Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Н.Уранбайгаль,   

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт Б-ийн  Б-д  холбогдох эрүүгийн 1803009670022 дугаартай, 187/2019/0158/Э индекстэй хэргийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын .......-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А  овогт Б-ийн  Б  /РД:................/ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинатын замд Toyota Cresta маркийн 93-38 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас О.Г-ийн жолоодож явсан Daewoo BS-106 маркийн 03-29 УБЧ улсын дугаартай автобусыг мөргөж, уг ослын улмаас Toyota Cresta маркийн 93-38 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч П.Отгонцэнгэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Нийслэлийн Зорчигч тээвэр нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Daewoo BS-106 маркийн 03-29 УБЧ улсын дугаартай автобусны эвдрэл хохиролд нийт 540.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

   

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинатын замд Toyota Cresta маркийн 93-38 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 11.14-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас О.Г-ийн жолоодож явсан Daewoo BS-106 маркийн 03-29 УБЧ улсын дугаартай автобусыг мөргөж, уг ослын улмаас Toyota Cresta маркийн 93-38 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч П.Отгонцэнгэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Нийслэлийн Зорчигч тээвэр нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Daewoo BS-106 маркийн 03-29 УБЧ улсын дугаартай автобусны эвдрэл хохиролд нийт 540.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Б.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Хэрэг болсон гэх газар нь ХУД-ийн 13 дугаар хороо, Био комбинатаас шувуун фабрик явдаг замд...ослын газарт очиход 03-29 УВЧ улсын дугаартай автобус зүүн баруунаас чигтэй, 93-38 УНЗ машин баруунаас зүүн чигтэй автобусны араас мөргөсөн байдалтайгаар зогсож байлаа.../хх-ийн 4-5/   

            3. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал: Daewoo BS106 маркийн 03-29 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл-хойд буфер, хойд 2 булан, радиатар бүгд чихэгдсэн /хх-ийн 8/

             4. Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/

            5. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн техникийн комиссын акт: хохирлын үнэлгээ-540.200 төгрөг  /хх-ийн 34/   

            6. Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13/

             7. Жолооч Б.Б ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /драйгер багаж ашиглан шалгахад 2.87%/ /хх-14/

             8. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн техникийн комиссын акт /хохирлын үнэлгээ-540.200 төгрөг/ /хх-34/  

             9. Хохирогч П.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой гэртээ ганцаараа нэг шил архи уугаад унтсан юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө босоод үлдсэн жаахан архиа уугаад байж байтал гаднаас миний танил хуурай дүү Б  орж ирээд манай үхэр хэд хоног ирсэнгүй дурангаа барьчихсан орж ирээд миний машиныг та машинаа өгөөч гэж гуйсан юм. Би Б-д  миний машиныг авахыг зөвшөөрсөн. Бид хоёр Б ын үхрийг хайхаар Шувуун Фабрикийн Бөхөгийн голоор хайгаад олоогүй. Тэгээд явж байтал замдаа мал хайж байсан 3 залуутай тааралдсан. Уг хүмүүс дэлгүүр яваад өгөөч гэж бид хоёроос гуйхаар нь 2 залууг нь машиндаа суулгаад шувуун фабрикийн хүнсний дэлгүүр орж жаахан хүнсний юм аваад мөн нэг шил архи авсан, нэг залуу нь моридоо хараад үлдсэн учир 2 залууг нь буцаж хүргэж өгсөн юм. Тэгтэл нөгөө 3 залуу 1 шил архиа задалсан би тэр архинаас нь цаасан аягаар 2 удаа уугаад урьд шөнө архи уусан байсан учир би унтсан байсан. Б  нөгөө гурван залуугийн задалсан архинаас уусан. Өглөө Б  манайд орж ирэхэд эрүүл байсан учир машинаа өгсөн. Энэ ослын улмаас миний баруун 2, 4 дүгээр хавирга хугарсан байгаа. Энэ машиныг би 2018 оны 6 дугаар сард байх зарын дагуу Т.Анхбаяр гэдэг залуугаас 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед нэрээ шилжүүлж амжаагүй юм. Тухайн үед уг машины жолоочийн эзэмшигчтэй худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байсан. Автомашинд жаахан засвар хийх байсан. Би засвар хийчихээд дараа нь холбогдож байгаад нэрээ шилжүүлье гээд тохирсон юм. Одоо энэ хүнээ олохгүй байна, гэрийн хаягаар нь хаягандаа байхгүй, зарчихаад нүүсэн байсан. Хуурай дүү Б  бид хоёр хоорондоо тохиролцоод Т.Чейзер маркийн 97-94 УБЗ дугаарын автомашиныг өөрийнхөө автомашины оронд шууд сольж авсан. Б  миний машиныг оронд нь авсан юм. Мөн надад эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Миний зүгээс гомдол санал байхгүй. Миний бие зүгээр ажлаа хийж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/   

            10. Гэрч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн Эрэл компанийн урд буудлаас ээлж аваад Daewoo BS106 маркийн 03-29 УБЧ дугаарын автобусыг жолоодон Туул тосгоноос Улаанбаатар хотын чиглэлд Биокомбинатын чиглэлд явж байтал хурд сааруулагч дээр хурдаа хасаж давж байтал араас цагаан өнгийн Т.Креста маркийн 93-38 УНЗ дугаарын автомашин ирж мөргөсөн. Би 8 зорчигчтой явсан. Зорчигч нараас болон миний биед учирсан гэмтэл байхгүй. Осол болоод буугаад иртэл Т.Креста маркийн 93-38 УНЗ дугаарын автомашины жолоон дээр Б.Б сууж байсан, хөгшин хүн нь хажуугийн сандал дээр сууж явсан. Миний автобусны зүүн хойд хэсэг бүхэлдээ эвдэрсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/

            11. Иргэний нэхэмжлэгч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Манай байгууллага нь дотроо техникийн комисс томилоод ямар нэгэн автобуснууд зам тээврийн осолд болон зөрчилд холбогдсон тохиолдолд комисс гарч ажиллаад акт үйлдээд үнэлгээг тогтоож баазын даргаар батлуулдаг. Daewoo BS106 маркийн 03-29 УБЧ дугаартай автобусанд албан ёсны үнэлгээнд оруулаагүй юм. Манай байгууллагад учирсан хохирлыг холбогдогч жолооч Б.Б 540.200 төгрөгийг төлж барагдуулсан. Учирсан хохирлыг төлж барагдуулсан тул манай байгууллагаас санал, хүсэлт байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/  

            12. Гэрч Т.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би энэ машиныг 2018 оны 6 дугаар сард Отгонцэнгэл гэдэг хүнд худалдсан юм. Надаас худалдаж авсан хүн машин чинь жаахан засвартай юм байна. Засвараа хийлгэж дуусчихаад дахиж уулзаж нэрээ шилжүүлнэ гэж хэлээд л явсан. Дахиж надтай холбогдоогүй. Би гар утасны дугаарыг нь мартчихсан. Тэгээд нэрээ шилжүүлж чадахгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/

          13. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13874 дугаартай шинжээчийн дүгнэлт:

          -П.Отгонцэнгэлийн биед баруун 2,4-р хавирганы хугарал, баруун сарвуун ар хэсэг, эрүүний баруун булан, баруун өвдөгт зулгаралт тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

          -Шүүх эмнэлгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 47/  

            14. Техникийн шинжээчийн 864 дугаартай дүгнэлт:

            -Тоyota cresta маркийн 93-38 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Баярмаа овогтой Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтыг мөн дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            -Dewoo BS106 маркийн 03-29 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Одгэрэл овогтой Гарьдмагнай нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            -Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 49-50/

            15. Шүүгдэгч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө танил Отгонцэнгэл ахын гэрт нь очоод өөрийн үхрээ алдчихаад Отгонцэнгэл ахыг машинтай нь хамт хайхаар би машиныг нь гуйсан. Отгонцэнгэл би өгчигдөр жаахан юм уучихсан гээд согтуу байсан. Би машиныг нь аваад Отгонцэнгэл ахтай хамт үхрээ хайхаар хамт явсан юм. Тэгээд өдөр 13 цагийн орчимд байх шувуун фабрикийн Бөхөгийн гол гэдэг газарт танихгүй мөн эрэлд явж байсан 3 залуутай тааралдсан юм. 2 залуу нь дэлгүүр яваад өгөөч хүнсний юм авах гэсэн гэхээр нь Отгонцэнгэл ах бид 2, 2 залуутай хамт шувуун фабрикийн төвийн дэлгүүр ороод хүнсний юм аваад эргээд Бөхөгийн гол гэдэг газар луу эргээд хүргэж өгсөн юм. Тэгтэл уг залуучууд нэг 0.75 гр архи гаргасан бид хамт уусан. Отгонцэнгэл ах тэр архинаас  2 татаад унтаад өгсөн. Би нөгөө архинаас хувааж уугаад би машинаа бариад харих гээд явж байхдаа Биокомбинатын Таван толгойн гүүрний урд талын зам дээр Даево бас 540 маркийн 03-29 УБЧ дугаарын автобусны араас нь мөргөсөн байсан. Би автобусны учирсан хохиролд 540.200 төгрөгийг бэлэн төлсөн байгаа. Отгонцэнгэлийн ахын эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг бэлэн өгсөн. Отгонцэнгэл ах бид хоёр хоорондоо тохиролцоод Т.Креста маркийн 93-38 УНЗ улсын дугаарын автомашиныг би аваад оронд нь Т.Чейзер маркийн 97-94 УБЗ дугаарын автомашиныг өгч хохиролгүй болгосон байгаа. Энэ машин миний өөрийн эзэмшлийн машин байсан. Одоо Отгонцэнгэл ахын нэр дээр нь шилжүүлж өгсөн. Т.Креста маркийн 93-38 УНЗ улсын дугаарын автомашиныг би өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийлгэсэн байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13874/-ний дүгнэлт, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №6196 дүгнэлт, техникийн шинжээчийн №864 дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Б ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинатын замд Toyota Cresta маркийн 93-38 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас О.Г-ийн жолоодож явсан Daewoo BS-106 маркийн 03-29 УБЧ улсын дугаартай автобусыг мөргөж, уг ослын улмаас Toyota Cresta маркийн 93-38 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч П.Отгонцэнгэлийн биед баруун 2,4-р хавирганы хугарал, баруун сарвуун ар хэсэг, эрүүний баруун булан, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл, “Нийслэлийн Зорчигч тээвэр нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Daewoo BS-106 маркийн 03-29 УБЧ улсын дугаартай автобусны эвдрэл хохиролд нийт 540.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б ын жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.  

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч П.Отгонцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирлыг төлж барагдуулсан, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /...29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мангай трейд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан түүний эдлэх 9 /ес/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Б ын В ангиллын 859717 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч А  овогт Б-ийн  Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А  овогт Б-ийн  Б ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б ын эдлэх 9 /ес/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

            4. Б.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Б ын В ангиллын 859717 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР