Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0324

 

2019 оны 06 сарын 12 өдөр         Дугаар 221/МА2019/0324                           Улаанбаатар хот

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, өмгөөлөгч С.Э, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Ё.Э нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгах, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- ********** дугаартай ********** тоот, Г-********** дугаартай ********** тоот, Г- ********** дугаартай ********** тоот, Г-********** дугаартай ********** тоот, Г-********** дугаартай ********** тоот, Г-********** дугаартай ********** тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.О, О.Б, Ц.Г, Ч.Ө, Ч.У, Ш.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ийн “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга нь нэхэмжлэгч “С” ХХК өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох гүний худгийн өмчлөлийг хэрэгжүүлэх эрхтэй байх, гуравдагч этгээд Ц.Г нь хариуцагчаас тухайн газарт газар өмчлүүлсэн эрхийн хүрээнд тус орчиндоо 5000 м.кв газрыг өмчлөх эрхтэй байхаар асуудлыг газар дээр нь зохион байгуулж, 6 сарын дотор шийдвэрлэхийг хариуцагч Засаг даргад даалгаж,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 -т заасныг баримтлан гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн сумын Засаг даргын 2016 оны А/896 дугаар захирамжийн иргэн Ц.Г-д холбогдох хэсэг, иргэн Ц.Г-ын газар өмчлөх эрхийн нэгж талбарын ******************* дугаар бүхий 5000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-********** дугаартай газрын ********** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хариуцагч Засаг даргаас нэгж талбарын байршилд өөрчлөлт оруулан, өмчлөх эд хөрөнгийн болон газрын асуудлыг зохион байгуулж шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4 дүгээр хэсгийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

“С”' ХХК өмнө нь 100 га газар эзэмших эрхтэй байсан тухайд: Манай “С” ХХК нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 138 дугаар захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р багийн Баянголын ам Түшээ гүнд 100 га газрыг Хүүхдийн зуслан, жуулчны баазын зориулалтаар эзэмших эрхтэй болсон ба 2006 оноос хойш хүүхдийн зуслан буюу зориулалтын дагуу ашиглаж ирсэн байдаг. Газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ , нэгж талбарын *********************** дугаар авч кадастрын зураг хийлгэн эзэмшил газрыг тэмдэгжүүлж координатжуулан газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг”, 3.1.4-д ““нэгж талбар” (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг” ойлгохоор тус тус заасан. Иймд анхан шатны шүүхийн “... өмнө нь нэхэмжлэгчийн газрын байршлыг хэрхэн гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа нь тогтоогдож байх тул шүүхээс нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг тухайн кадастрын зургийн дагуу газар эзэмших эрхтэй байсан гэж тогтоох боломжгүй ...” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “С” ХХК 100 га газрыг эзэмшиж, ашиглаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байдаг болно. 

“С”ХХК -ийн 98.6 га газар эзэмших эрх сэргэсэн тухайд: Анхан шатны шүүх “С” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэсэн газар нь маргаан бүхий иргэдийн газартай давхцалгүй гэж үзэн шийдвэрлэсэн байна. Энэхүү дүгнэлт дараах тайлбар, үндэслэл. баримтаар үгүйсгэгдэнэ. Үүнд:

“С” ХХК-д 100 га газар эзэмших эрх олгосон 2006 оны 138 дугаар захирамжийг Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Үүнийг эс зөвшөөрч Төв аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 04 сарын 08-ны өдрийн 09 дугаар шүүхийн шийдвэр гарч Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 09-ний өдрийн А/167 дугаар захирамжийг хууль зөрчсөн хууль бус хэмээн үзэж 1,4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98,6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрт талууд гомдол гаргаагүй байдаг ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр нь иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг бөгөөд шүүхийн шийдвэрээр эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосноор эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд эрх нь сэргэнэ. Тодруулбал шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээнэ гэдэг нь захиргааны байгууллага хүчин төгөлдөр газар эзэмших эрх олгосон захирамжийг хууль бусаар хүчингүй болгосон, цуцалсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор анх олгосон буюу бүртгэсэн газар эзэмших эрх сэргэж байгаагаас бус шийдвэрийг үндэслэсэн шинэ захиргааны актаар шинэ эрх тогтоож буй хэрэг биш юм.

Иймд “С” ХХК-ийн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 138 дугаар захирамжаар олгогдсон Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р багийн Баянголын ам Түшээ гүнд байрлах нэгж талбарын *********************** дугаар бүхий газрын 98.6 га газар эзэмших эрх нь сэргэсэн юм. Өөрөөр хэлбэл манай компанийн 2006 оны газар эзэмших эрх нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн 09 дугаар шүүхийн шийдвэрээр сэргэсэн.

Гэтэл тус газар эзэмших эрх сэргэсэн /эзэмших эрх үүссэн/ газар дээр давхцуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 28-нд маргаан бүхий А/895, А/896, А/897, А/898, А/994 захирамжуудаар иргэдэд газар өмчлөлөөр олгосон.

Иргэдийн газар нь “С” ХХК-ийн эзэмших эрх нь сэргэсэн 98.6-н га газартай давхцаж байгаа нь Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 123/11132018/0011 дугаартай захирамжаар томилогдсон Төв аймгийн Газрын харилцаа барилга Хот байгуулалтын газар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07/11 дугаар Шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан байдаг.

Шинжээчийн дүгнэлтийн хариулт 1-д “... “С” ХХК-ын нэхэмжлэлийн дагуу шинжилгээ хийхэд Батсүмбэр сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 138 тоот захирамжаар эзэмшүүлж, 2007 онд гэрчилгээ олгогдоод Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/167 тоот захирамжаар хүчингүй болсон 98.6 га талбайтай Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/895, А/896, А/897, А/898, А/894 дугаар захирамжаар өмчлүүлсэн газар тус бүр нъ хэмжээ байршлын хувьд давхцаж байна” гэж тогтоогоод зургийг хавсралтаар ирүүлсэн байдаг. Хариуцагч болон гуравдагч этгээд энэхүү дүгнэлттэй маргадаггүй бөгөөд ямар нэгэн гомдол хүсэлт гаргасан зүйл байдаггүй юм.

Түүнчлэн дээд шатны албан тушаалтан болох Төв аймгийн Засаг дарга Ж.Б 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/1186 дугаар “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн газар дээр нь хяналтын хэмжилт, судалгааг хийж үзээд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн 09 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д зааснаар Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 09- ний өдрийн А/167 дугаар захирамжийн 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “С” ХХК-д 98,6 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, газар эзэмших гэрээг шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Батсүмбэр сумын Засаг даргад үүрэг болгосон атал Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга дээд албан тушаалтныхаа шийдвэрийг эс биелүүлсэн байдаг болно.

Дээрх газар өмчлөлөөр олгосон хууль бус захирамжууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 40 дүгээр зүйлийн 40.5-д” Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т ‘Тазрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах” гэж тус тус заасны зөрчиж байх бөгөөд үүний улмаас “С” ХХК-ийн газар эзэмших эрх, газрыг зориулалтын дагуу бүрэн дүүрэн ашиглах боломж эрх нь зөрчигдсөн.

Ийнхүү хууль бус захирамжийг үндэслэн иргэдэд газар өмчлөх гэрчилгээ олгогдсон байдаг тул газар өмчлөх эрхийн бүртгэл хууль бус болох эрх зүйн үр дагавар үүсэх юм.

Мөн иргэдэд давхцуулан өмчлүүлсэн газар дээр манай өмчлөлийн худаг байрладаг бөгөөд энэхүү худаг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. /Ү-**********/ Гэтэл гүний худагтай давхцуулан бусдад газар өмчлөлөөр олгосноор манай компанийн өмчлөгчийн эрхийг давхар зөрчиж байдаг. Түүнчлэн Усны тухай хуулийн 22.3,-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасны дагуу гүний худгийн ойролцоо гэр бүлийн зориулалтаар газар олгох боломжгүй юм.

Иймд дээрх тайлбар үндэслэлийг дүгнэн үзэж Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардаж аваад шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4 дүгээр хэсгийг хүчингүй болгон тогтоолд өөрчлөлт оруулж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “С” ХХК нь:

1. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 дугаар захирамжуудыг /гуравдагч этгээд нарт газар өмчлүүлсэн шийдвэр/ хүчингүй болгох,

2. Хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 98.6 га газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгуулахыг даалгах,

3. Гуравдагч этгээдүүдэд олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах гэсэн 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасныг шийдвэрийн 2 дугаар заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн эдгээр заалтад гомдол гаргахгүй.

Харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, хэргийн харьяалал зөрчиж “С” ХХК-ийн гэх худгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэн, үүний үндсэн дээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтаар гуравдагч этгээд Ц.Гэлэгжамцад газар өмчлүүлсэн шийдвэр болон газар өмчлөх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасныг зөрчиж эзэмшил газрыг гуравдагч этгээдүүдэд давхардуулан өмчлүүлснээс газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж тодорхойлон нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дунд үеэс гуравдагч этгээд Ц.Г-ын өмчлөлийн газарт байрлах хаягдсан худгийн барилгыг өөрийн өмчийн худаг мөн бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарлан газар өмчлүүлсэн гэж маргаж эхэлсэн боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, өөрчилсөн зүйл байдаггүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 -д “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн. харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш юм.

Гэтэл анхан шатны шүүх нь дээрх хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, хэргийн харьяалал зөрчин шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Тухайлбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт: “нэхэмжлэгчээс өөрийн өмч хөрөнгийн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх эрх нь хөндөгдсөн болох талаар тайлбар гаргасан ... энэхүү нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн эрхийг хэрэгжүүлэх гэсэн үндэслэлд холбогдуулан авч үзвэл ...” гээд гуравдагч этгээд Ц.Г-ын газар дээр байрлах тухайн хаягдсан худгийг “С” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө мөн гэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.

Ингэж дүгнэсэн үндэслэлийг “2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон ********** дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-нд ... 3.6 м2 гүний худгийн өмчлөгч гэж ... бүртгэн олгожээ ... 2006 онд хавсарган өгсөн гэрэл зураг нь ... үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан худгийн зураг мөн байх тул ... нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө биш гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

Хэдийгээр захиргааны хэргийн харьяаллын маргаан биш боловч нэгэнт нэхэмжлэгч манай өмчлөлийн худаг мөн гэж маргасан, улмаар шүүх энэ маргаантай холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгчээс шаардан гаргуулж эхэлсэн тул гуравдагч этгээдийн зүгээс тухайн хаягдмал худаг “С” ХХК-ийн өмчлөлийн худаг биш болох талаар болон шүүхээс нотлох баримтаар үнэлсэн “С” ХХК-нд олгосон гүний худгийн ************** дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г Ц.Г-ын газар дээр байрлаж буй хаягдмал худагт олгосон гэрчилгээ биш, харин нэхэмжлэгч нь Дэлхийн энх тайвны төлөөх Монголын залуучуудын холбоо /ДЭТТМЗХ/ гэх ТББ-аас хүүхдийн зуслангийн бусад үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад цуг худалдан авч өмчлөлдөө шилжүүлсэн 3.6 м2 талбайтай модон рамтай /өнөөдөр ч ажиллагаатай бөгөөд газар дээрээ байрлан байгаа/ худагт олгосон гэрчилгээ болох талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч маргасан. Үүнд:

• Шүүхээс нотлох баримтаар үнэлсэн худгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг 3.6 м2 гэж бүртгэж олгосон, “С” ХХК-ийн өмчлөлийн модон рамтай гүний худаг /маргаж буй худаг биш, ажиллагаатай өөр худаг/-ийн талбай газар дээрээ 3.6 м2 байгаа, харин маргаж буй худгийн талбайн хэмжээ 15м2 байгаа болохыг шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоосон.

• Хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2006 онд 3.6 м2 талбай бүхий худгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргахдаа өөр худгийн /өнөөдөр маргаж буй худгийн/ фото болон план зураг хавсаргаж өгсөн байх тул “С” ХХК нь хуульд заасан үнэн зөв баримт бүрдүүлж үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх хүсэлт гаргах үүргээ биелүүлээгүй болохыг дурдсан нь гэрчилгээг олгосон байгууллага өөрөө тухайн гэрчилгээ нь нь маргаж буй худагт олгосон гэрчилгээ биш гэдгийг нотолсон байдаг. /шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа/

• Шүүх хуралдааны асуулт хариултын шатанд “3.6 м2 талбайтай, модон рамтай, өнөөдөр ажиллаж байгаа худаг хэний өмчлөлийн худаг вэ? Танай компанийн өмч мөн бол хэрхэн өмчлөлдөө шилжүүлэн авсан бэ?” гэсэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр “маргаж буй газар дээр 2 гүний худаг байгаа. Маргаж буй худгийн талаар биш, манай өмчлөлийн маргаангүй худгийн талаар асууж байна. Энэ худаг нь бусад үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад цуг дагалдаж ирсэн” гэж хариулсан байдаг.

“С” ХХК нь “маргаж буй газар дээр байрлах манай компанийн үл хөдлөх хөрөнгүүдийн жагсаалт” гэж ДЭТТМЗХ ба Төв аймгийн Засаг даргын тамгын газрын хооронд байгуулсан “хөрөнгө худалдаж, худалдан авах гэрээ” гэсэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд энэ гэрээний хавсралт худалдсан хөрөнгийн жагсаалтын 21-д “модон рамтай, 3.6 м2 талбайтай гүний худаг 1ш” гэсэн байдаг, өөр худаг байхгүй. Дээрх худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралтыг 2006 онд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтэд хавсарган гэрчилгээнүүд гаргуулан авсан байдаг нь “С” ХХК-ийн өмчлөлд 1 ш гүний худаг байдаг, тухайн худагт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан, энэ гэрчилгээ нь ДЭТТМЗХ ТББ-аас худалдан авсан буюу өнөөдөр маргаж буй худгаас өөр худгийн гэрчилгээ болохыг нотолдог.

• “С” ХХК нь маргаж буй худагт худгийн паспорт олгохыг хүссэн хүсэлт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 026 тоот албан бичгээр гаргаж байсан боловч тухайн байгууллагын мэдээллийн санд ороогүй, Хараа - Ерөө голын сав газрын захиргаанаас хийсэн уст цэгийн тооллогод бүртгэгдээгүй, иймд тус 2 худгийг “С” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй нотлох баримт гаргах боломжгүй тухай Төв аймгийн Байгаль орчны газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 07/408 тоот албан бичиг,

• Иргэн Ц.Г-ын өмчлөлийн газар дээр иргэн, аж ахуйн нэгжийн ямар нэгэн газар, объект давхцалгүй байгаа тухай ГЗБГЗЗГ-ын 2019 оны 03-р сарын 01- ний өдрийн 2/359 тоот албан бичиг,

• Их уудам ХХК нь 2010 онд “С” ХХК-ийн захиалгаар худаг гаргах, засварлах ажил хийгээгүй болох тухай “И у” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09/2019 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримт, тайлбарыг гуравдагч этгээдүүдийн талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасанд хамаарах “нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх эрх нь хөндөгдсөн” гэх үндэслэлийг нэгэнт хянасан хэрнээ гуравдагч этгээдүүдээс гаргасан маргаж буй худаг “С” ХХК-ийн өмчлөлийн худаг биш болох талаарх нотлох баримтуудыг үнэлээгүй, харин “2006 онд ДЭТТМЗХ ТББ- аас худалдан авсан худаг мөн байна, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна, хүсэлт гаргахдаа хавсарган өгсөн фото зураг Ц.Г-ын газар дээрх худгийн зураг мөн байна” гэсэн утгатай дүгнэлт хийж тухайн худаг нь “С” ХХК- ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө мөн гэж тогтоогоод өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэх эрх нь зөрчигдсөн байна гэж дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “С” ХХК өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох гүний худгийн өмчлөлийг хэрэгжүүлэх эрхтэй байхаар... асуудлыг газар дээр нь зохион байгуулж ... шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, 4 дэх заалтаар “Засаг даргын 2016 оны А/896 дугаар захирамжийн Ц.Г-д холбогдох хэсэг, ...газар өмчлөх эрхийн гэрчилгээг ... тус тус түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалттай нийцэхгүй, гуравдагч этгээд Ц.Г-ын газар өмчлөх эрх, цаашлаад худгийн хамгаалалтын бүстэй холбоотойгоор бусад гуравдагч этгээдүүдийн газар өмчлөхтэй холбоотой эрхийн байдлыг дордуулж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан үндэслэлээр Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 0005 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг гүйцэт цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн 100 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны А/167 дугаар захирамжийн иргэдэд өмчлүүлсэн 1.4 га газарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Харин дээрх шийдвэрээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн “100 га газар эзэмших эрхийг Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай зэрэг байгаль орчны хууль тогтоомжид нийцүүлэн тус компанийн эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн баталгаажуулж, газрыг актаар хүлээлгэн өгөх, олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлээгүй, ийнхүү шийдвэрлүүлэх боломжтой” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 дугаар захирамжуудаар иргэдэд 3.2 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн 95.4 га газрын газар эзэмших эрхийг сэргээхдээ “С” ХХК-ийн 100 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын захирамжаас шүүхийн шийдвэрээр 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосны зөрүү болох 3.2 га газар нь маргаан бүхий дээрх захирамжуудаар иргэдэд өмчлүүлсэн гэх үндэслэлийг нэхэмжлэлд дурджээ.

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5-д зааснаар иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхдээ 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” гэсэн шаардлагыг тус тус хуульчилжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээд нарт газар өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн дагуу эзэмшсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын 1) төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсаны дагуу өмчлүүлэх шийдвэр гаргасан эсэх, эсхүл гуравдагч этгээд нарын газар өмчилж авах хүсэлт гаргасан газар нь тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд 2) бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа гэх нөхцөлийг хариуцагч хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй байх тул дээрх үндэслэлүүдийг нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Учир нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр шийдвэрээс үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийн 98.6 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосноос бус 98.6 га газар эзэмших эрхийг сэргээсэн гэж үзэх эсэх, мөн уг шийдвэрээр нэхэмжлэгчийн “... газрыг актаар хүлээлгэн өгөх, олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэхийг сумын Засаг даргад даалгах” шаардлагыг захиргааны журмаар урьдчилан Төв аймгийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдээс ямар хэмжээтэй газрыг аль байршилд эзэмших, хэмжээ заагийг тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгүүлэх талаар захиргааны байгууллагад хандаж байсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл,  нэхэмжлэгчийн “ ... маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосноор өмнөх эрх нь сэргэхдээ 100 га биш 98.6 га газраар эзэмших эрх нь үүссэн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс ““С” ХХК-ийн газрын 98.6 га газар эзэмших эрх сэргэсэн /шүүхийн шийдвэрийн дагуу/ ... 2016 оны захирамжаар маргаан бүхий 7 иргэнд газар олгохдоо 98.6 га газарт холбогдох хэсэгт олгосон. Эдгээр нь манай газартай давхцалтай” гэх үндэслэлээр маргасан байх тул шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноос хойш гуравдагч этгээд нарт газар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дээрх шаардлагыг хангаж байгаа эсэхийг хариуцагч хэрхэн тогтоосон талаар холбогдох баримтыг авах нь зүйтэй.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх нөхцөлийг тогтоолгүйгээр “нэхэмжлэгч этгээдийн эзэмших эрх бүхий газарт давхцуулан гуравдагч этгээд нарт өмчлүүлсэн гэсэн нь баримтаар тогтоогдохгүй байна ... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасанд тус тус нийцэж гаргасан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

2. Гуравдагч этгээд Ц.Г-ын өмчлөлийн газарт байршилтай гэх 3.6 м.кв гүний худгийг “1983 онд ашиглалтад орсон бетонон суурь, тоосгон хана бүхий гүний худаг гэж тодорхойлогдсон гүний худгийг гэрэл зургийн хамт гаргаж өгч байсан нь нотлогдож байх бөгөөд энэхүү гэрэл нь зураг нь ... үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан худгийн зураг мөн байх тул ... нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө биш гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан худаг нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэхийг нотлох бусад баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь гуравдагч этгээдээс “... худгийн паспорт нь зөрчилтэй ... худгийн гэрчилгээ нь гуравдагч этгээдийн газар дээр байрлаж байгаа тэр худаг биш ... 2 худаг байгаа” гэх үндэслэлээр маргасан байхад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, тус гэрчилгээнд заагдсан худаг нь гуравдагч этгээд Ц.Гэлэгжамцын өмчлөлийн газар дээрх худаг мөн болох нь, эсхүл гуравдагч этгээдийн маргаж байгаачлан өөр худгийн гэрчилгээ биш болох нь хэрхэн нотлогдож байгаа талаар нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Иймд хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг тодруулж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 123/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ