Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0108

 

Ш.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, гуравдагч этгээд Г.Ж-гийн өмгөөлөгч Ч.О, “Ж п э” ХХК болон “С с э и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Г.Ж-гийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Ш.М-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж п э” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Ш.М миний бие 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын хуулийн дагуу тус компанийг үүсгэн байгуулсан. 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Ж п э” ХХК-ийн захирлаар Г.Ж томилогдон компанийн үйл ажиллагааг хариуцан ажилласан. “Ж п э” ХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12773Х, 12772 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг.

Гэтэл 2015 оны 5 дугаар сард Ш.М миний бие “Ж п э” ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны 7 дугаар сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулагдан “С с э и” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдлээ. “С с э и” ХХК нь БНХАУ-ын иргэдийн өмчилдөг компани бөгөөд захирал нь тус улсын иргэн Сон Лу байна.

Дээрх зөрчлийг арилгах үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад “Ж п э” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт явуулсан. Үүний дараагаар Бүртгэлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.П нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8/8456 дугаар өргөдлийн хариугаар татгалзсан хариу ирүүлсэн. Улсын бүртгэлийн газрын бүртгэгч Ч.Б-ийн бүртгэсэн бүртгэл нь дараах үндэслэлээр хүчингүй болох үндэслэлтэй хэмээн үзэж байна.

1. Улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр авсан лавлагаанд бүртгэгч Ч.Б нь хаягийн өөрчлөлт, үүсгэн байгуулагчийн мэдээлэл зэргийг 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн нь хагас сайн буюу амралтын өдөр болж таарч байгаа. Энэ өдөр ямар нэгэн нээлттэй хаалганы өдөр байгаагүй.

2. 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд нь хууль зөрчиж хийсэн гэрээ буюу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн Улсын бүртгэгчийн бүртгэл нь ч мөн адил хүчин төгөлдөр бус байх ёстой.

3. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... болох компанийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хувийг олж авах эрхтэй хэлцэл”-д заасны дагуу компанийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхтэй холбоотой асуудал заавал зөвшөөрөл авч хийгдэх ёстой байсан ч энэ ажиллагаа явагдаагүй.

4. Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д нэгдмэл сонирхолтой этгээд, гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой гуравдагч этгээд гэдэгт “С с э и” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын иргэн байгаа учир энэхүү
хувьцааны шилжүүлгийн бүртгэл нь тус хуулийг зөрчсөн.

5. Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулиар тогтоосон шаардлага болон 4.1, 4.2-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл  нь хүчин төгөлдөр бус байна” хэмээн тодорхой заасан байна.

... Иймд “Ж п э” ХХК-ийн 60 хувийн хувьцааг эзэмшигч Ш.М миний хувьцааг “С с э и” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэгч Ч.Б-ийн бүртгэлийг хүчингүй болгож, “Ж п э” ХХК-ийн хувьцааны бүртгэлийг 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлээс өмнөх байдалд оруулж, “Ж п э” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ш.М-н нэр дээр буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Ш.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

1. Ш.М, Г.Ж нар нь “Ж п э” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааг эрхийн хамт 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 83 дугаартай Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч М.С-ийн гэрчилсэн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээгээр гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд “С с э и” ХХК-д худалдан шилжүүлэх үед Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдаагүй байсан.

2. Тус гэрээ болон бусад холбогдох баримтыг үндэслэн компанийн хувь нийлүүлэгчээс Ш.М, Г.Ж нарыг хасч, шинэ хувьцаа эзэмшигчээр “С с э и” ХХК-ийг бүртгэх үед тухайн компанийн эрхлэх үйл ажиллагаанд ашигт малтмалын хайгуулын, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн ямар нэгэн мэдээлэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, зөвхөн гадаад худалдаа гэсэн чиглэл байсан байна.

Иймд улсын бүртгэгчийн 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хийсэн бүртгэл нь улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “С с э и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүхэд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох “С с э и” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ж п э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.М, Г.Ж нартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан.

“Ж п э” ХХК-ийн хувьцааг худалдан авахад уг компани нь ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, ямар ч татвар төлдөггүй компани байсан. Харин бид уг компанийг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл бүрэн бус тооцоогоор 7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, анх компанийн нэр дээр байсан X буюу хайгуулын лицензийг А буюу ашиглалтын лиценз болготол үйл ажиллагаа явуулсан юм. Одоо “Ж п э” ХХК нь 40 гаруй үндсэн ажилтантай, уурхай дээр өөрийн болон туслан гүйцэтгэгч компанийн 100 орчим ажилчид ажиллаж байгаа, Монгол Улсад татвар, нийгмийн даатгал төлөгч компани болтлоо өргөжөөд байна.

Гэтэл иргэн Ш.М нь “Ж п э” ХХК-ийн хувьцааг огт шилжүүлээгүй мэтээр мэдэн будилж, улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бидний оруулсан их хэмжээний хөрөнгийг дээрэмдэх гэсэн явуургүй бөгөөд ичгүүргүй арга юм. Компанийн эрхийг шилжүүлэх үед бидний зүгээс хуульд заасан бүх баримт бичгийг хууль ёсны дагуу бүрдүүлэн өгсөн учраас өнөөдөр улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Гуравдагч этгээд “С с э и” ХХК, “Ж п э” ХХК-ийн өмгөөлөгч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “... Улсын бүртгэлийн газрын бүртгэгч Ч.Батцэцэг нь хаягийн өөрчлөлт, үүсгэн байгуулагчдын мэдээлэл зэргийг 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн нь амралтын өдөр таарч байна гэжээ. Энэ нь техникийн буюу хэлбэрийн төдий алдаа байх бөгөөд амралтын өдөр таарсан нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд нь хууль зөрчиж хийсэн гэрээ буюу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн улсын бүртгэгчийн бүртгэл нь мөн адил хүчин төгөлдөр бус байх ёстой гэжээ. Гэтэл 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг өнөөдөр хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр, эсхүл эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр байхгүй. Гэрээний нэг тал нь дуртай үедээ бусадтай байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр тухайн гэрээ нь шууд хүчин төгөлдөр бусад тооцогдох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Захиргааны хэргийн шүүх иргэд, хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан иргэний гэрээг хүчин төгөлдөр эсэхийг шийддэг шүүх биш.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1-ийг зөрчсөн учир бүртгэл хууль бус гэжээ. Гэтэл энэ хууль нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль гарснаар өнөөдөр эрх зүйн үйлчлэлгүй болсон билээ. Нэгэнт хүчингүй болсон хуулийг үндэслэн одоо үйлчилж буй захиргааны актыг хүчингүй болгох тухай ойлголт байхгүй.

Түүнчлэн захиргааны хэргийн шүүхээс одоо үйлчилж буй захиргааны актын үйлчлэлийг одоо буюу ирээдүйд зогсоохоос бус захиргааны акт хууль бус байсан гэдгийг өнгөрсөн цагт тогтоогдоогүй билээ.

Нөгөөтэйгүүр энэхүү хууль хүчингүй болсон өдрөөс эхлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд хууль тогтоогчоос гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоор дээрх хүчингүй болсон хуульд байсан бүх хязгаарлалтуудыг /үүний дотор нэхэмжлэгчийн маргаж буй зөвшөөрөл авах шаардлагатай хэлцэлийн талаарх зохицуулалт гэх мэт/ байхгүй болгосон. Иймд өнөөдрийн Хөрөнгө оруулалтын тухай хуулиар маргаж буй гэрээнүүд хүчин төгөлдөр, түүнийг үндэслэн гарсан бүртгэл ч хүчин төгөлдөр юм.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2010 онд хийсэн гэрээ хэлцэл, бүртгэлийг 2015 оны 5 сард мэдсэн мэтээр бичсэн нь хэтэрхий үнэмшилгүй бөгөөд бодит байдалтай огт нийцэхгүй юм. Учир нь улсын бүртгэлийн үндэслэл болсон 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч Ш.М өөрөө байгуулсан байдаг бөгөөд үүнийг мөн өдөр 443 дугаартай нотариатч М.С баталсан байдаг. Нөгөөтэйгүүр компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч хүн бүхэл бүтэн 5 жил өнгөрөөд байхад өөрийнхөө компанийг /хөрөнгийг/ өөр этгээдэд шилжсэн байхыг мэдэхгүй байх ямар ч боломжгүй юм. Наад зах нь Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлыг жил болгон хийх ёстой биш билүү. Энэ бүх бодит байдал нь нэхэмжлэгч этгээдээс захиргааны актын талаар маргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг нотолж байгаа тул шүүх нэхэмжлэлээс татгалзах ч үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл хууль ёсны эсэхийг шалгах шалгуур нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 23 дугаар зүйл, 2015 оны хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт хийх буюу хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд тавигдах шаардлагууд юм. Энэхүү хуучин болон шинэ хуулийн аль алиных нь шаардлагыг 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн улсын бүртгэгч Ч.Б-ийн бүртгэл нь хангаж буй тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна“ гэжээ.

Гуравдагч этгээд Г.Ж шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Ж п э ХХК-ийг Монгол Улсын иргэн Г.Ж миний бие иргэн Ш.М-тай хамт 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулсан. “Ж п э” ХХК-ийн 40 хувийн хувьцааг Г.Ж миний бие, Ш.М нь 60 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. “Ж п э” ХХК үүсгэн байгуулагдсан цагаас Г.Ж миний бие тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон компанийн үйл ажиллагааг хариуцан ажилласан. “Ж п э” ХХК нь 2010 оны 11 дүгээр сард ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12772Х болон 12773Х тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2012 оны 7 дугаар сард БНХАУ-ын иргэн Ч Б манай компанийн хувьцааг худалдан авч, хамтран ажиллах саналыг тавьж миний зүгээс өөрийн 40 хувийн хувьцааг зарсан ба холбогдох хувьцаа худалдах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа эзэмшигчийн шийдвэр зэргийг үйлдэж өгсөн.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авсан асуудлаар Ш.М нь нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байгаа ба энэхүү асуудал нь Г.Ж миний эрх ашгийг хөндөж байна. Учир нь энэ асуудлаас буюу “Ж п э” ХХК-ийн хувьцаа шилжсэн асуудлаас болж Г.Ж надад хохирол учрах, миний эзэмшиж байсан “Ж п э” ХХК-ийн 40 хувийн хувьцааны эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдөж болохуйц нөхцөл байдал үүсээд байна.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл аваагүйн улмаас “Ж п э” ХХК-ийн хувьцааг “С с э и” ХХК-д шилжүүлсэн бүртгэл нь хууль зөрчсөн бол тухайн бүртгэлийг хүчингүй болгож хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.

Миний бие “Ж п э” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба тус компанийн хувьцааг худалдан авсан БНХАУ-ын иргэн Ч Б болон түүний удирдаж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “С с э и” ХХК-д хувьцаа шилжүүлэхэд Засгийн газраас зөвшөөрөл авах тухай хөрөнгө оруулагч нь ямар нэгэн зүйл надад мэдэгдээгүй. Хэдийгээр миний бие өөрийн хувьцааг шилжүүлэх гэрээ хийж шилжүүлсэн боловч тухайн хувьцаа шилжүүлсэн бүртгэл хууль зөрчсөн бол хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.

Иймд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахйун нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчиж шилжүүлсэн улсын бүртгэгч Ч.Б-ийн 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Ж п э” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, “Ж п э” ХХК-ийн 40 хувийн хувьцааг Г.Ж миний нэр дээр буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү“ гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай /2012 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Г.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэгч Ч.Б-ийн 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хийсэн бүртгэлийг хүчингүй болгож, “Ж п э” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ш.М-н нэр дээр буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн “Ж п э” ХХК-ийн 60 хувийн хувьцааг эзэмшигч Ш.М миний хувьцааг “С с э и” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэгч Ч.Б-ийн бүртгэлийг хүчингүй болгож, “Ж п э” ХХК-ийн хувьцааны бүртгэлийг 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлээс өмнөх байдалд оруулж, “Ж п э” ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ш.М-н нэр дээр буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах шаардлагыг болон гуравдагч этгээд Г.Ж-гийн “Ж п э” ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшигч Г.Ж миний хувьцааг “С с э и” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэгч Ч.Б-ийн 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Ж п э” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Г.Ж-гийн өмгөөлөгч Ч.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар магадлалыг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч болон гуравдагч этгээд Г.Ж-гийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь дүгнэлгүйгээр нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан.

Магадлалын Хянавал хэсэгт “... тус компанийн хувьцаа эзэмшигчид нь “С с э и” ХХК-ийн захирал Ч В-тай 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулж, Чингэлтэй дүүргийн нотариатч М.С-ээр баталгаажуулж, уг гэрээг холбогдох баримт бичгүүдийн хамт улсын бүртгэлд 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн нь хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн байдаг. Энэхүү дүгнэлт үндэслэлгүй болсон. Учир нь:

1. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан гэх “Ж п э” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ 2 өөр огноотой байдаг бөгөөд “Ж п э” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн тухай бүртгэл нь 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр огноолсон гэрээг үндэслэсэн байдаг. Гэтэл нотариат нарын гэрчилсэн баримт бичгүүдийг архивлан хадгалж байгаа нийслэлийн Архивын газраас ирүүлсэн лавлагаанд Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч М.С-ийн гэрээний бүртгэлд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ж п э” ХХК-ийн хувьцаатай холбоотой гэрээ хэлцэл байхгүй болохыг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ж п э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон “С с э и” ХХК-ийн хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй болох нь нотариатын бүртгэлд бүртгэгдээгүйгээс тодорхой харагдана. Түүнчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн БНХАУ-ын иргэн Ч В-гийн мэдүүлгээр давхар нотлогдоно. Энэ нь зөвхөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн зохицуулалтаас зайлсхийх гэсэн оролдлого байжээ.

2. Маргаан бүхий захиргааны актыг гаргах үед буюу 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль Монгол Улсын Их Хурлаас батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэхэд, эсхүл стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж болох компанитай холбоотой энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлцлийг байгуулахад Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээрээ дамжуулан Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/-аас зөвшөөрөл авна.”, 6 дугаар зүйлийн 6.1.1-д “стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хувийг олж авах эрхтэй болох хэлцэл” бол уг хуулийн дагуу зөвшөөрөл авах хэлцэлд хамаарахаар хуульчилжээ.

Хууль батлагдахаас өмнө байгуулсан гэрээ хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд зөвшөөрөл авахгүй байх тухай зохицуулалтыг уг хуульд тогтоож өгөөгүй бөгөөд зөвшөөрөл шаардагдахгүй хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ж п э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон “С с э и” ХХК-ийн хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл байхгүй. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах ёстой бөгөөд хуулиар тогтоосон шаардлагыг иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил тавьж, түүнд нийцүүлэхийг шаардах үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч, түүний эрх бүхий улсын байцаагч нь хуулиар тогтоогоогүй, өөрт нь хуульчлан олгоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль батлагдахаас өмнө байгуулагдсан гэх гэрээ хэлцлийг үндэслэн стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн хувьцааг бүхэлд нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид шилжүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзэж болохгүй.

3. Компанийн тухай хуулийн  17 дугаар зүйлийн  17.4-т “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухайн хуулийн этгээд ажлын 3 хоногт багтаан энэ талаар бүртгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй." гэж хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой тодорхой хугацаануудыг хуульчилж өгсөн. Энэ нь хуулийн этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн үнэн  зөв,  бодитой,  заавал биелүүлэх шинжтэй байх зарчмыг хангах үндэслэл болно. 2012 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр байгуулсан гэрээ хэлцэл хийгээд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тухай шийдвэрийг 3 сарын дараа буюу 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 8 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь хуулийн этгээдийн бүртгэлийн зарчимд нийцэхгүй байна.

4. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Улсын бүртгэлийн жагсаалтыг цахим санд оруулж хөтлөхдөө улсын хэмжээний бусад мэдээллийн систем, сүлжээтэй харилцан уялдаатай байх зарчмыг удирдлага болгон зохих арга зүй, программыг ашиглана.” гэж заасан байдаг. Хуулийн энэхүү зохицуулалт нь асар их ач холбогдолтой бөгөөд дан  ганц хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүртгэхээс гадна эдгээр мэдээ, мэдээлэл нь бусад мэдээллийн систем, сүлжээтэй таарч байгаа эсэх талаар мэдээлэл солилцох, хянан шалгах боломжийг олгосон.

Маргаан бүхий захиргааны актыг гаргах үед Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан  тул  үүсгэн  байгуулах баримт бичигт  нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт нь уг хуульд нийцэж буй эсэх талаар хариуцагч нь хяналт шалгалт хийх үүрэгтэй байсан. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий салбарыг тодорхойлж өгсөн бөгөөд тухайн салбарт үйл  ажиллагаа  явуулж буй  хуулийн  этгээд  нь  аж ахуйн  үйл
ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй болно. Тухайн аж ахйн нэгж нь тусгай зөвшөөрлөө хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тохиолдолд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль хэрэгжих боломжгүй байсан гэж үзэх боломжгүй.

5. Давж заалдах шатны шүүх 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг үндэслэн маргаан бүхий захиргааны актад дүгнэлт хийж, нэхэмжлэл хийгээд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан нөхцөл хийгээд хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн болон гуравдагч этгээд Г.Ж-гийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

“Ж п э” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, эхлэлтийн тайлан тэнцэл, хөрөнгийн жагсаалт, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын анкет, компанийн дүрэм зэргээс үзэхэд иргэн Ш.М, Г.Ж нар нь 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Ж п э” ХХК-ийг үүсгэн байгуулж, 60 хувийн хувьцааг Ш.М, 40 хувийн хувьцааг Г.Ж эзэмшихээр тохиролцож, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тус компанийн хувьцаа эзэмшигч Ш.М, Г.Ж нар 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “С с э и” ХХК-ийн захирал Ч В /Ch B/-тай хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, “Ж п э” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн байна.

Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагч нь 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Ж п э” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “С с э и” ХХК-д шилжүүлж, хасагдсан буюу нэмэгдсэн өөрчлөлтийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3-дахь хэсгийг баримтална” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх улсын бүртгэлийг Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчиж хийгдсэн хууль бус бүртгэл гэж маргаж байгаа хэдий ч уг хууль 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, дагаж мөрдөхөөс өмнө Ш.М, Г.Ж нар хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний үнэн зөвийг Чингэлтэй дүүргийн нотариатчаар гэрчлүүлсэн, тухайн гэрээнүүд одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Г.Ж-гийн өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Мөн “Ж п э” ХХК-ийн хувьцааг “С с э и” ХХК-д шилжүүлэх үед ашигт малтмалын хайгуул эрхлэх үйл ажилагааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан нь нотлогдсон тул хариуцагчийг Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ... хэрэгсэхгүй болгох;” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гуравдагч этгээд Г.Ж-гийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримт болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийг хэрэглэлгүй сүүлд буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн нь буруу байх тул зохих өөрчлөлтийг оруулахаар байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Г.Ж-гийн өмгөөлөгч Ч.О нар нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримт болох Чингэлтэй дүүргийн нотариатч М.С-ийн гэрээний бүртгэлд 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ж п э” ХХК-ийн хувьцаатай холбоотой гэрээ хэлцэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон гэх Нийслэлийн Архивын газрын лавлагааг дурдаж хяналтын гомдол гаргасан нь үндэслэлгүйн гадна Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан  журмын  дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухайн хуулийн этгээд ажлын 3 хоногт багтаан энэ талаар бүртгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй” гэсэн хугацааны хязгаарлалттай заалт нь маргааны үйл баримтад хамааралгүй учир тэдгээрийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ...” гэснийг “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т ...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Г.Ж нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА