| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/00124/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
хохирогчийy хууль ёсны төлөөлөгч Б.Чимгээ,
шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Х-ын Б-д холбогдох эрүүгийн 181013690684 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ...........-нд Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ..... хороо, Ирээдүй хотхоны ...... тоотод оршин суух, урьд 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2 жилээр тэнсэн харгалзсан, Я овогт Х-ын Б /РД:....................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ирээдүй хотхоны 103-43 тоотод хамтран амьдрагч Б.А-тай хамт архи ууж байхдаа маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ирээдүй хотхоны 103-43 тоотод хамтран амьдрагч Б.А-тай хамт архи ууж байхдаа “чи муу хулгайч, архичин гэж хэлэн намайг 3-4 удаа цохьсон” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа алгадаж, нэг удаа гараараа цохьсон болох нь:
1. Шүүгдэгч Х.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бид хоёр гэртээ архи уусан. Тэгээд гараад 2 шил архи авсан. Ингэж явж байхдаа Нэргүй, Ичиндолгор нартай уулзаж 1 шил архийг нь хувааж уусан. Тэгээд гэр рүүгээ ороод зурагтаа барьж гараад дэлгүүрт тавьж дахиад 5 шил архи авсан. Манай хүн архиа талыг нь уучихаад доошоо хараад суусан байсан. Тэгэхээр нь би газраар ор засаад унт гэж хэлсэн. Тэгээд татсан чинь яах гээд байгаа юм бэ гээд намайг 2-3 удаа цохихоор нь би жаахан архи уучихсан байсан болохоор 1 алгадаад 1 цохиод бугуйнаас нь чирсэн. Архи асуухаар нь байхгүй гэж хэлээд босож ирэх гээд байхаар нь дарсан. Тэгээд би үлдсэн архиа уугаад гарж нэг тамхи татчихаад орж ирэхэд унтчихсан байхаар нь хажуугаар нь ороод унтсан. Тэгээд өглөө зурагт тавьсан газраа очоод зурагтыг бүр мөсөн ав гээд нэмж 2 шил архи авж уусан. Тухайн үед архи гараагүй байсан. Талийгаачийн дотор муу байгаа байх гэж бодоод архинаасаа нэг хийж өгөх гээд хөнжлийг нь сөхөхөд биеэр нь битүү юм туурчихсан байсан. Тэгээд амьсгалахгүй байх шиг болохоор нь гараад Ичиндолгор эгчид хэлсэн. Тэгэхэд Ичиндолгор эгч манай хүнийг өнгөрчихсөн байна гэхээр нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би гомдолтой байна. Х.Б талийгаачийн оршуулганд оролцоогүй. Өөрийн байраа түрээсийн байр гээд цоожлоод алга болсон. Ах, дүү нар руу нь утсаар ярьж байж 1 сая төгрөг авсан. Бид дүүгээ хувиасаа мөнгө гаргаж байж чандарласан. Хохирлын мөнгөө хаанаас яаж очиж авахаа мэдэхгүй байсан. Их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Гэрч А.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 9 цагийн орчим би нөхөр Аюушийн хамт гол дээр хувцаснуудаа угаагаад байж байхад миний таньдаг Буш /хоч нь/ ирээд авгай сонин болчихлоо та очоод үзээдхээч гэж хэлсэн...намайг харахад талийгаачийн уруул цус гарсан байсан ба Б надад шүдээрээ уруулаа хазсан гэж хэлж байсан. Тэгээд би Б аас юу болсон талаар асуухад надад өдөржингөө архи уусан гэснээс өөр зүйл хэлээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
4. Гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Ер нь хувийн байдал нь байнга архи уудаг, хүмүүс их цуглардаг, эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо зодолдож байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/
5. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б манайд 2 шил архи барьчихсан эхнэрээ дагуулаад ирсэн. Бид нар архийг хувааж уусан. Б нилээн согтоод эхнэрээ дагуулаад явсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б ирээд манай эхнэрийн бие нь өвдөөд байна гээд Ичинноровыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/
6. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “Талийгаачийн зүүн хацар, зүүн нүд, зүүн нүдний хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Ариунзулын биед учирсан гэмтлүүд нь өөр өөр цаг хугацаанд үүссэн, эдгээр гэмтлүүд нь бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78/
7. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №1203 тоот шинжээчийн дүгнэлт:
- Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр толгойн хуйханд цус хуралт, цээжний зөөлөн эдийн цус хуралт, дух, баруун зүүн, хацар, зүүн хөмсөг, уруул, баруун гарын ядам хуруу, зүүн тохой, цээж, баруун ташаа, баруун өвдөгт зулгаралт, зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, баруун зүүн мөр, зүүн эгэм, зүүн бугалга, зүүн шуу, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой бөгөөд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Үхэлд хүргэхгүй.
-Талийгаач нь биологийн шинжилгээгээр О1-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 4.2 промилли спиртийн зүйл илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 3.8 промилли спиртийн зүйл илэрч байна.
-Талийгаач спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ.
-Талийгаачийн цогцост 2018.05.29-ний 18:00 цагт үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 18-20 цаг болсон байх боломжтой байна /хх-47-48/
8. Шүүгдэгч Х.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би түүнийг сэрээх гэтэл уурлаад байсан. Тэгэхээр нь би араас нь тэврээд босгох гэтэл урагшаа нүүрээрээ унасан. Тэгээд босож ирэхгүй байхаар нь би ор луу оруулах гээд татаад босгоход гэнэт нүүр рүү нулимаад чи муу архичин хулгайч пязда яах гээд байгаа юм зайлаач зүгээр бай гээд цохих гээд дайраад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь урьд 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2 жилээр тэнсэн харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84, 90/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал хуульчлагдаагүй тул Х.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №1203 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Х.Б нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ирээдүй хотхоны 103-43 тоотод хамтран амьдрагч Б.А-тай хамт архи ууж байхдаа “чи муу хулгайч, архичин гэж хэлэн намайг 3-4 удаа цохьсон” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа алгадаж, нэг удаа гараараа цохиж түүний биед нь хөнгөн хохирол толгойн хуйханд цус хуралт, цээжний зөөлөн эдийн цус хуралт, дух, баруун зүүн, хацар, зүүн хөмсөг, уруул, баруун гарын ядам хуруу, зүүн тохой, цээж, баруун ташаа, баруун өвдөгт зулгаралт, зүүн хацар, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, баруун зүүн мөр, зүүн эгэм, зүүн бугалга, зүүн шуу, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Ариунзул нь шүүгдэгч Х.Б тай 1998 оноос хамтран амьдарсан, хүүхэдгүй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ирээдүй хотхоны 103-43 тоотод хамтран амьдарч байсан, мөн шүүгдэгч Х.Б ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон гэрч Б.Эрдэнэцогт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээс шүүгдэгч Х.Б нь хохирогч Б.А-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Х.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “....Би гомдолтой байна. Хохиролд 1.000.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /....40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б ы урьдчилан цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн хасч 624 /зургаан зуун хорин дөрвөн/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Х.Б ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Х.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Х-ын Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я овогт Х-ын Б ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б ы урьдчилан цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн хасч 624 /зургаан зуун хорин дөрвөн/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4. Х.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Х.Б д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР