Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 180

 

Б.Д, Б.Б  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр магадлалтай, Б.Д, Б.Б  нарт холбогдох 1926 00189 0102 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Б.Д

2. Монгол Улсын иргэн, Б.Б.

Б.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 21.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г бүлэглэн, машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг, мөн бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, мөн цагдан хоригдсон яллагдагч оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 6 сар хорих ялаар,

Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 7 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 4 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Д-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 11 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Б-с 14.728.566 төгрөгийг гаргуулж хохирогч Э.З-д, 3.682.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д, 8.682.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д, 1.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д, 488.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.У-д, 5.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д, Б.Д-с 14.728.566 төгрөгийг гаргуулж хохирогч Э.З-д, 3.682.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д, 8.682.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д, 1.810.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ч-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д  гаргасан гомдолдоо “... анхан шатны шүүх надад холбогдох төгсгөсөн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн хэргийг мөн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт багтааж шийдвэрлэсэн мөртлөө төгсөөгүй гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн хэргийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэгдсэн гэмт хэргээс тусад нь гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т ... гэж, 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... гэж тус тус хуульчилсныг үндэслэвэл дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүхээс надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ миний хувийн байдлыг харгалзаж хорих ялын хэмжээ болон хорих байгууллагын дэглэм зэргийг тогтоосон нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ... гэж хуульчилсныг зөрчсөн. Иймд дээрх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдлуудыг зөвтгөж, шүүхийн шийдвэрт миний ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “... Б.Б нь Б.Д той бүлэглэн 2018.09.10-наас 11-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Солонго дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.С-д 17.365.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд миний бие оролцоогүй боловч анхан шатны шүүх намайг уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ чухам яг ямар нотлох баримтыг үндэслэл болгосноо тодорхой, ойлгомжтой тодорхойлоогүй. Түүнчлэн дээрх хулгайлах гэмт хэргийн үйлдлийг миний бие үйлдээгүй гээд мэдүүлээд байхад миний мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд тодорхой, ойлгомжтой тусгаагүй атлаа шүүгдэгч Б.Д-н анхан шатны шүүхээс цагдан хорих байранд хүргэгдэх үедээ оргон зайлаагүй гэх мэдүүлгийг үгүйсгэсэн буюу түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон үндэслэл, нотлох баримтаа тогтоолын 19-20-р хуудсанд нэг бүрчлэн тодорхой, ойлгомжтой тоочиж тусгасан. Дээр дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарахад сөргөөр нөлөөлж, миний үйлдээгүй гэмт хэргийн үйлдлийг намайг үйлдсэн гэж үзэхэд хүргэсэн. ... шүүгдэгч Б.Д  нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйл баримт харагдах ба ... Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байтал түүний дээрх үйлдэлд ял сонсгоогүй. ... Шүүгдэгч Б.Д  нь хулгайлах гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр бусдын 60.367.133 төгрөгийн буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан байх атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар зүйлчлээгүй. ... Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, миний гомдолд дурдсан асуудлуудад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хэргийг буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Б нь Өвөрхангай аймагт үйлдэгдсэн хулгайн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан СиДи бичлэг зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдэл хангалттай тогтоогдсон. Шүүхээс шүүгдэгч Б.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д ганцаараа болон бүлэглэж, машин механизм ашиглаж эд зүйлийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт багтаан зүйлчлэх нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д, Б.Б  нарын гаргасан гомдлуудыг үндэслэн тэдгээрт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Д нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын хооронд ганцаараа болон Б.Б тай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын орон байр, агуулах саванд нэвтрэн эд зүйлийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 59.717.133 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ оргон зайлсан гэмт хэрэгт,

Б.Б нь 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл 5 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын орон байр, агуулах саванд нэвтрэн эд зүйлийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 62.235.133 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Б , Б.Д  нарын үйлдсэн хэргийг шийдвэрлэхдээ Б.Д нь ганцаараа хохирогч Т.Н-н “Super dayun” маркийн мотоциклийг хулгайлан хохирол учруулсан үйлдлийг прокуророос тусад нь зүйлчилж ирүүлснийг түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хэргийн зүйлчлэлд багтаан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин шүүхүүд Б.Д-г хохирогч Б.С-н “Super dayun” маркийн мотоциклийг хулгайлахыг завдсан гэх үйлдлийг тусад нь зүйлчлэн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсныг өөрчлөн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Д-н гомдолд дурдсан “төгсөөгүй гэмт хэргийг тусад нь зүйлчилж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул зөвтгүүлэх” гэсэн хэсгийг хүлээн авч, “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-н хувьд “хэргийг прокурорт буцаах” агуулга бүхий гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч Б.Б нэр бүхий хохирогч нараас эд зүйл хулгайлсан гэх үйлдэлд оролцоогүй гэж маргаж буй боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан “Солонго” дэлгүүрийн болон “Дээж” худалдааны төвийн хяналтын камерийн бичлэг, гэрч Н.Т-н мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-н гомдолд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа удирдлага болговол зохих хуулийн зүйл, заалтад огт хамааралгүй хуулийн заалтыг баримталсныг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсүгэй” гэж өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Д-н гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, шүүгдэгч Б.Б-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                     Б.ЦОГТ