Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00092

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр Дуга 210/МА2024/00092

 

 

А.М, Г.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2023/04027 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.М, Г.Д нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Ө-т холбогдох,

 

Хохирол 30,197,024 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, хариуцагч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нар нь 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 8в байр, 13 тоот, 1 өрөө орон сууцыг Голомт банкны ипотекийн нөхцөлөөр нийт 32,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан худалдаж авч байсан. Тус орон сууцыг бусдад хөлслөх байдлаар банкны зээлийн эргэн төлөлтөө төлдөг байсан.

Улмаар Н.Ө гэх эмэгтэй хадам ээж М.Заяатмаатай холбогдож урьдчилгаа төлбөр төлж, худалдан авах санал гаргасныг зөвшөөрсөн боловч хадам ээжтэй мөнгө өгөхдөө зээл, барьцааны гэрээ хийсэн байсан. Бидний зүгээс уг байраа худалдах зорилготой байсан болохоос мөнгө зээлэх бодолгүй байсан тухай хэлэхэд байрны мөнгийг чинь бүтэн өгч чадахгүй тул зээлийн гэрээ хийсэн, БНСУ-аас мөнгө ирэхээр үлдэгдэл банкны зээлийн үлдэгдлийг чинь төлөөд нэр дээрээ шилжүүлж авна гэсээр 2-3 жил болсон.

1.2. Г.Д нь орон сууцаа 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан ба шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гэж үзэж, М.Заяатмаагаас 30,000,000 төгрөг гаргуулан Н.Өд олгож шийдвэрлэсэн.

1.3. Нэхэмжлэгч нар Тэнхлэг зууч ХХК-д хандаж 2015 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэл хугацаанд 1 өрөө орон сууцаа бусдад түрээслүүлсэн бол хэдэн төгрөгийн орлого олох байснаа тогтоолгоход тухайн орон сууцны оршин байрлах бүс нутагт 1 өрөө байрыг түрээслэх түрээсийн дундаж үнийг улирал, сараар нь тооцож, нийт 28,526,040 төгрөг байна гэж дүгнэсэн.

Түүнчлэн, Н.Ө нь орон сууцанд амьдрах хугацаандаа орон сууцны ашиглалтын зардал, сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалтын зардал, цахилгаан эрчим хүчний зарим сарын төлбөрийг төлөөгүй байсныг төлөх, ариун цэврийн өрөөний эд зүйлийг эвдэлж гэмтээснийг засан сайжруулах зэрэгт нийт 1,571,002 төгрөгийн зардал гарсан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Н.Өаас нийт 30,197,024 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие М.Заяатмаатай харилцан тохиролцож орон сууц худалдаж авахаар болсон боловч дээрх байрыг шилжүүлж өгөхгүй байсаар буцааж мөнгөө авах болж шүүхийн шийдвэр гарсан.

2.2. Н.Ө нь орон сууцны шударга өмчлөгч юм. Нэхэмжлэгчийн яриад байгаа хохирол нь ямар ч үндэслэлгүй. Тухайн үед нэхэмжлэгч нарт орон сууцны гэрчилгээ нь байхгүй байсан ба гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Худалдагч талын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн учраас хохирол нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Худалдагч талын буруутай үйлдлээс шалтгаалан гэрээ цуцлагдсан тул Н.Өын нэхэмжлэлтэй, М.Заяатмаад холбогдох иргэний хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөс эхлэн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийг хүртэл 30,000,000 төгрөгөө авч чадаагүй.

3.2. Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах нөхцөл байдалд хүргэсэн буруутай тал болох Г.Д, А.М нараас байр худалдаж авч чадахгүй хугацаа алдсан хохиролд 10,000,000 төгрөг, мөн 30,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй хугацааны хохирол 10,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв, 30,000,000 төгрөгийг банканд хадгалуулсан бол өнөөдрийг хүртэлх хугацаанд 10,000,000 төгрөг авах боломжтой байхад худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд нараас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Өт холбогдох 30,197,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Д, А.М нарын үндсэн, 20,000,000 төгрөг гаргуулах тухай Н.Өын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Д, А.М нарын төлсөн 309,000 төгрөг, хариуцагч Н.Өын төлсөн 257,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2023/04027 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт ... талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1-т заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсанд тооцно ... нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус гэрээний хохирол, үр дагавар болохгүй ба иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1- заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ... гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаан бүхий орон сууцыг хэзээ хэрхэн хүлээлгэн өгсөн, хэний эзэмшилд байсан, хэзээ буцаан хүлээлгэн өгсөн талаар эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, уг орон сууцны бүртгэлд ямар оршин суугчид ямар хугацаанд оршин суусан тухай нотлох баримтыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн уг үйл явдалтай зохигчид хэн аль нь маргадаггүй.

4.2. Гэтэл шүүхээс нотлох баримт, талуудыг тайлбар, мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нэгэнт тогтоогдсон үйл баримт биш хэмээн харин ч нэхэмжлэгч гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шийдвэр гэж үзэж байна.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг шийдвэрлэсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэр, 786 дугаар магадлал, шүүх хурлын тэмдэглэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд эрх зүйн харилцаагаа хангалттай илэрхийлсэн байтал шүүхээс нотлох баримт, тайлбар мэдүүлэг, нэхэмжпэлийг шаардлага бус бүр, татгалзал тайлбарын алинд ч хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2023/04027 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга: Миний хувьд тус орон сууцыг худалдаж авна гэж тохиролцсон болохоос хөлсөлнө гэж тохиролцоогүй. Тэр үеийн 30,000,000 төгрөг өнөөдрийн ханшаар хэдэн төгрөг байх вэ. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд тайлбар байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.М, Г.Д нар нь хариуцагч Н.Өт холбогдуулан хохирол 30,197,024 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ө эс зөвшөөрч, хохирол 20,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар шаардаж байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.

 

3.1. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 786 дугаар магадлалаар М.Заяатмаа болон Н.Ө нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар М.Заяатмаагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 30,000,000 төгрөгийг гаргуулан Н.Өт олгохоор шийдвэрлэжээ.

 

3.2. М.Заяатмаа нь А.М, Г.Д нараас олгосон итгэмжлэлийн үндэслэн Н.Өтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

3.3. Талуудын хооронд гэрээний харилцааг дээрх шүүхийн шийдвэрээр дүгнэж, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоноос өөр эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нар нь Тэнхлэг зууч ХХК-ийн байрны хөлсний дундаж үнийн санал-ыг үндэслэж хариуцагчийн тухайн орон сууцанд амьдарсан хугацаагаар буюу 2015 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 68 сарын хөлс 28,526,040 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй.

 

Учир нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 8в байр, 13 тоот, 1 өрөө орон сууцыг худалдан авах хүсэл зоригтой байсан хэдий ч хожим уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцсон тул хариуцагчийг бусдын өмчлөлийн орон сууцанд хөлс төлөхгүйгээр 68 сар амьдарч, зардлаа хэмнэх аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн 30,000,000 төгрөгийг мөн хугацаанд хүү болон нэмэлт үүрэггүйгээр ашиглаж байсан зэргийг харгалзан 28,526,040 төгрөгийн тал хувь буюу 14,263,020 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ.

 

3.4. Хариуцагч Н.Ө нь 2015 оны 08 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны ус, цахилгаан, дулааны төлбөрийг төлөх үүрэгтэй тул хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа хэмжээгээр буюу 469,590 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2023/04027 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Н.Өаас 14,782,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.М, Г.Д нарт олгож, нэхэмжлэлээс 15,414,414 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 231,863 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.М, Г.Д нарт нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР