| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0148/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Б.Гүнсэл,
хохирогч/шүүгдэгч Б.Г ,
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б Г , Б овогт С-ын Д нарт холбогдох эрүүгийн 1810025390102 дугаартай, 187/2019/0148/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны... дугаар сарын ....-нд Булган аймагт төрсөн, .....настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, Мон мяндас ХХК-д сүлжигч ажилтай, ам бүл ..., нөхөр ....хүүхдийн хамт, Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, .......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С овогт Б Г /РД:...../
Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-нд Увс аймагт төрсөн, ...настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт засалчин ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Хан-уул дүүргийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт С-ын Д /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-6-5-6 тоотод Д.С-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Д нь 2018 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-6-5-6 тоотод Б.Г тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-6-5-6 тоотод Д.С-тай “би ямар хулгайч уу” гэж уурлан цээжин тус газар хөлөөрөө өшиглөж, үснээс зулгааж, хэвлийн тус газарт нь өшиглөж, баруун гуяны дотор хэсгийг базаж, гараараа цохьсон,
шүүгдэгч С.Д нь 2018 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-6-5-6 тоотод Б.Г ийг 60.000 төгрөг алга болчихлоо гэх шалтгаанаар маргалдан түүнийг өшиглөж, нүүр рүү гараараа цохиж, үснээс зулгааж зууралдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч С.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Б.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Хохирогч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дариа Г т миний 60.000 төгрөг алга болчихлоо гэсэн чинь Г би ямар хулгайч уу гээд уурласан. Тэгээд Г чиний найз намайг хулгайд хардаж байна гээд дайрч миний үснээс зулгаагаад доош дарсан. Би ч мөн түүний үснээс зөрүүлээд зулгааж дарсан. Г тэр үед миний гарын эрхий хурууны хумсыг доош нь дарж гэмтээсэн. Тэгэхээр нь би Дариад туслаач гэхэд Дариа ирээд түүнийг цохиж салгасан. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж зодолдсон. Би тэр хоёрыг арай гэж салгасан. Тэр хоёр жорлонгийн өрөөнд зодолдоод байсан. Би дариаг салгаж гараад Г ийг жорлонгийн өрөөнд үлдээсэн. Г жорлонгийн өрөөнөөс гарч ирэх гэж байгаад хаалганд гараа хавчуулж гэмтээсэн. Г ийн гарны гэмтэл нь жорлонгийн өрөөнөөс гарах гэж хаалгыг түлхэж хүчилж байгаад хавчуулсанаас үүссэн гэмтэл. Би түүнийг санаатай цохиж зодоогүй. Харин түүний үснээс эхэлж зулгааж доош дарахаар нь зөрүүлж үснээс нь зулгаасан нь үнэн. Г миний цээжин тус газар хөлөөрөө өшиглөсөн, үснээс зулгаасан хэвлийн тус газарт мөн өшиглөсөн, баруун гуяны дотор хэсгийг базсан, гараараа цохиж зодсон. Тэр үед миний биед дээрх гэмтлүүд учирсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/
5. Хохирогч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Сувдмаагийн найз Дариа нь 60.000 төгрөг алга болчихлоо гээд хэрүүл маргааныг эхлүүлсэн. Тэгээд намайг мөнгийг нь авсан гэж гүтгэсэн. Мөн намайг зодсон Дариа нь маш их согтуу байсан. Дариатай мөнгийг нь авсан аваагүй гээд маргасан. Тэгээд би Сувдаад “Чи ийм найзыгаа авч ирээд байхдаа яадаг юм бэ” гээд уурлаж хэлж түүнтэй маргасан. Маргаанаасаа болж Сувдаа бид хоёр бие биенийхээ үснээс зулгаасан. Сувдаа Дариадаа намайг аваач ээ гэхэд нь Дариа нь ирээд миний гарыг тавиулах гэж намайг өшиглөж, нүүр рүү гараараа цохиж, үснээс зулгааж зодсон. Бид хоёр манай ариун цэврийн өрөөний тэнд барьцалдсан. Тэр үед Сувдаа намайг ариун цэврийн өрөө рүү оруулж хаалгыг дарсан. Дариа том өрөөнд байсан. Сувдаа намайг гаргахгүй байсан. Тэр үед ариун цэврийн өрөөнөөс гарах гэж байгаад зүүн гараа хаалганд хавчсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд миний биед 2018.10.18-19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын М-6-5-6 тоотод буюу манай гэрт Дариа намайг зодож учруулсан. Сувдаатай би Дариагаас болж муудалцсан үсдэлцсэн. Гэхдээ Сувдаа намайг цохиж зодоогүй. Үснээс зулгаасан боловч тэр үед миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан зүүн нүдний гадна булангийн цус хуралт дээд доод уруулын дотор салстыг язарсан шарх зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга баруун шуу, сарвууны гэмтлийг Дариа намайг Сувдаатай үсдэлцэх үед хажуунаас гараараа цохиж учруулсан. Баруун сарвууны 2, 3-р хурууны хумсний хэтэвшний зөөлөн эдийн няцрал гэмтлийг би хаалга онгойлгохгүй гаднаас нь түлхэж байгаад дундуур нь хийж хавчуулсан. Зүүн тохойн цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтлийг би тэд нартай хэрэлдэж маргалдаж байгаад шалан дээр халтирч унаад өөртөө учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12678/-ний дүгнэлт:
-Д.Сувдаагийн биед хүзүүний үений суналт, хүзүү, зулайн хэсэгт зулгаралт, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 33/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12633/-ний дүгнэлт:
-Б.Г ийн биед зүүн нүдний гадна булангийн цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2, 3-р хурууны хумсны хэтэвшний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы зулгаралт, зүүн тохойн цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, сарвуу зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 29/
8. Шүүгдэгч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…Дариатай мөнгийг нь авсан аваагүй гээд маргасан. Тэгээд би Сувдаад чи ийм найзыгаа авч ирээд байхдаа яадаг юм бэ, би ямар хулгайч уу гээд уурласан. Тэгээд Сувдаа бид хоёр маргаж үснээсээ зулгаалцсан. Сувдаагийн үснээс зулгаасан гарыг тавиулах гээд би түүний гарыг хойш нь дарсан. Тэр үед Сувдаа Дариадаа намайг аваачээ гэхэд Дариа нь ирээд миний гарыг тавиулах гээд намайг өшиглөж, нүүр рүү гараараа цохиж, үснээс зулгааж зодсон. Сувдаагийн биед гэмтлийг би учруулсан нь үнэн….” /хх-62/
9. Шүүгдэгч С.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…Мөнгө алга болсон талаар Г , Сувдаа хоёрт хэлтэл тэр хоёр хоорондоо маргасан. Тэгээд барьцалдаж үснээсээ зулгаалцсан. Тэр үед Сувдаа ирж салгаадах гээд намайг дуудаад байсан. Гэрээс нь гарах гэхэд гаргахгүй, араас зуураад цохиод байсан. Би зөрүүлээд Г ийн нүүр рүү гараараа цохьсон. Бид хоёр зууралдаж барьцалдаж байгаад маасаараа энд тэнд унаад байсан. Г ийн биед учирсан зүүн нүдний гадна булчингийн цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг түүний нүүр рүү гараараа цохиж учруулсан…” /хх-70/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г , С.Д нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 42/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12678, 12633/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-6-5-6 тоотод Д.С-тай “би ямар хулгайч уу” гэж уурлан цээжин тус газар хөлөөрөө өшиглөж, үснээс зулгааж, хэвлийн тус газарт нь өшиглөж, баруун гуяны дотор хэсгийг базаж, гараараа цохиж, түүний биед хүзүүний үений суналт, хүзүү, зулайн хэсэгт зулгаралт, хэвлий, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
шүүгдэгч С.Д нь 2018 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-6-5-6 тоотод Б.Г ийг 60.000 төгрөг алга болчихлоо гэх шалтгаанаар маргалдан түүнийг өшиглөж, нүүр рүү гараараа цохиж, үснээс зулгааж зууралдахдаа түүний биед зүүн нүдний гадна булангийн цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2, 3-р хурууны хумсны хэтэвшний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы зулгаралт, зүүн тохойн цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, баруун шуу, сарвуу зүүн өвдөгний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Г , С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн15-16 /, хохирогч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 /, шүүгдэгч Б.Г ийн хувийн байдал /...36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, Мон мяндас ХХК-д сүлжигч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.../, шүүгдэгч С.Д гийн хувийн байдал /...28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт засалчин ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоох нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Б.Г , С.Д нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б Г , Б овогт С-ын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Б Г , Б овогт С-ын Д нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г , С.Д нарт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Б.Г , С.Д нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Г , С.Д нарт сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г , С.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР