод нэхэмжлэгч *******гийн регистрийн дугаар ЖО71021569 /хх 4/ байхад серийн дугаарыг ЖЮ гэж буруу бичсэн, мөн уг тодорхойлолтыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт хаягласан байгааг шүүх нягтлан шалгаагүй, түүнчлэн хэргийн 34 дүгээр талд буй шүүгчийн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 138/ШЗ2022/03130 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт нэхэмжлэгч *******гийн регистрийн дугаарын серийн дугаарыг буруу бичсэн зэрэг байдал нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт бүрдүүлэхдээ дутуу бүрдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч ******* нь шүүх хуралдааны өмнө шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ... Голомт банкны *******гийн нэр дээр 4715102820 тоот ПОС машины орлого ордог байсан данс, *******, ******* нарын нэр дээрх 4715111916 тоот хоёр дансны мэдээллийг шалгуулах хүсэлтэй байна. гэсэн байх ба /хх 82/ шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан эсэх, эсхүл тайлбар гаргасан эсэхийг шүүх хуралдааны явцад асууж тодруулаагүй нь шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй гэж үзэх ба уг алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй байна.

9. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 сарын 12-ны өдрийн 138/ШШ2023/00844 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 352 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Г.УРТНАСАН