| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0169/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2019-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
улсын яллагч Г.Ганчимэг,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Э.-ын Б-д холбогдох эрүүгийн 1810009280105 дугаартай 187/2019/0169/Э индекстэй хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... өрмийн туслах ажилтай, ам бүл .......... хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ....... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2007 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 89 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Б овогт Э.-ын Б /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-9 тоотод хамтран амьдрагч Х.У-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хардан нүүр, гар хөлөн тус газар цохиж эрүүл мэндэд нь “доод уруул, баруун чихний ард шарх, баруун бугалга, баруун мөр, өгзөг, баруун гуяанд цус хуралт зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-9 тоотод хамтран амьдрагч Х.У-ийг хардаж нүүрэн тус газарт нь гутлаараа нэг удаа өшиглөж, гар хөлөн тус газар цохьсон болох нь:
1. Шүүгдэгч Э.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Х.У-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Гэртээ хамаатны ах Тайвнаатай хамт нэг шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас Б ажлаа тарж ирээд намайг өөр хүмүүстэй архи уулаа гээд хардаад уурласан. Б бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд согтоод намайг хүмүүтэй хардаад агсам тавьж эхлэхээр нь би гарч явах гээд тонгойгоод гутлаа өмсөж байтал миний нүүрэнд гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Б надад учруулсан. Намайг өшиглөх үед нь би газарт өвдөг, мөр хэсгээрээ унаад зулгалсан ба бусад гэмтлүүдийг намайг явуулахгүй гэж ноцолдож байгаад учруулсан. Б намайг өмнө нь зодож байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би тэр өдрөөс хойш Бүрэнжаргалаас салаад одоог хүртэл тусдаа амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/
3. Гэрч Х.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед гэртээ байж байтал манай дүү Уранбилэг орж ирсэн. Манай дүү Уранбилэгийн нүүр, ам, хувцас цус болсон байдалтай байсан бөгөөд би юу болсон талаар асуухад хамтран амьдрагч Э.Б нь зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4802/-ний дүгнэлт:
-Х.У-ийн биед доод уруул, баруун чихний ард шарх, баруун бугалга, баруун мөр, өгзөг, баруун гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 35/
5. Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Уранбилэг танихгүй хоёр залуутай хамт архи уугаад сууж байхаар нь би уурлаад тэр хоёр залууг нь явуулсан. Тэгээд би уурандаа гарч дэлгүүрээс 0.75 л савалгаатай хараа архи авч ирээд Уранбилэгтэй хамт хувааж уусан. Би Уранбилэгийг анх архи ууж байсан залуутай нь хардаад түүнийг сууж байхад нь нүүрэнд нь нэг удаа өшиглөөд Уранбилэг газарт унасан. Тэгээд Уранбилэг гарах гэхээр нь би явуулахгүй гээд зууралдаж байгаад дийлэхгүй болохоороо явуулсан. Тэгээд би тэр орой өөрийн жинхэнэ гэртээ харьсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4802/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Э.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-9 тоотод хамтран амьдрагч Х.У-ийг хардаж нүүрэн тус газарт нь гутлаараа нэг удаа өшиглөж, гар хөлөн тус газар цохиж, түүний биед доод уруул, баруун чихний ард шарх, баруун бугалга, баруун мөр, өгзөг, баруун гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл хохирогч Х.Уранбилэг нь шүүгдэгч Э.Бүрэнжаргалтай 2009 оноос үерхэж эхэлсэн ба 2017 оноос хамтран амьдарсан, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-9 тоотод хамтран амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягт /..дунд.../ зэргээс шүүгдэгч Э.Баяржаргал нь хохирогч Х.Уранбилэгтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б-ын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хохирогч Х.У-ийн хүсэлт /хх-ийн 22-23, 77/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Э.Бүрэнжаргалд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.-ын Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Э.-ын Э.Б-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бүрэнжаргалд оногдуулсан 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Э.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Б-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР