Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00082

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 05 өдөр Дуга210/МА2024/00082

 

 

Д.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03352 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Х-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: П ХХК-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт 190,999,366 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ашхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 190,999,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

П ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн 3 гудамж, Шинэ дэлхий төвийн 2-р давхрын 600 м.кв талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан.

1.2. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн бөгөөд уг тооцоогоор П ХХК-ийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг 190,999,366 төгрөг болсон.

Хариуцагч 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдлийг хуваарь гарган төлөх тухай хүсэлт, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн төлбөрийн өрийг хамтран ажиллагч байгууллагаас бартерын гэрээгээр 2 ширхэг орон сууц тооцож өгөх зэрэг хүсэлтийг тус тус гаргаж байсан боловч уг асуудал шийдэгдэх боломжгүй болсон.

1.3. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин шаардлага хүргүүлсэн ба 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14/22 дугаартай албан бичгээр ирүүлсэн шаардлагын хариундаа ... бид өмнөх хувьцаа эзэмшигч Б.Хосбаяртай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өр төлбөрийг худалдагч тал бүрэн хариуцахаар тохирсон. Өр төлбөрийн жагсаалтыг хавсралтаар гарган баталгаажуулсан болно.

... Манай компанийн зүгээс өр төлбөрийг барагдуулах эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байгаа ... гэжээ.

Манай зүгээс өмнөх хувьцаа эзэмшигчээс авлагагүй, харин П ХХК-аас авлагатай. Иргэн Д.Хгийн хувьд хувьцаа худалдсан, худалдан авсан асуудлыг мэдэхгүй, оролцоогүй.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар тус хуулийн этгээд нь өөрийн нэрээр бидэнтэй иргэний эрх зүйн харилцаанд орсон, мөн шинэ удирдлага, бүтэц зохион байгуулалттай болсон нь өөрийн нэрээр бусдын өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

1.4. Талууд хамгийн сүүлд 2020.09.01-ний өдөр 20/09/01 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт бичиг үйлдэж, хариуцагч уг өр төлбөрийг төлөх талаар хүлээн зөвшөөрсөн албан бичгүүд ирүүлж байсан нь Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 43 дугаар зүйлийн 43.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар үүссэн өр төлбөрийг төлөх, төлбөрийг хүлээн авах талаар шинэ гэрээ, хэлцэл хийгдсэн болохыг маш тодорхой илтгэнэ.

Нөгөө талаас түрээсийн гэрээний түрээслүүлэхтэй холбоотой харилцаа 2018 оны 08 сард дуусгавар болсон ба талуудын хооронд зөвхөн өр төлбөрийн харилцаа, шинэ гэрээ, хэлцлийн үүрэг үлдсэн.

Өр төлбөр гаргуулах энэхүү маргааныг шийдвэрлэхэд талуудын хооронд өмнө байгуулагдаж байсан түрээсийн гэрээ, нэхэмжлэгч өмчлөх, ашиглах эрхтэйг нотолсон баримтууд одоо ач холбогдолгүй, хамааралгүй юм.

Иймд П ХХК-аас 190,999,366 төгрөг гаргуулж иргэн Д.Хд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.Хосбаяр хувьцаа эзэмшигчтэй, 5347513 регистрийн дугаартай П ХХК-ийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Гэр интерьер дизайн ХХК, Анрид ХХК нар Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ" байгуулж 100 хувь худалдаж авсан. П ХХК-ийн хувьцааг худалдан авах үйл ажиллагаатай холбоотой, компаниас хүлээлгэн өгсөн, танилцуулсан баримт, мэдээлэлд холбогдох хуулийн хяналтыг хийсэн бөгөөд тухайн хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй, хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, түүнтэй холбоотой баримт, өр төлбөрийн маргаан байхгүй байсан.

 

2.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйл 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна., мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна гэж тус тус заасан.

Хэрэв Б.Хосбаяр нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ буюу дээр дурдсанаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн бол Иргэний хуулийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. гэсний дагуу холбогдох хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай.

Иймд иргэн Д. Хгийн Промедиа гетворк ХХК-аас түрээсийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас 190,999,366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,113,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,113,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Д.Хд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Д.Хгийн П ХХК-д холбогдуулан анх гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/07888 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь уг үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хавсаргаж өгөөгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Харин Д.Х 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/11374 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагадаа П ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн гудамж, Шинэ дэлхий төвийн 2-р давхрын 600 м.кв. талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч нэхэмжлэгч Д.Х болон П ХХК нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ авагдаагүй, түрээслүүлсэн гэх Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, түрээсийн байр нь Д.Хгийн эзэмшлийн, өмчлөлийн, эсвэл ашиглах эрх бүхий этгээд гэх баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/Ш32023/06162 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Хгаас, Д.Хгийн Сүхбаатар дүүрэг, 9-р хороо алтайн 3 дугаар гудамж, Шинэ дэлхий төвийн 600 м.кв талбайг түрээслэн бусдад эзэмшүүлэх эрхтэй эсэхийг нотлох баримт, тус объектын гэрчилгээ, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс дээрх захирамжийн дагуу баримтуудыг гаргаж өгөөгүй, гаргаж өгөх шаардлагагүй гэсэн тайлбарыг өгч, баримтуудыг өгөөгүй.

4.2. Шүүгчийн 181/ШЗ2023/06162 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нотлох баримтыг ирүүлээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03352 дугаартай шийдвэрийн

Үндэслэх хэсгийн 8-д: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т заасан хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар орно гэж үндэслэхдээ тухайн нөхцөлд тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг орхиж хуулийг буруу дутуу тайлбарлаж хэрэглэсэн.

Хариуцагчаас нэхэмжлэлийг үгүйсгэсэн гол шаардлага нь иргэн Б.Хосбаяраас П ХХК-ийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авахад худалдан авагчийн зүгээс санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт, хуулийн хяналтыг худалдагчаас гаргаж өгсөн баримтууд болон төрийн эрх бүхий байгуулагуудаас авсан тодорхойлолт, лавлагаанд үндэслэн хийж байсан. Тухайн шалгалтын хугацаанд болон өнөөдөр ч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа өр төлбөртэй холбоотой аливаа баримт байхгүй, нэхэмжлэгчийн дурдсан түрээсийн объект дурдагдсан гэрээ байхгүй, түрээсийн зүйл гэх нийт 1,200 м.кв талбайтай обьектын өмчлөгч, эзэмшигч хэн гэдэг нь нотлогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд мөн гэдэг нь тогтоогдоогүй;

Үндэслэх хэсгийн 4-т: тооцоо нийлсэн акт үйлдсэн болох нь баримтаар тогтоогдож байна гэх ч Д.Хд төлөх түрээсийн төлбөрт гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, тогтоогдохгүй, нэхэмжлэгч тал 181/ШЗ2023/06162 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлээгүй;

Үндэслэх хэсгийн 5 болон 6-д: Хариурагч П ХХК нэхэмжлэгч нарын хооронд нэхэмжлэлд дурдсан аливаа түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь баримтаар нотлогдоогүй, түрээсийн гэрээ байгуулсан талаар баримт байхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д: Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд ... тодорхой хөрөнгө шилжүүлэх,... гэх ч түрээслүүлэгч нь нэхэмжлэгч Д.Х гэснийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй, 181/ШЗ2023/06162 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хууль зүйн илт алдаатай үндэслэлээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03352 дугаартай шийдвэртэй иргэний хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Талуудын хооронд 191,000,000 орчим төгрөгийн өглөг, авлагатай байна гэдгийг баталгаажуулсан, тооцоо нийлсэн актад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Тиймээс хариуцагч талын ярьж буй түрээсийн гэрээ цуцлагдсан хүн байсан, хэдэн м.кв, хэний өмчлөлд байгаа эсэх нь хэрэгт ач холбогдол, хамааралгүй ба тооцоо нийлсэн актаас өмнө болж өнгөрсөн үйл явдал ба бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бичгэн баримтаар өгсөн байгаа. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, нотлох баримтгүй буруу шийдсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 190,999,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Д.Хд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 35 дугаартай албан бичгээр ...Манай компани 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Шинэ дэлхий төвийн 2 дугаар давхрын 600 м.кв оффисын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ., ...цаашид байрыг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй болсон тул түрээсийн гэрээгээ цуцлах хүсэлтэй байна. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон бид байраа чөлөөлж өгөх болно гэж дурдсан үйл баримтаас дүгнэхэд Д.Х нь П ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Шинэ дэлхий төвийн 2 давхарт байрлах, 600 м.кв оффисын байрыг эзэмшүүлж, ашиглуулж байсан болохыг нотолж байна.

 

4. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20/09/01 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, уг хэлцэлд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцооны үлдэгдэл төлбөр 174,500,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, нийт 190,999,366 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэж өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгож тооцоо нийлжээ.

 

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь мөн хуулийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулна.

Хэрэгт талуудын хэн аль нь түрээсийн гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаагүй, шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас шаардсан боловч байхгүй гэж тайлбарласан ба талууд нэгэнт өмнөх гэрээний харилцааг дүгнэж, тооцоо нийлж үүрэг үүсгэсэн хэлцэл үйлдсэн тул уг гэрээ нь нотолгооны ач холбогдолгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь ... түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгосон. Одоо тооцоо нийлсэн актыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэх агуулгатай тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор тогтмол түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бус иргэн байх тул талуудын хооронд байнгын шинжтэй ажил хэргийн харилцаатай гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд тооцоо нийлсэн хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлээгүй гэрээ гэж үзэх тул нэхэжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцлээр шаардах эрх үүснэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримталсан хариуцагч П ХХК-аас 190,999,366 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгосон өөрчлөлт оруулна.

 

5. Хариуцагч байгууллагаас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2023/06162 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Д.Хгаас түрээсийн гэрээ болон Шинэ дэлхий төвийн 2 дугаар давхрын 600 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр захирамжид дурдсан баримт болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ... олдохгүй байна. гэх агуулгатай тайлбарыг гаргасан ба шүүх байхгүй нотлох баримтыг гаргуулах боломжгүй, мөн талуудын хэн аль нь өөр байгууллагаас гаргуулах талаар үндэслэл бүхий хүсэлт гаргаагүй тул захирамжийн биелэлт хангагдаагүй талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

5.2. Нэхэмжэгч нь тооцоо нийлсэн хэлцлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, түрээсийн гэрээ байхгүй талаар тайлбар гаргасан байхад түрээсийн гэрээ нотлох баримтаар аваагүй талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцэж байна. Энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03352 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 318 дугаар зүйлийн 318.1 ... гэснийг ... 186 дугаар зүйлийн 186.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,118,512 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР