Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 238

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: ТОХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: ТОХХК-ийн эзэмшиж байгаа ХV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтанд авах тухай” 03/09 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан ТОХХК-ийн эзэмшиж байсан 1*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг талбайг нэхэмжлэгчид нэмж олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ТОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, А.Мр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бг, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

ТОХХК нь анх Д******* аймгийн Улаанб******* сумын Б******* нэртэй газарт орших 9,918.76 га талбайг хамарсан талбайд 1*******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн эзэмшиж байсан. Манай компани хайгуулын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх үед Ашигт малтмалын газрын удирдлагууд авилгын хэрэгт холбогдож улмаар Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор холбогдох хүмүүст ял оноож, улмаар сонгон шалгаруулалтын журам зөрчиж олгосон гэсэн үндэслэлээр 106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон ба уг 106 тусгай зөвшөөрөлд манай компанийн 1*******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл багтсан.

Манай компанийн 2009-2013 оны хооронд хайгуул шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгө мөнгийг төр хэрхэн нөхөн төлөх нь тодорхойгүй, өнгөрсөн хугацаанд маш их хэмжээний хөрөнгө мөнгөөр хохирсон. Зөвхөн манай компани гэлтгүй бусад компаниуд ч ийм байдалд орсон. Харин Засгийн газраас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай компанийн 1*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд сонгон шалгаруулалт зарласан ба бид нэгэнт уг талбайд хайгуул шинжилгээний ажлаа эхлүүлж хөрөнгө оруулсан талбайгаа алдахгүйн тулд хураалгасан байсан өөрийн талбайн сонгон шалгаруулалтад дахин оролцон шалгарсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр манай компанид Д******* аймгийн Улаанб******* сумын нутагт байрлах “Б*******” нэртэй газарт 5,250.34 га талбайд ХҮ-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон.

Манай компанийн өмнөх 9,918.76 га талбайгаас 5,250.34 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон учир нь үлдсэн талбайг Д******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байсан. Бид энэ тухай сонгон шалгаруулалт явуулахын өмнөхөн буюу 2016 оны 3 дугаар сарын эхээр Ашигт малтмалын газартай хайгуулын зардлын тооцоо нийлж байх үед мэдсэн. Тухайн үед энэ асуудлаар Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд, сонгон шалгаруулалт хариуцан явуулж байсан хүмүүст хандахад “манай газраас танай талбайг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргуулах саналаа Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тавьсан байгаа, мөн та нар энэ асуудлаа давхар өөрсдөө хөөцөлдөх нь зүйтэй, хэрэв танай талбайг тусгай хамгаалалтаас гаргачих юм бол танайх хүсэлтээ өгөөд нэмж авах боломжтой” гэж хэлж байсан. Ашигт малтмалын газар ч өөрөө ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлын зардлыг манай компанийн өмнөх 1*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болох 9,918.76 га талбайгаар тооцож манай компанитай тооцоо нийлж акт үйлдсэн.

Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалт зарлахынхаа өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан “...тус компанийг хохиролгүй болгох, төрөөс төлбөр гаргахгүй байх үүднээс ашигт малтмалын хайгуулын 1*******Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн Д******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 тоот тогтоолоор тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай байгаа тул уг давхцалыг хүчингүй болгох хүсэлтийг хүргүүлж байна” гэсэн утгатай 2/1579 тоот албан бичгийг явуулсан байдаг.

Бидний зүгээс талбайгаа орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргах талаар 2016 оны 3 сарын сүүлчээр Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлтээ өгч эхэлсэн ба сонгууль болсонтой холбоотойгоор бидний хүсэлт шийдвэрлэгдэхгүй байсаар 2016 оны 9 дүгээр сарын 29-ний Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болж уг хуралдаанаас 02/09 тоот тогтоол гаргаж 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05/03 тоот тогтоолоор баталсан манай компанийн эзэмшлийн талбай болох Майхант цав, Гурван Бяруугийн хөндий хэсгийн талбайн тусгай хамгаалалтыг цуцалсан болно. Гэхдээ энэ тогтоолоор Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал манай компанийн 1*******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг бүхэлд нь цуцлаагүй зарим хэсгийг нь цуцалсан.

Тухайн үед Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас бид энэ тогтоолоо  Ашигт малтмалын газар руу явуулна гэж хэлсэн боловч Ашигт малтмалын газар Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоолоо журмаараа 10 хоногийн дотор ирүүлэх ёстой байсан ч хугацаандаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр өөрчлөлтийг кадастрын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. Ингээд бидний зүгээс Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлтээ дахин өгсөн бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дараагийн хуралдаан нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болж уг хуралдаанаас 03/09 дугаар тогтоол гаргаж 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02/09 дугаар тогтоолын адил манай компанийн 1*******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан.

Ингээд дахин Ашигт малтмал, газрын тосны газар /шинэ нэрээр/-т хандан орон нутгийн тусгай хамгаалалтаас хэсэгчлэн хасагдсан талбайг манай компанид буцаан олгох талаар хүсэлт, өргөдлөө өгсөн боловч энэ талбайг танай компанид олгох боломжгүй, урьд нь ажиллаж байсан хүмүүс одоо ажлаасаа гарсан, тэд нарын юу гэж хэлсэн нь бидэнд хамаагүй гэж хэлэн хүлээж аваагүй. Ашигт малтмал, газрын тосны газар манай компаний асуудалд залгамж чанаргүй, урьд нь ажиллаж байсан хүмүүсийнхээ хэлсэн, ярьсаныг үгүйсгэсэн байдлаар хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Манай компанийн хувьд өнгөрсөн хугацаанд Ашигт малтмалын газар гэсэн нэг л төрийн байгууллагатай хуулийн дагуу харилцаж байгаа гэж ойлгож байгаа бөгөөд уг байгууллагад ажиллаж байсан хүмүүстэй нь харилцаагүй билээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-т “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлнээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ” гэж заасны дагуу манай компаний Д******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газрын тусгай хамгаалалтад авах тухай” 03/09 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан талбайгаа буцаан авах эрхтэй гэж үзэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/133 тоот албан бичгээр Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 03/09 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан ТОХХК-ийн 1*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй талбайг буцаан олгох боломжгүй байна гэсэн хариуг албан ёсоор өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрлээ.

Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай хамгаалалтаас гаргасан талбайг буцаан олгох боломжгүй гэсэн хариуг өмнө нь огт өгч байгаагүй бөгөөд захиргааны байгууллага бидэнд “орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайгаа цуцлуулсан тохиолдолд уг талбайгаа буцаан авах боломжтой” гэсэн итгэлийг төрүүлж, улмаар бидний зүгээс хөөцөлдсөний эцэст Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр удаа дараа гарч, улмаар кадастрын бүртгэл хийгдэж бүх асуудал шийдвэрлэгдсэний дараа ийм хариу өгч байгаа нь ойлгомжгүй байна. 

Иймд ТОХХК-ийн эзэмшиж байгаа ХҮ-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 03/09 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан ТОХХК-ийн эзэмшиж байсан 1*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг талбайг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарын Кадастрын хэлтсийн дарга Д.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Д******* аймгийн Улаанб******* сумын нутагт байрлах “Б*******” нэртэй 9918.75 гектар талбайд Ашигт малтмалын хайгуулын 1*******Х тоот тусгай зөвшөөрлийг Геологи Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 821 дугаар шийдвэрээр Т*******-******* ХХК-д олгосон байна.

Уг тусгай зөвшөөрлийн эрхийг Баянгол дүүргийн Шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын дагуу 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр хүчингүй болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлүүдийн нэг “Т******* *******” ХХК-ийн эзэмшиж байсан хайгуулын ХВ-01******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05/03 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсныг Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн байна.

ТОХХК нь Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцаагүй тусгай зөвшөөрлийн талбай дээрээ сонгон шалгаруулалт явуулахад татгалзах зүйлгүй гэж сонгон шалгаруулалтын комисстой тохиролцож сонгон шалгаруулалтын босго үнийг баталгаажуулж сонгон шалгаруулалт явуулахыг зөвшөөрсөн.

Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ ээлжит сонгон шалгаруулалтыг 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хийн 3 талбай зарласан бөгөөд үүнээс Д******* аймгийн Улаанб******* сумын нутагт байрлах Б******* нэртэй 5250,34 га талбайд “Т******* *******”  ХХК 83.8 оноо авч сонгон шалгаруулалтанд шалгарсан. Улмаар Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр хайгуулын ХҮ-0******* дугаар тусгай зөвшөөрлийг “Т*******- *******” ХХК-д олгосон байна.

Сонгон шалгаруулалтаар нэгэнт олгогдсон талбайд өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоож, баталгаажуулсан тул Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан талбайгаас чөлөөлөгдсөн талбайд дахин сонгон шалгаруулалт зарлаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох эрх зүйн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл орон нутгийн тусгай хамгаалалтаас гарсан талбай нь Ашигт малтмалын хайгуулын өргөдлөөр олгох талбайд хамаарч байх тул нэгэнт сонгон шалгаруулалтаар олгогдсон талбай дээр нэмж талбай олгох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. 

Иймд “Т******* орших” ХХК-ний эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 03/09 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан “Т******* орших” ХХК-ний эзэмшиж байсан 1*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг талбайг нэхэмжлэгчид нэмж олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ТОХХК-ийн эзэмшиж байгаа ХҮ-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтанд авах тухай” 03/09 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан ТОХХК-ийн өмнө эзэмшиж байсан 1*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг талбайг нэхэмжлэгчид нэмж олгохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлжээ. 

Анх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 821 дугаар шийдвэрээр Д******* аймгийн Улаанб******* сумын “Б*******” нэртэй газарт 9918.75 гектар талбайд Ашигт малтмалын хайгуулын 1*******Х тоот тусгай зөвшөөрлийг ТОХХК-д олгосон байна. 

Дээрх тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж Ашигт малтмалын газар ТОХХК-д олгосон гэж үзэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын дагуу хариуцагч 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.

ТОХХК-ийн 1*******Х тоот тусгай зөвшөөрлийн 9918.7 га газартай давхцуулан Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 оны  07 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн “Улаанб******* сумын нутаг дахь Майхан цав, Гурван бяруугийн хөндий орчмын 5906 га газрыг аймгийн тусгай хамгаалалтанд 5 жилийн хугацаатай авахаар 5/03 дугаар тогтоол гарсан байх бөгөөд Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтанд авах тухай” 03/09 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэсэгчлэн буцаан хамгаалалтанд авсаныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталжээ. 

Уг журмын дагуу Ашигт малтмалын газраас 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сонгон шалгаруулалт явуулахаар нийтэд нээлттэй зарласан байх бөгөөд  ТОХХК нь Д******* аймгийн Улаанб******* сумын нутагт байрлах “Б” нэртэй 5250.34 га талбайн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ашигт малтмалын газарт “Үнийн санал хүргүүлэх тухай” 1/16 тоот албан бичгийг хүргүүлсэн байна. 

Дээрх албан бичигт “...Д******* аймгийн Улаанб******* сумын нутагт орших 5250.34 га хэмжээтэй “Б” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй байгаа тул сонгон шалгаруулалтын үнийн санал хүргүүлж байна. Манай компани нь тус хайгуулын талбайд 30 024 474,66 /гучин сая хорин дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан бөгөөд нэмээд 3 975 525,34 төгрөг нийт 34 000 000 /гучин дөрвөн сая төгрөг/ төгрөгийн үнийн саналыг хүргүүлж” гэж дурдсанаас үзэхэд орон нутгийн тусгай хамгаалалтанд байгаа газартай давхцалгүй хэсэгт сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ гаргасан байна. 

Улмаар ТОХХК нь сонгон шалгаруулалтанд оролцож 83.8 оноо авч шалгарсан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын  2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр хайгуулын ХҮ-0******* дугаар тусгай зөвшөөрлийг ТОХХК-д олгосон байна.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна” 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлнээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдлэнэ” гэж заасны дагуу Орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргасан газрыг бид авах давуу эрхтэй мөн хариуцагч нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байгаагийн зэрэгцээ өргөдлөөр бүртгэж манай компанид нэмж олгох ёстой гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь нэгдүгээрт сонгон шалгаруулалт явуулах үед ТОХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байсан төдийгүй Эрүүгийн шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9, 53 дугаар зүйлийн 53.1.1, 53-56 дугаар зүйлд зааснаар сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр аж ахуйн нэгжид ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох ёстой байтал хууль зөрчиж өргөдлөөр олгосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэн ТОХХК-ийн өмнө эзэмшиж байсан 1*******Х тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дах хэсэгт зааснаар буцааж авах давуу эрх нэхэмжлэгчид үүсэхгүй байна.

Хоёрдугаарт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж Засгийн газрын бүрэн эрхийг зааж өгснөөс үзвэл дээрх орон нутгийн тусгай хэрэгцээнээс гарсан талбай нь өргөдлөөр олгох талбайд бүртгэгдээгүй байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч сонгон шалгаруулалтанд оролцсон босго үнээ 9918.75 га талбайд бодож төлсөн, мөн хариуцагчаас өргөдлөөр олгох талбай гэж хариу өгсөн тул бид орон нутгийн тусгай хамгаалалтаас гарсан талбайг нэмж авах эрхтэй гэж тайлбарладаг хэдий ч сонгон шалгаруулалтаар нэгэнт олгогдсон талбайд өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажил, бусад зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоож, баталгаажуулсанаас хойш буюу сонгон шалгаруулалт явагдсаны дараа орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан талбайгаас чөлөөлөгдсөн талбайг нэмж олгох эрх зүйн үндэслэл байхгүй байна.      

Хэдийгээр Ашигт малтмалын газраас “Т ХХК-г хохиролгүй болгох, төрөөс төлбөр гаргахгүй байх үүднээс ашигт малтмалын хайгуулын 1******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн Д******* аймгийн ИТХ-ын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 тоот тогтоолоор тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай байгаа тул уг давхцалыг хүчингүй болгох хүсэлтийг хүргүүлж байна” гэх албан бичгийг Д******* аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хүргүүлж байсан боловч сонгон шалгаруулт явагдсаны дараа орон нутгийн тусгай хэрэгцээний газраас чөлөөлөгдсөн талбайг нэмж олгох эрх хариуцагчид олгогдоогүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн ТОХХК-ийн эзэмшиж байгаа ХV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтанд авах тухай” 03/09 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан ТОХХК-ийн эзэмшиж байсан 1*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг талбайг нэхэмжлэгчид нэмж олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.11, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.8 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ТОХХК-ийн эзэмшиж байгаа ХV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр нэмж Д******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтанд авах тухай” 03/09 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан ТОХХК-ийн эзэмшиж байсан 1*******Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг нэмж олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг талбайг нэхэмжлэгчид нэмж олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.ОЮУНГЭРЭЛ