| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/00463/И |
| Дугаар | 210/МА2024/00109 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2024/00109
2024 оны 01 сарын 10 өдөр Дуга 210/МА2024/00109
ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04337 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.А, О.М нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, 51,165,314.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Н.А, О.М нар нь 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ХБтай 1370002038 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 34,940 ам долларын зээлийг 240 сарын хугацаатай, 360 хоногт буюу жилийн 11.5 хувийн хувьсах хүүтэйгээр авсан. Банк зээлдэгч нартай харилцан тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан ам.долларын зээлийн үлдэгдэл болох 33,050 ам.долларыг 1631 ханшаар тооцон 53,904,550 төгрөгийг 365 хоногт буюу жилийн 16.6 хувийн зээлд хөрвүүлэн зээлийн гэрээний дугаарын 1370018624 болгон өөрчилсөн.
1.2. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч нартай харилцан тохиролцож 1370002038/НӨ-2 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийж үлдэгдэл 53,681,146 төгрөгийг 173 сарын хугацаатай жилийн 8 хувийн зээлд шилжүүлсэн, үүнтэй холбоотойгоор зээлийн дансны дугаарыг 1370019555 болгон өөрчилсөн.
Улс орон даяар Ковид цар тахал тархсантай холбоотойгоор 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр талууд дахин зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийж үндсэн зээлийн үлдэгдэл 46,303,553 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл болох 2,252,709.19 төгрөгийг 18 сарын хугацаанд хэсэгчлэн хуваан төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний дугаарыг 1370031559 болгож өөрчлөн, хуримтлагдсан хүүгийн төлбөрийг 1370031563 тоот дансанд бүртгэсэн болно.
1.3. Н.А, О.М нар 1370002038 дугаартай зээлийн гэрээний хүрээнд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2204080901 дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол/13180/, 10 байрны 27 тоот хаягт байрлалтай, 56 м.кв талбайтай орон сууц барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-д заасан хуваарийн дагуу cap бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс шаардлага тавьж, удаа дараа мэдэгдэх, шаардах хуудас хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй.
Ингээд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж, банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан.
1.4. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 44,350,490.79 төгрөг, үндсэн хүүнд 6,766,263.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 48,560 төгрөг, нийт 51,165,314.49 төгрөгийг Н.А, О.М нараас нэхэмжилж байна.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заагдсан дээрх хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Бид 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр орон сууц худалдан авах зорилгоор тус банкны зээлд хамрагдахаар болсон ба одоо өөрсдийн амьдарч буй БЗД, 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 10 байр, 27 тоот 56 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж, нийт 46,200,000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон урьдчилгаа 10 хувийг буюу 4,620,000 төгрөгийг 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ХБны 5000010257 тоот дансанд төлж гэрээгээ байгуулахаар болсон.
2.2. Миний бие ам.долларын зээл авахгүй, төгрөгийн зээл авахаар тохиролцсон. Миний материалыг төгрөгийн зээлээр судалсан уу, хэрэв ам.долларын ханш өсвөл яах билээ гэхэд зээлийн эдийн засагч нь зээлийн үнийн дүн өөрчлөгдөхгүй, гэрээн дээр байрны үнийг 46,200,000 төгрөг гээд бичсэн байгаа. Тиймээс ам.долларын ханш өссөн эсхүл буурсан ч танай зээл өөрчлөгдөхгүй гэж хэлж байсан.
Ингээд ХБнаас та байрандаа ороод амьдарч байгаа тул яаралтай гэрээгээ байгуулах хэрэгтэй гэсэн тул 6 сарын хугацаанд төгрөгт хөрвүүлж өгнө гэсэнд итгээд банкны шахалтаар ам.долларын зээлийн гэрээг байгуулсан.
2.3. Ийнхүү миний бие дараа 6 сараас гэрээг бидний анх тохирсноор буюу төгрөгөөр зээлийн гэрээг байгуулах юм байна гэж бодоод гэрээн дээр гарын үсэг зурсан. Үүнээс хойш удаа дараа гэрээгээ өөрчлөх асуудлаар ямар нэгэн шалтгаан хэлсээр байсан. Мөн гэрээний дагуу мөнгө эсхүл ам.долларыг зээлдэгчийн дансанд олгоогүй. Тиймээс төгрөгөөр эсхүл ам.доллараар зээл олгогдсон эсэхийг ч мэдээгүй.
2.4. 2012-2016 онуудад ам.долларын ханшийн өсөлтөөс болж төлөх төлбөр маань 2.5 дахин нэмэгдсэн тул бид дахин дахин төгрөгийн зээл рүү шилжүүлж өгөхийг шаардсаны эцэст нэмэлт гэрээ байгуулж, ам.долларын зээлийн үлдэгдлийг төгрөгийн ханшид шилжүүлэхэд өмнөх бидний төлж явж ирсэн 5-6 жилийн төлбөрүүдийг үл тооцон 53,904,550 төгрөгийн 1.6 хувийн хүүтэй хэрэглээний зээл болгон өөрчилсөн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй.
2.5. Дахин зээлийн гэрээг шинэчлэхдээ өмнөх зээлийн гэрээг хүчингүй болгож шинээр гэрээ хийснээр олон жил, төлсөн бидний төлөлтийг хүчингүйд тооцуулсан. 2017 онд 1.6 хувийн зээлийг өөрчилж, биднийг ипотекийн 8 хувийн зээл рүү хөрвүүлж мөн гэрээ хийсэн.
2019 оны цар тахлын үед ипотекийн зээлийн хойшлуулалтаар бид утсаар мэдээлэл авч онлайнаар зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг өгсөн. Хойшлуулагдсан төлбөрийн хугацаа дуусч хэвийн төлөлтдөө орох болоход танай зээл ипотекийн зээл биш манай банкны өөрийн 8 хувь байсан байна гэсэн хариу өгөн хойшлогдсон хугацааны хураагдсан төлбөр болон хүүг бөөнд нь төл гэсэн шаардлага гэнэт банкнаас бидэнд тавьсан.
Энэ төлбөрийг бид төлж чадахгүй,11 жилийн хугацаанд нийт 46,200,000 төгрөгийн байрны үнэ гэж нийт 60 орчим сая төгрөгийн зээл, зээлийн хүүнд төлөөд байхад өнөөдөр үндсэн зээл болон хураагдсан хүү гэдгээр 51,165,314 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд хандаж байгаад гомдолтой байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А, О.М нараас 51,165,314 /тавин нэгэн сая нэг зуун жаран таван мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Н.А, О.М нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204080901 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ургах наран хороолол /13180/ 10 дугаар байрны 27 тоотод байрлах 56 м.кв 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 51,165,314 төгрөгийг гаргуулж ХБ ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 483,976 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Н.Алтанбаганын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын хүсэлт, тайлбарыг сонсохгүй, хэт нэг талыг барьж, зохигчдын мэтгэлцэх зарчмыг алдагдуулж илт хууль бус шийдвэрийг гаргасан.
4.1. Шүүх хурал анх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан гэж шүүгчийн туслах 89273979 дугаартай утсаар мэдэгдсэн тухайн үед бид сургуулийн гурван хүүхдээ авах, харах хүнээ бэлдэж байсан. Гэтэл 10 дугаар сарын 02-ны өдөр биднийг шүүх рүү явж байхад шүүгчийн туслах дахин дээрх утасны дугаараас залган танай хурлыг андуурсан байна, хурлын товыг дараа мэдэгдэнэ гэсэн. Тэгээд 10 дугаар сарын 04-ний дахин залгаад 10 дугаар сарын 06-ны өдөр хурлыг чинь тавилаа шүү гэсэн.
Ингээд хариуцагч болох бид болон манай өмгөөлөгчдийн зүгээс ч хурлын товын талаар тодорхой мэдээлэл аваагүйгээс гадна хурлын тов дээр гарын үсэг зурсан зүйл байхгүй. Хурал зарлагдсан гэж утсаар мэдэгдсэн 10 дугаар сарын 06-ны өдөр Баасан гараг I, III, VI дугаар ангид тус тус сурдаг гурван хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөд өнөөдөр Багш нарын баярын өдрийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрт тарах тул хүүхдүүдээ 13:30 минутаас ирж аваарай. гэж сургуулиас багш нараар нь дамжуулан мэдэгдсэн. Ингээд ямар ч аргагүй эхнэр О.М тухайн шүүх хуралдаантай өдөр гурван хүүхдээ өөрөө очиж авах шаардлага үүссэн.
4.2. Мөн өмгөөлөгч О.Даваажаргал манай шүүх хуралд товлосон цагтаа ирсэн боловч хурал цагтаа эхлээгүй, 20 минут хүлээсний дараа өөр шүүх дээр цагдан хорионы хурал болох гээд байна гээд явсан. Шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй ба өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн хурлыг үргэлжлүүлсэн.
4.3. Зээлдэгч нар нь 46,200,000 төгрөгийн орон сууцыг худалдан авах зорилгоор төгрөгийн зээл хүсч, урьдчилгаанд 4,600,000 төгрөг төлсөн атал гэнэт зээл олгохдоо ам.доллараар олгосон нь зээлдэгчийн хүсэл зориг байгаагүй.
Зээлдэгч нар нь 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ургах наран хороолол, 10-27 тоот байршилтай, 56м.кв 2 өрөө орон сууцны байрыг 46,200,000 төгрөгөөр худалдан авах зорилгоор ХБтай 1370002038 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 46,200,000 төгрөгийн зээлийг 20 жил буюу 240 сарын хугацаатай, 360 хоногт буюу жилийн 11.5 хувийн хувьсах хүүтэйгээр авсан. Ийнхүү төгрөгөөр зээл хүсэж, төгрөгийн зээл олгосон юм. Ингээд 12 жилийн туршид нийт 91,834,000 төгрөгийг эргүүлэн төлөөд байхад одоо нэмж 56,000,000 төгрөгийг төлөхийг нэхэмжилжээ.
4.4. Түүнчлэн миний бие 5 жилийн өмнө төлсөн төлбөрийг зээлээс хасч тооцолгүй дахин шинээр зээл төлөхөөр болж ингэхдээ ам.доллараар төлүүлсэн ба 46,000,000 төгрөгийн байрыг өнөөдрийн байдлаар 147,833,000 төгрөгөөр худалдан авахад хүрч байна.
Шүүх нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн зорилготой гэж ойлгож, үнэн мөнийг тогтоож өгөх болов уу гэхэд илтэд биднийг зандарч, танхимаас хөөж гарган, банкны талд илтэд шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.
4.5. Энэ бүгдээс харахад ханшийн зөрүү, өмнө нь төлж байсан зээлийн төлбөрийг хасч тооцоогүйн улмаас тооцооллын алдаатай болж зээлдэгч нарын төлөх ёстой төлбөрийн тооцоолол илт зөрөөтэй, эргэлзээтэй болж эргэсэн. Иймээс хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах тухай хүсэлт удаа дараа гаргасан ч шүүгч хүлээн аваагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тоо, тооцоолол, нягтлан бодох тоо бүртгэл зэрэг тусгай мэдлэг шаардсан тохиолдолд шинжээч томилохоор заасан тухай хуулиас олж мэдсэн ба энэ тал дээрх хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүйд гомдолтой байна.
Үүнээс гадна зээлийн төлөлтийн явцад Ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйл үүсч үүнтэй холбоотой хүсэлтийг банкинд цахимаар гаргахад зээлийн эдийн засагч хүлээн авлаа гэсэн атал ямар арга хэмжээ авсан талаар хариу мэдэгдээгүй. Энэ талаар асуухад зээлийн хүүг одоо хасч тооцохгүй, шүүхийн шийдвэрийг эхлээд гаргуулна тэгж байж хасна гэсэн хариу өгсөн. Энэ нь эргэлзээтэй байсан учир зээлдэгч нарын зүгээс: онлайнаар гаргасан хүсэлт түүнийг яаж шийдвэрлэсэн талаарх нотлох баримтыг ХБнаас гаргуулах хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 2 хүсэлтийг хүлээн зөвшөөрч гарган өгөхөд татгалзах зүйлгүй гэж хэлж байсан.
4.6. Зохигчдод мэтгэлцэх зарчмыг олгоогүй, нэхэмжлэгчээс шаардлагатай нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хүлээж аваагүй, ирцтэй холбоотой зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан байгааг сонсоогүй, хариуцагч болон өмгөөлөгчдийн зүгээс гаргасан хүсэлтийг татгалзаж захирамжид гомдол гаргах эрхгүй гэж захирамжилж, хууль бус 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:
5.1. Шүүх хуралдааны товыг мэдэгдсэний дагуу шүүх хуралдаанд оролцсон. Н.А, О.М нар 2021 оны 04 дүгээр сард 34,490 ам.долларын зээл авсан. Зээл авахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй байсан. Зээлтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан. Зээл олгох шийдвэр ам.доллараар олгохоор гарч, зээлийн гэрээг ам.доллараар олгох нөхцөлтэй хийгдсэн.
5.2. Эскроу дансны болон харилцагчтай байгуулсан гэрээг ам.доллароор хийх боломжтой талаарх зохицуулалт байдаг. Хариуцагч тал ам.доллароор зээл олгох тухай гэрээнд гарын үсэг зурж, 2011 оноос 2016 он хүртэлх хугацаанд маргаангүйгээр зээлийн төлбөрийг төлсөн байдаг. Тухайн үед ам.долларын ханш 1,100 орчим төгрөгтэй тэнцэхээр байсан. Хариуцагч нар нь 2016 онд 53,000,000-55,000,000 төгрөг болгож нөхцөл өөрчлүүлэх тухай хүсэлт гаргахад нь хүлээн авч тухайн үед ам.долларын ханш 2,238 төгрөг байхад 1,631 төгрөгөөр тооцож, хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. 2020 оны 04 дүгээр сараас цар тахлын нөхцөл байдал үүсэх үед Монголбанкны Мөнгөний бодлогын хороо, Засгийн газраас удаа дараа зээл хойшлуулах, сунгах шийдвэр гаргасан.
Тухайн зээл банкны эх үүсвэртэй зээл байсан учир хугацааг нь хойшлуулж, хүү бодож, цар тахлын нөхцөл байдал дээрдэж эхлэхээр хуримтлагдсан хүүг төлүүлэх байдлаар шийдвэрлэсэн. Хүү хуримтлуулсан асуудлаас болж энэхүү маргаан үүссэн. Тухайн үед зөвхөн улсаас санхүүжүүлсэн МИК-ийн зээлийг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд огт хүү бодохгүйгээр зээлийн хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183 дугаар тогтоолын 7-д төрөөс санхүүжүүлж буй орон сууцны МИК-тай холбоотой заалтыг оруулж, 8-д бусад иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлийн хугацааг нь хойшлуулах, нэмэгдүүлсэн хүү, алдангийг тооцохгүй байхаар гэрээнд өөрчлөлт оруулахаар заасан.
Үүний дагуу тухайн зээлд алданги, нэмэгдүүлсэн хүү бодохгүйгээр зээлийн хугацааг хойшлуулсан. Нэхэмжилж буй төлбөрт дээрх хугацааны төлбөр орсон байгаа гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч Н.А, О.М нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 51,165,314.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.а. ХБ ХК болон Н.А, О.М нар 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1370002038 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 34,940 ам.долларыг 240 сарын хугацаатай, 360 хоногт 11,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. /хх 11-16/
3.б. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ургах наран хороолол, 10-р байр, 2-р орц, 1 давхар, 27 тоот хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болох ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан. /хх-15/
3.в. Талууд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1370002038 тоот Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр 365 хоногийн суурь хүүгийн хэмжээ нь 16,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 16,6 хувь болгож, үндсэн зээлийн үлдэгдлийг 53,904,550 төгрөгийн зээлд шилжүүлж, үндсэн гэрээний 4.1-т Гэрээ 2031 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэж заасныг Гэрээ 2031 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болгож, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн. /хх 17-19/
3.г. Мөн, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1370002038-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, гэрээгээр О.Мийн өмчлөлийн ГД-000482191 дугаар гэрчилгээтэй, Ү-2204080901 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ургах наран хороолол, 10-р байр, 2-р орц, 1 давхар, 27 тоот хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. /хх-20-24/
3.д. Талууд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1370002038/НӨ-2 тоот 1370002038 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1370002038 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2016 оны 1370002038-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг гэрээг тус тус байгуулсан байна. /хх-25-28/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. /хх-29-30/
Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримт, зээлдүүлэгчийн зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримтын тухайд маргаагүй.
5. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, үүргийн зөрчил гаргасны улмаас ХБ ХК-аас хариуцагч Н.А, О.М нарт 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Шаардах хуудас-аар ...зээлийн эргэн төлөлтийн хуваарь 520 хоногоор хэтэрсэн тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор зээлийн үүргийн зөрчлийг арилгуулах талаар шаардсан, мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/2986 дугаартай Гэрээ цуцлах тухай мэдэгдлээр ...2022 оны 07 дугаар сарын 30-ны дотор зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах-ыг мэдэгдсэн, бөгөөд хариуцагч нартай нэхэмжлэгч байгууллага нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр биечлэн уулзаж, зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгах талаар мэдэгдэж, уг үйл баримтыг уулзалтын тэмдэглэлээр баталгаажуулсан байна./хх 29-31/
Зээлдэгч Н.А, О.М нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул зээлдүүлэгч ХБ ХК нь хугацаатай мэдэгдэл өгч, гэрээг цуцалж, зээлийн гэрээний хугацаанаас өмнө үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцжээ.
6. Иймд, анхан шатны шүүх хариуцагч нараас зээл 44,350,49.79 төгрөг, зээлийн хүүд 6,766,263.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 48,560 төгрөг, нийт 51,165,314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 242 дугаар зүйлийн 242.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
7.а. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтын зохицуулалт нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй холбоотой зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй.
Иймд, анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримталсан алдаа гаргасныг залруулж, шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасна.
7.б. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ХБ ХХК нь компанийн хэлбэрийг өөрчилж, хувьцаат компани буюу ХК болсон байхад шүүхийн шийдвэрт ХБ ХХК гэж алдаатай бичсэнийг ХБ ХК гэж залруулах нь зүйтэй.
8. Хариуцагч Н.Алтанбаганын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8.а. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдааныг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагч О.Мийн өмгөөлөгч О.Даваажаргалын шүүх хуралдаан давхацсан байдал, болон О.Мийн хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдоогүй тул хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн талаар гомдол үндэслэлгүй байна.
8.б. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1370002038 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1-д заасан нөхцлийн үгийн шууд утгыг талууд гадаад валют буюу доллар зээлдүүлэх, зээлдэх талаар харилцан тохиролцсон гэж дүгнэхээр байна. Уг гэрээнд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурсан байх тул ...доллараар зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй... талаар гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
8.в. Мөн хариуцагч нь ...5 жил төлсөн төлбөрийг зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй... гэж маргаж байх боловч өмнө байгуулсан зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар нь хүлээн зөвшөөрч төлсөн, өмнөх зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн төлбөрийг дараа нь байгуулсан зээлийн гэрээний үүргээс хасч тооцохоор тохиролцоогүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
8.г. Хариуцагч нар зээлийн гэрээний тооцоололтой холбоотой маргаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн татгалзал, шаардлагын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох бөгөөд хариуцагчаас гаргасан шинжээч томилуулах хүсэлт нь хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй байна.
Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар банк нь зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үүргийг хойшлуулсан болох нь тогтоогдож байна. Мөн, Банкны өөрийн эх үүсвэрээр олгогдсон зээлийн харилцаанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах зохицуулалт хамаарахгүй тул зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай цахимаар хүсэлт илгээсэн талаарх баримтыг гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, уг хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул ...хүсэлтийг шүүх хүлээж аваагүй... гэх гомдол үндэслэлгүй байна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04337 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...453 дугаар зүйлийн 453.1... гэснийг хасч, ...ХБ ХХК... гэснийг ...ХБ ХК гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Алтанбаганын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,977 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
С.ЭНХБАЯР