Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

          Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                     Прокурор    Д.Ганцэцэг

                                     Өмгөөлөгч  А.Адьяасүрэн

                                     Ялтан         С.Мягмарсүрэн

                                    Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

       Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолд ялтан, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 201515000277 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1965 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг, Арц 3 дугаар хороолол 8 айлын орон сууц 02 тоотод оршин суух,  “Алтан гадас одон”-гоор шагнагдаж байсан, БНМАУ-ын Спортын мастер, ял шийтгэлгүй, Жийдэгбат овогт Сарайсангийн Мягмарсүрэн /Регистрийн дугаар ЧЕ65021716/,

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1967 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг, Арц 2-55 тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Хөндий овогт Вандангийн Баярсайхан /Регистрийн дугаар ТЕ67021773/

В.Баярсайхан нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Өвөрхангай аймгийн Богд сумын хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай экскаватор авах тендер зарлан, уг тендерт “Икс Эм Си” ХХК, өөрийн хамаатан Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн “Баяннайман” ХХК-иудыг/хуулийн шаардлага хангахгүй, материал дутуу бүрдүүлсэн/ оролцсон мэтээр тендер явуулж Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн “Баяннайман” ХХК-ийг тендерт ялуулж 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/72 дугаартай захирамжийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Богд сумын Засаг даргаар экскаватор нийлүүлэх гэрээ батлуулж тендерийн техникийн тодорхойлолтонд заасан экскаваторыг бус 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 дүгээр сард Монгол Улсад орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий тракторыг гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа жижиг оврын экскаваторыг хүлээн авах ажлын комиссоор авахуулсан мэтээр хуурамчаар баримт бүрдүүлэн авч улсад 57.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

С.Мягмарсүрэн нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Өвөрхангай аймгийн Богд сумын   хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай экскаватор авах тендерт шалгарсан В.Баярсайханы хамаатан Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн “Баяннайман” ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/72 дугаартай захирамжийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Богд сумын Засаг даргын экскаватор нийлүүлэх гэрээний дагуу тендерийн техникийн тодорхойлолтонд заасан экскаваторыг нийлүүлээгүй гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 дүгээр сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий  жижиг оврын экскаваторыг хүлээн авах ажлын комиссоор авахуулсан мэтээр хуурамчаар баримт бүрдүүлэн авч улсад 57.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, С.Мягмарсүрэнг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, В.Баярсайханыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар С.Мягмарсүрэн, В.Баярсайхан тус бүрийг төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар тус тус хасч, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, С.Мягмарсүрэн, В.Баярсайхан  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2014 оны 12 дугаар зарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг, мөн С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт тус бүр  оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, С.Мягмарсүрэн, В.Баярсайхан  тус бүрийг 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт тус бүрт оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Ялтан С.Мягмарсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Мягмарсүрэн намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дугаар зүйлийн 284.1-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 112  дугаар шийтгэх тогтоол хангаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасныг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх зөвхөн хохирогчийн санал гомдолд тулгуурлаж нэг талыг барьсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчиж байна.

Шуүгдэгч С.Мягмарсүрэн намайг, “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... улсад 57.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтууд нотлогдон тогтоогдлоо” гэж зөвхөн яллах талын нотлох баримтуудыг түүвэрлэн дүгнэж надад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан яллах, цагаатгах нотлох баримтуудыг адил түвшинд үнэлж чадсангүй.

Сумын засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу тендерийн хороо байгуулдаг. Сумын засаг С.Мягмарсүрэн намайг тендерийн хороо байгуулсаныг эрх мэдлээ хэтэрүүлсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Сангийн Яам Богд сумын Тендерийн хороо зохих журмын дагуу байгуулагдаж ажилласныг нотолсон байхад шүүх үнэлээгүй орхисон нь хууль буруу хэрэглэх үндэслэл болсон гэж шүүгдэгч би дүгнэж байна. Тэгээд ч Тендерийн хороо буруу ажилласны хариуцлагыг түүнийг байгуулсан засаг дарга хариуцна гэсэн заалт ямар ч хууль тогтоомжинд байхгүй. Миний бие тухайн тендерийн хорооны ажилд оролцсон хэн нэгнийг дарамталж хууль бус шалгаруулалт явуулсан, ашиглалтын шаардлага хангахгүй техникийг хүчээр авахуулсны төлөө өөртөө ашиг орлого олсон, улсын эрх ашигт санаатай гэм хор учируулсан асуудал байхгүй.

Тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан Сумын Засаг даргын тамгын газрын албан тушаалтнууд ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ажлын шаардлага хангахгүй техник нийлүүлэгдсэний хариуцлагыг шалгаж хүлээн авсан хүмүүст биш, сумын Засаг даргаар ажиллаж байсан надад хүлээлгэж байгааг буруу гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 112  дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Мягмарсүрэн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ялтан С.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо гаргасан давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлттэй ирсэн С.Мягмарсүрэнд холбогдох хэргийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хэд хэдэн гэрчийн болон бусад нотлох баримтыг үнэлээд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж ял оногдуулсаныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

          1. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс сангийн яаманд албан тоот хүргүүлсэн байдаг. Сангийн яам 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хариу бичигтээ ... Тендер шалгаруулалт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан байна ...гэж үзсэн. Энэ албан тоотыг анхан шатны шүүх тогтоолдоо ч тусгаагүй үнэлэлт ч өгөөгүй, үгүйсгэсэн шалтгаанаа заагаагүй байна.

2. 2014 оны 06 дугаар сарын 15-нд засаг даргын тамгын газар “Баяннайман” ХХК-тай “Эксковатор нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээнд заасны дагуу “Баяннайман” ХХК эксковатор нийлүүлсэн. Уг эксковаторыг чанарын шаардлага хангахгүй байна гэдгээр “Баяннайман” ХХК-д буцаан олгосон. Гэрээний 3.1.3-т заасан “Эвдрэл хохирлыг гардан хариуцах хугацааг 3 жилийн хугацаанд “Баяннайман” ХХК бүрэн хариуцаж дуусгах нөхцөлтэйгээр гэрээ хийгдсэн. Энэ 3 жилийн хугацааны дотор ЮНЗ тракторыг дахин нийлүүлсэн. Үүнийг прокурор яллах дүгнэлтэндээ гэрээ хийснээс 1 жилийн дараа ЮНЗ тракторыг нийлүүлсэн гэж тусгасан буюу ялын шүүмжиндээ дурьдаад байдаг. Шүүгч энэ гэрээний хугацааг хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар үгүйсгэсэн шалтгаанаа мөн тогтоолдоо дурдаагүй зөвхөн өмгөөлөгчийн өмгөөллийг үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна. Энэ 2 гол баримтанд үнэн зөв дүгнэлт өгөхгүй гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзвэл энэ нь нэг талыг барьсан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээс өөр аргагүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  319 дүгээр зүйлд зааснаар тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцэхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд уг хэргийг бүхэлд нь хянаж, С.Мягмарсүрэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Ганцэцэг гаргасан дүгнэлтэндээ:

С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. С.Мягмарсүрэнгийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт холбогдох Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.3-т заасан “иргэний нэхэмжлэл ба эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг ханган” шийдвэрлэхэд үндэслэх нотлох баримтыг хавтаст хэрэгт авагдаагүй байхад тэдний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно” гэж заасан байхад уг хэрэгт иргэний хариуцагчаар “Баяннайман” ХХК-ийг тогтоолгүй, уг компаний захирал иргэн Ё.Довчинсүрэнг тогтоожээ. /3-р хх-ийн 201х/ 

Энэ нь аж ахуйн нэгжийн хариуцлагын асуудлыг хувь иргэнд хариуцуулахаар иргэний хариуцагчийг буруу тогтоосон нь хууль зөрчжээ.

Мөн “Баяннайман” ХХК-наас Богд сумын Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн гэх Э02621 МТЗ маркийн экскаваторыг эд мөрийн баримтаар тооцон битүүмжлээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй байна.

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2016 оны 12 дугаар сарын 84 тоот албан бичигт  “Баяннайман” ХХК  экскаватортой холбоотой хохирол барагдуулсан гэх боловч Богд сумын Засаг даргын Тамгын газар болон иргэний нэхэмжлэгчээс/ Д.Нэмэхбаяр/ хэдэн төгрөгийн хохирол авсан, хэрэгт 9.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн экскаватор буюу түүний үнэ энэ авсан хохиролд орж байгаа эсэх, өөрөөр хэлбэл 66.000.000 төгрөгийг “Баяннайман” ХХК төлсөн үү аль эсвэл 57.000.000 төгрөг төлсөн үү, 57.000.000 төгрөгөөс 9.000.000 хасаад үлдсэн мөнгийг төлсөн үү гэх мэт асуудлыг тодруулаагүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, хэрхэн хохирол барагдсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тодруулаагүй байна.

 Иймд дээр дурдсан ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон В.Баярсайхан, С.Мягмарсүрэн нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй тул В.Баярсайхан, С.Мягмарсүрэн нарт холбогдох хэргийг прокурорт очтол тэд нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, В.Баярсайхан, С.Мягмарсүрэн нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан тул С.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарын гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 322 дугаар зүйлийн 322.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр В.Баярсайхан, С.Мягмарсүрэн нарт холбогдох эрүүгийн 201515000277 тоот хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт хүргэгдэн очтол В.Баярсайхан, С.Мягмарсүрэн нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тус магадлалд хяналтын гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                   

                  ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА   

                                                                           

                                                                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ