Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1227

 

Х, ХХ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02949 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х, ХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн "ХХХ" ХХК болон Х нарын хооронд байгуулсан Ө-3/143 тоот "Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 3.3-т заасан үүргээ зөрчсөн буруутай болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХХ,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХ байрны ХХ тоот орон сууцаа зараад орон сууцны нөхцөлөө сайжруулахаар шинэ байрны захиалга өгч "ХХХ" ХХК-д ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХ байрны ХХХ тоотыг захиалга хариуцсан борлуулалтын менежер ХХХХХХ гэдэг хүнтэй захиалгын гэрээ хийсэн. 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа 1 000 000 төгрөг төлсөн. Дараа нь үлдэгдэл төлбөр 48 900 000 төгрөгийг 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. Энэ нь миний дансны баримтаар нотлогдоно. Би хөгшин настай, байнга явах боломжгүй тул хүүгээрээ хөөцөлдүүлж байна гэдгээ борлуулалтын менежер ХХХХХХтой ярилцаж тохиролцоод хүүгээ өөрийгөө төлөөлүүлэн явуулахаар болсон. Гэтэл миний мөнгийг нь төлсөн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй.

Улсын бүртгэлд хүргүүлсэн хэнд өмчлөл гаргаж өгөхийг нотлох эх баримтыг бидэнд өгөөгүй. Худалдсан орон сууцыг худалдан авагчид нь өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргийг биелүүлээгүйгээс орон сууцаа алдахад хүрээд байна. Миний бие орон сууцны үнийг бүрэн төлсөн байхад надад эсхүл ХХХХгийн нэр дээр гэрээгээр тохиролцсон өмчлөх эрх баталгаажуулахад шаардагдах төлбөр бүрэн төлсөн тул өмчлөх эрх олгох тухай бичиг баримтаа өгөөгүй, өөр этгээдэд өгч явуулснаар хөндлөнгийн мөнгө төлбөр төлөөгүй, орон сууц захиалаагүй этгээд хамтран өмчлөгч гэж улсын бүртгэлд бүртгэл хийлгэсэн нь бидний эрхийг ноцтой зөрчлөө. Иймд 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн "ХХХ" ХХК болон Х нарын хооронд хийгдсэн орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын Ө-3/143 тоот гэрээний 3.3-т заасан үүргээ "ХХХ" ХХК биелүүлээгүй, өмчлөх эрх бүртгэх тухай баримтаа хүлээлгэж өгөөгүй, гэрээний тал биш өөр этгээдэд өгсөн буруутай болохыг тогтоолгохоор шаардлага гаргаж байна.

Орон сууцны захиалгын гэрээнд заасан үүргээ биелүүлж 100 хувь төлбөрөө барагдуулсан байхад гэр бүлийн гишүүн бус этгээдэд төлбөр төлсөн тухай баримтыг хууль бусаар өгсөн байдаг. Үүнээс улбаалан миний орон сууцыг өөр хүмүүс авсан байна. Бид 2 талын гэрээний үүргээ нэг тал нь биелүүлээгүй болохыг тогтоолгохыг хүсч нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь гэрээний нэг тал болох надад төлбөр төлсөн баримтыг хүлээлгэж өгөөгүй болох нь 2014 онд гарсан 2844 тоот болон 4572 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр нотолж байгаа.

Хариуцагч талын тайлбараар надад төлбөр төлсөн баримтыг өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ баримтыг надад хүлээлгэн өгсөн тухай баримт, бүртгэлийг гаргуулах гэсэн боловч хариуцагч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Гэрээнд зааснаар бол төлбөр төлсөн гэсэн баримтыг зөвхөн захиалагчид өгөх ёстой, гэтэл надад өгөөгүй, өөр этгээдэд өгсөн байна. 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлт нь мэдүүлгийг намайг бичсэн гэж буруу гарсан. Бичиг нь минийх мөн гэж байгаа бол түүнд бичсэн гарын үсэг нь ХХХХХХХынх мөн байдаг. Үүнийгээ ХХХХХХХ өөрөө зөвшөөрсөн. Би ХХХХХХХтай 2012 оны 3 дугаар сараас 2014 он хүртэл хамт амьдарсан.

Бид орон сууц болон түлхүүрийг хүлээж аваад 2012 оны 3 дугаар сард нүүж орсон, одоо хүртэл амьдарч байна. Тэр үед орон сууцны гэрчилгээ гараагүй байсан. Гэрчилгээ 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан гэдгийг ХХХХХХХ надад хэлээгүй, бид ХХХХХХХ нь намайг хариуцагчаар татаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, орон сууцнаас оногдох хэсгээ гаргуулах гэсэн нэхэмжлэлийг 2014 оны 11 дүгээр сард гаргах үед л мэдсэн. Тэгээд бүртгэлийг хууль бусаар хийлгэсэн гэж үзэж захиргааны шүүхэд 2015 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Хамгийн гол нь уг орон сууцны төлбөрийг миний ээж ХХ насаараа ажиллаж хөдөлмөрлөж олж авсан байраа зарж төлсөн, энэ тухай баримтуудыг хэрэгт өгсөн. Иймээс уг байр нь ээж ХХгийн байр бөгөөд түүний эрх ашиг зөрчигдөөд байна. ХХХХХХХ орон сууцны гэрчилгээнд бичигдэх болсон шалтгаан нь хариуцагч "ХХХ" ХХК-иас төлбөр төлсөн баримтыг гэрээний нэг тал болох надад хүлээлгэж өгөөгүй буруу үйлдлээс болсон гэж үзэж байна. Иймд 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний үүргээ зөрчсөнийг тогтоолгоход ХХХХХХХыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлага байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн мэдүүлгийг өөрөө гаргаж уг мэдүүлэгтээ болон тусад нь орон сууцны хамтран өмчлөгчөөр ХХХХХХХ, ХХХХХХХХ нарыг оролцуулахаар тусгаж үүний дагуу ХХХХХХХХХХ бүртгэлийн дугаартай, ХХХХХХХХХ тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай тухайн орон сууцны талаарх мэдээллүүд болон ашиглалтанд хүлээн авсан тухай улсын комиссын акт зэрэг баримтуудыг бид улсын бүртгэлийн байгууллагад хүргэсэн ба захиалагч нар зөвхөн өөрийн гэрээний эх хувь болон тус компаниас гаргаж өгсөн "төлбөрийн тооцоогүй" гэсэн тодорхойлолтыг үйлчилгээний хураамж төлсөн баримтын хамт өөрийн бөглөсөн мэдүүлэгтээ хавсарган бүртгэлийн байгууллагад өгч өмчлөгчийн гэрчилгээгээ гаргуулан өөрсдөө авдаг. Энэхүү өмчлөлийн гэрчилгээ авах, мэдүүлэг гаргах үйл ажиллагаанд манай компанийн зүгээс ямар нэгэн оролцоо байхгүйг онцлон дурдмаар байна.

Компаниас гаргаж өгсөн "Төлбөрийн тооцоогүй болох тухай тодорхойлолт"-ыг бид 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7/Ө-3-126 тоот албан бичгээр үйлдэж баталгаажуулсан бөгөөд тухайн албан бичгийг хэнд, ямар баримтаар хүлээлгэн өгсөн тухай ямар нэгэн баримт одоогоор бидэнд алга байна. Хгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан бүртгэлийн мэдүүлэг болон манай компанийн гаргасан дээрх төлбөрийн тодорхойлолт нь адил огноотой байгаагаас үзвэл ийм төлбөрийн тодорхойлолтгүйгээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авах боломжгүй учраас уг тодорхойлолтыг тухайн үед биднээс Х өөрөө хүлээн авсан байх магадлал өндөр байна. Тэгээд ч энэхүү орон сууцны өмчлөлийн гэрчилгээ нь дээрх тодорхойлолт, захиалагч Хгийн гэрээний эх хувь, түүний иргэний үнэмлэх, хүсэлт, мэдүүлэггүйгээр, түүний оролцоо зөвшөөрөлгүйгээр өөр хүний нэр дээр бүртгэгдэх, бичигдэх, олгогдох ямар ч боломжгүй, үндэслэлгүй гэдгийг ч бас онцолмоор байна.

Х, ХХ нарын нэхэмжлэлтэй энэхүү асуудал нь эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх эсэхтэй холбогдсон тэдний эрхийн асуудал бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3-т зааснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч иргэн Хгийн өмнөөс түүний итгэмжлэлгүйгээр уг өмчийг бүртгүүлэх эрхгүй этгээд болох хамтран амьдрагч ХХХХХХХ нь хийлгэснээс өөрийнх нь эрх хохирч байна гэж үзэж байгаа бол иргэн ХХХХХХХаас бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардах, эсхүл хэрэв улсын бүртгэлийн мэдүүлгийг Х өөрөө бус ХХХХХХХ түүний өмнөөс хуурамчаар үйлдсэн, хуурамч мэдүүлгийг үндэслэн бүртгэл хийгдсэн гэж үзэж байгаа бол эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад өргөдөл гарган шийдвэрлүүлэх, ийнхүү шийдвэрлэж өгөхгүй бол шүүхэд хандан шийдвэрлүүлэх асуудал байна гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бидэнд хамааралгүй болохыг тогтоож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1., 352 дугаар зүйлийн 352.4.-т заасныг баримтлан хариуцагч "ХХХ" ХХК-д холбогдох, 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн "ХХХ" ХХК болон Х нарын хооронд байгуулсан Ө-3/143 тоот "Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 3.3-т заасан үүргээ зөрчсөн буруутай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ХХ, Х нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Уг гэрээний үүрэг зөрчсөн үйл баримтаас бий болсон орон сууц өмчлөх эрхийг хууль бус гэрчилгээгээ үндэслэн захиалагч этгээд орон сууцыг гаргуулахаар 2013 оны 09 дүгээр сард хандаж иргэний хэрэг үүсгүүлсэн. Мөн би тухайн хууль бус өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Энэ бүх иргэн ба захиргааны хэргийн шийдвэрүүдийг тус шүүхээс шаардсаны дагуу нэг бүрчлэн бүрдүүлж авчирч өгсөн. Эдгээр баримтууд нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримтыг хангалттай бий болгож байгаа юм.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч ХХ, Х нар нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ө-3/143 тоот “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.3-т заасан үүргээ зөрчсөн буруутай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

            Нэхэмжлэгч ХХ, Х нар нь ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэр, ХХХХХХ гудамжинд байрлах “ХХХХХ”-д 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч “ХХХ” ХХК-д захиалан бариулахаар гэрээ хийж, гэрээний нөхцлийг тохиролцсоны дагуу нэхэмжлэгч тал орон сууцны үнийг бүрэн төлж, хариуцагч тал 2012 оны 3 дугаар сард орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

            Харин “ХХХ” ХХК-иас орон сууцны үнийг бүрэн төлсөн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж орон сууцны өмчлөх эрхийг захиалагчийн нэр дээр бүртгүүлэхийг зөвшөөрсөн тухай тодорхойлолтыг гэрээний захиалагч тал Хд биш, гэрээнд оролцоогүй өөр этгээдэд өгч, гэрээний үүргээ зөрчсөнөөс улсын бүртгэлд ХХХХХХХ, ХХХХХХХХ нар хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэнээс байрны үнийг төлсөн нэхэмжлэгч нарын өмчлөх эрх зөрчигдөж байна гэж маргажээ.

            Хариуцагч нь  2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот орон сууцны ХХ дугаар орц, ХХ дугаар давхрын ХХХ тоот 44,2 м.кв 2 өрөө байрыг Х нь гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлсөн болохыг тодорхойлов” гэсэн агуулгатай 7/Ө-3-126 тоот албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хаяглан үйлджээ.

            Уг албан бичгийг нэхэмжлэгч Х нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн газарт гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай улсын бүртгэлийн мэдүүлэгтээ хавсаргасан байх ба мэдүүлгийн нөхөх хэсгийн гар бичвэр нь Хгийн бичгийн хэвийн загваруудтай тохирч байгаа талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1407 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Түүнчлэн Хгийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, “ХХХХХ” ХХХХХХХХХХХХХ тоот 44,2 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 267 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

            Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Хгийн “ХХХ” ХХК-аас гаргасан тодорхойлолтыг хүлээн аваагүй, мэдээгүй гэх тайлбар нотлогдохгүй байх тул хариуцагчийг гэрээний 3.3-т заасан “Гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өгөх” үүргээ зөрчиж, тодорхойлолтыг Хд хүлээлгэн өгөлгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч ХХ нь”ХХХ” ХХК-ийн борлуулалтын менежер ХХХХХХтой орон сууц захиалгын гэрээ хийхдээ хүү Хгээр өөрийгөө төлөөлүүлсэн гэж тайлбарласан боловч төлөөлөх эрх олгосон баримтыг гаргаагүй, уг тайлбараа нотлоогүй тул Х болон ”ХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг шаардах эрх үүсэхгүй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02949 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ