| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0156/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Б-ийн О-д холбогдох эрүүгийн 1910002530125 дугаартай, 187/2019/0156/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны ..... дугаар сарын .......-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн О /РД:................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центер”-ийн 3 давхарын автомашины зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Л-ийн нүүрэн тус газар цохиж зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центер”-ийн 3 давхрын автомашины зогсоол дээр С.Л-г Б гараа атган хоёр удаа зүүн нүд орчимд цохьсон болох нь:
1. Шүүгдэгч Б.О гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай манай ажил хийж байсан ажилчид дээр ирээд Туяа руу очоод бүгдийг чинь ална гэж хэлэхээр нь Туяа чи миний 4 хүүхдийг тэжээж чадах юм бол алаарай, над шиг эхтэй байсан байгаа биз гэхэд О би эхгүй өссөн гэж хэлээд барьцалдаж авахаар нь би уурлаж адилхан заамдаж авахад О Б гараараа миний зүүн нүд рүү Б гараа атгаж байгаад нэг удаа цохиход Эрдэнэтуяа, Отгонцэцэг хоёр салаад холдуулахад Отгонбаяр миний араас 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би чи яасан гэж намайг зодож байгаа юм бэ гэсэн чинь Отгонбаяр хохи чинь яахаараа миний дүүд гар хүрдэг юм гэж хэлээд яваад өгөхөөр нь би хувцсаа солиод гэр лүүгээ харьж явсан чинь Одонтунгалаг ажил дээр хүрээд ир гэж дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8/
3. Гэрч Н.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....О над руу дайраад байхаар нь би цааш яваад өгсөн. Ингээд хувцас сольдог өрөөндөө хувцсаа сольж байхад манай ажлын газрын Лхагвасүрэн орж ирэхэд нь харахад нэг нүд нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/
4. Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай ажлаас хүн залгаад үйлчлэгч нар зодолдоод байна гэж хэлэхэд би гэрээсээ гарч 19 цаг болж байхад очоод өрөөндөө ороод О , Отгонбаяр хоёрыг дуудаж уулзахад О гийн асуудлыг шийдэх гэж ирлээ гэж хэлсэн. Би зодоон цохионыг нүдээр үзээгүй, харин бичлэг үзэхэд эхлээд О цохиж, дараа нь Отгонбаяр цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/
5. Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Туяа эгч салаад явсан тэрний дараа Лхагвасүрэн ах хүрч ирэхэд О Лхагваа ах руу дайрч эхэлсэн тэгээд удалгүй барьцалдаж авсан. Би Отгонцэцэгийн хамт салгахыг оролдсон. Би яг голд нь салгаж байсан болохоор хэдэн удаа яаж цохисныг мэдэхгүй байгаа ч ямар ч байсан Лхагваа ахыг цохьсон салгасны дараа Лхагваа ахын нүд хөхөрсөн байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/
6. Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Туяа эгчтэй маргалдаад байхад Лхагвасүрэн ах очиж салгаж байсан. Тэгтэл над руу ирээд дайрч байснаа заамдаж авахад Лхагвасүрэн ирээд салгасан чинь Лхагвасүрэн ахтай найз нь уулзъя гэж хэлээд аваад цаашаа авч явснаа хоёр тийшээ болоод салаад явсан. Намайг байхад зодоон цохион болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/
7. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батхишигтэй зууралдаад зогсож байхад Лхагвасүрэн ах очиж салгасан чинь барьцалдаад авсан. Тэгэхээр нь би очиж салгах гэж оролдсон боловч би хүч хүрэхгүй байсан. Ингээд зууралдаж байснаа дүү О шууд нүүр лүү нь 2-3 удаа цохиж байсан. Тэгэхэд Лхагвасүрэн ах дуугүй тонгойж байгаад зууралдахад би очиж салгах үйлдэл хийсэн боловч дийлдэхгүй байхаар нь би нилээд татаж чангааж, сүүлдээ Эрдэнэтуяа бид нар нийлж байгаад салгаад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/
8. Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Лхагвасүрэн нудрах шиг болоход О цохих шиг болсон. Тэр үед намайг хойноос хүн толгой доош дараад дээш болоход О цохиж байхад О г Эрдэнэтуяа араас нь бариад авч салгахад би О г дагуулаад явсан. О архи уусан байсан. Харин Лхагвасүрэн ах архи уугаагүй байсан. О гараараа нүүр хэсэг рүү нь цохиж байсан. Яг хэдэн удаа гэдгийг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/
9. Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Настайвтар ах нударч гараа салгаж холдуулахад О гараа атгаж байгаад нүүрний зүүн хэсэг рүү нь гараараа цохиж байхад нөгөө гурав салгаж холдуулахад О г дагуулж Наадам центрийн гадаа гарч би явсан. О эгчтэйгээ ярьснаас хойш уурлаж манай эгчийг эвгүй байдалд намайг доромжилсон байна гэж хэлээд очиж уулзахаар явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/
10. Б.О гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Лхагвасүрэн ахыг заамдаж авахад намайг бас заамдаж намайг түлхэхэд би Б гараа атгаж хоёр удаа зүүн нүд хавьцаа цохиход хүмүүс намайг салгаж Наадам центрийн гадагш гаргасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/
11. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1335/-ний дүгнэлт:
-С.Л-ийн биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 39/
12. Шүүгдэгч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Лхагваа ах салгаад над руу уурласан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор Лхагвасүрэн ахыг заамдаж авахад намайг бас заамдаж түлхэхэд би Б гараа атгаж хоёр удаа зүүн нүд хавьцаа цохиход хүмүүс намайг салгаж Наадам центрээс гадагш гаргасан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1335/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.О нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центер”-ийн 3 давхрын автомашины зогсоол дээр С.Лхагвасүрэнтэй би эхгүй өссөн гэж хэлэн барьцалдаж Б гараа атган хоёр удаа зүүн нүд орчимд цохиж, түүний биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О гийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хохирогч С.Л-ийн хүсэлт /хх-ийн 82/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-ийн О г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.О-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР