Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 201/МА2024/00004

 

*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Д.Ганзориг, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2023/00923 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

12 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч *******, өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь эхнэрийн хамт засварын ажил хийдэг бөгөөд оффисын засварын ажлаа хийлгэж байсан. Тэгээд аав, ээжийнхээ амьдарч байсан ******* дүгээр байрны ******* тоот 4 өрөө байрыг засуулахаар *******тэй ярилцсан. Тэр үед ******* нь 1 өрөө 18 м2 байрыг 1 000 000 төгрөгөөр засварлана гэж ярьж байсан бөгөөд 4 өрөө байрыг 4 000 000 төгрөгөөр засварлана гэсэн. ******* нь 2021 оны 02 дугаар сард Улаанбаатар хот руу явж засварын материал татаж ирсэн. Өөрийнх нь хэлсэн үнээр материалын мөнгийг шилжүүлдэг байсан. Мөн түлш шатахууныг нь хийж өгсөн. Хоёр ч удаа явсан. Засварыг 1 сарын дотор хийнэ гэж тохирч 2021 оны 03 дугаар сараас эхэлсэн боловч 05 дугаар сард засварын гол ажлыг дуусгаад, өөр ажилд орчихсон. Манай хаалга, цонхны суулгалт дутуу, гадна пасад, цонх, хаалганы дулаалга, амалгаа хийгдээгүй. Дараа нэг ирээд дор нь хийчихнэ гэсэн. Эдгээр дутуу ажлыг хийлгэх гэж шахаж шаардаагүй, нэг л ухасхийгээд хийчих ажил гээд яриад байсан учир хүлээж байсан. Ажлын хөлсийг 2021 оны 04 дүгээр сараас эхлэн зээл ч гэх юм уу, урьдчилгаанд аваад байдаг байсан.

Миний бие 2021 оны 09 дүгээр сард Гурванзагал суманд хадлан хадахаар судалж, анх удаа ийм ажил хийх гэж байгаа болохоор ******* ахыг та цуг яваад талбайг үзээд өгөөч гээд хамт явсан. Тэгээд ажилд зориулж техник машин авах хэрэгтэй болсон. ******* нь тоног төхөөрөмж буюу машин захиалж өгөхөөр болж түнштэйгээ яриад, би банкнаас зээл авч мөнгө шилжүүлсэн. Зээл авах үед Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаах болсон тул өмнө нь ******* ахын надаас зээлээр авсан машиныг зарахаар болж уг машиныг ******* нь 16 000 000 төгрөгөөр зараад 13 000 000 төгрөгийг өгч, 3 000 000 төгрөгийг нь өөрөө аваад үлдсэн. 2023 оны 04 дүгээр сард засварын урьдчилгаанд 1 500 000 төгрөг авсан. Мөн сүүлд 500 000 төгрөг авсан. Машинтай болтлоо унах унаагүй ажил хэцүүдлээ гээд байхаар нь миний дүү болох Оюунсайханы сул машиныг унаад ирчих гэсэн. Энэ үед 1 100 000 төгрөг зээлүүлсэн. Мөн 300 000 төгрөг, 500 000 төгрөг өгсөн. Ингэж манай байрны дотор засварыг хийсэндээ тооцож 5 500 000 төгрөг авчихсан байгаа.

...Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* нь приус-41 машин авах боллоо гээд надаас 10 200 000 төгрөг зээлж авсан. Дараа нь дахиад 2 хоногийн дараа 23-ны өдөр нь мөнгө дутчихлаа гээд 1 000 000 төгрөг авсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 09-нд эмнэлгээр үзүүлж явна, өндөр үнэтэй хагалгаанд орох гэж байна, мөнгө зээлээч гээд 1 000 000 төгрөг, 04 дүгээр сарын 10-нд 500 000 төгрөг авсан. Иймд би *******ээс 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 04 дүгээр сард надаас зээлсэн 12 800 000 төгрөгийг *******ээс гаргуулахаар нэхэмжилж байна. Уг төлбөр нь засварын ажлаас тусдаа өөрт нь зээлдүүлсэн, машин унаа авахад нь тусалсан мөнгө юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

2. Хариуцагч ******* хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 03 дугаар сард *******тай 4 өрөө байрны засварын ажлыг хийхээр тохиролцсон. Засварын материал татах хүн байхгүй, та яваад ирээч гэхэд нь Улаанбаатар хот руу хоёр удаа засварын материалд нь явсан. Тэгэхэд түлшний мөнгөнөөс өөр мөнгө өгөөгүй ба би өөрийн зардлаар хоол унд, бусад зардлаа гаргаж явсан. Иймд одоо миний хувьд тэр үеийн тээврийн зардал болон өөрийн хөлс болох 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Засварын ажил 45 хоног үргэлжилсэн. Засварын ажлын урьдчилгаанд 1 500 000 төгрөг өгсөн. Ингээд засварын ажил дуусаж төлбөр тооцоо хийх үед мөнгө байхгүй байна, та машин авах уу гэхэд нь би машингүй байсан болохоор зөвшөөрсөн. Тоёота прима маркийн машиныг 14 000 000 төгрөгт бодож авахаар болсон. Уг машины зөрүү болох 7 000 000 төгрөгийг надаас авахгүй, оффисын засварын хөлснөөс хасуулаарай гэсэн. Энэ машины хаалга нь гэмтэлтэй, амортизатор, дугуй муу ирсэн тул энэ бүхнийг 2 сая гаруй төгрөгөөр засварлуулсан. *******ы яриад байгаа байшингийн гадна цонхны амалгаа янзлах ажил дотор заслын ажилд ороогүй. Гэхдээ би энэ ажлыг нь хийж өгье гэсэн боловч цонхон доор нь мод ургасан байснаас шат тавих аргагүй байсан тул энэ ажлыг хийх нөхцөлгүй байсан. ******* нь энэ модыг тайруулчихаад дуудна гээд өдийг хүртэл дуудаагүй.

Ингээд 2021 оны 08 дугаар сарын эхээр ******* над руу Гурванзагал суманд хадлангийн талбай авсан, та надад ажил хийж өгөх үү гэж ярьсан. Би зөвшөөрч тус сум руу 3, 4 удаа явсан. Ингэхдээ бас л зөвхөн бензиний мөнгө өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын дундуур над руу ...ахаа наад машинаа зарах хэрэгтэй байна, гааль дээрээс хадлангийн тоног төхөөрөмж авна гэж ярьсан.  Би зөвшөөрч дахиад Улаанбаатар хот руу явж машиныг нь 16 000 000 төгрөгөөр зарж, *******д эхлээд 13 600 000 төгрөг, дараа нь 400 000 төгрөг өгсөн. Үлдсэн 2 000 000 төгрөгийг надад өгсөн.  Тэгээд хадлангийн тоног төхөөрөмж ч ирэхээ больсон ба ******* захиалсан мөнгөө буцаагаад авчихлаа гэж ярьснаас хойш 12 дугаар сар хүртэл чимээгүй байсан. Би ажилгүй хүлээж ядаад 12 дугаар сард Баяндун суманд нэг сарын хугацаатай засварын ажил хийсэн. 12 дугаар сарын дундуур ******* руу залгаж би ажилгүй чамайг хүлээгээд байна, чи нэг шийдтэй хариу хэл, ажил хийгдэхгүй болсон бол хоёулаа тооцоогоо дуусгая, чи надад өгөх ёстой мөнгөө өгөөд өөрийн авах юмаа ав гэж хэлэхэд ******* та ямар тэвчээргүй юм бэ, сонин юм бэ гэх зэргээр уурласан.

Ингээд 12 дугаар сарын 20-нд над руу яриад ахаа мөнгөтэй болчихлоо, танд 10 200 000 төгрөг өгье, үүгээр урьдчилгаа хийгээд машин ав гэж хэлсэн учир би Улаанбаатар хот руу очиж приус-41 маркийн машиныг банк бусаар аваад ирсэн. Энэ хугацаанд ******* надтай уулзах болгондоо би танд өндөр цалин өгнө, хаус хороолол барина, уурхайд том машин явуулна гэх мэтээр гоё гоё юм ярьж, намайг горьдоох байдалд оруулж удаан хүлээлгэсэн. Ингээд нэг өдөр ******* намайг дуудаж Шинь шинь компанид цемент зөөх ажил байна, үүнийг авахаар болсон, та хариуцаад ажилла гэхээр нь зөвшөөрсөн боловч ажил эхлээгүй. Тэгээд асуухад ахаа ажил авахад хүндрэл гарсан. Ажил хийх компани нэр дээрээ цемент зөөх машинтай байх ёстой гэнэ. Та дүүгийнхээ машиныг над руу шилжүүлж өгөх арга байна уу гэсэн. Би дүүтэйгээ ярихад зөвшөөрсөн учир ******* бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Тэгэхдээ би бензин тосны зардлыг гаргаж явсан. Манай дүү машинаа *******ы нэр дээр шилжүүлэхдээ би үнэтэй зүйлээ нэр дээр нь шилжүүлж байгаа учир хүүгүйгээр 10 000 000 төгрөг зээлүүлчих, би машин эргүүлж өгөх хүртэл хэрэглээд эргүүлж өгнө гэснийг ******* зөвшөөрсөн. Гэвч тэр үед өөрт нь мөнгө байгаагүй учир би *******д 10 000 000 төгрөг зээлүүлсэн. Үүнээс хойш мөн л ажил нь эхлэхгүй хүлээж, цаг хугацаа алдсаар байсан. Миний бие 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 2022 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл *******аас шалтгаалж 7 сар ажилгүй байсан. Иймд 7 сар ажилгүй байсан хугацааны 17 500 000 төгрөгийг нэхэмжилнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 12 700 000 /арван хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 218 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би шүүхээс хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож үнэлж чадаагүйгээс Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

Би анхнаасаа нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй гэж татгалзаж байсан. Тийм ч учраас ажил гүйцэтгэх гэрээний талаар тайлбар гаргаж бидний хооронд болсон үйл баримтыг нэг бүрчлэн тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч ч анхнаасаа надад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа мөн бидний хооронд болсон ажил гүйцэтгэх гэрээний талаар л дурдаж бичсэн байсан. Энэ нь ямар учиртай вэ, яагаад маргаан үүсэв, хэн хэн нь гэрээний үүргээ хэрхэн яаж биелүүлсэн бэ гэдгийг дараалан тогтооход чухал ач холбогдолтой байсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд нэг бүрчлэн ярилцаад байгаа үйл явдал болсон гэдэг нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байдаг. Гэтэл үүнийг шүүхээс зөв үнэлж чадсангүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зээлийн гэрээг нотолж чадаагүй байхад түүний мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн зээлийн гэрээ гэж дүгнэн надаас гаргуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Бид хоёрын хооронд 4 өрөө байрны бүрэн хэмжээний капитал дотор заслыг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэдэг нь маргаангүй. Үүний мөнгө 5 500 000, 4 000 000 төгрөг гэх боловч үндсэндээ 7 000 000 төгрөгийн төлбөр өгөх болсон гэдэг нь нэхэмжлэгчийн өөрийнх нь нэхэмжлэлээр нотлогддог. Тэгвэл энэ ажил гүйцэтгэх гэрээний мөнгөнөөс 1 500 000 төгрөг дансаар төлсөн талаар талууд маргаагүй. Ингэхээр 5 500 000 төгрөгний төлбөр төлөгдөөгүй ба үүний хөлсөнд Прима маркийн тээврийн хэрэгслээ өгсөн гэдэг нь мөн л талуудын тайлбар нэхэмжлэлээр нотлогддог. Тээврийн хэрэгслээ 14 000 000 төгрөгөнд өгөөд үлдэгдэл төлбөрөөсөө оффисийн байрыг засварлуулах тухай ярилцсан байснаа мөнгөний шаардлагаас ******* машинаа буцааж авахаар болж надаар заруулсан үйл баримт маргаангүй байна. Би энэ машиныг анх хөлсөндөө аваад эвдэрхий эд ангийг засаж сэлбэхэд 2 сая төгрөг зарцуулсан байсан тул 16 сая төгрөгөөр худалдаад 2 сая төгрөгөө өөртөө аваад анх тохирсон хэмжээгээр машины үнийг буцаагаад өгсөн. Үүний зөрүү гэх 2 сая төгрөгт нэхэмжлэгч маргаан үүсгээгүй. Тухайн үед 2 сая төгрөгөөр зассаныг мэдэх ба үнэ нэмэгдэн зарах болсон талаар ойлгосны үндсэн дээр хүлээн зөвшөөрсөн байсан. Ингэснээр ******* надад 5 500 000 төгрөгний өр хэвээр үлдсэн байна. Дараа нь энэ мөнгөө өгөхдөө намайг Приус-41 машин худалдан авахад зориулан өмнөх өр төлбөрийн мөнгө гэж 10 200 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг ******* ажлын хөлсний өрөнд өгсөн машинаа авсан тул буцаагаад өгч байна гэж ойлгуулсан байдаг. Та машины урьдчилгаа хийгээрэй гэж хэлсэн ба энэ нь бие биедээ тусалж олон сар *******ы үгээр зарц мэт ажиллаж явсан хөлсийг нь өгч байна, би таныг харж үзэж байна гэснээр бид хоёрын хооронд ямар нэгэн авлага, өглөггүй болсон. Эмнэлэгээр үзүүлж байхад мөнгө өгснөөс гадна өөрийнх нь жижиг сажиг ажлыг хийхэд шаардлагатай мөнгөө өгч л байсан. Өөрт нь биеэ бодоорой гээд сайхан санаж эмчлүүлэхэд эргэлт, дэмжлэг болгож өглөө гэж өгч л байсан. Гэтэл энэ мөнгөө надад зээлдүүлсэн гэж нэхэж байна гэж би маргадаг. Нэхэмжлэгч над руу шилжүүлсэн мөнгөө зээлдүүлсэн юм бол яагаад гүйлгээний утга дээрээ зээл гэж утгыг нь бичдэггүй юм, зээлдэж авч байгаа хүндээ зээл шүү та эргүүлж өгөөрэй гэж яагаад хэлдэггүй юм. Зээл өгсөнөөс хойш яагаад 2 жил шахам нэхэхгүй явснаа дахин хоорондоо ажил хийх захилга гарахгүй болоод өр төлбөргүй байхад өр зээл болгон нэхэмжилсэн бэ. Бидний хооронд болсон үйл явдал ганцхан зээлийн гэрээ гэж эхлээгүй болохыг аль аль нь яриад байгаа учраас хаанаас ямар эхлэлтэй мөнгө байна, хэн нь ямар байдлаар яаж үүргээ, хэрхэн биелүүлсэн бэ гэдгийг л шүүхээс нотолж тогтоож талуудын хооронд болсон иргэний харилцааг тогтоох байсан боловч зөвхөн нэхэмлэгчийн зээлийн гэрээ гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлоогүй хуулийг буруу хэрэглэсэн.

Анхнаасаа би зээл гэж мөнгө аваагүй гэж маргасан ба үүнийг нэхэмжлэгч эхлээд нотлох үүрэгтэй. Би өөрийнхөө дансны хуулга болон *******ын дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба үүнийгээ бид хоёрын хооронд болсон үйл баримтыг нотлоход ач холбогдолтой гэж тайлбарлан, эдгээр нотлох баримтаар ******* үнэн зөв ярьж байна, нэхэмжлэгчийн дурьдаад байгаа бидний хоорондын үйл явдлыг давхар нотолсон гэж үзтэл шүүгч миний гаргаж өгсөн нотлох баримтын ач холбогдлыг ойлгоогүй, хэрэгт хамааралгүй тул дүгнэх шаардлагагүй, хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй гэж буруу тайлбарласан. ******* надад мөнгө шилжүүлэхдээ орлого гэх утгаар эсвэл шилжүүлэг гэж бичсэн нь зээл гэдэг үгийг илэрхийлж байна гэж үзэхгүй байна. Тэгвэл бидний хооронд дансаар шилжүүлсэн гүйлгээг бүгдийг нь уншиж танилцаад яг ижил утга агуулгатай мөнгө шилжүүлээд тэрийгээ яагаад надаас нэхэмжлээгүй юм бэ. Тэдгээр мөнгө мөн адил надаар гүйцэтгүүлж байсан даалгаврыг л биелүүлж угтаа ******* гэх хүнд тусалж явсан юм. Би тайлбар дээрээ ажил хийсний хөлс 17 500 000 төгрөг гэж бичсэн хэдий ч үүнийг нэхэмжлээгүй шалтгаан нь таниар хөлс ихтэй, ашигтай ажил хийлгүүлнэ, ажил хийх хүнгүй хэцүү байдаг, та сайн ажилладаг юм байна, манай компанид ажилла гэхчилэн тухайн цаг хугацаанд надад итгэл төрүүлэн үнэгүй ашигласан болохыг л ойлгосон тул за яахав хүн байна даа надаар яаж ажиллуулж хөлс мөнгөгүй хамаг ажлаа нугалж байсныг мэдээд хүн чанар гаргах байх гэж бодоод нэхэмжлээгүй юм.

******* нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ нотолж чадаагүй гэх шүүхийн үндэслэл буруу байна. Би дансны хуулга бидний хооронд болсон үйл баримтын талаар яг тохирч байгаа тайлбар мэдүүлэг бусад нотлох баримтаар мөнгө зээлж аваагүй гэдгийг үгүйсгээд байна. Харин эсгэрээгээ ******* зээлийн гэрээ гэдгээ л нотлох ёстой. Үүнийг нотлоогүй байхад шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйл гэж буруу хэрэглэн шийдвэр гаргасан. Хэрэв зээлийн гэрээ байгуулсан бол зээл төлөх хугацаа, гэрээний гол нөхцөл юу байсан юм бэ, үүнийг талууд хэрхэн яаж тодорхойлсон бэ гэдэгт л гол дүгнэлт хийх байсан. Нөгөө тал нь мөнгө зээлье гэж хүсээгүй байхад дансаар шилжүүлсэн мөнгийг зээлдүүлсэн гэж ойлгох нь зөв үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү. гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. ... Зээлийн гэрээ бичгээр байгуулсан зүйл байхгүй. ... Шүүхээс Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж миний хувьд үзэж байна. Ажлын хөлсний төлбөрийг шилжүүлсэн зүйл үнэхээр харагдахгүй байгаа учраас ажлын хөлсний төлбөрөө хасаж тооцуулах саналтай байгаа юм. ... Иргэний хуулийн *******2 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр шийдвэрлэх байсан. Хуулийг зөв хэрэглэх ёстой. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. гэв.

6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэж үзэж байна. гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өмгөөлөгч нь зээлийн гэрээг бичгээр хийсэн байх ёстой гэдэг шаардлагыг тавиад байх юм. Гэтэл хүү, алданги нэхэмжилж буй зээлийн гэрээг л заавал бичгээр хийх ёстой байдаг. ... *******ийн зээлж авсан мөнгийг л нэхэмжлэгч нэхэмжилсэн. Иймд зээлийн гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 12 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Бидний хооронд 2021 оны 02 сард ******* дүгээр байрны ******* тоот 4 өрөө байрыг 4 000 000 төгрөгөөр засварлуулахаар тохиролцон засварын ажил явагдсан бөгөөд засварын ажлын урьдчилгаанд 1 500 000 төгрөгийг өгсөн. ...үүнээс хойш надаас увуулж цувуулан мөнгө авдаг байсан ба засварын ажлын хөлсөнд нийтдээ 5 500 000 төгрөгийг өгч дуусгасан. ... 2021 оны 12 сарын 21-ний өдөр ******* нь надаас машин авахаар боллоо мөнгө зээлээч гээд 10 200 000 төгрөг, 12 сарын 23-ны өдөр мөнгө дутчихлаа гээд 1 000 000 төгрөгийг тус тус зээлж авсан. Мөн 2022 оны 4 сарын 09-ний өдөр үнэтэй мэс засалд орохоор боллоо мөнгө хэрэгтэй байна гээд 1 000 000 төгрөг, мөн маргааш нь буюу 4 сарын 10-ны өдөр мөн 500 000 төгрөгийг зээлж авсан тул түүнээс зээлүүлсэн 12 800 000 төгрөгөө нэхэмжилнэ. ... гэж тайлбарласан.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ...Бид 4 өрөө байрыг засварлуулахаар тохирсон нь үнэн. Засварын хөлсийг 7 000 000 төгрөгийн хөлстэй гэж тохирсон боловч ******* надад уг мөнгөө өгөөгүй байсан. Засварын ажлын урьдчилгаа гэж 1 500 000 төгрөг өгснөөс өөр мөнгө надад өгөөгүй байсан. Мөнгөнийхөө оронд машин өгсөн боловч машинаа зарах хэрэгтэй боллоо гээд надаар заруулсан. Би 16 сая төгрөгөөр зараад эхлээд 13 600 000 төгрөгийг нь шилжүүлсэн, үлдсэн мөнгийг нь би авсан. ... ******* надад өндөр цалин өгнө, ийм тийм ажил хийлгэнэ гэж худлаа ярьсаар миний цаг хугацааг их үрсэн. ... 2021 оны 12 сарын 21-ний өдөр гэнэт надруу яриад ахаа мөнгөтэй болчихлоо, машины урьдчилгаа хий гээд 10 200 000 төгрөг шилжүүлсэн. Мөн дараа нь нэг сая төгрөг, намайг өвчтэй байхад хэрэглээрэй гээд нэг сая төгрөг, дараа нь 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн нь үнэн. Би түүнээс мөнгө зээлүүл гэж огт зээл аваагүй, би засварын ажлын хөлсөө авах ёстой байсан тул авах байсан мөнгөө л авсан. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ... гэж тайлбар гарган маргадаг.

5. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкин дахь харилцах дансны хуулга болон тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 2021 оны 12 сарын 21-ний өдөр 10 200 000 төгрөг, 12 сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн 2022 оны 4 сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 4 сарын 10-ны өдөр 500 000 төгрөг буюу нийт 12 700 000 төгрөгийг зээлж авсан үйл баримт тогтоогджээ. /хх 9-11, 128,136/

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

7. Хариуцагч ******* нь ... Миний дансанд 12 700 000 төгрөг шилжиж орсон нь үнэн боловч уг мөнгийг би нэхэмжлэгчээс зээлж аваагүй, би нэхэмжлэгчээс ажлын хөлсөө авсан гэж ойлгож байгаа, ... иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд ... талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч тэдний хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу ажлын хөлсөө авсан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний заалтыг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан. Харин Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.1-д зааснаар шийдвэрлэх байсан. ... гэж тайлбарласан.

8. Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нар нь 2021 оны 02 сард 4 өрөө байрыг засварлуулахаар тохирсон, хариуцагч засварын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч зарим ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгч засварын хөлсөнд нийт 5 500 000 төгрөгийг цувуулан хариуцагчид өгсөн, хариуцагч засварын хөлсөө гүйцэт аваагүй гэх зэргээр тэдний хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болох ажлын хөлс, гүйцэтгэсэн ажлын үр дүн, доголдлын талаар тус тус маргадаг.

Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл нь тэдний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоогүй, харин хариуцагч *******т 2021 оны 12 сар болон 2022 оны 4 сард тус тус зээлүүлсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой байна.

Иргэний хуульд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд харилцан бие биенийхээ хүсэл зоригийг илэрхийлж, талуудын тэгш эрхийн зарчим дээр тулгуурлан аливаа гэрээ хэлцлийг амаар болон бичгээр, эсхүл бодит үйлдлээр байгуулж болдог.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд уг гэрээг заавал бичгээр байгуулсан байхыг шаардахгүй.

Тухайлбал, хариуцагч ******* нь автомашин худалдан авахын тулд түүнд мөнгө хэрэг болсон, мөн мөнгө яаралтай хэрэг болсон гэх шалтгааны улмаас нэхэмжлэгчээс мөнгө авах тухай хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч ******* хүлээн авч түүнд 12 700 000 төгрөгийг зээлүүлсэн үйл баримт тогтоогдсон тул зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд аман хэлбэрээр үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* нь шаардах эрхийн үндэслэлээ ******* нь надаас машин авах хэрэгтэй байна, мөнгө дутчихлаа гэж, мөн өндөр үнэтэй хагалгаанд орох болсон тул мөнгө яаралтай хэрэгтэй байна мөнгө зээлээч, мөнгөтэй болохоороо буцаан өгнө гэж удаа дараа санал тавьсны дагуу би түүнд нийт 12 700 000 төгрөгийг зээлүүлсэн. гэж тодорхойлсныг хариуцагч ******* эс зөвшөөрч 12 700 000 төгрөгийг авсан нь үнэн боловч зээлж аваагүй. ... гэх өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байхаас гадна дээрх ажил гүйцэтгэх гэрээний талаар шүүх дүгнэх шаардлагагүй юм.

9. Иргэний хуулийн *******2-*******6 дугаар зүйлүүдэд зохицуулсан үндэслэлгүй хөрөнгөжих-тэй холбоотой зүйл заалтууд нь тухайн хөрөнгө шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүй олж авсан хөрөнгийг буцааж тухайн этгээдэд олгох зорилготой байдаг.

Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд ийнхүү буцаан шаардахын тулд 1-рт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх, 2-рт үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байхыг тус тус шаарддаг.

Тухайлбал зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, хариуцагч зээлж авсан мөнгөө буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч үүргээ гүйцэтгээгүй, мөн мөнгө буцаан төлөх үүрэг хожим дуусгавар болоогүй буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байх ба хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан татгалзал үндэслэлгүй байна.

10. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2023/00923 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 150 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ

Г.УРТНАСАН